| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0012/З |
| Дугаар | 121/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 121/ШШ2025/0012
2025 09 17 121/ШШ2025/0012 Өвөрхангай аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ж,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.Э нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Б, гуравдагч этгээд Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
Хэргийн индекс: 121/2025/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ж нь анх “Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 206 тоот захирамж гаргахдаа барилгын доорхи 130 мкв газрыг давхардуулж “М” ХХК-д олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Эд эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 мкв газрыг олгохдоо Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 мкв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. “М” ХХК-д Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар захирамжийг үндэслэн 14847 мкв газрыг 15 жилийн хугацаатай зах, худалдааны төвийн зориулалтаар эзэмшүүлж, 0025565 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2.2. Нэхэмжлэгч Ж нь гэр бүлийн хүний хамтаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах мэдүүлгийг 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргаснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэтолгой багийн Сайрын *** тоот хаягт байршилтай 130 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авчээ.
2.3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжаар “М” ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байсан 14847 мкв газраас 7000 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Э-д шилжүүлсэн.
2.4. Улмаар мөн сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай “Аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжаар Э-ны худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 7000 мкв газрыг анхны үнэ 5600.0 мянган төгрөгөөр аж ахуйн зориулалтаар түүнд өмчлүүлжээ.
2.5. Нэхэмжлэгч Ж-гийн өмчлөлийн 130 мкв үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээд Эы өмчлөлийн 7000 мкв газарт бүхэлдээ багтсан байна.
2.6. Нэхэмжлэгч Ж нь анх 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 121/ШЗ2025/0048 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 121/ШЗ2025/0058 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн ба 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Миний бие 2007 онд “М” ХХК-ийн эзэмшлийн газрын хойд талд 130 м2 талбай дээр дан тоосгон байшин барьж, 2007 оны 09 дүгээр сарын 07-нд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл “М” ХХК-ийн зүгээс миний өмчлөлийн барилгын доорх газрыг манай кампанийн эзэмшлийн газар учраас газар чөлөөлж өг гэсэн шаардлагыг тавьж өмчлөлийн барилгаа захиран зарцуулах эрхийг минь ноцтой зөрчиж байна. “М” ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 206 тоот Засаг даргын захирамжаар 14847 м2 газрыг эзэмшүүлэх эрх олгосон байна. Энэ захирамжийг гаргахдаа миний барилгын доорхи 130 м2 газрыг давхардуулж олгосон нь илт хууль бус гэж үзэж байна. Тухайн үеийн Засаг дарга захирамж гаргахдаа 2011 оны эцсээр тус сумын ИТХ-аар 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан тогтоолын дагуу захирамж гаргах хуультай. 2007 онд 130 м2 газарт барилга барихад “М” ХХК-д тус газар хамааралгүй кадастрын зураглалд ороогүй учраас үл хөдлөх хөрөнгийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Иймээс 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 206 тоот тогтоол нь 130 м2 талбайг давхардуулж олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
3.3. Энэ хэргийг шийдвэрлэхэд 2007 онд намайг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад “М” ХХК-ийн гэх 14847 мкв газарт хамаарах 130 мкв газар кадастрт ороогүй байснаас надад Үл хөдлөх хөрөнгийн газраас гэрчилгээ олгосон. Түүнээс хойш Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 тоот захирамж гарч 7000 мкв газрыг иргэн Эд шилжүүлэхдээ миний барилгын доорхи газрыг давхардуулан олгосон ба маргааш нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 207 тоот өмчлүүлэх захирамж гаргаж иргэн Эд өмчлүүлсэн нь илт хууль бус шийдвэр байжээ гэдгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр газрын план зураг болон Засаг даргын захирамжаас олж харлаа.
3.4. Иймээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Эд эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 мкв газрыг олгохдоо Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 мкв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож миний эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “М” ХХК-д 1998 онд Засаг дарга 20 га газрын зөвшөөрөл олгосон. Энэ нь иргэдийн хурлаар хэлэлцэгдээд батлагдсан. 2003 он юм уу, 2004 он юм уу засвартай юм байна. Оныг нь сайн мэдэхгүй байна. Ч даргын гарын үсэгтэй захирамж байна. Энэ захирамж тухайн үед иргэдийн хурлаар хэлэлцэгдэж газар зохион байгуулалтыг төлөвлөгөөнд тусгах ёстой. Хууль нь угаасаа ийм.
4.2. Гэтэл газар зохион байгуулалтад тусгасан юм байхгүй. Газрын албаныхантай уулзсан. Гэтэл тухайн үед дээрээс нь байгаа, байгаа газарт нь олго гэсэн чиглэл өгсөн. Тийм учраас олгосон гэсэн. Гэтэл яагаад хууль зөрчиж дээрээс чиглэл өгдөг юм. Яагаад хууль зөрчиж дээрээс чиглэл ирээгүй байхад Засаг дарга захирамж гаргадаг юм. 14.847 га газрыг Ч даргын гарын үсэгтэй олгосон байна. Тэр захирамж хүчинтэй юу, үгүй юу гэдэг асуудал маргаантай. Яагаад гэхээр оныг зассан. 2003 он юм уу, 2004 он юм уу мэдэхгүй. 3, 4-н тоотой давхацсан. Тэгэхээр энийг хүчинтэй нотлох баримт гэж үзэх үү, үгүй юу. Тухайн Засаг даргын гаргасан захирамж хүчинтэй гэдэг асуудал яригдана.
4.3. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Отгонсүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдсэн 700 метр газрыг Эд эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна. Иргэдийн хурлаар 700 метр квадрат газрыг хэлэлцэхдээ яагаад 2007 онд барьчихсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихсан байгаа газрыг давхцуулж олгосон юм бэ? Тухайн иргэдийн хурлын шийдвэр хууль зөрчсөн. Тэр хууль зөрчсөн иргэдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дагалдуулаад 700 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр 2012 оны 11 дүгээр сарын 06-нд олгосон байдаг. Тэгсэн хэр нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 207 тоот захирамжаар шууд өмчлүүлсэн байдаг. Тэр өмчлүүлсэн асуудал иргэдийн хурлын хэлэлцүүлэгт оролцоогүй юм байна лээ. Нэг үгээр хэлвэл 700 метр квадрат газар эзэмшүүлэхийг зөвшөөрлөө гэсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргасан хэр нь яагаад хувьчлах шийдвэрийг иргэдийн хурлаар авч хэлэлцэгдээгүй юм. Тийм учраас энэ 2 захирамж хүчингүй байна гэж авч үзэж байгаа юм.
4.4. 2007 онд Ж гуайд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээ олгохдоо кадастрт ороогүй байна. Та газрынхаа асуудлыг Засаг даргатайгаа яриад шийдээрэй гээд газрын гэрчилгээ олгосон байдаг. Тийм гэрчилгээтэй объект нь бэлэн байж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь яагаад шалгаагүй юм. Яагаад 7000 метр квадрат газрыг тэр чигээр олгосон юм. Засаг төр яагаад хүний өмчид халдаад байгаа юм. Тийм учраас гомдол гаргасан. Энэ 2 захирамж 2 уулаа илт хууль бус гэж үзсэн. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Эзэмшүүлж болно. Гэхдээ газрын албаны хүмүүсийн ярьж байгаагаар тухайн байгууллагын байгаа газар нь олго гэсэн чиглэл ирсэн гэж байгаа. Тийм байдаг байж. Тэгвэл яагаад юу ч бариагүй хов хоосон газрыг багтаагаад Засаг дарга захирамж гаргадаг юм. 2003, 2004 он юм уу? аль нь ч мэдэгдэхгүй захирамж дээрээ 14.847 метр квадрат газрын эзэмшүүлсүгэй гэсэн захирамж байна. Тийм учраас тэр захирамж ч иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцэгдээгүй байгаа газрыг захирамжлаад өгчихсөн байна. Гэтэл дээрээс чиглэл өгнө гэж юу гэсэн үг юм. Хууль байхад хуулиас давсан захирамж гэж байдаг юм уу?
4.5. 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. Ямар ч тийм нотолгоонууд байхгүй. Шүүгээд олоогүй. Тэгээд газрын алба руу орохоор тэгж хэлж байгаа юм. Тэгэхээр нь хуулиас давсан чиглэл гэж та нарт байдаг юм уу гэж хэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн газар хуулийн байгууллага юм чинь хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хуурамч бичиг баримт гаргах юм бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн газар 2007 онд кадастрт ороогүй байна та өмчлөх эрхээ авч болох юм байна гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Тэгээд Засаг дарга дээрээ очоод газрын асуудлаа шийдээрэй гэсэн чинь Засаг дарга маш том ашиг сонирхлын зөрчил гаргасан. Яагаад гэхээр Эы эзэмшлийн 14.847 метр квадрат газар гэдгийн цаана Н өөрөө байгаа. Тэгээр өөрийнх нь юманд дээр яаж энэ хүнд өгөх юм. Хөөгөөд гаргасан. Өргөдлийг нь урсан юм уу яасан юм мэдэхгүй. 2, 3-н удаа орсон. Ингэж иргэнийг төр засаг дээрэлхэж болохгүй. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ нь илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. “М” ХХК нь сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар захирамжаар 14847м2 газрыг зах худалдааны төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулж, **** тоот гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулсан.
5.2. “М” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх (хэсэгчлэн шилжүүлэх) тухай хүсэлт гаргаж сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамжаар 7000 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Э-д шилжүүлсэн.
5.3. Э нь тухайн газрыг Аж ахуйн зориулалтаар өмчилж авах тухай хүсэлт гарган Сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжаар Аж ахуйн зориулалтаар өмчилж авсан. Тухайн газрын үнэ 5,600,000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авсан байна.
5.4. Тухайн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” тухай 8/7 дугаар тогтоолын хавсралтаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болно.
5.5. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/244 тоот албан бичгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2002-2003 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн эсэхийг шалгаж тогтоолын хуулбарыг ирүүлэхийг хүссэн боловч баримт бичиг олдсонгүй гэсэн хариу ирүүлсэн болно.
5.6. Иймд иргэн Ж-гийн нэхэмжлэлийг эсэргүүцэх үндэслэлгүй байна.” гэжээ.
5.7. Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.8. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/253 тоот албан бичгээр холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн бөгөөд нэмж баримт гаргах боломжгүй тул нэхэмжлэлээс татгалзах үндэслэлгүй.
5.9. Миний хувьд 2024 оны 11 дүгээр сард сонгуулийн үр дүнгээр Засаг даргын ажлыг хүлээж аваад удаагүй байна. Энэ нэхэмжлэлтэй танилцсан. Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт гаргаж өгнө үү гэсний үндсэн дээр нэлээн хэдэн нотлох баримтыг газрын алба, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын албатай гаргуулж шүүхэд хүргүүлсэн. Тэгээд энийг шүүх үнэнийг нь тогтоож өгөх байх. Нэмэлт тайлбар байхгүй гэж хэлмээр байна. Тухайн үед Засаг дарга хийж байсан хүмүүс ямар үндэслэлээр яаж гаргасан гэдгийг тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэл гаргасан юмнаас сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дараа Засаг дарга гаргах ёстой гээд Газрын хууль байна. Зарим нотлох баримтууд нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх нь тодорхойгүй байсан учраас миний хувьд энэ нэхэмжлэлээс татгалзаж болохгүй юм байна гэдэг үндэслэлээр хандаж байна. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/253 тоот албан бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Нэхэмжлэгч Ж-гийн миний газартай давхцуулан газар олгосон гэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамж, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжууд нь тус тус хуулийн дагуу гарсан захирамж бөгөөд нэхэмжлэгчийн барилгын доод талын газартай давхацсан гэж үзээд байгаа газрыг Э миний бие өөрийн 100 хувийн эзэмшлийн “М” ХХК-иас шилжүүлэн. Мөн Засаг даргын 2012 оны 207 дугаар захирамжаар өмчилж авсан.
6.2. Ийнхүү тухайн 7000 м.кв газрыг өмчлөхдөө Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Иргэнд газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ” гэж заасны дагуу мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "иргэнд газар тариалангаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ ... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж тогтоосныг үндэслэн Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 8/7 дугаар тогтоолын хавсралтын 25 дугаарт зааснаар өмчилж авсан болно.
6.3. Нэхэмжлэгч Ж нь миний эзэмшдэг “М” ХХК-ийн газар дээр барилга барьж ашиглая гэсэн хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу нэг ч болтугай хүний амьдрал ахуйд тус дэм болъё гэсэн хүн сэтгэлийн үүднээс би амаар зөвшөөрөл өгч, Ж тухайн 130 м.кв талбай бүхий нэг давхар барилгыг 2007 онд барьж. дэлгүүр ажиллуулан ашиглаж байгаа нь үнэн болно, Нэхэмжлэгч газар эзэмших эрхгүйгээр манай компанийн газрыг миний зөвшөөрлөөр ашиглаж байсан гэдэг нь Хархорин сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоно гэж үзэж байна.
6.4. Харин Ж нь ямар аргаар тухай барилгадаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан болохыг миний бие ойлгохгүй байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө өмчлөхөөр анхлан бүртгүүлэх журамд зааснаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”-ыг заавал хүсэлтдээ хавсаргасан байхыг шаардааг. Нэхэмжлэгч маргаан бүхий газрын ойр орчинд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
6.5. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчин хууль бусаар газар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль ёс, шударга ёсыг тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ солих тухай” 63 дугаар захирамжаар[1] газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших гэрчилгээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгох ажлыг явуулж, дурдсан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлэн авахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгч, захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.
2. Уг захирамжийн дагуу “М” ХХК нь 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт[2] гаргаснаар тус компанид 14847 мкв газрыг 15 жилийн хугацаатай зах, худалдааны төвийн зориулалтаар эзэмшүүлэх *** дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.[3]
3. Харин 2007 онд нэхэмжлэгч Ж нь 130 мкв талбай бүхий байшин барьж, 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Үл хөдлөх хөрөнгийн газарт эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг баримтуудын хамт гаргасан байна.[4]
4. Тус мэдүүлэгт “...иргэн Б.Н, гэр бүлийн хүн Ж бид …”М” ХХК-ийн газар дээр захын худалдааны төвийн зүүн хойд талд …13х10 м харьцаатай гуанз дэлгүүрийн зориулалттай байшин үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон тул гэрчилгээ олгоно уу...” гэх өргөдөл, “М” ХХК-ийн тодорхойлолт, “М” ХХК-ийн 0025565 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг хавсарган өгснийг үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Сайрын *** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 130 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Н, Ж нарыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгожээ.[5]
5. Үүний дараа 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК нь өөрийн эзэмшлийн 14847 мкв газраас 7000 мкв газрыг Э / “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч/-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргаснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамжаар “М” ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 14847 мкв газрын 7000 мкв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар Эд шилжүүлэн эзэмшүүлсэн байна.[6]
6. Улмаар мөн сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжаар дээрх 7000 мкв газрыг аж ахуйн зориулалтаар Эд өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.[7]
7. Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/7 дугаар тогтоолоор баталсан сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1.3 иргэнд аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ хэсгийн 3-д Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж 7000 мкв газрыг давуу эрхээр өмчлүүлэхээр тусгасан[8] зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч Ж гийн өмчлөлийн 130 мкв үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээд Э-ны өмчлөлийн 7000 мкв газарт бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2/2884 тоот албан бичиг, агаарын зургуудаар нотлогдох бөгөөд үүнд хэргийн оролцогчдоос маргаангүй.[9]
9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Эд эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 мкв газрыг олгохдоо Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 мкв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлон, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2007 онд намайг үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авахад “М” ХХК-ийн гэх 14847 мкв газарт хамаарах 130 мкв газар кадастрт ороогүй байснаас надад үл хөдлөх хөрөнгийн газраас гэрчилгээ олгосон. Түүнээс хойш Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 тоот захирамж гарч 7000 мкв газрыг иргэн Эд шилжүүлэхдээ миний барилгын доорхи газрыг давхардуулан олгосон ба маргааш нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 207 тоот өмчлүүлэх захирамж гаргаж иргэн Эд өмчлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус шийдвэр...” гэж маргасан нь үндэслэлгүй байна.
10. Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй.
11. Гэтэл “М” ХХК нь 2003, 2004 оноос хойш 14847 мкв газрыг эзэмшиж байсан нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, эзэмшил газрын тойм зураг[10] зэргээр нотлогдох бөгөөд нэхэмжлэгч Ж нь 2007 онд “М” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, тодорхойлолт зэргийг хавсарган өгснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
12. Нэхэмжлэгч Ж нь газар дээр барилга барьж түүнийг эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан журмын дагуу барилгын доорх газрын эзэмших, өмчлөх эрхийг олж авах үүрэгтэй бөгөөд газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан баримт байхгүй, эрх бүхий этгээд шийдвэрлээгүй тохиолдолд дээд шатны аймгийн Засаг даргад гомдол гаргах, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргах замаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой атал 2007 оноос хойш энэ талаарх эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.
13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж зааснаас үзвэл захиргааны актыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, эсхүл тухайн актад заасан үндэслэл нь хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдох бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргаж байгаа захиргааны актыг шүүхээс илт хууль бусад тооцох зохицуулалттай.
14. Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга нь маргаан бүхий 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;” гэж заасныг, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д “иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх;”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 21 дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгожээ.
15. Дээрх хуулийн заалтаар сумын Засаг дарга нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшигч “М” ХХК болон Э-ээс гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн маргаан бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлж, улмаар сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгасан газрыг Эд өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй.
16. Ийнхүү бусдын газар дээр түүний зөвшөөрлөөр барилга барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь түүний доорх газрын эзэмшигч, өмчлөгчийн эрхийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 21 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж-гийн “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Эд эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 мкв газрыг олгохдоо Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 мкв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ