| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01737/и |
| Дугаар | 307/ШШ2025/00810 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01737/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ын (утас: )-д холбогдох,
30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагч: С.,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие волейбол клубийг эрхлэн ажиллуулдаг захирал ажилтай. Иргэн С. нь манай клубт хамт ажилладаг байсан. Ажиллах хугацаандаа надаас байрны урьдчилгаа гэх 30,000,000 төгрөгийг зээлсэн. Өөрийнхөө хувийн дансаар бүхэлд нь шилжүүлэх боломжгүй байсан тул 2022 оны 04 дүгээр сараас хойш 11 дүгээр сарыг хүртэл өөрийнхөө боломж бололцоогоор хувийн данснаасаа бага багаа шилжүүлж байсан. Түүнээс хойш хамтарч ажиллаж байх явцдаа энэ хүн цалин авч байгаа юм чинь буцаагаад надад өгөх байх гэсэн бодолтой байсан. Гэвч өдийг хүртэл надтай тууштай хамтарч ажиллаагүй. Энэ хүний хувьд ******* суурьшиж 15 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа юм байна. Үүнээс хойш энэ хүнээс 30,000,000 төгрөгөө буцааж авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж шүүхэд хандсан гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
... Иргэн Б.*******ийн хувьд 2024 оны 10 дугаар сард С.д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч С.гийн хувьд 2024 оны 12 дугаар сард хариу тайлбар ирүүлсэн байдаг. Хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын хувьд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний агуулга С.гийн байрны урьдчилгаанд нэмэр болох зорилгоор Б.******* гэдэг хүний ХК-ийн данснаас нийтдээ 6 удаагийн давтамжтай байрны урьдчилгаа С.д гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байдаг. Хариуцагч С. нь волейбол клубтэй хөдөлмөрийн харилцаатай байсан. Уг клуб нь 2019 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд. Өмнө нь 3 гишүүнтэй байсан бол одоо 5 гишүүнтэй болсон гэх үйл баримт хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Үүнээс харахад волейбол клубд ажиллаж байх хугацаандаа Надад буцалтгүй тусламж буюу буцааж авахгүй үндэслэлээр эдгээр мөнгийг өгсөн. Шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар өгсөн байсан. Гэтэл Б.******* гэдэг хүний нэхэмжлэлтэй байрны урьдчилгаанд 30,000,000 төгрөг өгсөн үйл баримт яригдаж байна. Энэ нь хоёр өөр субъект буюу волейбол клубтэй холбоотой буцалтгүй тусламж эсхүл урамшуулал гэдэг зүйл байгаа бол нотлох баримтаар гаргаж өгсөн дүрмийн дагуу цалин урамшууллыг олгох тухай заасан байдаг. Зөвхөн Б.******* гэдэг хүний эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх асуудал биш. Хариуцагч С.гийн хувьд тухайн мөнгийг аваагүй талаарх маргадаггүй. Харин буцааж өгөхгүй гэж маргасан байдаг. Үүний шалтгааныг волейбол клубтэй холбож Энэ клубт ажиллаж байсан учраас надад буцалтгүй тусламж байдлаар өгсөн гэж үгүйсгэсэн байсан. 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын хугацаанд шилжүүлсэн нийт 30,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч С. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... Б.******* гэдэг хүнтэй 2-3 жил хамтарч ажилласан. Би ******* хотод амьдардаг байсан. Энэ хүний хувьд Манай клубд ажиллаад өгөөч гэж хэлэхээр нь хамгийн ойр байгаа салбарт нь ажиллаж болох уу? гэж хэлэхэд том салбар луу явсан нь дээр гэж хэлсэн. Олон жил натай хамтарч ажилласан тул Чамд буцалтгүй тусламж гэдэг агуулгаар байрны урьдчилгаа өгье гэж хэлсэн. Тухайн үед энэ хүнээс байрны урьдчилгаа нэхээгүй. Яагаад буцааж нэхэж байгааг нь гайхаж байна. Дархан-Уул аймаг руу шилжээд миний аваад ажлаасаа гарсан гэх тайлбар гаргасан байсан. Үнэнийг хэлэхэд Дархан руу ирэх бодол байгаагүй. Энэ хүний хувьд Би чамд өгөх ёстой зүйлээ өгсөн. Харин хийх ёстой зүйлийг хий гэдэг хандлагаар харьцдаг байсан. Миний хувьд волейбол клубийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг байсан. 2023 онд Дарханд анх удаагаа нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж байсан. Тухайн үеэс хойш намайг өвлийн нэг сарын хүүхдийн амралтаар эрэгтэй, эмэгтэй багийг 14:14 хоногийн хугацаатайгаар бэлтгэл сургуулилт хийлгэхээр хээрийн бэлтгэлд гарч байсан. Цаанаасаа заасан багшийн зардал болон байрлах байр зэрэгт туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй байсан. Энд ажиллаж байх хугацаандаа нэмэлтээр хагас, бүтэн сайн өдрийн хүүхдийн анги нээх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэвч цалин олгохгүй хүүхдүүд хэр байгааг нь ажиглаарай гэж хэлсэн. Иймд Дархан салбарын хүүхдийн анги маань эрчимтэй хөгжсөн. Миний хувьд буцаад ******* хот руу буцаж шигшээ багаа дасгалжуулахаар явахад Дарханд үлдсэн багшийн хувьд бэлтгэлээ орохгүй гэх мэтчилэн асуудал үүсгэдэг байсан тул намайг Дарханд ирж ажиллах санал тавьж байсан. Тухайн үедээ байрлах байр болон хоолны мөнгө өгвөл ажиллаж болно гэж хэлсэн. Эхний удаа шатахууны зардал гээд 50,000 төгрөгийг нэг сарын хугацаанд өгч байсан. Түүнээс хойш огт мөнгө өгдөггүй байсан. Хэд хэдэн удаа машиндаа хоносон тохиолдол бий. Дарханд эхнэр, хүүхэдтэйгээ шилжиж ирээд хашаа байшин түрээсэлдэг байсан. 6 сарын түрээсийн мөнгийг волейбол клубээс өгье гэж хэлж байсан. Багш нарыгаа дэмжинэ гэж хэлж байсан. Намайг хамгийн олон жил ажилласан болохоор буцалтгүй тусламж гэдэг агуулгаар байрны урьдчилгаа өгнө гэдэг байр суурьтай байсан гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
... Үйлчлүүлэгчийнхээ тайлбарыг дэмжиж байна. Хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зээлдүүлсэн гэх агуулгаар нэхэмжилж байгаа юм байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар 7 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргадаггүй. 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэлх буюу 7 сарын хугацаанд 30,000,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг зээлж аваагүй талаар маргаж байгаа юм. Талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүсэн бэ? гэх маргаан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлсэн мөнгөө буцааж авъя гэсэн агуулгаар нэхэмжилж байгаа боловч маргааныг шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэг авагдсан нотлох баримт болон хариу тайлбараас үзэхэд эдгээр хүмүүсийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Нэг талаас ажил олгогч нөгөө талаас ажилтан гэх үйл баримт харагдаж байна. Иймд хариуцагчийн татгалзал нотлогдож байна гэж үзэж байна. 7 удаагийн гүйлгээний утгаас харахад тодорхой байна. Ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгө эсхүл нэр бичсэн зүйл байхгүй. Харин байрны урьдчилгаа гэж хийсэн байгаа юм. Тухайн гүйлгээний утга нь ямар зориулалтаар шилжүүлсэн талаарх үйл баримтыг нотолно. Мөн 2022 онд мөнгө шилжихээс өмнө олон жил байсан талаар манай үйлчлүүлэгч үнэн зөв ярьж байна. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүхээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хачгийн бүртгэлийн лавлагаа, ХК-ийн деспозит дансны хуулга, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, хариуцагчийн албадан ирүүлсэн, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн баримтууд, 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, хэргийн хугацаа сунгах шүүгчийн захирамж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай захирлын тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд томилох тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлт, цалингийн тооцоолол, итгэмжлэл, Гэрч н.ын мэдүүлэг, гэрч н.ын мэдүүлэг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тодорхойлолт, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тодруулж ...миний бие волейболын сургалт, клуб -ыг эрхлэн ажиллуулдаг. Иргэн С.г тус сургалтын төвийнхөө ******* хотын салбарт 2022 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн багш, дасгалжуулагчаар ажилд авсан. С. нь байр авах гэсэн юм, холоос явж байна зээлээч гэхээр нь би нөхцөл байдлыг судалж байгаад 7 удаагийн гүйлгээгээр 2022 оны 04 сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 30,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Буцаагаад 2022 оны 04 сараас буцааж өгөхөөр тохирсон. С. нь 2023 оны 3 сараас эхлэн Дархан-Уул аймгийн салбарт шилжин ажиллахад нь ч мөн туслалцаа үзүүлж орон сууцны түрээс болон цалинг өгч байсан. Тэгтэл Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллахаар болж өөрөө нэртэй волейболын сургалтыг төлбөртэйгээр нээн хичээллүүлж байгуулсан гэрээгээ зөрчсөн. Иймд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч С. нь татгалзлын үндэслэлийг ...Б.******* гэдэг хүнтэй 2-3 жил хамтарч ажилласан. Би ******* хотод амьдардаг байсан. ...Олон жил хамтарч ажилласан тул чамд буцалтгүй тусламж гэдэг агуулгаар байрны урьдчилгаа өгье гэсэн. Би энэ хүнээс байрны урьдчилгаа нэхээгүй. Би Дархан руу ирэх бодол байгаагүй. Энэ хүний хувьд чамд өгөх ёстой зүйлээ өгсөн, харин хийх ёстой зүйлийг хий гэдэг хандлагаар ханддаг байсан. Миний хувьд волейбол клубын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг байсан. Би нэг жилийн хугацаанд буцааж төлөхөөр хэзээ ч 30 сая төгрөг зээлэхгүй. Харин буцалтгүй тусламж агуулгаар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 04 сарын 21-нд байр утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 10-нд “д” утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 23-нд “ байрны мөнгө д” гэсэн утгатай 8,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 13-нд “д байр урьдчилгаа” гэсэн утгатайгаар 6,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдөр “ байр урьдчилгаа” гэсэн утгатай 5,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 27-ны өдөр “Байрны урьдчилгаа д” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 01-ний өдөр “ байрны урьдчилгаа” гэсэн утгатайгаар 2,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг С.гийн дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн ны дансны хуулгаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.
5. волейболын сургалт, клуб 2019 оны 06 сарын 17-ны өдөр байгуулагдаж, О.Лхамжавыг гүйцэтгэх захирлаар 2024 оны 12 сарын 13-ны өдөр томилсон байна.
Хэрэгт авагдсан волейболын сургалт, клуб -ын гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн дугаартай Ажилд томилох тушаалаар Багш дасгалжуулагч мэргэжилтэй С.г салбарт хүүхэд, насанд хүрэгчдийн волейболын ангид ахлах багшаар томилон ажиллуулж байгаад тус клубын захирлын 2024 оны 08 сарын 30-ны өдрийн тушаалаар багш, дасгалжуулагч албан тушаалтай С. нь ажиллаж байх хугацаандаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг волейболын сургалт, клуб нээн ажиллуулахгүй байхаар харилцан тохиролцсон байхад Дархан-Уул аймгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ноцтой зөрчсөн үндэслэлээр цуцалжээ.
6. Талуудын тайлбар хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С. нар нь волейболын сургалт, клуб -д хамт ажилладаг улмаар уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа хариуцагч С.д 30,000,000 төгрөг шилжүүлсэн, С. нь хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр уг байгууллагаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Б.******* нь 30,000,000 төгрөгийг хариуцагч С.д зээлсэн бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээний гол нөхцлийн талаар талууд хэрхэн тохирсон эсэх нь тодорхойгүй байх ба энэ нь хэрэгт авагдсан клубын багш ажилтны 2024 оны цалингийн тооцоолол, тушаалууд, О.Ууганбаярт хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр үгүйсгэгдэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь зээлийн гэрээг амаар байгуулахдаа нэг жилийн хугацаанд зээлийн төлбөрийг буцаан авахаар тохирсон гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцож болох гэрээний шинжийг агуулж байгаа боловч зээлийн гэрээндээ зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн гэрээний гол нөхцлийг хэрхэн тохирсон эсэх нь тодорхойгүй байх ба энэ нь буцаан төлөх хугацааг хэдийгээс тооцох, сүүлийн хугацаа хэзээ болох зэрэг нь тодорхойгүй байна.
Харин хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн ны дансны хуулгаар клуб байрны урьдчилгаа агуулгатайгаар шилжүүлсэн байх ба улмаар хэрэгт ирүүлсэн уг клубын захирлын тушаалууд болон талуудын мэтгэлцээний агуулгаар клубтай байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааны шинжийг агуулж байх ба уг харилцааны явцад байрны урьдчилгаа төлбөр тохирсон байж болох шинжийг агуулж байна.
8. Нэхэмжлэгч талаас волейболын сургалт, клуб -ын гүйцэтгэх захирлын итгэмжлэлийг ирүүлсэн бөгөөд уг клубын өмнөөс нэхэмжлэл гаргаагүй, итгэмжлэлээсээ татгалзсан гэж тайлбар гаргаж байх ба түүнийг эдгээр баримтуудаар волейболын сургалт, клуб -ыг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй юм.
Тодруулбал нэхэмжлэлийг Б.******* гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг солих, нэхэмжлэгч нэмж оролцуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч С.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 30 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.*******ийн нэхэмжлэлтэй С.д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА