| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00631/И |
| Дугаар | 307/ШШ2025/00846 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 307/ШШ2025/00846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2025/00631/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ********* хороолол, ******** байр, ********** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /утас ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,339,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Өсвөр насны ******** нь 2024 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-50 цогцолбор дээр насанд хүрээгүй хохирогч ********ямар нэгэн шалтгаангүй зодолдож түүний 2 хөлд дэгээ тавьж унагасны улмаас эрүүл мэндэд баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******** тогтоол, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******** дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******** тогтоолоор ...Өсвөр насны яллагдагч ********ий хууль бус үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан тухайн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
...өсвөр насны яллагдагч ********ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаар 16 нас байхаар хуульд заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар өсвөр насны яллагдагч ******** нь 16 насанд хүрээгүй байх тул мөрдөн байцаалтын хэргийг гэмт хэрэг үйлдэл нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.
3. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан.
Нэхэмжлэгч ********нь өөрийн хүү ******** учирсан гэм хорын хохиролыг буюу насанд хүрээгүй ********ий харгалзан дэмжигч /эх/ ******** эмчилгээ эм тарианы зардал 369,491 төгрөг, шатахууны зардал 614,000 төгрөг, авто зогсоол 43,000 төгрөг, ганданд ном уншуулсан зардал 200,000 төгрөг, хоол хүнсний зардал 294,214 төгрөг, эцэг эхийн дутуу авсан цалин 2,525,497 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,293,400 төгрөг нийт 7,339,602 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 369,491 төгрөг, шатахууны зардал 614,000 төгрөг, авто зогсоолын зардал 43,000 төгрөг, нийт 1,026,491 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад 6,313,111 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг гаргасан болно.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 506 дугаар зүйлийн 506.1-т Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь насанд хүрээгүй ******** учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй болно.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 369,491 төгрөг, шатахууны зардал 614,000 төгрөг, авто зогсоолын зардал 43,000 төгрөг, нийт 1,026,491 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул харицагчаас дээрх 1,026,491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Хариуцагч талаас ...эцэг, эхийн дутуу авсан цалин хөлс нь Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-т заасан үндэслэлд хамаарахгүй. Насанд хүрээгүй иргэн өөрөө цалин хөлс орлогтой байсан тохиолдолд дутуу авсан цалинг хамаарах учраас эцэг эхийн цалин 2,525,497 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл санааны хохирлыг дээд хэмжээгээр тооцож 3,293,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, ганданд ном уншуулсан 200,000 төгрөг нь тухайн хүмүүсийн сүсэг бишрэлийн асуудал, мөн хоол идэх нь хүний байнгын хэрэгцээ учраас хоол хүнсний зардал 294,214 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн агуулгаар тайлбарласан.
6.Насанд хүрээгүй ******** хууль ёсны төлөөлөгч болох эцэг ********нь Дарханы ********ХХК-д үйлдвэр шугам сүлжээний цехийн даргаар ажилладаг бөгөөд тэрээр 2024 оны 10 дугаар сарын 21, 22, 28-ний өдрүүд, 12 дугаар сарын 17-ны өдөр нийт 4 өдрийн цалингүй чөлөө авсан ба түүний нэг өдрийн цалин 274,623 төгрөг болох нь хэрэгт авагдсан Дарханы ********ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/990 тоот албан бичиг /хх-47/, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/1207 тоот албан бичиг /хх-22/, тус байгууллагын богино хугацааны чөлөөний хуудас /хх 23, 48-49/, цалингийн тодорхойлолт /хх-50/ зэрэг баримтаар,
Мөн эх ******** нь Хас банкны Шинэ Дархан тооцооны төвд банкир ажилтай бөгөөд тэрээр 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дуусталх хугацаагаар, 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус 11 хоногийн цалингүй чөлөө авсан ба түүний нэг өдрийн цалин нь 104,762 төгрөг болох нь хэрэгт авагдсан Хас банкны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 61/269 тоот албан бичиг /хх-54/, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний 61/262 тоот албан бичиг /хх-55/, 2025 оны 04 срын 01-ний өдрийн 07/215 тоот албан бичиг /хх-25/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Насанд хүрээгүй ******** эцэг эх нь хүүхдийнхээ эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас Улаанбаатар хот руу авч явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд ******** хөлний гэмтэлд мэс засал хийлгэж, хэвтэн эмчлүүлэхэд асарч сувилах, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газраар түүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг шинжлүүлэхээр явсан зэрэг шалтгаанаар дээрх ажлын өдрийн цалингүй чөлөөг албан байгууллагаасаа авсан болох нь хэрэгт авагдсан шатахууны баримт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-16/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын өмнөх өвчтөнг шалгах хуудас болон эмнэлэгийн үйлчилгээ авсантай холбоотой бусад баримт /хх-31-39/ болон талуудын тайлбараар дээрх үйл баримт тогтоогдсон болно.
Тодруулбал, нэхэмжлэгч ********, түүний эхнэр ******** нар нь хүү ******** эрүүл мэндэд хохирол учирснаас үүдэж дээрх хугацааны цалингүй чөлөөг байгууллагаасаа авах шалтгаан нөхцөл бий болсон байх тул эцэг эхийнхэн дутуу авсан цалин хөлс 2,525,497 төгрөгийг ******** эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зардалд тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан бөгөөд ******* Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.8-т Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх....нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ, 4-т Нэгдүгээр зэрэглэл: -Биед гэмтэл учраагүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэг. 0-3%, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.
Нэхэмжлэгч ********нь сэтгэл санааны хохирлыг тооцохдоо 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлэн тооцож, хариуцагчаас 3,293,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 13 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоох шинжилгээний дүгнэлтэд ******** 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцийн гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин шаардлагатай гэжээ.
Дархан-Уул аймгийн Талбайн теннисний холбооны 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн ******** спортын рейтинг болон амжилтын тухай тодорхойлолтод ...******** нь Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Талбайн теннисний холбоо-нд 2018 онд элсэн орж улмаар шигшээ багийн тамирчнаар хичээллэж эхэлсэн цагаас хойш тоглолтын хурд хүч, авхаалж самбаа, арга барил, зөв техникттэй, тоглолтын ур чадвар өндөртэй *******ын теннисний холбоонд U12 насны ангилалд ******* Улсдаа эрэмбэ чансаагаараа 2-рт эрэмбэлэгдэж байсан шилдэг тамирчин төдийгүй олон улсын чанартай тэмцээн уралдаанд ******* Улсаа төлөөлж оролцох чадвартай, шигшээ багийн тамирчинаар бэлтгэгдэж байсан өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын нэг юм гэж тодорхойлсон бөгөөд түүний 2018-2024 онуудад гаргасан амжилтуудыг хавсаргасан байна. /хх-79-120/
Насанд хүрээгүй иргэн ******** биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэж шинжээчийн дүгнэлт гаргасан боловч дээрх гэмтэл нь ******** нь тамирчны амжилтад сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгэх боломжтой ба нөгөөтээгүүр гэм хор учруулсан иргэн ******** нь насанд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын Нэгдүгээр зэрэглэлд хамааруулан хохирлыг үйл явдал болсон хугацаа буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс 3 хувь /660,000*150=99,000,000*3%/ буюу 2,970,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын үлдэх шаардлага болох 323,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т .... нэмэгдэл хоол өгөх... гэсэн зохицуулалт нь эрүүл мэндэд учирсан хохирол учирсны улмаас тусгай хоол өгөх хэрэгцээ шаардлага бий болсныг ойлгох тул нэхэмжлэгчийн гаргасан хоол хүнсний зардал 294,214 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, мөн дээрх эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зардалд ганданд ном уншуулсан зардал хамаарахгүй тул 200,000 төгрөгийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9. Иймээс хариуцагч ******** 6,521,988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож, үлдэх 817,614 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,384 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 119,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан хариуцагч ******** 6,521,988 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********д олгож, үлдэх 817,614 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,384 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** 119,302 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА