Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

                   

 

 

Н.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Б.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Н.М

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, Ж.Нарантуяа

Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/484 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Мт холбогдох эрүүгийн 2334002740286 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 15-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сум, Галуут 2 дугаар багт хувиараа мал аж ахуй эрхлэн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Н-ийн М,

2. Н.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Тахилт гэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Б-ийн эзэмшлийн улаан өнгөтэй 40 тонн контейнер болон доторх эд зүйлсийг хууль бусаар авч 27.533.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Нийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т  зааснаар 5 жил хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Маас 21.293.750 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж ... тоотод оршин суух хохирогч Ж овогт Дийн Б-т 18.293.750 /арван найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, ... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Э С-т 3.000.000 /гурван сая/ төгрөг тус тус олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн Б овогт Мийн М /, 2014 оны 8 дугаар сарын 05-нд төрсөн Б Мийн М нарт асран хамгаалалт тогтоохыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж,

40 тонн улаан хүрэн өнгийн контейнерыг битүүмжилсэн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнерыг хохирогч Д.Б-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Н.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэх ялаар шийтгүүлж одоо Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдож байна.

1.Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Д.Бийн эзэмшлийн 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнерийг иргэний нэхэмжлэгч Э.Ст худалдаж зарсан гэх боловч контейнер дотор байсан эд зүйлийг худалдаагүй.

Хохирогч Д.Бийн мэдүүлгээр 4 ширхэг цоожоор цоожилсон гэдэг боловч миний мэдэхээр цоожгүй онгорхой байсан. Цоожтой байсан гэх нотлох баримт байгаа эсэх, түүнийгээ хавтаст хэрэгт хавсаргасан эсэх, хохирогч Д.Бийн нэхэмжлээд байгаа эд зүйлс контейнер дотор байсан эсэх, хохирогчийн хонь өгч контейнер харуулж байсан гэх н.Баянаа гэдэг хүнээс гэрчээр мэдүүлэг авсан нь тодорхойгүй байдаг. Иймд нотлох баримтгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж Эрүүгийн хуулийг буруу ашиглан хүнийг яллаж байгаад гомдолтой байна.

2.Хохирогч Д.Б нь контейнераа хонь өгч харуулж байсан н.Баянаа гэх хүнийг энэ хэрэгт сэрдэн ял завшиж байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байдаг. Хохирогч нь өөрөө контейнер дотор байсан эд зүйлсийг авсан “хүн буюу хүмүүсийг” мэдэж байгаа болоод ял завшиж байгаа хүн гэхээсээ илүү хүмүүс гэж хэлсэн байдаг.

3.Хэргийн нийт хохирол болох 30.533.750 төгрөгийн хохирлыг эс хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгч Э.Сын 3.000.000 төгрөг, хохирогч Д.Бийн 40 тонны контейнерийн 9.240.000 төгрөгийн хохирлыг үндэслэлтэй гэж миний хувьд үзэн тус хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Бусад контенейр дотор байсан эд зүйлсийг иргэний нэхэмжлэгч Э.С нь мэдэж байдаг.

Миний хувьд хохирлын хэмжээн дээр гомдолтой байна. Контейнер болон дотор нь байсан эд зүйлстэй нь хамт авч явсан хүн нь энэ хэрэгт тодорхой байхад ганц надад хохирлыг ноогдуулж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх нь бодит байдалд тулгуурлаагүй нотлох баримт дутуу Эрүүгийн хуулийг буруу ашиглаж хүнийг яллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төв аймгийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/484 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд нэвтэрч үйлдсэн гэдгийг баримтаар тогтоогоогүй байна.

Мөн миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн контейнерыг тэнд олон жил байсан, нутгийн хүмүүс болох мал маллаж байсан айлын хүн н.Баянаа болон ойр байдаг айлуудын хүмүүсээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Э.С, гэрч Х.М мэдүүлэгт тухайн контейнерт мотоциклийн рам, гэрийн тооно, багана байсан гэж мэдүүлдэг, харин хохирогчийн бусад нэхэмжилсэн эд зүйлс байгаагүй.

Хэрэгт тухайн контейнерт хэрхэн нэвтэрсэн талаар, мөн бусад 18.293.750 төгрөгийн эд зүйлийг хэрхэн зарж борлуулж бусдад хохирол учруулсан нотлох баримт авагдаагүй мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

7. Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй, тухайн контейнерт юу юу байсан гэдгийг тогтоож чадаагүй байж яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай болсон.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд н.Эрдэнэхуяг гэх хүний талаар дүгнэж бичсэн нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Мийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийг шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Мөн материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

2. Хавтаст хэргийн 119-132 дугаар талд авагдсан “Шүүх хуралдааны тэмдэглэл”-д улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг оролцсон талаар тусгагдсан байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт улсын яллагчаар Б.Мөнгөнчимэг оролцсон гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд оролцогчийг тусгана гэж заасан.

Мөн анхан шатны шүүхээс Н.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа атлаа шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “Н.Эрдэнэхуяг” гэдэг хүнийг гэм буруутайд тооцох талаар тусгаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хэсэгтээ Н.Мт хорих ял оногдуулах талаар дүгнэн хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялаа хаалттай хорих байгууллагад эдлүүлэх талаар тусгасан атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтад “хаалттай хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх, мөн хуулийн 36.7 зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт” гэж заасантай нийцээгүй байна.

3. Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сард Дорнод аймаг руу малаа явуулахдаа өөрийн хаваржаан дээр үлдээсэн контейнерыг харж байгаарай хэмээн н.Баянаа гэх хүнд захин үлдээж хөлсөнд нь хонь өгсөн, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр харахад бүрэн байсан, харин 5 дугаар сарын 08-ны өдөр ирэхэд контейнер нь алга болсон байсан талаар мэдүүлсэн байдаг бол иргэний нэхэмжлэгч Э.С нь тус контейнерыг н.Алимаа гэх хүнээр дамжуулан шүүгдэгчээс худалдан авсан талаар мэдүүлдэг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгт тусгагдсан, тухайн хэргийн үйл баримтын талаар лавтай сайн мэдэж байж болзошгүй н.Баянаа, н.Алимаа гэгч нарыг гэрчээр асуун холбогдох ажиллагааг хийлгүй орхигдуулан Н.Мийг хохирогч Д.Бийн 40 тонны контейнерыг доторх эд зүйлсийн хамт хууль бусаар хулгайлан авсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5. Түүнчлэн хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд миний контейнерыг “Нийн Намшир” гэх хүн зарсан гэж, иргэний нэхэмжлэгч Э.С н.Алимаатай хамт очин үзэж “Намширт” 40 эм ямаа, 2 сая төгрөг өгч контейнерыг худалдан авсан талаар мэдүүлсэн байхад Намшир гэгч нь хэн болохыг тогтоон мэдүүлэг авч нэрийн зөрүүг гаргалгүй орхигдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

6. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

7. Иймд шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/484 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Мт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ТҮВШИНТӨГС

 

 

                            ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА