Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

  

 

 

 

                  

А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох

Хохирогч  Р

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж

Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А холбогдох эрүүгийн 2334000000260 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт М.А, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

2. Шүүгдэгч А нь согтуугаар 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Салхитын өвөр” гэх газарт “Hyundai Sonata-6” маркийн “48-74 УНХ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж, О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Төв аймгийн прокурорын газраас А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б овогт М А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334000000260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г “48-14 УНХ” улсын дугаартай “Hyundai.Sonata-NF” маркийн №04330994 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хууль ёсны эзэмшигч Д.Ганболдод буцаан олгож, шүүгдэгч А-ын №358219 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А-ын тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М овогтой А миний бие 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 475 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Миний бие 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай-Хотонт  сум руу ээж дүү ах нарын хамт явах явцад санамсаргүй болгоомжгүйгээс болж осол гаргасан. Түүндээ их харамсаж гэмшиж байгаа боловч зарим зүйлүүдэд гомдолтой байна.

1. Осол гарсан өдөр би огт согтууруулах зүйл хэрэглээгүй. Хамт явсан хүмүүс гэрчилсээр байтал хэрэглэсэн гэж үзсэн. Гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг.

2. Миний бие аав С.М 72 настай хөлний хагалгаанд 2 удаа орсон асаргаанд байдаг. Ээж Д.Регмээханд 66 настай. Аав ээжийгээ асран мал маллаж амьдардаг.   Настай аав ээждээ санаа сэтгэл минь их зовж байна. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “… Өмгөөлөгч Ж.Тэгшмандал би Аыг хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээний дагуу өмгөөлж, анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт, оногдуулсан ял шийтгэлийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Аын холбогдсон хэргийн гэм буруугийн талаар бүхэлд нь маргахгүй, А нь өөрийн буруутай үйлдлээ ойлгон, түүнээс үүссэн хохирол, хор уршиг, үр дагаварт маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Харин 2.60% согтолттой, согтуугаар зам тээврийн осол гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед согтууруулах, мансууруулах зүйл хэрэглээгүй учраас мөрдөн шалгах, прокурорын хяналтын явцад, шүүхэд шилжсэн хойно ч энэ асуудлаар маргаж байгаа хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлүүлж, дүгнүүлэхийг хүсэж гомдолтой байна.

А нь зам тээврийн осол гарсан өдөр согтууруулах зүйл огт хэрэглээгүй талаар өөрөө мэдүүлдэг. Түүнийг нь тээврийн хэрэгсэлд явсан гэрч, хохирогч нар эргэлзээгүйгээр нотолдог. Зам тээврийн ослын дараа хэргийн газраас /архи/ согтууруулах, мансууруулах эм бэлдмэл тээврийн хэрэгсэл болон тухайн газраас илрээгүй. Шинжилгээ хийхээр баримтаар хураан авсан зүйл байхгүй.

Урд орой нь 22 цаг гэхэд унтаж амарсан. Өглөө өөрийн биеэр ачаа барааrаа эмхэлж цэгцлээд, өглөө эрт хөдөө явахдаа зам зуур тээврийн хэрэгслээ зогсоож суурин газар, дэлгүүр орж гараагүй бие засах гэж нэг удаа хөдөө хээр газар зогссон талаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр баталгаажсан байдаг.

Зам тээврийн ослын дараа А нь өөрөө олон тооны гэмтэл авсан, хурц өвдөлттэй сэтгэл санаа тогтворгүй, дүүгийн хүүхэд нас барсан, ээж, дүү нь хүнд гэмтсэн хүнд нөхцөл байдалтай, гүн цочрол бүхий эмнэлэгт ухаантай, ухаангүй байх үед зураг авсаныг тайлбарлахдаа цагдаа драйгер үлээлгээгүй санахгүй байна гэдэг. Үүнээс үүдэлтэйгээгээр Ш.Анхбаяр юу ч тайлбарлаагүй, харилцан ярилцаагүй ер нь бол үлээлгээгүй л гэж үзэж байна. Шүүх хурал дээр хүртэл Ш.Анхбаярын хохирогч нартай уулзсан биеийн байдлыг тодруулсан гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг хохирогч нар үгүйсгэсэн болно.

Тэгээд ч согтуурсан мансуурсан эсэхийг шалгасан гэх Цагдаагийн байгууллагын ажилтан Ш.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах тухай хуулийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх болон Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэсэн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн нотлох баримтуудыг шүүх үнэлэх ёсгүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Согтуурлыг шалгасан баримт гэгчийг хаана хэзээ үйлдсэн нь тодорхойгүй. Хөндлөнгийн гэрчүүд оролцуулаагүйгүйгээс тухайн ажиллагааг явуулсан эсэхийг тогтоох боломжгүй. А тухайн магадлагаанд гарын үсэг зураагүй байгаа нь тэр хүний биеийн байдал хэр зэрэгтэй байсанг нотлох ба ажиллагааг хуулийн дагуу явуулж, гарын үсэг зурахаас татгалзсан бол дуу, дүрс бичлэгээр баталгаажуулж, цусны шинжилгээ авч нотлох үүрэгтэй ч хэрэгжүүлээгүй байдаг. Мөн уг тэмдэглэлд согтуурлын хэмжээг шалгах багажны № АRPM-0729 гэсэн дугаартай хэмжих хэрэгсэл ашигласан талаар дурдаагүйг өөр зөвшөөрөгдөөгүй драйгер ашигласан гэж үзэх хардах нэг үндэс болно.

Шүүх хуралд оролцсон Төв аймгийн Заамар сумын ахлах зохицуулагч Ш.Анхбаяр мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө Аыг гарын үсэг зурах боломжгүй гэсэн бол шүүхэд мэдүүлэхдээ хэвийн зүгээр байсан гэх, мөн зам тээврийн осол гарахаас өмнөх цаг хугацаагаар зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал гэх акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг чухал ач холбогдол бүхий мөрдөн шалгах ажиллагааны баримтуудыг Заамар сумынхаа Цагдаагийн постонд нөхөж хийсэн гэдгээ хэлсээр байхад шүүх нотлох баримтаар үнэлээд байгааг ойлгох боломж алга.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “ мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж зөрчвөл гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн зохицуулалттай байтал прокуророос хууль зөрчсөн мөрдөгчөө өмгөөлөн, өөгшүүлж, бусдын эрхийг зөрчиж байгаад бүх шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан, шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээс гадна гэм буруугийн хурал эхлэхээс өмнө нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасан ч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримтыг хууль зөрчин цуглуулсан мөрдөгчид энэ хэрэгт ажлын хариуцлага хүлээхгүй өнгөрөхийг хүсэх хувийн сонирхол үүссэн байтал тэр цагдаагийн албан хаагчаараа гэрчийн мэдүүлэг гаргуулж, тэр гэрчээсээ нотлох баримт гаргуулан авч түүнийгээ яллах нотлох баримтаар үнэлэн, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 309 дугаартай яллах дүгнэлт үйлдсэнээ хүчингүй болгоогүй тул Аын согтуурсан мансуурсан эсэхийг шалгасан тэр баримт гэх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан, үүнийг шүүхээс буруу шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа Ш.Анхбаярын мэдүүлэг, хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааны баримтуудыг хууль ёсны нотолгоо гэж үзэх эсэхийг шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхдээ Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын 1.6-д заасан “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно…” гэж ойлгомжтой хоёрдмол утгагүй заалтыг шүүх хэрэглэсэнгүй, мөн журмын 2.4 дэх заалтыг буруу тайлбарлаж тэр заалтаар бол цус, шээсний дээж авч Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэхээр заажээ. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаар тогтоолд согтуу эсэхийг яаж нотлох талаар, нотлогоог яаж үнэлэх дүгнэх талаар тайлбарласан байдаг.

Иймд Ахолбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан зүйлчлэлийг тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн хөнгөрүүлж, түүний хувийн байдал хохирогч талаас гаргаж буй санал хүсэлтүүдийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

7. Хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой - миний бие нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн сум явж байхдаа авто осолд орж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх хурал болж миний ах А2 жил хорих ял оноосон. Гэрч Анхбаярын мэдүүлсэн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр надтай уулзсан гэж худал мэдүүлсэн миний ах Аыг согтуу байсан ар гэрийнхэнтэй нь уулзаж согтолтын хэмжээг хэлсэн гэж худал мэдүүлсэн. А нь анхаарал болгоомжгүйгээсээ болж осолд орсон нь үнэн боловч согтуу гэх мэдүүлгийн эсрэг байгаа тул үнэн зөвөөр шүүж яллахаас өөр шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

8. Прокурор Б.Цэрэнтогтох давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Хохирогч Р давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Энэ хүү л мал аж ахуйг маань харж явдаг. Энэ бүх байдлыг харгалзан оногдуулсан ялыг нь харж үзнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            2.  Шүүгдэгч А нь согтуугаар 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Салхитын өвөр” гэх газарт “Hyundai Sonata-6” маркийн “48-74 УНХ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж, О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С амь насыг хохироосон үйл баримт нь

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж-ын: “...Би 2023 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 6, 7 цагийн орчимд Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сум руу ээж Р, нагац ах Д.Ганболд, төрсөн ах А, охин н.Одмаа, талийгаач С нарын хамт Г тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд замдаа унтаж сэрээд явж байтал 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Осолд орох үед би унтаж байсан юу болоод өнгөрснийг мэдэхгүй байна. Тэгээд машинаас гарсан байхад ухаан орсон. Намайг ухаан ороход нэг хүн ирээд зүгээр үү гэж асуусан. Тэгээд буцаж ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Надад охин О, амь хохирогч С нарын өмнөөс болон өөрийн зүгээс гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... А нь эмчилгээний болон бусад гарсан зардлуудын хохирлыг барагдуулсан...” /1хх-н 36-37, 121/ гэх,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Г: “...48-14 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй. Би тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэхгүй...” /1хх-н 126/ гэх,

насанд хүрээгүй хохирогч О-гийн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 6, 7 цагийн орчимд Улаанбаатар хот, Архангай аймаг, Хотонт сум руу ээж Ж, ах Д.Ганболд, эмээ Р, ах А, талийгаач дүү С нарын хамт хөдөлсөн. Тэгээд замдаа унтаж сэрээд явж байтал 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зам тээврийн осолд орсон. Осолд орох үед би унтаж болохоор юу болохоор юу болоод өнгөрснийг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-н 40/ гэх,

хохирогч Р-ын: “...Би 2023 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 6, 7 цагийн орчимд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо Хилчин хотхон 12-34 тоотод байрлах гэрээсээ Архангай аймгийн Хотонт сум руу өөрийн төрсөн дүү Д.Ганболд, хүү А, охин Ж, О, талийгаач С нарын хамт Г тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд замдаа унтаж сэрээд явж байтал 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Осолд орох үед би унтаж байсан болохоор юу болоод өнгөрснийг мэдэхгүй байна. Тэгээд ухаан ороод машинаас гараад шоконд орсон байдалтай сууж байхад эмч цагдаа ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-н 43-44/ гэх,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сум руу өглөөний 6, 7 цагийн орчимд төрсөн эгч Р, түүний хүү А, охин Ж, охин О, хүү С нарын хамт хөдөлсөн. Улаанбаатар хотоос гараад миний өмчлөлийн 48-14 УНХ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 маркийн тэврийн хэрэгслийг А барьж явсан. Тэгээд замдаа сааталгүй явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. ...Урьд шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн гэж зам тээврийн осолд орсны дараа надад хэлсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-н 48-49/ гэх,

гэрч Ш.Анхбаярын: “...Би 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд зам тээврийн осол гарж 1 хүн нас барсан гэх дуудлагад очоод зорчигч болон жолооч нарыг Эрүүл мэндийн төвд байхад нь жолоо барьж байсан гэх Аыг /Alcotest AL6820/ багаж ашиглан согтуурсан эсэхийг шалгах зорилгоор үлээлгэхэд 2.60 тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсоныг А-ын ах Д.Ганболдыг оролцуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авахад багаж ашиглан үлээлгэхэд тухайн үед Төв аймгийн Цагдаагийн газрын ЗССДХХ-ийн зохицуулагч Л.Түмэнбаяр, А-ын ээж Р, ах Г нар нь хажууд байсан. Тухайн үед А нь гарын үсэг зурах боломжгүй биеийн байдал муу байсан болохоор гарын үсэг зурах боломжгүй байсан. /Alcotest AL6820/ багаж нь хэвийн ашиглагдаж байсан. Стандарт хэмжил зүйн газраар тус багаж нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар 0-5 хувь хүртэл хэмжих хязгаартайгаар 025 лацаар битүүмжлэн улсын баталгаажуулалтын гэрчилгээгээр олгосон...” /1хх-н 55/ гэх мэдүүлгүүд,

-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23/100 дугаартай: “...Hyundai Sonata-6 маркийн 48-14 УНХ улсын дугаартай автомашины жолооч А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус ...зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тусгах санал үгүй...” /1хх-н 60-61/ гэх,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №94 дугаартай: “...Талийгаач С биед тархины эдийн няцралт, гавал ясны хугарал, ухархайн ясны хугарал, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Снь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь (III)-р бүлгийн цустай байна...” /1хх-н 18-20/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №7768 дугаартай: “...Ж-ын биед умдаг яс, зүүн сүүж ясны тогооны доод ирмэгийн сэлтэрсэн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, алиманд цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1хх-н 64-65/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №7769 дугаартай: “...Г биед цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /1хх-н 71-72/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №7775 дугаартай: “...Р ын биед хамар, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь биеийн гадаргуугийн 1 хувиас их талбайг хамарсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-н 75-76/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №7776 дугаартай: “...О гийн биед атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1хх-н 79-80/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан, хэргийн газрын үзлэг хийсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 1, 4-9, 10-13, 14-15, 22-26/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-н 28-29/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 30-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасан бусад шинжүүдээр хэргийг хүндрүүлж зүйлчилдэг тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч А холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч А холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А-ын гэм буруутай үйлдлийн улмаас түүний төрсөн дүү Ж-ын хүү С амь нас хохирсон, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол санал гаргахгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

  7. Шүүгдэгч А “Осол гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,

шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал “…Аын холбогдсон хэргийн гэм буруугийн талаар бүхэлд нь маргахгүй. Харин 2.60% согтолттой согтуугаар зам тээврийн осол гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Ахолбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх,

            Хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж “Миний ах А нь анхаарал болгоомжгүйгээсээ болж осолд орсон нь үнэн боловч согтуу гэх мэдүүлгийн эсрэг байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж яллахаас өөр шийтгэл оногдуулж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.    

            8. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 он А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох журам”-ын 2-т согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах талаар журамласан байна. Тухайлбал 2.1-т “цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар /шулуун шугаман тэмдэгтийн дагуу алхуулах, нүдээ аньж, гарыг урагш сунгасан байдалтайгаар нэг хөл дээр зогсоох зэргээр тэнцвэрээ хэрхэн олж байгааг шалгах гэх мэт/ эсвэл тандагч багажаар шалгаж болно.”

            2.2-т жолооч энгийн аргаар шалгуулахаас татгалзсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй согтууруулах ундааны зүйл үнэртэх, тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан, тодорхой нөхцөл байдалд тохирохгүй зан үйлдэл /хэл яриа ээдрэх, гацаж түгдрэх зэргээр ойлгогдохгүй байх болон бусдын яриаг ойлгохгүй байх гэх мэт/ гаргах, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн шинж илэрвэл согтуурал шалгах багажаар шалгаж тогтооно.

            Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.

            Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлэхээр байна.

            Дээрх журамд цагдаагийн алба хаагч нь жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг энгийн арга, тандагч багаж, согтуурал шалгах багажаар шалгах бөгөөд тухайн этгээд нь шалгуулах чадваргүй, эсвэл согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд л цус, шээснээс нь дээж авч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар зохицуулсан.

            9. Мөрдөгч 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Аын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Alcotest AL6820 маркийн багаж ашигласан шалгахад шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 2.60% байсан болох нь гэрч Ш.Анхбаярын мэдүүлэг /1хх-н 55/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд /1хх-н 30/ авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 31-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.           

            10. Шүүгдэгч А холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Иймд шүүгдэгч А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.      

  11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжид заагаагүй “нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол”, мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох “2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” гэж тодорхойгүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Ийм учраас дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

12. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А-ын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад  “ ... Шүүгдэгч Б овогт М А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “... Шүүгдэгч Б овогт М А-ыг согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хохирогч, насанд хүрээгүй хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын 2023 оны 12 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89/наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.МӨНХДАВАА

                  ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ