Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00038

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Түшигбаяр,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Л.У өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Б.Н өмгөөлөгч П.Ган-Очир нарыг байлцуулан,

хохирогч Л.У , шүүгдэгч Ц.Г өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч Ц.Г , Б.Н нарыг Орхон аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулан Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г  нарт холбогдох эрүүгийн 1715002110084 дугаартай 163/2018/0021/Э индекстэй,хэргийг 2018 дугаар 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1961 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлтгүй, Б овогт Б.Н

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1973 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн  Сэлэнгэ суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн  Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мовогт Ц.Г  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н нь Ц.Г тай бүлэглэж  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт иргэн Д.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Х.Д эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Г  нь Б.Н бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт иргэн Д.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  ийн өгсөн: Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. У , Г  нарыг сумын төв дээр маргалдаад байхаар нь салгах гэж авч явсан юм. Тухайн үед нь салгачихгүй яавдаа гэж харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Даваанямд 500000 төгрөг өгсөн. У т 400000 төгрөг, дээр нь нэг адуу өгөхөөр тохиролцсон байгаа. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би сумын төв орж оюутан 2 хүүхдэдээ мөнгө шилжүүлсэн юм. Тэгээд дэлгүүрийн тэнд Н тэй таарсан, нэг юм уух уу гээд бид хоёр машиндаа сууж байхад У  дэлгүүрээс будаа авахаар ирж таарсан. Тэгээд бид нар ярьж байгаад би У ыг сураггүй алга болсон гэж яригдаж байсан болохоор “чи хаагуур байгаад хаанаас гараад ирэв” гэтэл У  “би газардахгүй, хаана ч л явна ш дээ” гэх маягийн юм хэлэхээр нь би “чи манай нэг хонийг авсан биздээ” гэж хэлтэл “чи тэгэхгүй шүү” гээд уурлаад намайг цохиод авсан, тэгээд бид хоёр машинаас буугаад машины ард нь очоод зууралдахад Н  бууж ирээд “та хоёр сумын төв дээр хэрүүл зодоон хийх гэлээ, больцгоо” гээд бид хоёр зууралдаатайгаа машины ард орж суугаад гол руу ирсэн. Тэнд очоод согтуурхаад ойлголцохгүй байж байгаад У  гол руу орсон, би араас нь ортол Давааням, Бямбатогтох хоёр ирээд Давааням У ыг сундлаад цаашаа явсан. Тэгээд бид хэд буцаж төв рүү ороод дэлгүүрийн гаднаас салцгаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 360000 төгрөг төлсөн, мөн эм тариа авч өгсөн. Цаашид гарах зардлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У өгсөн: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, намайг зодсон нь үнэн. Давааням, Бямбатогтох нарыг ирээгүй бол би амьд байхгүй ч байсан байж магадгүй. Миний толгой өвддөг болсон, эмчилгээний зардалд 718000 төгрөг нэхэмжилсэн, Н  400000 төгрөг, нэг адуу,  Г  360000 төгрөг өгсөн. Одоо санал гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

1715002110084 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Д.У өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Булган хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн лаазтай пиво авч уусан. Дэлгүүрийн гадаа Н  ахын машин болон Гантулгын машин зогсож байсан. Н  ахын машинаас Г  бууж ирээд “чи ахынхаа малыг өгсөн үү” гэхээр нь “өгсөн” гэхэд Г  “чи надаас хонь авсан уу” гэхээр нь би “аваагүй” гэтэл “чи яахаараа авдаггүй юм бэ” гээд заамдаж унагаасан. Тэгээд Г  цээжнээс өргөж, Н  бүснээс өргөөд машиныхаа багааж руу хийсэн. Н ийн машины хойд суудал дээр Бугдай сууж байсан. Тэгээд Далхабандида хөшөөний наад талын тохойд очиж зогссон. Г  “чи 15 жилийн өмнө надаас нэг хонь хулгайлсан уу” гэхэд нь би “аваагүй” гэтэл Г  машинаас буулгаад чулуугаар толгой руу 4-5 удаа цохисон, хөлөөрөө зүүн бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Н  “чи хэргээ хүлээ” гээд нүүр рүү нэг удаа өшиглөж гараараа нүүр рүү нэг цохисон. Мөн Г , Н  2 намайг чирч ус руу хийсэн. Г  миний толгой дээр дарж ус руу амьсгаа авахуулахгүй дарсан, би амь авраарай гэж хашгирахад Бямбатогтох, Давааням 2 морьтой ирсэн. Давааням намайг гол дотор байхад мориндоо сундлаад явах гэтэл Н  машинаараа хааж зогсоод Даваанямыг “хам  хэрэгтэн  нь  юм  байна”  гээд чулуугаар нэг удаа толгой  руу нь  цохиход Давааням морио орхиод зугтаасан. Г  чулуугаар миний толгой руу цохиж, Н  нь “чи надаас хулгай хийвэл хохино шүү” гээд нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би амиа аврах гээд явган зугтаагаад Мөнххуяг дүүгийнд ирэхэд тэрээр хүүхдүүдийн хамт байсан. Тэр хэд голын эрэг дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

Хохирогч Х.Д өгсөн: Би 2017 оны  10 дугаар сарын  31-ний  өдрийн 16  цагийн үед нутгийн  залуу Бямбатогтохын  хамт  голын  эрэг дээр  архи  уугаад  сууж байтал хүн хашгирах чимээ гарахаар нь Бямбатоггох бид 2 морьтой чимээ гарч буй газар очиход Н  ах машинтайгаа голын эрэг дээр зогсчихсон дотор нь Бугдай, Н  ах, голын эрэг дээр У , Г  2 сууж байсан. Тэгтэл У  голын эрэг дагаж алхахаар нь би морьтой очиж У ыг сундлаад урагшаа явтал Н  ах машинтайгаа араас тойрч ирээд зогсоход У  морьноос буусан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ та нар” гэхэд нэг нь намайг “чи хамсаатан нь юм уу” гэж хэлэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэхэд миний толгой руу нэг нь модоор цохиход миний толгойноос цус гарч би чигээрээ гэр рүүгээ морио орхиод гүйсэн. Гэртээ ороход охин Эрдэнэсүрэн, эхнэр Отгончимэг 2 зөрж гараад нөгөө хүмүүс дээр очсон. Удаа ч үгүй тэр 2 гэрт орж ирсэн. Бямбатогтох бид 2 хоёр шил архи уусан байсан болохоор халамцуу байсан. Б.Н  , Ц.Г , Бугдай, Л.У  нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-16-21 тал/,

Гэрч Б.Б өгсөн: Би 2017 оны 10-р сарын 31-ний өдөр 17 цаг өнгөрч байхад эмнэлгийн хойд талын голын эрэг дээр найз Даваанямын хамт 0.5 литрийн архи уугаад байж байтал нэг хүн “чи үнэнээ хэл” гээд хашгираад байсан. Тэгэхээр нь Давааням бид 2 тэдгээр хүмүүс дээр очиход Ц.Г , Б.Н  , Бугдай 3 голын эрэг дээр сууж байсан харин Л.У  нь гол дотор чичрээд хэвтэж байсан. Н  ах “миний морийг чи авсан уу, үнэнээ хэлээч” гээд У  руу дайраад байсан. У  нь би аваагүй шүү дээ гээд уйлаад байсан. Тэгтэл Н  ах “өнчин унага  ч алга болох юм бол ална шүү” гээд У ын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. У  ах “би аваагүй шүү дээ Н  ахаа, би үхлээ” гэж хэлээд гол руу орсон. Тэгэхээр нь Давааням морьтой гол руу орж У ыг сундалж гаргаж ирээд явтал Н  ах араас нь машинтайгаа очоод Даваанямыг “чи яагаад наад хүнээ сундалж байгаа юм, хам хэрэгтэн нь юм уу” гээд модоор Даваанямын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл Даваанямын толгой хагарч цус гараад гэр рүүгээ явсан. Би тэгэхээр нь Даваанямын морийг хөтлөөд гэр рүү нь явж байтал өөдөөс Даваанямын эхнэр гарч ирээд “яагаад толгойг нь хагалсан юм бэ” гээд Н  ахыг загнасан. Тэгтэл Н  ах У ыг “машинд суу” гээд суулгаад хойд эмнэлгийн баруун буланд ирж зогсоод дэлгүүр орж ус авч гарч ирээд У ыг “нүүрээ угаа” гэж өгөөд Н   ах У ыг “хүргэж өгье” гээд тэр хэд машинтайгаа хөдөлсөн, намайг “харь, харь” гэхээр нь би яваад өгсөн. ...Б.Н ах Даваанямын толгой руу нь модоор нэг удаа цохьсон, өөр хүн түүнийг цохиогүй. ...Анх ирэхэд У ын толгой болон нүүр хэсгээс цус гарсан байсан. Ил харагдах гэмтэл, шархтай байсан. Тэр гэмтэл шархан дээр Н  ах нэмээд зодож цохьсон. Давааням мориноосоо унаж гэмтэл авсан зүйл байхгүй, ...”чи хам хэрэгтэн юм уу” гэж хэлээд л  модоор толгой руу нь цохьсон гэх мэдүүлэг /хх 22-26 тал/,

Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед би сумын Засаг даргын тамгын газрын хойно нутгийн залуу Л.У тай таарсан. Тэгээд юм яриад зогсож байтал тамгын газрын хашааны баруун хойно Н  ахын машин зогсож байсан. Би Н  ахтай мэнд мэдэхэд машинд суу гэхээр нь суутал Ц.Г хамт 0.75 литрийн Ерөөл архийг тойруулж уугаад талдаа орж байсан. Тэгээд У  бид 2 нэг нэг хундага архи уучихаад арал руу ороё гээд Н  ахын машинтай явж, У  морио уяаад үлдээсэн. Ингээд Даваасүрэн эгчийн хойшоо арал дотор орж голын эргийн хажууд зогссон. Тэнд зогсоод архиа тойруулж байтал Н  ах У т хандан “чи нутгийнхаа улсуудын хаяаг хадарч хулгай хийдэг биз дээ” гэхэд У  “үгүй ээ би ерөөсөө хаяагаа хадардаггүй, хулгай хийхээр бол хол явдаг” гэж хэлсэн. Тэгэхэд Н  ах “чи битгий худлаа ярь, үнэнээ хэл, үнэнээ хэлтэл чинь чамайг зодно, ална” гээд машинаас У ыг буулгаад түүнийг гар, хөлөөрөө цохиж эхэлсэн. Ингээд байж байтал нутгийн хүмүүс болох Давааням, Бямбатогтох 2 морьтой ирэхээр нь хаанаас хаа хүрч явна вэ гэхэд “голын эрэг дээр юм уучихаад явж байна энд хүний дуу гараад байхаар нь ирлээ” гэж байсан. Би тойруулж байсан архинаасаа тэр хоёрт нэг нэг хундага хийж өгсөн. У  голын эрэг дээр зогсож байтал Н  ах дахин зодож түүнийг гол руу түлхсэн чинь У  голын цааш гарсан. Давааням морьтойгоо очоод түүнийг сундлаад явтал Н  ах машинаа асааж Даваанямын урдуур очиж зогсоод Даваанямыг “чи У ын гар хөл нь юм байна” гээд Даваанямыг гараараа 3-4 удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад Давааням морио орхиод гэр рүүгээ зугтаасан. Бямбатогтох бид хоёр Даваанямын морийг гэрт нь аваачиж өгөхөд өөдөөс Даваанямын эхнэр, хүүхдүүд нь гарч ирээд яагаад хүн зодож байгаа юм бэ гэхээр нь үгүй ээ бид 2 зодоогүй, зодсон хүмүүс нь хойно байна гэж зааж өгтөл эхнэр нь орилж хашгираад байсан. Тэгэхээр нь бид нар машинтай хөдөлж хуучин эмнэлгийн баруун хойд буланд жорлонгийн хажууд зогссон. Тэгээд дэлгүүр рүү Ц.Г , Бямбатогтох 2 орж ус авч гарч ирээд У ын нүүр гарыг угаалгачихаад Бямбатогтох морьтойгоо харих гээд явсан, би Даваасүрэн ахын хажууд буусан. Н  ах, Г , У  3 цааш явсан. ...Ц.Г , Б.Н нар нь У ыг хүчээр хоёулаа чирч маншинд суулгасан... гэх мэдүүлэг /хх-27-31 тал/,

Гэрч Ц.Л өгсөн: ...Тэр өдөр У  морио усалж идүүпчихээд 11 цагийн үед явган гараад явсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутын үед гэрт орж ирсэн. Тэгэхэд нүүр ам, толгой нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад Н , Г  хоёрт зодуулсан гэж байсан. Би түүний толгой дээр ус хийж өгөөд тэрээр Тэгшээгийн хамт манайхаас гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед Л.У  нь “эмчид үзүүлчихлээ, оёо тавиул” гэж байна гээд орж ирээд манайд хэвтсэн. Тэгэхээр нь би сургууль орж хүүхдээ авахдаа У ын хүргэн Шараад хандан “У  нь бусдад зодуулаад манайд хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгтэл өдөр нь У ын төрсөн дүү Өлзий, Өлзийсайхан нар нь манайд ирсэн гэх мэдүүлэг /хх 36 тал/,

Шүүгдэгч Б.Н  ийн яллагдагчаар өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. Би өөрөө тухайн үед Сэлэнгэ сумын төвд ирээд 10 гаран хонож байсан ба сумын төвд явж байгаад танил хуурай дүү Сэлэнгэ сумын 5-р багт мал малладаг Г тай таарсан. Г  бол намайг их хүндэлдэг гэр оронд нь очихоор байнга л хоол цай хийж өгдөг ганц нэг шил архи гаргаж өгч байдаг юм. Тэгээд би тухайн үед байнга л архи авахуулдаг юм чинь гээд дэлгүүр рүү ороод 0.5 литрийн Ерөөл нэртэй архи Г д авч өгсөн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 21-31 УБЕ улсын дугаартай Ланд маркийн машинтай явж байсан ба нөгөө авсан архиа дэлгүүрээс хойшоо гараад миний машинд хувааж уусан. Тэгсэн Г  надад 1 шил архи авч өгье гээд дэлгүүр рүү ороод 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад гарч ирсэн. Тэр үед У , Батбуян нартай дэлгүүрийн гадна таарсан ба У , Батбуян нар миний машинд суусан. Тухайн үед У , Батбуян нар нь нэлээн согтуу байсан. Тэгээд Гантулгын авч өгсөн архийг бид 4 задлаад уугаад байж байхад Г , У  нар нь малын хулгай ярьж байгаад хоорондоо муудалцсан. Сонсоод байхад Г  У ыг чи надад хонь өгөх өртэй миний хонийг олон удаа хулгай хийсэн гэж хэлээд байсан ба У  нь үгүй би танай малаас хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд Г  У  нар нь муудалцаад байж байхад У  нь Г д хандаж их дургүй хүргээд байвал эмээлийг чинь газар тавиулна шүү гэж хэлээд л хоорондоо зууралцаад бие биенийгээ цохиод машин дотор зодолдоод байсан. Тэгэхээр нь та 2 машины цонх хагаллаа буугаад учраа ол гэхэд машинаас буугаад дахиад зодолдсон. Тухайн үед Засаг даргын тамгын газрын цонхоор хүмүүс хараад байхаар нь Г , У  нарыг боль хүмүүс хараад байна, хүнгүй газар очоод учраа ол гээд машиндаа суулгаад сумын хойд талд байдаг арал руу орсон. Хойд арал руу явахдаа би Г , У  нарыг машин дотор зодолдоод машины цонх хагалчих гээд байхаар нь У , Гантупга нарыг машиныхаа багааж руу оруулаад суулгасан. Тэгээд хойд арал руу ороод У , Г  нарыг буулгаад одоо учраа ол гэхэд У , Г  2 машинаас буугаад шууд хоорондоо зодоон хийсэн. Бид нарын очиж зогссон газар Сэлэнгэ мөрөн урсаж байсан ба У  нь тухайн үед өөрөө ус руу гүйгээд яваад орсон. Батбуян бол тухайн үед машинд сууж байсан. Тэгсэн У ын араас Г  гүйгээд уснаас гаргаад наашаа ирж явахдаа жижиг харзны усанд үхэх гээд байгаа бол ингээд үх гээд толгойгоор нь 2 удаа ус руу шумбуулсан. Ингэхдээ ус руу толгойг нь 2 удаа хурдан хийж гаргасан. Тэгсэн У  уснаас гарч ирээд хувцсаа тайлаад хуурай хүрмээ өмссөн. Тэгээд би машинаа асаагаад У ыг дулаацуулсан. Тэгсэн У  жаахан сууж байгаад дээлээ тайлаад сумын төв чиглээд гүйхээр нь би араас нь машинтайгаа дээлийг нь өгөх санаатай яваад очиход У ын хажууд Давааням, Бямбатогтох нар морьтой ирсэн байсан ба би Бямбатогтохыг У ын араас явган гүйлгэсэн. Тэгээд Г  араас ирээд бид нар бүгд У ын хажууд очсон. Тэгсэн Г , У  нар дахиад хулгайгаа яриад муудалцаад барьцалдаад авахаар нь би салгасан. Тэр үед Давааням У ыг өмөөрөөд та нар одоо болиоч нэгнийгээ зодоод байх юм гэж хэлсэн. Тэгсэн Батбуян, Бямбатогтох нар чи хамсаатан нь юм уу гэж хэлээд Даваанямыг барьж аваад цохиод байх шиг байсан…гэх мэдүүлэг /хх 68-70 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №334 тоот

1. У ын биед хамар яс, зүүн максила ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний салстын цус харвалт, дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, баруун, зүүн чихний дэлбээ, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи   гэмтэл   нь  хэрэг  учрал   болсон   гэх   цаг  хугацаанд  үүссэн   байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-38 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №338 тоот

1. Х.Д биед зулайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл  нь  мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд хамаарахгүй гэх дүгнэлт /хх 49 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 3-6 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7-8 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-51-53, 55-58 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73-74, 77-78 тал/ хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /80-83 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Ц.Г , Б.Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сэлэнгэ сумын төвд байрлах дэлгүүрийн гадаа таарсан Д.У ыг “мал хулгайлсан” гэх шалтгаанаар өдөөн хоргоож улмаар сумаас зайдуу гол дээр аваачин зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Н нь дээрхи хууль бус үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийсэн  Х.Даваанямыг “У ын хам хэрэгтэн” гэх шалтгаанаар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар өгсөн хохирогч Д.У , Х.Д, болсон үйл баримтыг харсан гэрч Б.Б, Б.Б нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №334, 338 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шууд нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

         Шүүгдэгч Ц.Г , Б.Н нарын хохирогч Л.У ыг өдөөн хоргоож, бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодохдоо бие биенийхээ үйлдлийг дэмжин санаатай нэгдсэн идэвхтэй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн “бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх  бүрэлдэхүүнийг шинжийг агуулсан байна.

         Иймд шүүгдэгч Ц.Г , Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Н  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Ц.Г , Б.Н нарын  гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Х.Давааням иргэний нэхэмжлэл гаргаагүй,  хохирогч Д.У  нь 718000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийн 106-114 дүгээр талуудад авагдсан иргэний нэхэмжлэлийн баримтыг шүүх үнэлээд Медипас эмнэлгийн дүрс оношлогооны төлбөр 150000 төгрөг, Монос эмийн сангаас авсан эмийн үнэ 21120 төгрөг, Тавин ус эмийн сангаас авсан эмийн үнэ 61999 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 2017.11.02-ны өдрийн бинзений үнэ 100200 төгрөг /Цагдаагийн газарт ирж өргөдөл өгч, хохирогчоор тогтоогдсон/, 2017.11.06-ны өдрийн бинзений үнэ 83500 төгрөг /Шүүхийн шинжилгээний албанд ирж үзлэгт орсон/,  2017.12.31-ний өдрийн бинзений үнэ 91850 төгрөг /Шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцсан/ буюу нийт 508669 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба Медипас эмнэлгийн дүрс оношлогооны төлбөр 150000 төгрөгийн баримт давхардсан, мөн ХААН банкны АТМ-ийн 59600 төгрөгийн баримтанд хэн хэзээ, юу авсан болох нь тодорхойгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  ийн өгсөн хохирогч Х.Д 500000 төгрөгийг, хохирогч Л.У т 400000 төгрөг, нэг адуу өгсөн гэх мэдүүлэг нь хохирогч Х.Д “хохиролд 500000 төгрөг авсан, санал гомдолгүй” гэх шүүхэд гаргасан тайлбар, хохирогч Л.У шүүхийн хэлэлцүүлэгт санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Г хохирогч Л.У эмчилгээнд нийт 445570 төгрөг өгсөн гэх мэдүүлэг нь  Сэлэнгэ Анар ХХК-ний 51920 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 33650 төгрөгийн Булган эм хангамжийн зарлагын баримт /хх-117-118 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 360000 төгрөгийг хохирогч Л.У т хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдож байх тул хохирогч Л.У  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн  6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                   ТОГТООХ нь:    

1. Б овогт Б. Н , Мэргэд овогт Ц.Г  нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Н  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нарыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н  ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Л.У  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н  , Ц.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД