Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 522

 

                                                                           

Г.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 581 дүгээр магадлалтай, Г.Ж-д холбогдох 1809037200772 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Г-ын Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ж-г хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О гаргасан гомдолдоо “Энэхүү хэрэгт хохирогчоор оролцож, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцаад маш их гомдолтой байгаагаа хэлсэн. Прокурор, шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаа хэлсээр байтал шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр  хийсэн болно. Анхан шатны шүүхээс хурлын товыг надад албан ёсоор мэдэгдээгүй, шийтгэх тогтоолыг шуудангаар ирсэн даруйдаа очиж уулзахад хурлын товыг мэдэгдэх албагүй, учир нь прокуророос хохирогчийг оролцуулах санал гаргаагүй гэж тайлбарласан. Гэтэл хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах үед шүүгчийн туслахаас хурлын товыг утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдэж хэрэгт нөхөж хавсаргасан бөгөөд уг баримтыг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Миний бие төлбөрийн чадваргүй байдлаасаа шалтгаалж өмгөөлөгч авч чадаагүй бөгөөд мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас зарим зүйлийг буруу, зөрүү ойлгосон. Энэ байдлыг шүүх хуралдаанаар зөвтгөж өгөх байх гэж бодсон боловч тэгээгүй. Хэрэгтэн Г.Ж нь миний хүүг зодож, толгой руу модоор удаа дараа цохиж алж, улмаар эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс болж амь насаа алдсан талаар дахин шалгаж өгөхийг мөрдөгч, прокурорт хэлсэн боловч энэ талаар огт арга хэмжээ авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шүүх хөнгөн ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов хэлсэн саналдаа “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь гомдол саналтай байгаагаа мэдэгдсээр байхад прокурорын зүгээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар санал гаргаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Шүүхээс Д.О-т шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, түүний санал бодлыг нь сонсох байсан. Гэтэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Ж-гийн зүгээс нийтдээ 2,500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,000,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлснөөс гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хохирогчид хуульд заасан үндэслэл, журмын дагуу хурлын товыг мэдэгдсэн гэж ойлгож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн хяналтын шатны шүүхэд гаргаж буй гомдол нь давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолтой утга, агуулга нь ижил байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлыг нэхэмжлэхээс гадна шүүгдэгчид гомдолтой байгаагаа удаа дараа мэдүүлсээр байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүй байна.

Хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан “шүүхэд дуудсан тухай баримт”-ыг шинжлэн судалбал шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т хурлын товыг мэдэгдэхээр залгахад түүний утсыг эцэг нь авч гэртээ утсаа мартаад ажилдаа явсан тухай хэлснийг уг баримтад тэмдэглэснээс үзэхэд Д.О-т шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс болж түүний шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд тайлбар гаргах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг хуулиар хамгаалагдсан эрхүүд зөрчигдөхөд хүргэжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ж-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 581 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ж-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН