Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00046

 

          Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Ч.Доржпагма,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Д.Г    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох 163/2018/0047/Э индекстэй, эрүүгийн 1715002540024 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, П овогт Д.Г    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г    нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.Д “баруун талын нүд, баруун шанаа орчимд тус бүр 1 удаа цохиж” эрүүл мэнддэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г  ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайд  2 найз маань ирээд бид гурав  0.75-ын архи 3 шилийг ууцгаасан. Тэгээд найзууд маань явах гэхээр нь би цуг явах гэтэл эхнэр уурлаад над руу хувинтай ус цацсан. Тэгээд би уурандаа эхнэрийнхээ баруун нүд, баруун шанаа руу цохьсон. Гадаа эхнэр уйлаад сууж байхад нь би очиж аргадаад гэртээ ороод унтсан. Маргааш өглөө сэрхэд эхнэр бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэг явж үзүүлье гэтэл 2,3 хоног харъя гайгүй биз гэсэн. Тэгээд болохгүй болохоор нь Улаанбаатар руу авч явж үзүүлсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайд манай нөхрийн 2 найз болох Төмөрсүх, Ганболд нар ирж манай нөхөртэй архи ууцгаасан. Тэгээд 2 найз нь явах гэтэл нөхөр маань дагаж явна гэхээр нь “согтуу байж явж яах гэсэн юм” гэтэл уурлаад байхаар нь хувинтай ус цацчихсан юм. Гэтэл зөрүүлээд намайг шанаа руу 2 цохьсон. Би удалгүй гараад явсан, буцаж гэртээ орж иртэл нөхөр унтсан байсан. Би малдаа өвс өгөх гээд гарсан бөгөөд над руу үхэр дайраад хашаатай хавсраад унагасан. Тэгээд босох гэтэл амьсгаа авч чадахгүй байхаар нь хэсэг сууж байгаад гэртээ орсон. Маргааш нь бие өвдөөд байхаар нь нөхөртөө үхэрт мөргүүлсөн гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар орж үзүүлээд 6 хоног эмнэлэгт хэвсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

1715002540024 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Ч.Д өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бааз худаг гэх газарт байх манай гэрт манай нөхрийн найз Төмөө, Ганаа нар манайд ирж 3 шил архи уусан, ингээд энэ хоёр хүн гэрлүүгээ явлаа гээд манайхаас гараад явсан чинь манай нөхөр тэр хоёрыг дагаж явна гээд байхаар нь би түүнд хандан “чи согтуу байна яах гээд байгаа юм, зүгээр гэртээ амар” гэхэд Д.Г   уурлан нүүрэн тус газарт хоёр удаа, мөн зүүн талын бөөрөнд нэг удаа цохиж авсан. Ингээд нөхрөө аргадаж байгаад гэртээ унтуулсан үүнээс хойш миний бие өвдөөд байхаар нь хоёр хоноод хот орж Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр очиж 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Намайг эмчилсэн эмч маань зүүн талын хавирга хугарсан толгой доргисон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-18-20 тал/,

Гэрч Б.Т өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ганболд бид хоёр Д.Г  ынд очиж гурван шил архи уугаад бид хоёр гэрлүүгээ явсан. Сүүлд сонсоход бид хоёрыг явсан хойгуур Д.Г  , Доржпагма хоёр хоорондоо маргалдсан гэж дуулсан гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Г.Д өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аав надруу залгаад “ээжийнх нь бие өвдөөд байна, Улаанбаатар хот руу авч явж эмнэлэгт үзүүл” гэсэн тул 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очиж ээжийг авчирч Гэмтэл, согог судалалын үндэсний төвд үзүүлсэн. Надтай өөр хүн  яваагүй гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч З.Э өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хавсарсан гэмтлийн тасагт хэвтсэн байсан. Тухайн үед жижүүр эмч холбогдох шинжилгээнүүдийг хийхэд зүүн талдаа олон хавирга хугаралтай, зүүн талын плеврийн хөндийд хий хурсан, зүүн талын уушиг няцралттай байсан учраас жижүүр эмч цээжинд нь гуурс тавиад холбогдох эмчилгээнүүдийг хийж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэг дэх өдөр байсан тул ажилдаа ирэх үед уг өвчтөнийг эмчлэгч эмчээр намайг томилсон. Тухайн үед Доржпагмад үзлэг хийхэд “цээж, хоёр гар өвдөөд байна. Цэр гарч өгөхгүй бөглөрөх гээд байна” гэсэн зовиуртай байсан. Мөн үзлэгээр нүүрэн тус газартаа зөөлөн эдийн хөхрөл няцралттай, цээжний зүүн талд гуурстай байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан  гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Шинжээч эмч Б.Мөнх-Оюуны өгсөн: ...Би уг дүгнэлтийг хохирогчийн амбулторын гар карт, толгойн КТГрафикийн шинжилгээ зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. ...Хохирогчийн биед үүссэн тархи доргилт, нүүрний /толгойн хуйх/ зөөлөн эдийн няцралт /цус хуралт/ бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хаамрагдана гэх мэдүүлэг /хх-52 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот:

1. Ч.Д биед цээжний дарагдал, няцрал, зүүн олон хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх бага зэрэг цустай шингэн, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 35 тал/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 194 тоот:

       1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Мөнх-Оюуны гаргасан 10 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

       2. Ч.Д биед цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн талын 7-11 дүгээр хавиргануудын зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийн хий, цус хуралдалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайн хэргийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. 

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-59-66, 79-81 тал/, өвчний түүх /хх-43 тал/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-82-83 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-71-72 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д.Г   нь Булган аймгийн Гурванбулаг сумын гуравдугаар багийн нутагт гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз нөхдийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Доржпагмыг “найз нартай хамт явуулсангүй” гэх шалтгаанаар түүний “баруун талын нүд, баруун шанаа орчимд тус бүр нэг удаа цохиж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Д, гэрч Б.Т, Г.Д, З.Э нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10, 194 тоот дүгнэлтүүд, шинжээч эмч Б.Мөнх-Оюуны гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн мэдүүлэг, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Г   ын  гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Д бие махбодийн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

         Иймд шүүгдэгч Д.Г   ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Д.Г   ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч түүнийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна

Шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон шүүгдэгчийн  хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г    нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

       ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч П овогт Д.Г  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г   ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г    нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г    нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Ч.Д нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД