| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0037/Э |
| Дугаар | 00033 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 00033
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Н.М , О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М нарт холбогдох эрүүгийн 1715001330027 дугаартай, 163/2018/0037/Э индекстэй хэргийг 2018 дугаар 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Өмнөговь аймаг дахь Мөнхжин ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, Г овогт Н.М
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1981 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Тэшиг ус ХХК-д механик ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух, Нэхийт овогт О. М
Холбогдсон хэргийн талаар: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт шүүгдэгч Н.М , О.М нар нь хоорондоо маргалдах явцдаа Н.М нь О.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, О.М нь Н.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1715001330027 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Н.М ын өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би Тэшиг сумын төвд компанийн ажилчид болох Ганболд, Гэрэлт-Од нартай шонгийн мод зоох ажил хийж байтал бид нар дээр Тэшиг-Ус компанид ажилтай М гэдэг залуу машинтай ганцаараа нэлээн согтуу ирсэн. Тэр машинаасаа бууж ирээд манай ажилчдыг янз бүрээр хэлж дуудаад байснаа над дээр ирээд “хонь алах хүн өгчих” гэхээр нь би түүнд “чи Базараа ахтай ярь, би мэдэхгүй” гэхэд “чи муу юугаа мэддэг новш вэ” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би М ыг цээж рүү нь түлхэж унагасан. Тэгээд босоод ирэхээр нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод нүүрээ дараад тонгойхоор нь цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл М босож ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь би нүүрээ дартал миний цээж, нуруу руу өшиглөөд цохиод байсан. Бид хоёр тэнд зөндөө удаан ноцолдож зууралдсан. Тэр үед М ын дүү нь гэх танихгүй залуу ирсэн байсан. Тэгтэл М машин руугаа гүйгээд машинаасаа дугуйн дорцов гаргаж ирээд над руу бариад дайрахаар нь би дорцовыг нь булааж авах гэж нэлээн ноцолдсон. Тэр үед М ын дүү нь гэх залуу /Мөнх-ирээдүй/ чи яагаад ахыг зодоод байгаа юм бэ гэхэд нь Мөнх-Ирээдүйд учрыг нь хэлэх хооронд М намайг дорцовоор нэг удаа цохисон. Мөн М “чамайг дайрч ална” гээд машиндаа ороод машинаа асаах гэхэд нь би газарт байсан лоомыг барьж очоод машиных нь урд хажуугийн хаалганы салхины шил рүү нь цохиж хагалсан. Тэгтэл Мөнх-Ирээдүй машины ойролцоо байсан улаан модон иштэй хүрзийг газраас авч байгаа харагдсан ба би цохих нь гэж айгаад зугатах гэж байтал гэнэт миний зүүн шанаа руу тас хийгээд явчихсан, “яаж байнаа” гээд иргэхэд М миний хажууд зогсож байсан ба цаана нь Мөнх-Ирээдүй зогсож байсан. Би тухайн үед хэн нь намайг хүрзээр цохисныг мэдээгүй. Тэгж байтал ах Базараа ирж биднийг салгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх 13-15 тал/,
Хохирогч О.М өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Тэшиг сумын төвд хонь алуулах гэж хүн хайж явтал Базарсад захирлын дүү болох М нь хэдэн хүнтэй шон зоож байсан. М дээр очоод би “хонь алах хүн өгөөч хонь алуулчихаад аваад ирье” гэхэд “би мэдэхгүй, чи Базараа ахтай ярь” гэхээр нь хүлээж байтал М буцаж ирээд “хүн өгөхгүй гэнээ, чи муу идсэн ууснаа зохицуулж чадахгүй байж” гэхээр нь би өөдөөс нь салаавч өгөөд “май чи” гэсэн. Тэгтэл М миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би нүүрээ дараад тонгойтол миний цээж рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би түүний нүүр рүү нь цохиод бид хоёр зууралдаад зодолдсон. Тэгж байтал миний төрсөн дүү Мөнх-Ирээдүй ирсэн. Тэр бид хоёрыг салгах гэж зөндөө ноцолдсон. М салж өгөхгүй байсан. Намайг тахир дутуугаар дуудаад байснаа ирээд цохих гэхээр миний дүү Мөнх-Ирээдүй түүнийг хойш нь татаж унагааж байсан. Би түүнийг дийлэхгүй болохоор нь машинаасаа дорцов гаргаад айлгах гээд далайхад М нь миний дорцовтой гарыг барьж аваад толгой руу минь 3-4 удаа цохисон. Тэгээд миний дүү Мөнх-Ирээдүйг “ална” гээд хөөх хооронд нь би зугатаагаад машиндаа орж суутал буцаж машины хажууд ирээд газраас лоом аваад миний машины урд хаалганы салхины шилийг цохиж хагалсан. Тэгээд би машинаас гартал Мөнх-Ирээдүй улаан өнгийн модон иштэй хүрзийг машинаас холгүй шидэж байхаар нь гүйж очиж хүрзийг нь аваад М ын зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгж байтал М ын ах болох Базараа ирж дүүгээ эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-18-22 тал/,
Гэрч О.М өгсөн: 2017 оны 9 сарын 05-ны өдөр сумын төвд гэртээ байж байтал О.М ыг хүн зодоод байна гэхээр нь явж очиход М гэдэг залуу М ахын урд нь өвдөглөөд суучихсан байдалтай нүүр рүү нь хэд хэд цохиж харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад байж байтал М нь над руу дайраад байхаар нь би зугтаасан. Тэгсэн чинь миний араас чамайг гүйцэхгүй бол тахир дутуу ахыг чинь гүйцээнэ дээ гээд ах руу явсан. М ах тэр үед машиндаа орж суусан байсан ба М машины дэргэд очоод газраас лоом аваад ахын сууж байсан машины урд хаалганы салхины шил рүү нь цохиж хагалсан. Би гүйж очоод машины ойролцоо байсан хүрзийг шүүрч аваад тэр хоёроос холдуулан шидсэн. Тэгтэл М ах миний шидсэн хүрзийг очиж аваад М ыг нэг удаа хүрзээрээ цохиж харагдсан. Тэгтэл М ын зүүн шанаанаас нь цус гараад эхэлсэн. Тэр үед М ах бие муутай байсан болохоор ухаан нь орж гараад байсан байх газар хэвтээд байхаар нь би эмнэлэг рүү авч явсан. Би М т гар хүрээгүй. Ахыгаа аваад явах гэж их оролдсон. Харин М бид хоёрыг хоёуланг нь зодох гээд байсан. Тэр хоёр намайг очихоос өмнө нэлээн зодоон хийсэн бололтой байсан. Дараа нь хүмүүсээс сонсоход тэгж ярьж байсан. Манай ах бие муутай хүн байгаа юм. Би тэр хоёрыг хэн нь зодоон эхлүүлсэн ямар шалтгаанаар зодолдсон талаар юу ч мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 23 тал/,
Гэрч Г.М ын өгсөн: Би тухайн үед Булган аймгийн Тэшиг сумын хэв журмын цагдаагийн ажлыг хийдэг байсан. Тэгтэл 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд шатахуун түгээхийн ойролцоо хүмүүс зодоон хийгээд байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд 3 минутын дараа очиход нэлээд олон зүс таних хүмүүс хоорондоо зодоон хийж, маргаад байж байсан. Тэгээд бүгдийг нь салгаад сумын эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Намайг анх очиход М нь хүрзээр цохисон, М гэх залуу намайг лоомоор цохисон гэж яриад байсан. Тэгэхээр нь би тухайн газраас ганцхан улаан иштэй хүрзийг алга болчих байх гэж бодож уг хүрзийг авч цагдаагийн хэсэг дээр авчирч хэсгийн төлөөлөгч д/ч А.Содбилэг нь албан ажлаар аймгийн төвд явсан байсан учраас утсаар ярьж танилцуулан, зодоонд хэрэглэсэн байж болох хүрзийг цагдаагийн хэсгийн байранд хадгалсан. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй, лоомоор цохисон гээд байсан боловч тухайн газарт нь лоом байгаагүй гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч С.Г өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би М , Гэрэлт-Од нартай шонгийн нүх ухаж байсан. М бид нар дээр 3 удаа ирсэн. Тэгээд М тай М маргаж байх шиг байсан. Би нүх ухаж байсан болохоор сайн анзаараагүй. Нэг харсан чинь М гартаа богино төмөр барьчихсан М ыг ална гээд орилж хашгираад байсныг Гэрэлт-Од салгах гээд чадаагүй. ...Тэгээд захирал Базарваань ирж салган М ыг аваад явсан. Би өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Ш.Г өгсөн: 2017 оны 9 дүгээр 05-ны өдөр М , Ганбаа бид гурав компанийхаа эзэмшил газарт шонгийн модонд гэрлийн утас татах ажилтай байсан. Тэр өдөр бид нар дээр О.М хоёр ч удаа халамцуу ирсэн. Би түүний халамцуу байгааг хэл яриагаар нь гадарласан. М ирээд М аас хонь алуулах гэсэн юм хүн байна уу гэх зэргээр ярилцаж байснаа М ын дуу нь чангараад эхэлсэн. Тэгтэл М манайд завтай хүн байхгүй, утсаа татчихаад хадландаа явлаа гэхэд нь М урдаас нь салаавч гаргасан. Тэгтэл М түүн дээр очоод 1 удаа гараараа элгэнд нь цохиж харагдсан. Тэр хоёр хэсэг хугацаанд хэрэлдэж маргаж байгаад М машиныхаа багаажийг онгойлгоод тонгойход М дээрээс нь дараад хаах маягтай зогсоод байсан. Тэгтэл М багажнаасаа богино цагаан өнгөтэй төмөр гартаа барьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
Гэрчээр Н.Б өгсөн: Тэр өдөр Г над руу утсаар яриад М ыг хүмүүс зодоод байна гэхээр нь би хэлсэн газарт нь очиход миний төрсөн дүү М ыг О.Мөнх-Ирээдүй нь үсдээд доороо оруулаад дарчихсан, О.М нь дээр нь суучихсан гартаа төмөр мэт зүйл барьчихсан байж байсан. Тэгээд би тэднийг салгаад М ыг босгоход зүүн шанаа нь ярагдаж зүсэгдсэн, бөөн цус гарч шороотой холилдсон байдалтай байсан. Би М ыг аваад шууд эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хх-32-34 тал/,
Шүүгдэгч О.М ын яллагдагчаар өгсөн: Би Тэшиг сумын төвд 2017 оны 9 сарын 05-ны өдөр хонь алуулах хүн эрж яваад Н.М тай таарсан. М нь ахынхаа компаний ажилчидтай хашаа барьж байхад нь уулзаж хүн хайж яваагаа хэлсэн ба уг асуудлаас болж бид хоёр хоорондоо маргаж хэрэлдсэн. Н.М намайг ална шүү гээд занаад байхаар нь би өөдөөс нь салаавч гаргаад “май чи” гэхэд М над дээр хүрч ирээд эхлээд миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохиход нь би нүүрээ дараад тонгойсон тэгтэл дахин миний баруун болон зүүн хавирга руу тус бүр нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь зугатаагаад машиндаа ороход М лоом барьж ирээд миний машины буруу талын урд хаалганы салхины шилийг лоомоороо цохиж хагалсан. Би түүнийг айлгах зорилгоор ойролцоо газарт байсан модон иштэй хүрзийг шүүрч аваад Н.М ын зүүн шанаа руу нь нэг удаа цохиод шанаагаа бариад тонгойхоор нь толгой болон нуруу руу нь цохиж өшиглөсөн. Мөн бид хоёр дээр дороо орон зөндөө ноцолдож бие биенийгээ цохисон. Тэгж байтал хүмүүс ирж биднийг салгасан гэх мэдүүлэг /хх 68-70 тал/,
Шүүгдэгч Н.М ын яллагдагчаар өгсөн: Би Тэшиг сумын төвд 2017 оны 9 сарын 05-ны өдөр ахынхаа компаний хэдэн ажилчидтай хамт хашаа барьж байтал О.М бид нар дээр согтуу ирсэн. Тэгээд надаас хонь алж өгөх хүн байна уу би танай манаач Ганболдыг авч явна гээд байсан. Тэр асуудлаас болж бид хоёр хоорондоо маргаж хэрэлдсэн. Намайг М нь нохойн гөлөг гэх зэргээр хараагаад байхаар нь би түүн дээр очоод цээж рүү нь түлхсэн. Тэгтэл миний нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь би түүнийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод тонгойхоор нь баруун болон зүүн талын хавирга руу нь нэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд М чамайг дайрч ална гээд машиндаа ороод асаах гэхээр нь би газарт байсан лоомыг шүүрч аваад буруу талын урд хаалганы салхины шилийг нь цохиж хагалсан. Тэгтэл М машинаасаа гарч ирээд мөн газарт байсан модон иштэй хүрзийг аваад уг хүрзээрээ миний зүүн шанаа руу цохиж гэмтээсэн. Ингээд хүмүүс ирж бид хоёрыг салгаж авч явцгаасан гэх мэдүүлэг /хх 62-64 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийнт 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн
1. О.М ын баруун 9, 10, 11, 12-р хавирга, зүүн 7, 8, 9, 10, 11-р хавиргануудад хугарал, зүүн 11-р хавирга багана нурууны үенд мултрал, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-36 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №278
1. Н.М ын биед тархи доргилт, зүүн шанаанд шарх, зүүн доод зовхи, баруун зүүн бугалга, цээж, нуруунд цус хуралт, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 49 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5-тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-39-44 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх-76-77, 80-81 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-85-86, 89-90 тал/, хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /93-94 тал/, улаан өнгийн модон иштэй, шавар шороогоор бохирлогдсон, хуучин хүрз зэрэг бичгийн болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч О.М , Н.М нарын хооронд “мал гаргаж өгөх хүн байхгүй” гэснээс үүдэлтэй таарамжгүй харилцаа үүсч хоорондоо маргалдах явцдаа шүүгдэгч Н.М нь О.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.М нь Н.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ хууль зүйн факт, хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар шүүгдэгч О.М , Н.М нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч О.М, Г.М , С.Г, Ш.Г, Н.Б нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14, 19-ний өдрийн дүгнэлтүүд, хохирогч О.М ын өвчний түүх зэрэг хавтаст хэрэгт цугларсан шууд нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.М ыг хохирогч О.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.М ыг хохирогч Н.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт хохирогч Н.М , О.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Н.М , О.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М , О.М нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.М , О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн модон иштэй, шавар шороогоор бохирлогдсон, хуучин хүрз нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гончиг овогт Н.М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Нэхийт овогт О. М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М ыг төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.М , О.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.М , О.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн модон иштэй, хэсэг нь шавар шороогоор бохирлогдсон, хуучин хүрз нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М , О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД