| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0108/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 128
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч А.Оюунгэрэл,
хохирогч В.Д,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1710011880050 дугаартай, 187/2018/0108/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... хотхоны ...... дүгээр байрны ...... тоотод хамтран амьдрагч В.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хотхоны ...... дүгээр байрны ...... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч В.Д-г “хүүхэд ханиад хүргэх гэлээ шалдан нүцгэн гүйлгэлээ эцэг эх шигээ золбин хүн шиг өсгөлөө” гэж хэллээ гэж уурлан жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүр тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ........... аймгаас 23 цагийн орчим гэртээ ирсэн. В.Д урьд өдөр нь надруу утасдаж хэрүүл хийсэн ба ер нь бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байсан. В.Д хүүхдээ 8 сартай байхад нь хаяад Солонгос улс руу явж, 3 сарын турш огт холбоогүй байж байгаад буцаад ирэхэд нь би уучилсан. Би тухайн өдөр гэрт 3 шил пиво авч ороод уусан ба нэмж эмчилгээний зориулалттай архинаас жаахан уусан. Бид хоёр ярилцаж ойлголцоод унтах гээд хэвтэцгээхэд би хүүхдийнхээ памперсийг тайлаад хэвтүүлсэн байсан. Хүүхэд тойроод гүйгээд байхад нь В.Д надад хүүхдээ эцэг, эх шигээ золбин өсгөлөө гээд хэлсэн. Тэгэхэд нь би уурлаад нүүр рүү нь 1 удаа цохьсон. Манай хүүхэд уйлаад байхаар нь би хувцасаа өмсөөд гараад явсан юм...Би зүүн талын нүд рүү нь 1 удаа цохьсон...Би уурлаад санамсаргүй байдлаар цохьсон.../Та тухайн үед хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан уу/ Би мэдэж байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч В.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч огцом ууртай, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байсан...Бид хоёр тусдаа амьдарч байгаа...Шүүгдэгч намайг жирэмсэн байхад цохьсон болохоор айж байна, тусдаа амьдарна...Намайг эргээд хартал нүүр лүү цохьсон...Би урьд нь хараа муутай байсан ба Б.Б-д цохиулснаас болоод хараа улам муудаж, болорын цайлт үүссэн. Одоо нүдний эмчийн хяналтад байгаа.../Та шүүдэгчтэй буцаад нийлэх бодол байна уу/ Байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч В.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сараас эхлэн Б.Б-тэй хамтран амьдрах болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад орой 23:00 цагийн орчимд орж ирэхдээ 3-н пивотой орж ирсэн. Тэрийгээ ганцаараа ууж сууж байгаад хөрөгчнөөс архи авч уугаад гал тогоонд байж байхад манай охин бид хоёрын хооронд гүйгээд байсан. Тэгээд унтах болоод байж байтал охин ханиалгахаар нь Б.Б рүү чи эрхтэн унтсангүй хүүхэд ханиалгачихлаа гэхэд миний нүүр лүү нулимахаар нь уурлаад охиноо аваад жижиг өрөөнд ороод унтах гээд хэвтэж байтал хөөе гээд дуудахаар нь эргээд харсан чинь нуруу руу өшиглөхөөр нь хөөе чи яаж байна аа гэсэн чинь нүүр лүү өшиглөсөн. Намайг цагдаа дуудаарай гээд хашгирахаар нүүрэн дээр хөнжлөөр бүтээгээд байсан. Охинтойгоо хамт хөнжлөөр бүтээлгэсэн. Тэгээд охин орилсон чинь хөнжлөө аваад цаашаагаа эргээд явахад нь цагдаа дуудах гээд утсаа авсан чинь цагдаа дуудах гэлээ гээд эргэж хараад ахиад намайг зодсон...Эхлээд нуруу руу нэг удаа өшиглөөд зүүн нүд рүү өшиглөөд нэмж цохьсон. Цагдаа дуудах гэтэл хөнжлөөр бүтээгээд тэгээд цагдаа дуудах гээд утсаа авахад утас булааж аваад хоёр шанаа руу хоёр удаа цохьсон...Би маш их гомдолтой байна...Би учирсан гэмтэлдээ 1.191.230 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн энэ явдлаас болж Ховд аймгаас төрсөн ахыгаа дуудаж ирүүлэн хажуудаа байлгаж байгаад буцаасан бөгөөд эмнэлгээр явахдаа хүний машинд бензин хийж явсан зэрэг 274.700 төгрөг зарцуулсан юм. Би нийт 1.465.930 төгрөгийг нэхэмжилж байна...Хяналтанд орж амжаагүй. Жирэмсэн гэдгээ мэдээд 3-4 хоног болж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 8-9, 10-11/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№300/-ний дүгнэлт:
-В.Д-н биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алим, ооч, зүүн завьжны цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 18-19/
5. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ: “...Санхүүгийн байнга дарамттай байдаг...Гэрээс гаргахгүй, ажилд орох, мөнгөний ажил хийхэд татгалздаг...Өөрөөс нь дүү болохоор жаахан харддаг...
Нийгмийн ажилтан-шинжээчийн дүгнэлт: ...Хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлсэн дүн: Нийт нийлбэр 5 оноо гарсан, дунд зэрэг...” /хх-ийн 57-60/
6. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдлийн түвшин...Бага...6 оноо...” /хх-ийн 65-68/
7. Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр В.Д-тай 2016 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд манай эхнэр В.Д бид хоёрын хооронд сүүлд танилцсан болохоор бие биетэйгээ үл ойлголцох асуудал гардаг юм. Би Улаанбаатар хот болон .......... аймгийн хооронд Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн зөөдөг юм...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр В.Д нь залгаад намайг элдвээр хэлээд харааж зүхээд зайлаарай гэсэн...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ................... аймгаас Улаанбаатар хотод ирээд гэрлүүгээ орохдоо 3 лаазтай 0,5 литрийн пиво авч орсон. Гэртээ ороод 3-н лаазтай пиво уучихаад мөн эмчилгээний зориулалттай 10 орчим градустай архинаас 100 грамм уусан. Миний хувьд болж байгаа зүйлийг бүрэн гүйцэт ойлгож өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Эхнэр В.Д-тай юунд уурласан болон битгий уурла гэж аргадаж ярилцаад хэл амаа ололцоод эхнэр бид...унтах гээд хэвтсэн юм. Хүүхдийнхээ хувцасыг тайлаад нимгэлсэн чинь уурлаад хүүхэд ханиад хүргэх гэлээ шалдан нүцгэн гүйлгэлээ эцэг эх шигээ золбин хүн шиг өсгөлөө гээд уурлаад байхаар нь би “Чи миний эцэг эхийг дандаа яах гэж ингэж доромжилдог юм” гээд хүчтэй баруун гарын алгаараа түлхэх гэж байгаад нүүрэн тус газар нь хүчтэй цохьчихсон. Би өөрөө том биетэй хүн болохоор тийм олон тооны гэмтэл учруулсан. Дараа нь харахад нүд нь хөхөрчихсөн байсан...Би өшиглөж зодсон асуудал байхгүй...жирэмсэн. Одоо 3-н сар гаруй болж байгаа бөгөөд энэ асуудал болсноос хойш уулзаагүй...Хөнжлөөр бүтээсэн зүйл байхгүй...Би хохирлыг түргэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 37-38, 104-105/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ....... дүүргийн шүүхийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн .......... аймаг дахь Сум дундын шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 49, 51-53, 101/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№300/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... хотхоны ...... дүгээр байрны ...... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч В.Д-г “хүүхэд ханиад хүргэх гэлээ шалдан нүцгэн гүйлгэлээ эцэг эх шигээ золбин хүн шиг өсгөлөө” гэж хэллээ гэж уурлан жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүр тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алим, ооч, зүүн завьжны цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч В.Д нь шүүгдэгч Б.Б-тэй 2016 оноос хамтран амьдарсан, 1 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хотхоны ..... дүгээр байрны ...... тоот байранд хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 57-60/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 65-68/ зэргээс шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Д-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, мөн хохирогч нь жирэмсэн байсан болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Мөн шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр урьд өмнө нь шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Д-н эрх чөлөөнд халдаж зодож, цохиж байгаагүй болох нь тогтоогдож байх тул 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогчийг зодсон гэх 1 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч В.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед би жирэмсэн байсан, тээх боломжгүй гээд үр хөндүүлсэн...Миний сэтгэл санаа тогтворгүй болоод, олон удаа рентгэн зураг авахуулсан. Хүүхдээ тээх боломжгүй болсон гээд үр хөндүүлсэн...Шүүгдэгчийн үйлдэлтэй холбоо байхгүй...Шүүгдэгч огцом ууртай, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байсан...Шүүгдэгч намайг жирэмсэн байхад цохьсон болохоор айж байна, тусдаа амьдарна.../Та шүүдэгчтэй буцаад нийлэх бодол байна уу/ байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...42 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт /Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/ зааснаар ял шийтгүүлж байсан.../ зэргийг харгалзан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-с 1.465.930 төгрөгийг гаргуулж хохирогч В.Д-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Б-г 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 1.465.930 /нэг сая дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ...... тоотод оршин суух хохирогч А овогт В.Д-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР