Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00043

 

      Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734004190019 дугаартай, 163/2018/0043/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ховогт А.Г Холбогдсон хэргийн талаар:

     А.Г нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Ямаат ам” гэх газраас 40 ширхэг буюу 3116 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1734004190019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч В.Батхуягийн өгсөн: ...Ямаатын ам гэх газар нь манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг ба сумаас 25 км зайтай юм. ...Мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгийг тухайн сумын байгаль хамгаалагчаас авах ёстой. ...Энэ жилийн хувьд “Сэрүүний ам”, “Халзангийн ам” зэрэг газарт ойн тусгаарлалт хийсэн, тэгэхээр тэр газраас мод бэлтгэж болно гэсэн үг. Би тухайн үед эрхийн бичиг олгохдоо сумын 1 дүгээр багийн нутаг Халзангийн ам гэх газраас мод бэлтгэх эрх олгосон, өөр газраас мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. А.Г нь бидэнтэй хамт явж байгаад мод бэлтгэсэн гэх газраа зааж өгөхөд тэр газар нь миний бичиж өгсөн газар биш, харин тэр газар нь “Ямаатын ам” гэдэг газар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

Гэрч Б.Н өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр А.Г нь хадам аав А эзэмшлийн цэнхэр өнгийн Портер машинтай мод ачиж яваад Төв аймгийн цагдаад баригдаад тэндээсээ Лүн сумын цагдаагийн постон дээр ирлээ гэж утсаар ярьсан. Анх Бүрэгхангай сумаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрөө сумын байгаль хамгаалагч Батхуягаас мод бэлтгэх эрхийн бичиг 15000 төгрөг тушаагаад авч байсан ... мод бэлтгэх эрхийн бичиг дээр мод авах газрыг бичсэн байсан. Бид хоёр тэр газрыг нь сайн анзааралгүй Бүрэгхангай сумын төвөөс баруун хойшоо “Ямаат” гэх газраас мод бэлтгэсэн...нөхөр бид хоёр хамт явсан, өөр хүн яваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,  

Гэрч Ж.А өгсөн: ...он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан оны өмнө намар орой л мод ачиж яваад Төв аймгийн цагдаад баригдсан гэж сонссон...Ганболдын унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, хөдөө гэрийн гадаа мотор нь эвдэрсэн байж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Гэрч Б.Ж өгсөн: ...Би Бугат, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумдад тусгаарлалт хийдэг. Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг Халзангийн ам нэртэй газар 2016-2017 онд тусгаарлалт хийгдсэн байгаа. Харин Ямаатын ам нэртэй газар тусгаарлалт хийгдээгүй. Ганболдын бэлтгэсэн модыг харлаа энэ мод нь шинэс төрлийн хуурай мод байна. А.Г  нь мод бэлтгэх эрхийн бичиг /гоожингоо/ авсан хэдий ч байгаль хамгаалагчийн зааж өгсөн газраас бэлтгээгүй байна гэсэн үг гэх мэдүүлэг /хх-46 тал/,

Шүүгдэгч А.Г   яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санагдаж байна, би баз болох Сайханбилэг гэдэг айлд түлээний мод бэлтгэж хүргэж өгөх санаатай, аавын эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүсэлгүй мод тээвэрлэж яваад Төв аймгийн нутаг Атар гэдэг газар цагдаад шалгагдаж саатуулагдсан. Би тухайн модыг бэлтгэх гэж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн Халзан гэх нэртэй газраас түлээний мод бэлтгэх 0082201 дугаартай мод гоожин / бэлтгэх эрхийн бичиг/ авсан. Гэтэл Халзангаас мод бэлтгэх гэхээр мод цагаалдаг газар нь хол болохоор ойрхоноор нь Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг Ямаат гэх нэртэй газраас  бэлтгэсэн. Ямаат нь Халзан гэх газартай зэргэлдээ, хоёр ам байдаг юм. Миний бэлтгэх ёстой мод нь түлээний хуурай мод байсан би гоожингийнхоо дагуу бэлтгэсэн боловч авах ёстой газраасаа модоо аваагүй юм. Нийт 40 ширхэг 150 см урттай хуурай шинэс мод бэлтгэсэн байгаа. Би мод бэлтгэхдээ босоо хуурай мод унагааж бэлтгэсэн ургах боломжгүй болсон хуурай түлээний моднууд бэлтгэсэн. Өөрийнхөө хар өнгийн Дружба хөрөөгөөр би өөрөө хөрөөдөж модоо бэлтгэсэн. Тухайн үед манай эхнэр Насанжаргал надтай хамт явсан бөгөөд надад ойр зуур туслаж хамт ачилцсан. Өөр хүн байгаагүй. Би баз Сайханбилэгт мод бэлтгэж өгнө гээд урьд нь хэлсэн байсан болохоор тэр модыг нь хүргэж өгөх санаатай явж байгаад цагдаад баригдсан. ...гоожинд заасан газраасаа мод бэлтгээгүй, ...суманд гарал үүсэл олгох боломжгүй, аймгийн төв орох гэхээр унаа тэрэг, мөнгө төгрөг гээд зардал чирэгдэл ихтэй болохоор нь гарал үүсэл авахгүй модоо шууд ачаад Төв аймаг руу явчихсан юм, ...хохирол төлбөрөө барагдуулах болно гэх мэдүүлэг  /хх-ийн 58 тал/

Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын ...40 ширхэг буюу 3116 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн тогтооход 3.116*28500*1.8=159850 төгрөг болж байна. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн гурав дахин нэмэгдүүлэн тооцвол 159.850*3=479550 төгрөг болж байна гэх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 18/53 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09-13, 18-23 тал/, эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-25тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26-27 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 67 тал/, хохирол төлсөн баримт болон FINE tiger Head загварын YO-85 хар өнгийн моторт цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар шинжлэн судлав.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг “Халзангийн ам” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авч “уг газраас мод бэлтгэхэд мод цагаалдаг газар нь хол” гэх шалтгаанаар зэргэлдээ ам болох “Ямаат” гэх газраас 40 ширхэг буюу 3.116 м3 модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр БУЛ 65-13 улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Атар гэх газар руу тээвэрлэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч В.Батхуяг, гэрч Б.Насанжаргал, Ж.Алтанхуяг, Б.Жавхлан нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч А.Г   хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 159850 төгрөгийн хохирол учирсан болох нь Мэргэжлийн Хяналтын Газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №03 тоот дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Г   дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 159850 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 479550 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.Г   ойд хууль бусаар бэлтгэсэн 40 ширхэг буюу 3,116 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан FINE tiger Head YO-85 загварын хар өнгийн моторт цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.  

        Шүүгдэгч А.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон шүүгдэгчийн  хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А. Гзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Ганболдод оногдуулсан таван зуун мянган төгрөгийн торгуулийн ялыг сар бүр хоёр зуун тавин мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар тогтоосугай.    

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

       5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

       6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 40 ширхэг буюу 3,116 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан FINE tiger Head YO-85 загварын хар өнгийн моторт цахилгаан хөрөө нэг ширхэгийг шүүгдэгч А.Г тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД