Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

                                                Х.Э-д холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат

            Шүүгдэгч Х.Э/цахимаар/

            Шүүгдэгч Х.Э-н өмгөөлөгч Б.Батцэнгэл/цахимаар/

            Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/431 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Э-д холбогдох эрүүгийн 1934010830007 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Х.Э, 1966 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл ганцаараа Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р баг, 2-р гудамжны 05 тоотод оршин суух, Борнуур сум дахь Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

          Шүүгдэгч Х.Э нь Төв аймгийн   Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.5 "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай "Ажилд түр томилох тухай" тушаалаар иргэн Б.Галбадрахыг Төв аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан,

мөн Б.Галбадрахыг "биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна" гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч, мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд Б.Галбадрахаар автомашины гарааш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Х.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч О Х Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 6 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж,

Эрүүгийн 1934010830007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд/цахимаар/ гаргасан тайлбартаа: “Миний бие О овогтой Халтарүүгийн Э 1991 оноос улсад 32 жил бага ангийн багш, дунд ахлах ангийн багш, сургалтын менежер, захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж Боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.

Ажиллаж байхдаа төрийн ажлыг хэн нэгэнд амлан барьцаалж авлига, хахууль авч хувь хүн нийгэмд хохирол учруулж байгаагүй.

2016 оны 9 сард багшлах боловсон хүчин дутагдалтай багшлах эрхтэй багшийг ажиллуулах сайдын тушаалтай байсан. Биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтад 4 хүн орж, онооны илүүтэй Б.Галбадрахыг Боловсрол соёл урлагийн газартай ярьж түр ажилд авч ажиллуулсан. Б.Галбадрах 2 удаа багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй. Мөн химийн багш дутагдалтай зар тавиад орон нутагт хүн ирдэггүй байсан ба Б.Гэхнэр В.Нансалмаа сургууль төгсөөд химийн багшийн сонгон шалгаруулалтад орж ажилд орсон залуучуудыг дэмжиж байсан уу гэхээс би Галбадрахын хэлснээр “өөрийг чинь жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна” гэж нэг ч үг хэлж байгаагүй. /гүтгэж байгаад маш гомдолтой байна./ Б.Галбадрах түр ажлын байранд ажиллаж, ажлаас чөлөөлөгдсөний дараа 3 шатны шүүхээс ажил олгогчийн тушаал үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Би Б.Галбадрах С.Пхоёрын хоорондох хувийн харьцааг миний захирлын албан тушаалтай хутган гүтгэж, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож, аваагүй зүйлийг авсан болгож хэлмэгдүүлж байгаад туйлын гомдолтой байна.

Б.Г хувьд оюутан байх үе буюу 2015 оноос манайхаар орж гардаг манай нөхөртэй сайн найзын харилцаатай, манай ногооны ажилд тусалж тухайн үеийн ханшаар хөлсөө авдаг байсан. Багш болсон хойно би нөхөртөө Б.Галбадрахыг битгий гэрт ирүүлээд байгаач гэж дургүйцдэг байсан, өөрөө ирээд туслаад байхад би юу гэхийн гэдэг байсан. Тэр ч байтугай манай нөхөр С.Птэднийд хонодог байсан. Ийм харилцаатай. Ер нь хөдөө бие биедээ тусалж бас нэг нэгийгээ гуйж юм хийлгээд үнэ ханшийг өгдөг, тогтсон ханштай байдаг, хэн ч зүгээр хүнд юм хийж өгдөггүй. Хувь хүмүүсийн энэ харилцааг албан тушаалтай тохож хэлмэгдүүлж байгаад маш их гомдолтой байна. Энэ байдлаас болж нөхрөө буруутган салсан. Бүх зүйл гэрчтэй бас гэрчүүдээс мэдүүлэг авсан билээ. Ажилд орсныхоо дараа 60 мянган төгрөг зээлж, түүний оронд төлөг манай эгчийнд орхисон байсан. Би аваагүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас би хонины мах иддэггүй. Хожим ийм зүйлд гүтгэх үндэс болно гэж бодоогүй, гэмгүй байдаг болохоор мөнгө зээлүүлсэн тухайн үед карт данс гэхээс илүүтэй бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан бараг бүх нийтээрээ.

Нөхөр С.П Б.Галбадрахыг нэг удаа манайхаар орж ирэхэд нь гарааш барих тухай хэлсэн. Манайх блок хийдэг, та цементээ авч өгөөд блок хийлгэхгүй юу гэсэн байсан. Энэ тухай С.Пнадад хэлэхээр нь тухайн үед ногоо ачиж тээвэр хийдэг Амгаланзаяа жолоочид 200,000 төгрөг өгч 20 шуудай буюу 1 тонн цементийг хотоос захиж авчруулан Б.Гхадам болох Вандан-Очирын хашаанд буулгуулсан. Буулгах үед нь Вандан-Очирын эхнэр байсан хүлээж авсан байсан./гэрч Амгаланзаяа гэрчийн мэдүүлгээр нотлогдоно./ 1 шуудай цементээр 25-30 хөнгөн блок хийдэг 20 шуудай цементийн оронд оронд 200 блок авч бусад цементийг авалгүй хөлсөнд нь орхисон. Цемент аваагүй үлдсэн цементийг орхисон. Гараашинд нийт 250 блок орсон, дутсан 50 блокийг тухай үед блок хийдэг байсан Даваа гэдэг хүнээс худалдаж авсан бас гэрчтэй./ Даваа, очиж авсан Баярмаа, жолооч/

Гарааш хийхэд би өрлөг хийдэг гээд тусалсан байсан. 2, 3 үе яваад өрж чадахгүй болохоор нөхөр болиулж Батбаатар гэдэг хүнээр бариулж үнэ хөлсийг өгсөн./Батбаатар гэрчийн мэдүүлгээр нотлогдоно/

Пин барихад өдрийн цагаар ирж 1, 2 цаг туслаад явж байсан гэж нөхөр асуудал үүсэх үед хэлсэн. Тэр үед хөлсийг нөхөр өгч байсан гэсэн. Би ажилтай өглөө гараад орой л ирдэг. Ер нь Б.Галбадрахыг битгий дуудаад бай гэж тухай үед нөхөрт би уурладаг байсан. Би дуудаагүй өөрөө ирээд байгаа хүнийг би яахын гэж уурладаг байсан Б.Галбадрахад хөлснөөс гадна приус машины өндөрлөгөөний 4 пүрш, газар зүйн үнэтэй том ном гэх мэтээр өгч байсан./Пүрвээгийн мэдүүлгээр нотлогдоно/

2017 оны зун Борнуурт ган болоод өвс ургаагүй манайх Сэлэнгээс өвс худалдаж авахад би явъя гээд цуг явсан. Худалдаж авсан болохоор хүмүүс нь ачиж өгсөн. Энэ бүгд гэрчтэй./ Гэрч Лидагийн мэдүүлгээр нотлогдоно/

Нөхөр байсан Пүрвээ Галбадрах хоёрын хувь хүмүүсийн харилцааг албан тушаалд хамруулж буруутган яллаж байгаад гомдолтой, би хэлмэгдээд байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Э-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Х.Эг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/431 тоот шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг: Холбогдсон хэргийн талаар:

Х.Э нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Б.Галбадрахаас 2016 оны 10 дугаар сард 1 хонь хахуульд авсан, өөрийг чинь жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент тус тус авч өөрийн хашаандаа автомашины гарш барих, үхрийн пин барих, Сэлэнгэ аймагт хадлан хийх зэрэг ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэх гэмт хэрэгт холбогдож 2019 оноос хойш шалгагдсан байна. Холбогдсон хэргүүдийн үйл явдал, цаг хугацааны дарааллаар нь тус тусад нь авч үзвэл:

1. 2016 оны 10 дугаар сард 1 хонь хахуульд авсан гэх хэргийн талаар: Гомдол мэдээлэл гаргагч А.Вандан-Очир нь Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол мэдээлэл болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ нас гүйцсэн эм хонь, хар нүдэн эм хонийг хүргэн Б.Галбадрахад өгсөн гэдэг. Б.Галбадрах нь Х.Эгийн эгчид нас гүйцсэн эр хонь өгсөн гэдэг бол Х.Эгийн эгч Х.Нарантуяа нь төлөг өгсөн гэдэг.

Гэрч С.Пнь манай эхнэр Х.Э нь ходоодны өвчний улмаас хонины мах иддэггүй гэж мэдүүлсэн байдаг.

Эдгээр хүмүүсийг бүгдийг нь хууль сануулан гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг нь ийнхүү зөрдөг.

Мөн А.Вандан-Очир нь 2016 оны 9 дүгээр сард хүргэндээ эм хонь өгсөн гэдэг хүргэн Б.Галбадрах нь Х.Эгийн эгчид 2016 оны 10 дугаар сард эр хонь өгсөн гэдэг. Цаг хугацааны хувьд болон нас хүйсийн хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.

Тэгвэл эсрэгээрээ Х.Э нь анхны мэдүүлэгтээ Б.Галбадрах надаас 60,000 төгрөг зээлснийхээ хариуд 1 төлөг өгсөн гэдэг бол гэрч Х.Нарантуяа нь "Б.Галбадрах Э захиралд өрөндөө өгч байгаа юм" гэж 1 төлөг манай хашаанд авчирч орхиод явсан гэж түүний мэдүүлгийг баталдаг.

Гэрч Х.Нарантуяагийн мэдүүлэг нь Б.Гмэдүүлэгтэй таардаг. Харин мөрдөгч нь нас гүйцсэн эр хонины үнэлгээ гаргуулсан төдийгүй цаг хугацааны хувьд 2017 оны үнэлгээ гаргуулсан нь учир дутагдалтай болсон байдаг.

Үүнээс дүгнэхэд Б.Галбадрах нь өмнө зээлсэн 60,000 төгрөгийн өрөндөө 1 төлөг авч ирж эгч Х.Нарантуяагийнх нь хашаанд үлдээсэн болон Х.Э хонины мах иддэггүй учир эгч Х.Нарантуяа нь уг төлгийг хүнсэндээ хэрэглэсэн болох нь тус тус нотлогдсон байна.

2. 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок хахуульд авсан гэх хэргийн талаар:         Гомдол гаргагч А.Вандан-Очир нь 2017 оны 9 дүгээр сард надаас Б.Галбадрах нь 300 ширхэг блок авч явсан гэдэг бол Б.Галбадрах нь хайрган блок өгсөн, гэрч Я.Батбаатар нь хөөсөн блокоор гарш барьсан гэдэг.

Гэрч Г.Амгаланзаяа нь Х.Э надад 1 тонн цемент захиж Улаанбаатар хоτοос авчруулаад А.Вандан-Очирын гадаа буулгуулсан, блок хийлгэнэ гэж байсан. Саяхан намайг Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсний дараа Вандан-Очир нь эхнэр Сарангийн хамт худаг дээр давхиж ирж уулзахад эхнэр Саран нь "Чамайг хараад л саналаа чи нээрээ 7, 8 уут цемент буулгасан билүү" гэхээр нь би "20 уут буюу 1 тонн цемент буулгаж өгсөн шүү дээ" гэхэд "Нээрээ тийм билүү" гэж хэлээд явсан гэдэг.

Мөн Х.Э нь Г.Амгаланзаяагаар цемент авчруулж А.Вандан-Очирынхоор блок хийлгэж түүгээр гарааш барьсан гэдэг.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд Х.Э нь өөрийн мөнгөөр Г.Амгаланзаяад 1 тонн цемент захиж авчруулаад тухайн үед сумандаа блок хийдэг ганц айл болох Вандан-Очирынд буулгуулж түүгээрээ блок хийлгэн авч гараашаа барьсан болох нь нотлогдож байна.

3. 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент хахуульд авсан гэх хэргийн талаар:

Гомдол гаргагч А.Вандан-Очир нь 10,000 төгрөгийн үнэтэй Максын цемент 5 уутыг Б.Галбадрах нь Х.Эд өгсөн, Б.Галбадрах нь 5 шуудай цемент өгсөн гэх боловч тухайн үед 5 шуудай цементийг хэзээ, хэнд өгсөн болох нь тодорхойгүй.

А.Вандан-Очир, Б.Галбадрах нар нь хонь, блок, цементээ Х.Эд өгсөн гээд байгаа боловч эдгээр нь нотлогддоггүй.

Тэгээд ч бусдад мөнгийг нь өгөөд 1 тонн буюу 20 уут цемент авчруулаад бүгдийг нь А.Вандан-Очирынд буулгуулж өгсөн болох нь нотлогдсон төдийгүй түүнээсээ 5 уут цемент авсан талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад А.Вандан-Очир, Б.Галбадрах нар нь үгсэн хуйвалдаж Х.Эг гүтгэж байгаа нь тодорхой байна.

4. Автомашины гарааш барих ажил үнэ төлбөргүй хийлгэсэн гэх хэргийн талаар: Гомдол гаргагч А.Вандан-Очир нь Х.Эг "Б.Галбадрахаас авсан блок, цементээрээ дутуу барьсан автомашины гараашаа гүйцээлгэн өрүүлсэн" гэдэг.

Б.Галбадрах нь "Х.Э захирлын хашаанд нь автомашины гарааш нөхөртэй нь хамт өрлөгийг нь нуруутай нь барьж дуусгасан" гэдэг.

Гэтэл гэрч С.П нь "Галаа бид хоёр 5 үе билүү гарааш барьсан юм. Би барилга мэдэхгүй болж өгөхгүй байхаар нь Батбаатараас асуусан чинь буруу барьсан байна гээд нураагаад Батбаатар бид хоёр хамтдаа барьж дуусгасан" гэдэг.

Гэрч Я.Батбаатар нь "Х.Эгийн хашаанд баригдсан гараашийг би барьсан. Намайг барьж эхлэхэд 4 үе өрөгдчихсөн байсан. Нөхөр Пүрвээ нь дөрвөн үе өрсөн гэж хэлж байсан. Би гараашийг барьж дуусгаж өгсөн. Нөхөр Пүрвээ нь надад тус болж хамт барилцсан. Галбадрах туслалцаагүй, түүнийг хараагүй" гэдэг.

Эдгээрээс дүгнэхэд Б.Галбадрах нь гараашны бүх ажлыг хийж дуусгаж өгсөн гэдэг боловч гэрч Я.Батбаатар гараашийг барьж дуусгаж өгсөн болох нь Б.Галбадрах өмнө нь нөхөр С.Пүрвээд нь туслалцаж байгаад буруу өрснөөс болж нураасан болох нь, Б.Галбадрах гараашны бүх ажлыг хийсэн гэж худал мэдүүлсэн болох нь тус тус нотлогдож байна.

5. Үхрийн пин бариулсан гэх хэргийн талаар:

Гомдол гаргагч А.Вандан-Очир нь "Бас үхрийн фермер, үүдний амбаар зэргийг Галбадрахаар хийлгэсэн" гэдэг бол Б.Галбадрах нь "Мөн хашаанд нь үхрийн пинг Х.Эгийн нөхөртэй нь хамт барьсан" гэдэг. Тэгвэл С.П нь "Үхрийн пингийн гадуур тоосго өрөх ажлыг манай базын хүү болон Галбадрах бид 3 хийсэн", Х.Э нь "Үхрийн пингийн гадна талаас тоосго өрсөн бөгөөд тэр ажлыг манай нөхөр Пүрвээ хийсэн, Галбадрахаар туслуулсан гэдэг.

Эдгээрээс дүгнэхэд үхрийн пин, фермерийн аж ахуй барьсан мэт ойлгогдохоор гомдол гаргасан боловч бодит байдал дээр бариатай байсан үхрийн пингийн гадна 1 хананд тоосго өрсөн төдий байдаг.

Энэ нь хэргийн бодит байдлыг гуйвуулан, өөрийн хийсэн гэх хазгай мурий өрсөн жижиг өрлөгийг хэт дөвийлгөн мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

6. Сэлэнгэ аймаг руу 2 хоног авч явж хадлан хийлгэсэн гэх хэргийн талаар: Гомдол гаргагч А.Вандан-Очир нь "2017 оны 9 дүгээр сард хувийн хадландаа Сэлэнгэ рүү авч явсан", Б.Галбадрах нь "2018 оны намар намайг ажлаа тарсан чинь Сэлэнгэ рүү хадлангийн ажилд яв гээд 2 хоног хадлангийн ажилд явсан" гэдэг.

Х.Э нь "Сэлэнгэ аймагт Галбадрахаар хадлан хийлгээгүй", гэрч Б.Батмандах нь "2017 оны намар Х.Э багш Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас өвс авчрах гэсэн юм, хөлсийг нь өгье гэхээр нь явахад бороо орж байсан учир тэндээ хоноод цаад өвс зарсан хүмүүс нь өвсөө ачиж өгсөн. Хамт явсан залуу юм хийгээгүй. Ирээд Э багшийн өвсийг би буулгаж өгсөн. Сэлэнгэд 1 хоносон, тэр залуу юу ч хийгээгүй", гэрч Х.Лида нь "2017 онд Э багш манайхаас жолоочтой, өөр нэг хүнтэй хамт ирж хоноод өглөө нь өвсөө ачсан. Би Хосоо, Эрхэмбаяр, Баянмөнх гээд 3 дүүгээрээ өвсийг нь ачуулсан. Тэр Э эгчтэй ирсэн жолооч, цуг явсан хүн нь харж сууж байгаад л явсан. Би татлагыг нь татуулж өгөөд явуулсан" гэж тус тус мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлаас харахад Сэлэнгэ аймагт Б.Галбадрахаар 2 хоног хадлан хийлгэсэн гэдэг нь худал байна.

Хадлан хийх гэдэг нь өвс хадах, бухалдах, ачих, зөөх, буулгах гэсэн ажлын дараалалтай байдаг бол тухайн үед тийм үйл явдал, ажил хийгээгүй, хамт явсан төдий байна.

Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

Энэхүү хэргийг анхан шатны шүүх өмнө нь хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж байсан бөгөөд дахин хэлэлцүүлэх үедээ гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь өмнө нь хэлэлцэгдсэнээс өөр нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээс цагаатгагдах үед хэргийн материалд цугларсан нотлох баримтууд өөрчлөгдөөгүй гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал нэмж тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан нөхцөл байдлууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон, улмаар ял халдаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсний улмаас миний үйлчлүүлэгч Х.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, улмаар ял халдаасан Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/431 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн үндсэн шинж нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийж хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгосны хариуд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохоор хахууль өгөхийг шаардсан, авсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “нийтийн албан тушаалтан” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болно.

 

5. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байдаг.

         

          6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Б.Г дахин өгсөн: “...Хонь аваад ир гэж нэхээгүй. Би зүгээр хонийг өөрөө өгсөн юм. ...Тухайн үед захирал гэртээ байгаагүй, ажил дээрээ байна гээд хажуу айлынх нь буюу эгчийнх нь хашаанд оруулж өгсөн. Би хонийг аваачиж өгөхдөө ганцаараа байсан...” /1хх 19-20, 4хх 38-39/ гэх,

гэрч Х.Лидагийн: “...2017 оны намар Х.Э багш манайхаас өвс авах гээд жолоочтойгоо өөр нэг хүнтэй хамт ирсэн. Манай тэнд бороо орж байсан учир манайд хоночхоод өглөө нь өвсөө ачсан. Би Хосбаяр, Эрхэмбаяр, Баянмөнх гээд 3 дүүгээрээ өвсөө ачуулсан. Тэр Х.Э эгчтэй хамт явсан жолооч, цуг явсан хүн нь харж байгаад л татлагыг нь татаж өгөөд явсан...” /1хх-н 103-104/ гэх,

гэрч Я.Батбаатарын: “...Уг гараашны нийт 7 үе гарааш байсан ба намайг барьж эхлэхэд 4 үе  өрөгдчихсөн байсан. Нөхөр Пүрэвээ нь өөрөө өрсөн гэж байсан. Хашаанд нь блок, байсан. Хөөсөн блок байсан. Манай суманд хийсэн блок байх шиг байсан. Цемент нь монцементийн цаасан ууттай цемент байсан. Тэгээд би блок нь өрлөгийг нь гүйцээж 7 үе болгоод шалыг нь цутгаад, дээврийг нь хийгээд, гадна шавар өнгөлгөөг нь хийгээд дуусгаж өгсөн. Намайг ажил хийж байхад нь нөхөр нь тусалсан...” /1хх-н 28-29/ гэх,

гэрч Г.Амгаланзаяагийн: “...Х.Э надад 1 тонн цемент захья гэж хэлээд мөнгийг бэлнээр өгсөн. Би хэлсний дагуу 1 тонн цементийг ...авч ирээд хаана буулгах уу гэхэд Х.Э Вандан-Очирынд буулга гэсэн. ...Тэр үед би та хэд юу хийх нь вэ гэж асуухад блок хийх гэж байгаа гэж хариулсан...” /5хх-н 106-107/ гэх,

гэрч С.Пүрвээгийн: “...Галаа намайг ганцаараа, туслах хүнгүй гэдгийг мэдэж байгаа. Тэгээд гарааж барихад өөрөө тусалъя гээд барьсан. Өдрийн 15-20 мянган төгрөг өгсөн... би өөрийнхөө машины 4 пүршийг өгсөн. Надад нэг том үндэсний атлас байсан. ...жуулчид Монголоор аялахдаа 100 ам.доллароор авч хэрэглэдэг байсан, тэр атласыг би Галбадрахад бэлэглэж байсан...” /5хх-н 122-123/ гэх мэдүүлгүүдээр Б.Галбадрах нь Х.Эгийн нөхөр байсан С.Пүрвээтэй танил, ах дүүгийн харилцаатай байсан бөгөөд тэдний гэрээр орж гардаг, ахуйн ажилд нь туслалцдаг, хариуд нь С.Пнь хэрэгцээтэй зүйлсийг өгдөг байсан байх ба ерөнхий боловсролын сургуульд багшийн ажилд орох зорилгоор Х.Эд 1 хонь, 5 шуудай цемент өгсөн, гарааш, үхрийн пин барих, хадлан хадах зэрэг ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

7. Дээрх нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болно.

 

8. Өмнө нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Эг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын цалин болох 185,000 төгрөгийг авч захиран зарцуулсан, тус сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч “Баян тариалан” ХХК-аас 500,000 төгрөгийг хувьдаа авсан, Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас зохион байгуулагдаж буй сургалтад оролцогчдын үдийн цайнд зориулагдан ирсэн 4,060,830 төгрөгийг болон тус сургуулийн БНСУ-ын шүүхийн харьяа “Хүслийн аян” Олон улсын сайн дурын байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжүүлсэн гэх 61,472,800 төгрөгийг сургуулийн нярав Ж.Баярмаагийн хувийн дансаар дамжуулан авч захиран зарцуулсан гэх үйлдлүүдэд нь Авлигатай тэмцэх газраас холбогдох ажиллагаануудыг хийсэн байхад прокуророос уг үйлдэл, холбогдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр орхигдуулсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн үндэслэлээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүхээс Х.Эд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1025 дугаар захирамжаар хэргийг хэлэлцэхийг хойшлуулж, шүүхийн магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлэхийг хяналтын прокурор Г.Энхбатад даалгасан байна.

 

Улмаар прокурор нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаар тогтоол үйлдэж, эрүүгийн 1934010830007 дугаартай хэргээс Х.Э нь Төв аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын цалин болох 185,000 төгрөгийг авч захиран зарцуулсан, тус сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч “Баян тариалан” ХХК-аас 500,000 төгрөгийг хувьдаа авсан, Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас зохион байгуулагдаж буй сургалтад оролцогчдын үдийн цайнд зориулагдан ирсэн 4,060,830 төгрөгийг болон тус сургуулийн БНСУ-ын шүүхийн харьяа “Хүслийн аян” Олон улсын сайн дурын байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжүүлсэн гэх 61,472,800 төгрөгийг сургуулийн нярав Ж.Баярмаагийн хувийн дансаар дамжуулан авч захиран зарцуулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Х.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүх өмнө нь хэлэлцээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байснаас өөр нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээс түүнийг цагаатгах үед хэрэгт цугларсан нотлох баримтууд өөрчлөгдөөгүй, гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал шинээр нэмж тогтоогдоогүй байхад шүүх Х.Эг гэм буруутайд тооцож, улмаар ял халдаасан байх тул нь “анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсний улмаас миний үйлчлүүлэгч Х.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, улмаар ял халдаасан гэх өмгөөлөгч Б.Батцэнгэл болон Х.Эгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 9. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, эрүүгийн 1934010830007 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

10. Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/431 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Төв аймгийн Прокурорын газраас Х.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Х.Э, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1934010830007 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

                               ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ