Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

            Л.Д, Б.Б нарт холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Дөмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2334000000427 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Бийн Б, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

Б овогт Лийн Д, Дархан-Уул аймагт 1974 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум  дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх,

Шүүгдэгч Л.Д, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 9,510,570.46 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19,021,140.92 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Л.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овгийн Лийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Лийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Лийн Д нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн 2334000000427 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Лийн Д нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Лийн Д нараас экологи эдийн засгийн хохирол 19.021.140.92 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6 шуудай бүхий 178.3 кг ашигт малтмал агуулсан чулуулаг тээрэмдүүлсэн 54.089 грамм шаргал өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 53-41 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус Алфа маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Leiya нэртэй молдокыг тус тус шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулж, 

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Лийн Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу миний бие нь анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот Шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

Тус Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсгийн "... Шүүх шүүгдэгч Б.Б, Л.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Б.Б, Л.Д нарыг тус бүр 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Л.Д нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэжээ…”

Ялтан Л.Д нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирол төлбөрөө төлж байрагдуулсан, хор уршгийн шинж чанар, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа 1 дүгээр багийн задгайд оршин суух хаягтай, одоо цагдан хоригдсоноос хойш хашаа гэр нь эзгүй, харж хандах хүнгүй байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 2, Шүүгдэгч..., Б овгийн Лийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй..." гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкцын хүрээнд 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж ялыг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч танилцаад тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Б нь Л.Д-тай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Наймган" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 9,510,570.46 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19,021,140.92 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ...Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохиролоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруу дээрээ маргаагүй, төрсөн ээж Н.С хамт амьдардаг бөгөөд ээж нь хүнд өвчний улмаас Б.Бы асаргаанд байдаг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хулээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байна.

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байна.

Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн, ар гэрийн байдал болон учруулсан хохирлоо төлсөн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу,  шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Л.Д, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наймган” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 9,510,570.46 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Хохирогч Тийн: “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Иймд экологи-эдийн засгийн үнэлгээнд заасан нөхөн төлбөрийг нэхэмжилж байна...” /хх-н 41-42/ гэх,

гэрч Сийн: “...багын найз Д над руу миний фейсбүүк хаягаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “хүрээд ирэх үү” найз нь гайгүй ажил хийж байгаа гэхээр нь Дархан-Уул аймгаас өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 53-41 УНС улсын дугаартай авто машинаар ганцаараа ирсэн. ...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Д, хоёр хүнтэй би машинаа бариад бид 4 Заамар сумын төвөөс урагшаа алт гарч байгаа газар руу хамт явцгаасан. Тэгээд тухайн газрын наахнаас хамт гарцгаасан машин нь буцлаа гэхээр нь би машинаа үлдээгээд буцаад “Сов” руу буцаад тэр машинтай нь яваад өгсөн. Тэгээд үдээс хойш болоод утаснууд нь холбогдохгүй байхаар нь машинаа олж авах гээд замын машинд суугаад ирсэн чинь миний машинд Д 3 хүнтэй суучихсан байж байсан. ...Тэгээд ...удалгүй зугтаагаарай гээд ...би учраа мэдэлгүй, цагдаагийн алба хаагч нар гэж мэдээгүй тэр чигээрээ явж байгаад ...машины дугуй хагараад зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагч нар байсан юм байна гэж мэдсэн тухайн үед би юунаас зугтаагаад байгаагаа ч мэдээгүй шүү маш их сандарсан байсан...” /хх-н 54-56/ гэх,

гэрч Жгийн: “...Заамар суманд алт гараад байна гэж сураг сонсоод олз хайх санаатай Заамар сум руу ганцаараа Улаанбаатар хотоос таксигаар 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө “Сов”-оос Д, Баяраа, Сарнай, бид 4 Заамар сумын баруун талд “Өл” бас “Наймган” гэж нэрлээд байх шиг байсан тэр газар дээр ирсэн. Машиныг нь Сарнай жолоодож ирсэн бид нарыг хүргэж ирээд би энд юу хийх вэ гээд буцаад замын унаанд суугаад яваад өгсөн. ...Би уул руу нь хамт явна гээд очсон чинь Д ах яв яв машиндаа байж бай согтуу байж гэхээр нь буцаад машинд нь ороод унтаад өгсөн юм. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар болчихсон байсан би согтуу байсан учраас тэрнээс хойш надад санах зүйл байхгүй байна. Нэг мэдсэн чинь Сарнай ирчихсэн, цагдаа нар ирчихсэн байсан...” /хх-н 59-60/ гэх,

гэрч Нын: “...Би Төв аймгийн Заамар суманд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд байж байхад манай ээж Дамдинбазар овогтой Цэрмээгийн найзынх нь найз гэх Давгаа гэх ах манай ээж рүү утсаар Заамар сумын урд талд алт гарсан байсан хүрээд ирээ хоёр үүрэг /тал орчим шуудай/ чулуу өгье гэж хэлсэн юм билээ... Тэгээд бид гурвуулаа тэр Пүрэвсүрэн эгчийн Т.Карина маркийн машинаар Заамар суманд ирээд тэр алт гараад байгаа “Өл” гэх газарт ирсэн. Тухайн газар дээр тэр утсаар ярьсан Дагваа гэх ах өөр 3 хүнтэй хамт байж байсан. Тэгээд ээж, Пүрэвсүрэн эгч хоёр бүтэхгүйн байна харьж амарлаа гээд буцаад яваад өгсөн. ...Тэгээд байж байхад Давгаа ах хамт байсан хүмүүс нь архи уусан байсан бөгөөд багаж нь бас эвдрээд Сов руу /Хайлааст баг/ явъя гээд гаргасан. Намайг байх хугацаанд ямар нэг чулуу гаргаагүй. Дагваа ах хамт явсан 3 хүн би нэмэгдээд 5-лаа тэд нарын унаж явсан Т.Приус маркийн авто машинд суугаад буцах гэж яваад цагдаагийн алба хаагч нарын машинтай тааралдаад юу болоод байгааг ойлгоогүй зугтаагаад машины дугуй хагараад зогссон...” /хх-н 64-65/ гэх,

гэрч Пгийн: “...Бид нар “Наймган” гэх газарт орой 18 цаг өнгөрч байхад очоод 18 цаг 30 гэхэд Л.Д миний 99718782 дугаар руу утсаар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Цэрмаад хэлээд хамт явах гэтэл хүү нь болох Н нь би гэрт үлдээд яах вэ хамт явж очиж үзье гэхээр нь... хамт явсан... бөгөөд Л.Д өөрөө согтуу, тэнд байсан хүмүүс бас согтуу, хүн ихтэй байхаар нь за энд бүтэхгүйн байна гэж бодоод буцах гэтэл Л.Д хүүгээ үлдээчих ээ, хүлээж байгаад ганц нэг үүрэг чулуу өгөөд явуулъя гэхээр нь буцаад явсан. ...Өглөө нь найз Цэрмаагийн хүү Н нь Заамар сумын цагдаагийн хэсгийн гадаа байна гэхэд нь болсон хэргийн талаар мэдсэн юм...” /хх-н 69-70/ гэх,

гэрч  гийн: “...манай тэнд амьдардаг, өмнө нь таньдаг байсан манай найз Л.Д миний 99718782 дугаар руу утсаар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үдээс хойш 16 цаг өнгөрч байхад залгаад би Заамар сумын урд талд “Наймган” гэдэг газар байна, хүрч ирээд ганц нэг үүрэг чулуу аваа, хүрээд ирээ гэхээр нь найз Цэрмаад хэлээд хамт явах гэтэл хүү нь болох Н нь би гэрт үлдээд яах вэ хамт явж очиж үзий гэхээр нь “за тэг тэг” гээд хамт миний 92-60 БУА улсын дугаартай Т.Карина маркийн авто машинтай “Наймган” руу очсон юм. Тэнд нэлээн олон хүмүүс байсан бөгөөд Л.Д өөрөө согтуу, тэнд байсан хүмүүс бас согтуу, хүн ихтэй байхаар нь “за энд бүтэхгүйн байна” гэж бодоод буцах гэтэл Д.Д хүүгээ үлдээчих ээ хүлээж байгаад ганц нэг үүрэг чулуу өгөөд явуулъя гэхээр нь найз Цэрмаатайгаа ярилцаад за гээд Ныг үлдээгээд Цэрмаа бид хоёр гэр рүүгээ явсан юм. Бид нар “Наймган” гэх газарт орой 18 цаг өнгөрч байхад очоод 18 цаг 30 гэхэд буцаад явсан тэнд удаагүй. Өглөө нь найз Цэрмаагийн хүү Н нь Заамар сумын цагдаагийн хэсгийн гадаа байна гэхэд нь болсон хэргийн талаар мэдсэн юм...” /хх-н 74-75/ гэх мэдүүлгүүд,

 -Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4764 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлийн бодисын найрлагад алт-82,050% /Au/, мөнгө-10,421% /Ag/, цайр 2,698%, төмөр-1,094% /Fe/, хар тугалга 1,187% /Pb/, кали 1,149% /К/, хөнгөн цагаан 0,803% /AI/, кальци 0,366% /Ca/, иридиум 0,110% /Лг/, манган 0,065% /Мп/, титан 0,057% /TI/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйл нь 54,089 гр жинтэй байна...” /хх-н 28-29/ гэх,

“Эко инженеринг” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн“...Төв аймгийн Заамар сумын нутаг, “Наймган” гэх газарт нэр бүхий иргэд 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар газрын хэвлийд халдаж 6 шуудайд 178,3кг ашигт малтмал түүхий хүдрийг 53-41УНС улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 9,510,570.46 төгрөг болж байна...” /хх-н 91-99/ гэх,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/06б дугаартай шинжээчийн “...”Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 53-41УНС улсын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн, Тoyota Prius Alpha маркийн суудлын зориулалттай автомашины зах зээлийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 10,000,000.00 (арван сая) төгрөгөөр тогтоов...” /хх-н 109-111/ гэх дүгнэлтүүд,

тээврийн хэрэгсэл, хэргийн газрын үзлэг  хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10, 11-24/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

3. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан, энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б, Л.Д нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч Б.Б, Л.Д нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Л.Д нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус бүрийг 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

7. Шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу “ ...шүүгдэгч Л.Д нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Амаржаргал “ ...миний үйлчлүүлэгчийн хувийн, ар гэрийн байдал болон учруулсан хохирлоо төлсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

8.  Шүүгдэгч Б.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолсон, эрүүгийн хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “...54.089 грамм шаргал өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох...”-оор шийдвэрлэхдээ “шаргах өнгийн металл”, “алтны агууламжтай металл” гэж хоёр өөр төрлийн металлыг улсын орлого болгосон мэт ойлгогдохоор бичигдсэн байх тул “металл” гэснийг хасаж “54.089 грамм шаргал өнгийн, 82.05 хувийн алтны агууламжтай металл” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Амаржаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.              

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байгаль экологид учруулсан хохирол болох 19,021,140.92 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаан явагдсаны дараа шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байна.

11. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Б, Л.Д нарын 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг шүүгдэгч нарын тус бүрийн ял эдлэх хугацаанд оруулж тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “...6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6 шуудай бүхий 178.3 кг ашигт малтмал агуулсан чулуулаг тээрэмдүүлсэн 54.089 грамм шаргал өнгийн металл, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 53-41 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус Альфа маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Leiya нэртэй молдокыг тус тус шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэснийг “ ... 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6 шуудай бүхий 178.3 кг ашигт малтмал агуулсан чулуулаг тээрэмдүүлсэн 54.089 грамм шаргал өнгийн, 82.05 хувийн алтны агууламжтай металл шороог хурааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн 53-41 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус Альфа маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Leiya нэртэй молдокыг тус тус шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Амаржаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Л.Д нарын 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Анхан шатны шүүх хуралдаан явагдсаны дараа шүүгдэгч Б.Б нь 9,511,000 /есөн сая таван зуун арван нэгэн мянга/ төгрөг, шүүгдэгч Л.Д нь 9,550,000 /есөн сая таван зуун тавин мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус төлсөн болохыг дурдсугай.

  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ