Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0500

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Б.Г******* 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.О******* 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, гуравдагч этгээд Д.О*******, гэрч Х.Л*******, С.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Тус шүүхэд иргэн Б.Г*******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд шүүх 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.       

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх

2.1.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/97 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Г*******т А******* 1-3 тоотод иргэн Б.Г*******д /РД:ЧЗ73******* 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэн олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал)     

          2.2.Дээрх захирамжийг үндэслэн Б.Г*******д Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо А******* 1-3 тоот хаягт нэгж талбарын 1333 дугаар бүхий 699м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 00009 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 699м2 газрын кадастрын зураг гарсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал)

2.3. Иргэн Д.Оийн шинээр газар эзэмших тухай хүсэлт 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгэгдэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1******* дугаар захирамжаар нэр бүхий 427 иргэнд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсний 49 дугаарт Д.О*******т тус дүүргийн 20 дугаар хороо А*******ын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 699м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72-73, 76-78 дахь тал)   

2.4. Мөн дээрх захирамжийг үндэслэн иргэн Д.О*******т Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, А******* хэсгийн 2, 63б хаягт 1333 дугаар бүхий 699м2  газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 00002 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг олгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал)     

2.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаар захирамжаар Д.О*******т газар эзэмших эрх олгосонтой холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус өргөдөл хүсэлт гаргажээ.    

2.6.Дээрх хүсэлтийг хүлээн авч хянаад, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1326 дугаартай албан бичгээр “... таны гаргасан хүсэлтийн дагуу тус иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй болно.” гэх хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)     

2.7. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/6539 дугаартай албан бичгээр “... Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1326 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариу нь үндэслэлтэй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасны дагуу та илүү талбай хашаалж байгаа зөрчлөө арилгахыг мэдэгдэж байна.” гэх хариу өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)        

2.8.Ийнхүү иргэн Б.Г*******гаас маргаан бүхий асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анх шүүхэд хандаж, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШТ2024/0953 дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу анхан шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:  

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Г******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, А*******-1 дүгээр гудамжинд байрших хаягт газар эзэмшихээр нийтэд нь нэг том хашаа барьсан байсан. Ингээд Дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/97 дугаар захирамжаар хашаалсан газрын 699 м.кв талбайг эзэмших эрх олгож гэрчилгээ гарсан. Үлдсэн газрын хэсэгт гэрчилгээ гараагүй болохоор нь дахин хүсэлт гаргах гэсэн боловч нийтээрээ газрын эрх баталгаажуулахгүй байгаа гэсэн мэдээ нийтэд гарч байсан учраас тухайн газар олголтын хүсэлт авах ажиллагааг хэвийн болохыг хүлээж байсан. Гэтэл 2024 оны 7 сарын сүүлээр хашаан дотор чинь байшин барьж байна гэхээр нь очтол танихгүй хүмүүс байшин барьж байсан бөгөөд тодруулахад Баянзүрх дүүргийн засаг дарга нь иргэн Д.От Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо А*******ын аманд байршилтай нэгж талбарын 1333 дугаар бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д тус тус заасныг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлээс 27 дугаар зүйл хүртэлх ажиллагааг хийхгүйгээр Д.От хууль бусаар газрын эрх олгосон байна. Тодруулбал, газрын эрх олгохдоо нөхцөл байдлыг тогтоох, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих бол мэдэгдэх, зарим ажиллагааг хийх ёстой байсан. Захиргааны байгууллага хуульд заасан ажиллагаагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Иргэн Д.От газар эзэмших эрх олгосныг мэдээд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад гомдол, хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 06/1326 дугаар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-05/6539 дугаар хариугаар гомдлыг хангахаас татгалзсан учир шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Иймд Баянзүрх дүүргийн засаг даргын 2023 оны А/1******* дугаартай захирамжийн Д.От холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.    

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны А*******ын амны 1 дүгээр гудамжинд байрлах газрыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/97 дугаартай захирамжаар хашаалж, гэрчилгээ авсан. Энэ газрыг н.Б-Э гэдэг хүнээс худалдаж авсан. Анх худалдаж авахад газрыг бүхэлд нь модон хашаагаар хашаалсан байсан. Хашааны голд саравч, зүүн хойд талд 4х6 м.кв байшингийн суурь байсан. н.Б-Эээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. Модон хашаа нь нурж унаад байхаар нь 2023 онд модон хашааг буулгаад төмөр хашаагаар хашаалсан. 2024 оны 07 дугаар сард хашааны хаалгыг онгойлгоод хүмүүс орсон гэж сураг дуулдахаар дүүгээ явуулсан. Д.О гэдэг хүн дотор нь ороод хундам цутгаад ажил хийж байсан. Газрын албаны хүмүүстэй уулзаад хашаалсан газарт давхардуулаад олгосон байна гэж гомдол гаргасан. Газрын алба хүлээж аваагүй. Тийм учраас маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хөрөнгө байж байхад Баянзүрх дүүргийн Газрын алба хэн нэгний хүсэлтийг хүлээж аваад газарт очиж үзлэг хийгээгүй. Хээрийн судалгаа хийгээгүй учраас хэний хөрөнгө, ямар зориулалттай байгааг судлаагүйн улмаас давхардуулан олгосон байгаа учраас гомдол гаргаж захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.” гэв. 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/1******* дугаар захирамжаар иргэн Б.От тус дүүргийн 20 дугаар хороо, А*******ын аманд байрлах 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай нэгж талбарын 1333 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Баянзүрх дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөлтийн 35... дугаартай батлагдсан байршилд иргэн Б.О газар эзэмших тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна. Одоогийн байдлаар маргаан бүхий Б.Оийн эзэмшиж байгаа газар дээр иргэн Б.Г******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 (Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ), 27.4 (Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно) гэх заалтуудыг зөрчин зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан байна. Нэгж талбарын 1333 дугаартай газарт иргэн Б.Г******* газар эзэмших тухай гаргасан хүсэлт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлгүй байна. Иймд иргэн Б.Г*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбар болон захиргааны байгууллагаас гаргасан нотлох баримтуудын дагуу нэхэмжлэгч Б.Г******* нь маргаан бүхий байршилд газар эзэмших хүсэлт гаргаагүй нь тогтоогдож байгаа юм. Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлтэй хүн цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүсэлтээ гаргана гэж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5.1-д заасны дагуу Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Тус хуулийн 7.2-т захиргааны байгууллага нь харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авна, 7.10-д өргөдөл гомдлыг тогтоосон хугацаанд шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэвч иргэн Б.Г*******гаас тухайн маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 22-27 хүртэлх ажиллагааг хийгээгүй гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх зарчим гэдэг нь иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д харьцангуй байх зарчим гэдэг нь хүний эрхийг хязгаарласан төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, зайлшгүй, зохистой байна. Иргэн Б.Г*******д хязгаарлагдсан эрх байхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэн оролцоог нь хангах ёстой гэсэн. Гэвч нэхэмжлэгчийн хувьд хөндөгдсөн эрх байгаа гэж үзэх боломжгүй, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нотлох баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэдэг нь тодорхой актын улмаас тухайн чиглэсэн этгээд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай итгэл үүссэн тохиолдолд хамгаална гэсэн. Гэвч хавтаст хэрэгт нэхэмжлэгчид чиглэн гаргасан акт байхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 22-27 дугаар зүйлийн дагуу үйл ажиллагаа хийгээгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Гэвч нэхэмжлэгчид үүссэн эрх байхгүй байх тул захиргааны байгууллага хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нь ойлгомжгүй байгаа юм. Газрын тухай хуулийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үнэ зөвхөн гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй хүн газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль болон бусад хуульд заасан өөрийн эрх хэмжээний дагуу иргэн Д.О*******т газар эзэмших эрх олгосон байх бөгөөд Газрын тухай хуульд заасан тухайн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Д овогтой О******* би 2023 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших өргөдөл гаргасан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн газрын албанаас гар утсанд зурвас ирсэн. Ингээд дүүргийн газрын албаны байцаагчтай уулзаад таны гаргасан өргөдлийг шийдвэрлэж Засаг даргын захирамж гарсан гэсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, А*******ын аманд газраа сонгон холбогдох бичиг баримтаа бүрдүүлж кадастрын цэг тогтоолгож газар эзэмших гэрчилгээ авсан. Кадастрын цэг тогтоолгохоор ирэхэд иргэн Б.Г******* өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн миний эзэмшлийн газрыг оруулаад төмөр хашаа барьсан байсан. Ингээд газар эзэмших гэрчилгээ гарсан өдрөөс хойш 2024 оны 07 дугаар сар хүртэл иргэн Б.Г*******тай уулзах гээд чадаагүй. Аргагүй эрхэнд барилгын ажлаа эхлүүлж дуусгасан.” гэжээ.  

3.6. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн дагуу олгосон гэрчилгээтэй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Газрын албанаас төлөвлөгөөнд тусгагдсан газраас сонголтоо хий гэсэн. Захирамж гарснаас хойш сонголтоо хийгээд координатаар олгогдсон газарт цэг тогтоолгосон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Учир нь, нэхэмжлэгчээс тус шүүхэд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “ ... миний бие дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/97 дугаар захирамжаар хашаалсан газрын 699м2 талбайг эзэмших эрх олгож гэрчилгээ гарсан. Үлдсэн газрын хэсэгт гэрчилгээ гараагүй болохоор нь дахин хүсэлт гаргах гэсэн боловч нийтээрээ газрын эрх баталгаажуулахгүй байгаа гэсэн мэдээ нийтэд гарч байсан учраас тухайн газар олголтын хүсэлт авах ажиллагааг хэвийн болохыг хүлээж байсан … гэтэл иргэн Д.От Баянзүрх дүүргиийн 20 дугаар хороо А*******ын аманд байршилтай нэгж талбарын 1333,,,,, дугаар бүхий газрын эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөл байдыг тогтоогоогүй, уг газрыг би хашаалж, байшингийн суурийг нэмж цутгасан байгаа нөхцөлийг анхаараагүй, суурин болон хээрийн судалгаа хийгээгүй, цэг тогтоогоогүй, сонгох ажиллагаа хийгээгүй ...” зэргээр маргаж байна. 

3. Дээрх үндэслэлд холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... Баянзүрх дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөлтийн 35.... дугаартай батлагдсан байршилд иргэн Д.О******* газар эзэмших тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан … одоогийн байдлаар маргаан бүхий Д.Оийн эзэмших байгаа газар дээр иргэн Б.Г******* нь зөвшөөрөлгүй хашаа барьсан байна … нэгж талбарын 1333 дугаартай газарт иргэн Б.Г******* нь газар эзэмших тухай гаргасан хүсэлт гаргаж байгаагүй, эзэмших эрхгүй газраа хашаалсан, уг асуудлаар маргах эрхгүй юм ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Харин гуравдагч этгээд Д.О******* нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан гэх тайлбар гаргаж байна.   

Нэг. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн талаар: 

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/148 дугаар захирамжийн дагуу иргэн У.Б-Эд нэгж талбарын 1866 дугаар бүхий 700м2 газрыг 15 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн Г*******т А******* 1-3 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 0006 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал)

1.2.Иргэн У.Б-Э нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  “Баянзүрх дүүрэг, Г*******т, А******* 1-3 /20 хороо/ байрлах 700м2 талбай бүхий газар”-ын эзэмших эрхийг иргэн Б.Г*******д шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу эдгээр иргэдийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/97 дугаар захирамжаар нэр бүхий 56 иргэний газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсний хавсралт 14-т иргэн У.Б-Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Г*******д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал)  

1.3.Ийнхүү иргэн Б.Г*******д Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо А******* 1-3 тоот хаягт нэгж талбарын 1333 дугаар бүхий 699м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 00009 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 699м2 газрын кадастрын зураг гарсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал)

1.4.Нэхэмжлэгч Б.Г******* нь иргэн У.Б-Эээс 699м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан үйл баримт болон өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж буй уг газрын хэмжээ, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээний асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.5.Гуравдагч этгээд Д.Оын тухайд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор тус дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хавсралтаар баталсны 2.1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн 19-т “ … Могойн дэнж, Хар хошуу, А*******, Цэмбэл гэх газар 123,72 га газрыг 2060 иргэнд олгох ...”-оор төлөвлөжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 76, 87 дахь тал)

1.6. Иргэн Д.Оийн шинээр газар эзэмших тухай хүсэлт 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгэгдэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1******* дугаар захирамжаар нэр бүхий 427 иргэнд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсний 49 дугаарт Д.О*******т тус дүүргийн 20 дугаар хороо А*******ын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 699м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72-73, 76-78 дахь тал)

1.7.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар иргэн Д.О******* нь дээрх захирамжийн дагуу Баянзүрх дүүрийн 20 дугаар хороо, А******* хэсгийн 2, 63б хаягт 1333 дугаар бүхий 699м2 газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 00002 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурагтай байна. (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал)

1.8.Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмших талаарх хүсэлтээ захиргааны байгууллага, албан тушаалтанд албан ёсоор гаргаж байгаагүй бөгөөд газрыг өөрийн хөрөнгөөр хашаалж (байшингийн суурийг нэмж цутгасан) учраас уг газрыг эзэмших эрхээ дараа нь баталгаажуулж авах боломжтой гэж ойлгосон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.  

Хоёр. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх талаар

2.1. Маргаан бүхий Баянзүрх дүүгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн хавсралтад дурдсан нэр бүхий 427 иргэнд 264195м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож баталгаажуулсны хавсралт 49 дүгээрт иргэн Д.О*******т А*******ын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 699м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон ажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал)

2.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: …”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: …”, 21 дүгээр зүйлийн 21.5. дахь хэсэг Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3.-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 56 дугаар зүйлийн 56.6. дахь хэсэгт “Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана.”, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Нийслэл, дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших, ашиглахаар гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг нийслэл, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1, 44.8, 441.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

2.3.Газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалтын тухайд, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана.”, 32.2. дахь хэсэг Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1.д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар”, 32.2.2.-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3.-т “газар эзэмших зориулалт, хугацаа.”, 32.4.Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.” гэж;

2.4.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: ...”, 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Нийслэл, дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших, ашиглахаар гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг нийслэл, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1, 44.8, 441.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж тус тус зохицуулжээ.

2.5.Гуравдагч этгээд Д.Оийн тухайд 2023 онд дээрх хуульд зааснаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо А*******ын аманд шинээр газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох баримт /иргэний үнэмлэх, газрын байршлын талаарх зураг/-ын хамт Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал)

2.6.Ийнхүү дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн 2023 оны 12 дугаар сарын сарын 7-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаар захирамжаар иргэн Д.О*******т газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.7.Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор тус дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хавсралтаар баталсны 2.1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн 19-т “ … Могойн дэнж, Хар хошуу, А*******, Цэмбэл гэх газар 123,72 га газрыг 2060 иргэнд олгох ...”-оор төлөвлөсөн газар байна. (1 дүгээр хавтаст хэргийн 76, 87 дахь тал)

2.8. Улмаар 2021 оны Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.1.5.-д “Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дараах дарааллын дагуу эрэмбэлэгдэнэ.”, 5.1.5.1.-д “өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлт жагсаалтын эхэнд эрэмбэлж бүртгэгдэнэ.”, 5.1.7.-д “Өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан нэгж талбараас сонгож эзэмшүүлнэ. Тухайн иргэн нэгж талбараас сонгохгүй татгалзаж болох бөгөөд дараагийн иргэнд газар сонгох эрх шилжинэ.” гэж заасан журмын дагуу гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.9.Нөгөөтээгүүр, маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж буй газартай ямарваа давхцалгүй, маргаан бүхий газрыг эзэмших талаар нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад тухайлан санал, хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд тус газарт нэхэмжлэгч иргэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөөгүй байгааг дурдах нь зүйтэй.   

Гурав.Нэхэмжлэгчээс гаргасан “ ... бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийж, тайлбар гаргуулаагүй, суурин болон хээрийн судалгаа хийгээгүй, ... уг газрыг би хашаалж, байшингийн суурийг нэмж цутгасан байгаа нөхцөлийг анхаараагүй, эд хөрөнгөөрөө хохирч байна ...” гэх тайлбарын тухайд:

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дах хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8.-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” зэрэг зарчмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд нотлох баримт цуглуулах, 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах талаарх зохицуулалтыг тусгажээ.

3.2.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Б.Г******* нь маргаан бүхий газрыг эзэмших талаарх хүсэлтээ гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохоос өмнө болон тухайн цаг хугацаанд захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй тул уг газрыг бусдад эзэмшүүлэх талаар захиргааны шийдвэр гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд биш гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

3.3.Учир нь, Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, тайлбар авах, нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагаа нь захиргааны шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тухайд хийгдэх ажиллагаа бөгөөд энэ талаар мөн хуулийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зохицуулсан байна. 

3.4.Түүнчлэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: 28.1.3.-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж зааснаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон захирамж буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа зайлшгүй хийсэн байхыг шаардахгүй.

3.5.Иймд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахтай холбогдуулан нэхэмжлэгчээс санал тайлбар авч, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах үүрэг захиргаа хүлээхээргүй байна.

3.6. Маргаан бүхий захиргааны актыг гаргах цаг хугацаанд мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.1.-д “Эрх бүхий байгууллага суурин судалгааг хийж гүйцэтгэнэ.”, 6.2.-т “Дундын мэдээллийн санд холбогдсон мэдээллийг хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт, материалтай тулган, нягтална.”, 7.1.-д “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ. 7.2. Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд: …” гэж тус тус зохицуулжээ.

3.7.Гуравдагч этгээд Д.О*******д дээрх журмын 5.1. Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна. Үүнд: 5.1.1. Газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдолд 5.1.1.1.-д “Үнэ төлбөргүйгээр газар эзэмших” гэж заасан журмын дагуу газар эзэмших эрх олгожээ.

3.8.Уг хэргийн тухайд, маргаан бүхий газрыг эзэмших талаар гуравдагч этгээдээс өөр иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаагүй, ямарваа газрын давхцал, газрын хэмжээний талаар маргаангүй, өөр иргэн, хуулийн этгээдийн эзэмших эрх бүртгэгдээгүй болох нь хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх журамд зааснаар хээрийн судалгаа хийж гүйцэтгэх /5.1.2.2, 5.1.3.1-5.1.3.4/-ээр заасан газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдол /нөхцөл/-д хамааралгүй байна.

3.9.Иймд нэхэмжлэгчээс гаргасан дээрх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

3.10.Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг өөрийн хөрөнгөөр хашаалсан, байшингийн суурийг нэмж цутгасан, гуравдагч этгээдийн газарт миний эд хөрөнгө байгаа, надад хохирол учирсан гэж тайлбарлаж буй боловч, энэ нь нэхэмжлэгчийн эзэмших эрх олгоогүй газрыг хашаалж, тодорхой үйл ажиллагаа явуулсныг зөвтгөх, энэ үндэслэлээр хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

3.11.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй атлаа хашаа барьсан /860м2 газрыг илүү хашаалсан гэх/, байшингийн суурь /нэмж/ цутгасантай байх тул үүнтэй холбогдуулан гарсан зардалд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутгах боломжгүй юм. Энэ тохиоллолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй. (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал)

3.12.Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд, захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай бөгөөд энэ хэргийн хувьд, маргаан бүхий А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          3.13.Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

   1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, /2023 оны 12 сарын 07 өдөр/ Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг баримтлан иргэн Б.Г*******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1******* дугаартай захирамжийн Д.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦЭРЭНДЭЖИД