Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ш

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б , шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б холбогдох эрүүгийн 2234006930263 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Л.Б, 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, ам бүл 1 ганцаараа, ... тоотод оршин суух хаягтай, урьд нь:

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 110 цаг буюу 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 13 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Б нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бяцхан хөндлөн” гэх газарт асфальтан зам дээр 63-72 УБН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж, улмаар эсрэг урсгалд явсан Ажолоочтой 38-03 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О нас барж, насанд хүрээгүй хохирогч Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Л Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуугаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Шүүгдэгч О овгийн Л Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-аас 9,429,000 төгрөгийг гаргуулж хохирогч А, 10,058,810 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш нарт олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын тогтоол хүчин төгөлдөр болсны дараа үеэс хугацааг тоолж,

Эрүүгийн 2234006930263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн №03802401 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдаж,

  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О овгийн Л Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх  хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 жил хасаж, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх ялаар шийтгүүлж Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдож байгаа болно. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б миний бие гомдол гаргаж байгаа тул гомдлыг минь хүлээн авна уу. Иймд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийн бодит байдалтай буюу жинхэнэ байдалтай үйл баримт нь тохирсон нь тогтоогдоогүй эргэлзээтэй хамгийн гол нь тус зүйл анги нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж санамсаргүй болгоомжгүй гэж үздэг. Гэрчүүдээс дахин мэдүүлэг авах хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ хүсэлт гаргаад байгаа өмгөөлөгчийг оролцуулах, үзлэгийн тэмдэглэлд тусгуулах, мөргөлдсөн цэгийг зөв тодорхойлж байж шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэх ёстой байдаг. Хамгийн гол нь хэрэгт нотлох баримт хангалтгүй байна. Ингэж хариуцлага муутай бүрдүүлсэн хэргийн материалаар хүнийг шийтгэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч ахмад Цэрэндовдонд мэдүүлэг өгөхдөө анх мөргөлдсөн “А” цэгийг буруу тодорхойлсон байна. Дахиж мөргөлдсөн “А” цэгийг үнэн зөв тодорхойлох хүсэлт гаргасан байдаг. Намайг байж байхад хэмжилт огт хийгдээгүй.  Миний биеийг оролцуулаагүй. Осол гарсан газрын үзлэг дээр гэрч өмгөөлөгч нар болон миний биеийг байлгаж байгаад хэргийн газар үзлэг хэмжилт хийх ёстой байсан. Гэтэл огт ийм ажиллагаа хийгдээгүй. “А” цэгийг буруу тодорхойлсон хэмжилт хийсэн. Энэ байдлаараа миний бие хохирч байна.

3. Анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирогчоор оролцсон иргэн А нь шүүх хуралдаан дээр 2022 оны 9 дүгээр сарын 14-нд буюу хэрэг болсон өдрийн талаар мэдүүлэхдээ Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зүүн зүгээр баруун зүг рүү хөдөлгөөн үйлдэж байхад “нар жаргаж байсан, нар гялбаад өөдөөс зам харагдахгүй байсан” гэдэг. Мөн 2 талын тээврийн хэрэгсэлд буюу автомашин нь хоёулаа буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй хоёулаа жолооч талаараа мөргөлдсөн байдаг. Иймд Ань Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг нягтлан үзсэн гэдэг эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “… Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг би өөрийн үйлчлүүлэгч Бын хууль ёсны эрх ашгийг хамгаалж тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдтай нийцээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байхаас гадна шүүхийн ажиллагааны явцад нотлох баримт шинжлэн судалсаны дараа өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж оролцогчийн хүсэлтийг хүлээн авалгүйгээр өмгөөлөгчийг дүгнэлт гаргахдаа санал хэл гэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийхдээ үзлэгийн тэмдэглэлд хэн, хэн ямар оролцогч ямар эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа нь тодорхойгүй, миний үйлчлүүлэгчийгоролцуулж үзлэг хийсэн эсэх нь эргэлзээтэй, үзлэгийн тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу санал хүсэлтийг аваагүй, уншиж танилцуулж хуудас болгоны доор гарын үсэг  зуруулаагүй, хэргийн газрын үзлэгт хэн хэн ямар оролцогч оролцсон болох нь тодорхойгүй, хөндлөнгийн гэрчийг оролцуулсан гэх боловч хаана, ямар ажил төрөл эрхэлдэг зэрэг тухайн оролцогчийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, хэргийн газрын үзлэгт ямар эрх үүрэгтэйгээр оролцож байгаа талаар эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулдаг. Эзэмшигчийн байлцуулах боломжгүй үед хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн хэргийн газрын үзлэгийг хийхдээ "осол болсон гэх газарт хэмжилтийг хийж осол болсон гэх А цэгээр 63-72 УБН тээврийн хэрэгслээс урсаж гарсан шингэний төгсгөл, 38-03 УБХ тээврийн хэрэгслийн эвдрэл зам дээр унаж тогтсон эд ангиудын төгсгөл хэсгүүдийн уулзвар дээр унаж тогтсон эд ангиудын төгсгөл хэсгүүдийн уулзвар дээр авч хэмжилтийг хийв” гэжээ. Ийнхүү дээрх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл үйлдэж схем зураг гаргаж дээрх байдлыг үндэслэн зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлийг гаргасан нь үнэн зөв бодитой дүгнэлт гарсан эсэхэд эргэлзээтэй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийг хийхдээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нар болон бусад оролцогч нараас санал хүсэлтийг авч тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх цэг буюу А цэгийг зөв тодорхолж чадаагүй байхаас гадна ямар үндэслэлээр А цэгээр 63-72 УБН тээврийн хэрэгслээс урсаж гарсан шингэний төгсгөл 38-03 УБХ тээврийн хэрэгслийн эвдрэл зам дээр унаж тогтсон эд ангиудын төгсгөл хэсгүүдийн уулзвар дээр унаж тогтсон эд ангиудын төгсгөл хэсгүүдийн уулзвар дээр авч хэмжилтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Ийм тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болгож, зам тээврийн осол гарсан шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаалгахаар өмгөөлөгчийн гомдол гаргасан” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж зааалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Штус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 2. Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бяцхан хөндлөн” гэх газарт асфальтан зам дээр 63-72 УБН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж, улмаар эсрэг урсгалд явсан А жолоочтой 38-03 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О нас барж, насанд хүрээгүй хохирогч Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш: “...2022 оны 9 дугаар сарын 14-ний өглөө хөх хөндүүрлээд байгаа аймаг орж үзүүлнэ гээд Төв аймгийн төв рүү хүү Тогтохтой хамт хадам ах А түүний эхнэр хүүхдийн хамтаар явсан юм. ...Тэгээд 16 цаг 13 минутад утсаар нь ярихад Төв аймгаас гараад явж байна гэж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн хариу байхгүй байсан бөгөөд 16 цаг 45 минутад Оюунцэцэг над руу утсаар залгаад аваарт орсон ухаангүй байна гэж яриад би шууд аймаг руу гарсан. ...Осол болох үед хажууд нь байгаагүй тул мэдэхгүй байна...” /1хх-н 49-50/ гэх,

хохирогч А: “...Миний хувьд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн төв дээр ирээд эмнэлэгт үзүүлж явж байгаад 16 цаг өнгөрч байхад гэртээ буюу Төв аймгийн Баянчандмань сум орохоор өөрийнхөө эзэмшлийн Д.Болдсайхан гэх хүний нэр дээр байдаг 38-03 УБХ улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-20 маркийн машиныг би өөрөө жолоодоод, зүүн урд талд манай эхнэр Оюунцэцэг, өвөр дээр нь 4 настай манай хүү Бат-Эрдэнэ, ард талд төрсөн дүү Отгонбаяр, хүүхэд 8 сартай Тнар суугаад явж байсан. Тэгээд Бяцхан хөндлөн гэдэг газарт явж байхад өөдөөс нэг приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд миний өөдөөс ороод ирсэн. Тухайн машин хурдтай явж ирээд миний машины баруун урд хэсгээс мөргөсөн байгаа...” /1хх-н 56-57/ гэх,

хохирогч Г: “...Миний хувьд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...дүү Амгаланбаатартай Төв аймгийн Манзуширийн хийдэд очиж уулзахаар Баар миний ээжийн нэр дээр байдаг 63-72 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулаад яг хэдэн цагт гарснаа бол мэдэхгүй байна. Би согтуу байсан юмаа тэгээд явсан миний хувьд машинд суугаад л шууд унтчихсан юмаа. Тэгээд намайг унтаж байхад түр тар гээд мөргөлдсөн ухаан ороод харсан чинь нэг машинтай мөргөлдсөн байсан. Намайг Төв аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Миний элэг бяцарсан, хавирга хугарсан гэмтэлтэй байсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр хоног эмчлүүлээд, Улаанбаатар хот руу Гэмтэл орж хагалгаанд орсон байгаа...” /1хх-н 63-64/ гэх,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч И: “...63-72 УБН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн хүү Д.Ган-Эрдэнэд ...худалдаж авч өгсөн. ...Уг тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү Д.Ган-Эрдэнэ, зээ хүү Б нар унаж яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед тээврийн хэрэгслээ унуулсандаа би буруутан болох гээд байна. Гомдолтой байна...” /1хх-н 72/ гэх,

гэрч  : “...Уг машиныг би адуучиндаа буюу А 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Болдсайхан гэдэг хүнээс худалдан авч өгсөн машин бөгөөд уг тээврийн хэрэгслийн нэр нь миний нэр дээр байдаг машин байгаа боловч А өөрийнх нь өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа...” /1хх-н 79-80/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай: “...Амь хохирогч Онь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” /1хх-н 99-103/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4574 дугаартай: ”...“Б” гэж хаягласан, С00703753 хуруу шилний дугаартай цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. “Амармэнд 31 эр” гэж хаягласан, С00703736 хуруу шилний дугаартай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” /1хх-н 116-117/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаартай: ”...Т биед баруун дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Т биед дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...” /1хх-н 123-124/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай: “... Г биед баруун 3, 5-р хавирга зөрөөгүй, 4-р хавирга зөрүүтэй, 8, 9, 10-р хавирга зөрүүтэй, зүүн талд 1-р хавирга бяцарсан, 2-р хавирга зөрүүтэй, 3-р хавирга зөрүүгүй, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины гялтангийн хөндийд шингэн хуралдалт, элэгний 8-р сегментэд няцрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 6-р сегментэд урагдал, бага аарцгийн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1хх-ийн 147-148 дугаар хуудас/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 550 дугаартай: “...А биед баруун тохойн үений ар гадаргад зөөлөн эдийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...” /1хх-н 153-154/ гэх,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/286 дугаартай: “...38-03УБХ улсын дугаартай Toyota prius20 маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 9-р сарын 14-ний өдрийн байдлаар 10,508,300 (арван сая таван зуун найман мянга гурван зуу) төгрөг, хохирлын үнэлгээ нь 8,438,000 /найман сая дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөг гэж тус тус дүгнэлээ...” /1хх-н 185-196/ гэх,

Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай: “...Уг осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 63-72 УБН дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас тухайн Зам тээврийн осол болсон байна гэж үзэв. Нэмэлтээр: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Анх мөргөлдсөн гэх "А"- цэг үндэслэлтэй байна гэж үзэв...” /1хх-н 239-241/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-н 11/, хүнээс хэв загвар /дээж/ авсан тухай тэмдэглэл /1хх-н 113-115/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-н 16-29/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 30-33, 34-39/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 40-44/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд уг зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасан бусад шинжүүдээр хэргийг хүндрүүлж зүйлчилдэг тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

  7. Шүүгдэгч Б “...хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийн бодит байдалтай буюу жинхэнэ байдалтай үйл баримт нь тохирсон нь тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй, “А” цэгийг буруу тодорхойлсон хэмжилт хийсэн, А.Амармэндийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг нягтлан үзсэн гэдэг эргэлзээтэй, анхан шатны шүүх нэг талыг баримталж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “… Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийхдээ үзлэгийн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн, мөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх цэг буюу “А” цэгийг зөв тодорхойлж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болгож, зам тээврийн осол гарсан шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаалгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

8. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөгч Б.Цэрэндовдон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйл, 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хэргийн газарт мөрдөгч Ц.Номиншүр, хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ, 38-03 УБХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Анарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийж, үзлэгээр зам тээврийн осол анх болсон “А” цэгийг тогтоон, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг үйлдэж, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг эрүүгийн хэрэгт хавсаргажээ. /1хх-н 16-39/

63-72 УБН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь зам тээврийн осолд холбогдох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн  байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4574 дугаартай “...“Б” гэж хаягласан, С00703753 хуруу шилний дугаартай цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-н 116-117/ зэргээр тогтоогдсон байна.

Шинжээч Э 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...Нэмэлтээр: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Анх мөргөлдсөн гэх "А"- цэг үндэслэлтэй байна гэж үзэв...” гэх дүгнэлтийг /1хх-н 239-241/ үгүйсгэх болон няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Бхолбогдох эрүүгийн хэрэгт зам тээврийн осол анх болсон “А” цэгийг зөв тогтоосон байна.

9. Түүнчлэн мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн байна.

Мөрдөгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон уг газарт байгаа орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал амьтан, цогцос зэргийг хамруулан үзлэг хийдэг.  

Үзлэгийн явцад цугларсан нотлох баримтыг бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцсэн аргуудыг хэрэглэнэ.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Бхолбогдох эрүүгийн хэрэгт зам тээврийн осол анх болсон “А” цэгийг зөв тогтоосон байх бөгөөд хэргийн газрын үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд нийцсэн байна.

10. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр /1хх-н 239-241/ Тоёота приус-20 маркийн 38-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ань “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн” байх боловч уг осол нь жолооч А замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөнтэй холбоотой биш, харин Тоёота приус-20 маркийн 63-72 УБН дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөны улмаас зам тээврийн осол болсон нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын тус тус  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О овгийн Л Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуугаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол” гэж тодорхойгүй бичигдсэн /учруулсан эсэх/, мөн шүүгдэгч Б-ыг “нэг хүний амь нас хохироосон” гэм буруутайд тооцсон нь санаатай гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон мэт ойлгогдохоор бичигджээ.

12. Мөн шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах ялын хугацааг тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад шүүгдэгч Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

13. Иймд магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

14. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “...1. Шүүгдэгч О овгийн Л Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуугаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...1. Шүүгдэгч О овгийн Л Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуугаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 

  6 дугаар заалтын “...6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын тогтоол хүчин төгөлдөр болсны дараа үеэс хугацааг тоолсугай.” гэснийг “...6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 5 жил хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.” гэж  тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97/ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

                        ШҮҮГЧИД                                  З.ТҮВШИНТӨГС

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ