| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Цэрэндэжид |
| Хэргийн индекс | 128/2024/0929/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0523 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0523
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н******* нарыг оролцуулан “А*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А*******” СӨХ-ны захирал Т.О*******ээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж байгаа "А*******" СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, гуравдагч этгээдээр "Н*******" ХХК оролцож байгаа захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Уг захиргааны хэргийн нэхэмжлэгч манай СӨХ-ны зүгээс гуравдагч этгээд "Н*******" ХХК-тай харилцан тохиролцож, үүсээд байгаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр болсон тул тус шүүхэд гаргасан "Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, "Н*******" ХХК-ийн, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 5 дугаар *******ын 5-ны өдрийн М3Х2021/,,,,,, дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар" болон уг барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Тус шүүхийн шүүгчийн 2025.04.29-ний өдрийн 128/ШЗ2025/2848 дугаартай "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай" захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар маргаан бүхий захиргааны актуудын холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг цуцлаж, хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Мөн манай өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул энэхүү хүсэлтээсээ татгалзаж байгаа болно” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна...” гэв.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн
шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Маргаан бүхий асуудлаа гуравдагч этгээдтэй эвийн журмаар шийдэхээр харилцан тохиролцсон. Нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс хүлээж авч гардуулах үйл ажиллагаа хийгээгүй байгаа учир хүлээж авах эсэхийг шийдээгүй гэж ойлгоод албан ёсоор хүлээж аваад хэрэг үүсгэсэн байгаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Үндсэн шаардлагаасаа татгалзаж байгаа учир нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээр шийдүүлэх шаардлагагүй гэж үзээд татгалзаж байна. Бүрэн эрхийн хүрээнд бусад оролцогчоос зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэл татан авах, татгалзах эрхийн хүрээнд гаргаж байгаа хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар үүссэн орчны нөхцөл байдалтай холбогдуулаад шүүхийн бус журмаар эвлэрэн, харилцан хөндөгдөж буй нөхцөл байдлуудаа эвийн журмаар шийдвэрлэж байгаа. Тухайн нөхцөл байдал дээр тохироод баталгаажуулсан. Тийм учраас баталгаажуулж байгаа нөхцөл байдалд үндэслээд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүд гаргаж байсан. Нэгэнт нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир тухайн хүсэлтүүдийг шийдвэрлэх шаардлагагүй гэдэг байр суурийг хоёр талаас илэрхийлж байна. Хэрэгсэхгүй болгох захирамжид хүсэлтэд дурдсан байгаа актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийн талаар дурдаж хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүхэд “А*******” СӨХ-ноос Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, “Н*******” ХХК-ийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 5 дугаар *******ын 5-ны өдрийн МЗХ2021/,,,,, дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 11 дүгээр *******ын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “А*******” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтэндээ “ ... тус шүүхэд гаргасан "Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, "Н*******" ХХК-ийн, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 5 дугаар *******ын 5-ны өдрийн М3Х2021/,,,,, дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар" болон уг барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д “ ..., нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно:”, 66.2.-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, … баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
4.Иймд нэхэмжлэгч “А*******” СӨХ-г Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, "Н*******" ХХК-ийн, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 5 дугаар *******ын 5-ны өдрийн М3Х2021/,,,,, дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар" болон уг барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5.Шүүхээс нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримт /тэмдэглэл/ үйлдэж хэрэгт хав*******гасан болохыг тэмдэглэж байна.
6.Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг цуцалж, хүчингүй болгуулах хүсэлтийн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 61 дүгээр зүйлийн 61.3. дахь хэсэгт “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж заасан бөгөөд уг хэрэг маргааныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй энэ нөхцөлд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр дээрх шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болох үр дагавартай тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шинжээч томилуулах”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “нотлох баримт гаргуулах” тухай хүсэлт гаргасан бөгөөд эдгээр хүсэлтээсээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А*******” СӨХ нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, “Н*******” ХХК-ийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 5 дугаар *******ын 5-ны өдрийн МЗХ2021/,,,,,дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “А*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох 128/2024/,,,,,/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД