Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 511

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Миний бие Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот шийдвэрээр эзэмшдэг. Улмаар өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа ба газрын төлбөрийн зөрчилгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар сунгуулах хүсэлтээ нийслэлийн Засаг даргад гаргасан. 

Улмаар тус газар дээр өөрийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барих хүсэлттэй байгаагаа илэрхийлж газрын зориулалтыг өөрчлөхөд татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн.

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 08/525 тоот албан бичгээр “НИТХ-ын 2013 оны 9/35 тогтоолоор тус нэгж талбарт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг төлөвлөж баталсан тул газрын зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх асуудлаар газар эзэмшигчтэй зөвшилцөн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгах” санал ирүүлсэн байна. 

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газруудаас танай эзэмшилд байсан газар дээр сургууль, цэцэрлэгийн газрын барилга барих тухай хүсэлтийг удаа дараа манай газарт хандан гаргасаар байгаа тул гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болоод байна гэсэн хариуг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/1965 тоотоор мэдэгдсэн болно.

Энэхүү хариу нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг сунгахаас татгалзах үндэслэл биш бөгөөд гуравдагч этгээд миний газар дээр сургууль, цэцэрлэгийн газрын барилга барих тухай хүсэлт гаргасан нь нийслэлийн Засаг даргатай байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийг сунгахгүй байх үндэслэл биш юм. 

Иймд нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 тоот шийдвэрээр олгогдсон Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг хариуцагчид даалгуулж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“Иргэн Ц.Д******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Нийслэлийн засаг даргад Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. 

         Иргэн Ц.Д******* нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 4550 м.кв талбай бүхий газрыг “Одба” ХХК-аас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн эзэмшсэн байна. 

         Иргэн Ц.Д*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас санал авахаар хүргүүлсэн.

         Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 08/525 дугаар албан бичгээр “НИТХ-ын 2013 оны 9/35 тогтоолоор тус нэгж талбарт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг төлөвлөж баталсан тул газрын зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх асуудлаар газар эзэмшигчтэй зөвшилцөн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгах санал ирүүлсэн.

Иргэн Ц.Д******* газар эзэмших эрхийн зориулалтаа сургууль, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Иргэн Ц.Д******* Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж, эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хариу тайлбартаа сургууль, цэцэрлэгийн зориулалтыг өөрчилсөн  тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. 

Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 8/527 дугаар албан бичгээр сунгах хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

         Нэхэмжлэгч Ц.Д*******д нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар  “Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, 4550 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх” шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн 0310584 дугаар бүхий гэрчилгээг  2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид олгожээ.

         Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...”, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “...нийслэлийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Д******* нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт   болон  газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримтыг тус тус хавсарган хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хариуцагч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг  2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/1227 дугаар албан бичгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас санал авахаар хүргүүлсэн байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “...тус нэгж талбарт бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг төлөвлөж баталсан тул газрын зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх асуудлаар газар эзэмшигчтэй зөвшилцөн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгах”  гэсэн хариуг ирүүлжээ. 

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн  5/1965 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц.Д*******д “...нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газруудаас танай эзэмшилд байсан газар дээр сургууль, цэцэрлэгийн газрын барилга барих тухай хүсэлтийг удаа дараа манай газарт хандан гаргасаар байгаа тул гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болоод байна. Иймд уг асуудлыг дээрхи байгууллагуудтай зөвшилцсөний  үндсэн дээр дахин хандахыг зөвлөж байна.”  гэсэн хариуг өгсөн байна.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт “...иргэн Ц.Д******* газар эзэмших эрхийн зориулалтаа сургууль, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.”  гэжээ. 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах;” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн эзэмшиж буй газрын зориулалтаа сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “...орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг хариуцагчид даалгах” гэжээ. 

        Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч эзэмшиж буй газрын зориулалтаа цэцэрлэг, сургууль барих гэж өөрчилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж, талуудын хэн аль нь маргахгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Д*******гийн нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар захирамжаар олгогдсон 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж, газар  эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 4550 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙСАЙХАН