Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01448

 

Ё.Аюурсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1721 дүгээр магадлалтай,

Ё.Аюурсүрэнгийн нэхэмжлэлтэй

“Эко алт” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2015 оны оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүртэлх хугацааны цалин, амралтын олговор, алданги 7.344.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн, өмгөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс “Эко-Алт” ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажилласан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Мөнхлхагвад ажлаа хүлээлгэж өг гэж ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Иймд “Эко Алт” ХХК-ийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 2 500 000 төгрөг, “Эко Алт” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, алданги 7.344.418 төгрөг нийт 9.844.418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Ё.Аюурсүрэнгийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн дотоод журамд зааснаар ажилтныг ажлаас халсан тушаалын төслийг гүйцэтгэх захирал хянаж гарын үсэг зурсны дараа тушаалыг гаргадаг бөгөөд энэхүү журмын дагуу Ё.Аюурсүрэнг ажлаас чөлөөлөх тушаалын төслийг тэрээр өөрөө боловсруулж, гүйцэтгэх захирлаар хянуулсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ё.Аюурсүрэн нь манай оффист ирсэн ба дараа нь бичиг баримтаа шалгахад түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажлаас чөлөөлөх тушаалын төслүүдийг хамтад нь нэгтгэн хавтасласан бичиг баримт алга болсон. Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд байсан. Хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, ажиллагаа хийгдэж байна. Иймд хэргийг түдгэлзүүлэх эсвэл хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнг хариуцагч "Эко Алт" ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "Эко Алт" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.941.280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7.344.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.500 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч "Эко Алт" ХХК-иас 206 010 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1721 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...11.941.280“ гэснийг “2.500.000” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эко-Алт ХХК-иас 54.950 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ё.Аюурсүрэн нь 2015.10.16-ны өдөр “Эко Алт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүний нөөцийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг баримтлан, үнэнч шударга ажиллаж байсан.

Үүнд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ олгогдоогүй цалин, амралтын олговор, түүнд тооцсон алданги гэх 7.344.418 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн байдалд үндэслэн нэхэмжлэгчийг цалин олговроо хугацаандаа авсан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаагүй. Гэтэл хэрэгт цугласан нотлох баримтад “Эко Алт” ХХК-ийн санхүүгийн 2016 оны 02 оны 24-ний өдрийн цалингийн задаргаа авагдсан байх бөгөөд дээрхи баримтад “Эко Алт” ХХК нь нийт 6.243.200 төгрөгний цалинг нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд нөхөн олгох тухай тусгасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрлэх хуульд заасан үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн л хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрхи баримтыг үнэлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуульд зохигчид өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлалаа нотолсон нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч өөрийн шаардлагаа нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байна. Харин хариуцагч дээрхи цалинг бодитойгоор олгосон бол цалингийн дансруу шилжүүлсэн зэрэг татгалзлалаа нотлох нотолгоог шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл тийм нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байхад зөвхөн нийгмийн даатгалд бичилт хийгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гарт олгох ёстой байсан 6.243.200 төгрөгний цалин олговрыг олгосон гэж үзэн 7.344.418 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2. Миний үйлчлүүлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, 69.1 заасны дагуу шүүхийн шийдвэр гарч, ажилдаа эргэн томилогдох хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалинг хуулийн дагуу хариуцагчаас гаргуулан авах эрхтэй. Тиймч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 26 дугаар зүйл, 26.2 заасныг үндэслэн миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед ажилгүй байсан хугацааны цалинг 12.500.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 11.941.280 төгрөгний шаардлагыг хангасан хуулийн үндэслэл бүхий шийдвэрийг өөрчилж, 2.500.000 төгрөгний шаардлагыг хангасанд гомдолтой байна. Учир нь хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бол шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байгаагийн адил нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж нөхөн төллүүлэх ёстой байсан хэдий ч дээрхи хэрэг маргаан нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гомдлын үндсэн дээр шийдвэрлэгдэх хэрэг маргаан учир нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм. Иймд анхан шатны шүүх дээрхи үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр болсон байтал давж заалдах шатны шүүх хуульд үндэслэх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйл, 171.1.2 дахь хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнгийн “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртлэх хугацааны цалин, амралтын олговор, алданги 7.344.418 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Эко алт” ХХК эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

“Эко алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн Б/56/16 дугаар тушаалаар Ё.Аюурсүрэнг хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэлийг дурджээ /хавтаст хэргийн 5 дугаар тал/.

Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнг “Эко Алт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.941.280 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан 1 сарын цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хэргийг шийдвэрлэх буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны олговор шаарджээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан бүрдүүлбэр хангасан байдлаар гаргаагүй...” гэж үзэж, хариуцагчаас 1 сарын цалинтай тэнцэх олговор буюу 2.500.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1721 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 242.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ