| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0056/Э |
| Дугаар | 00056 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00056
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Б холбогдох 163/2018/0056/Э индекстэй, эрүүгийн 1815000630043 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овогт Д. Б Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 17-нд Орхон сумын 3 дугаар багт байдаг хүргэн ах Батсайханыд ирж золгуут хийж, тэдний гэрт нь хонохоор болсон. Батсайхан ах манай талийгаач эгчийн нөхөр, миний хүргэн ах юм. Эгчийгээ амьд сэрүүн байхад айл аймаг байсан ба түүнээс хойш 5 жил өнгөрсөн байсан. Бид хоёр нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд би талийгаач эгчийгээ бодож сууж байгаад зургийг байхгүй болохоор дотор бачимдаад барьж байсан хундгаа хүргэн ах руу шидсэн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1815000630043 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Д.Б өгсөн: ...2018 оны 02 сарын 17-ны орой хадам дүү Б , хүү Бат-Эрдэнэ нар хурдан морь унадаг хүүхэдтэй ирсэн. Манай гэрт Бат-Эрдэнэ бид хоёр байсан. Тэгээд Б бид хоёр 1 шил архи хувааж уусан. Шөнө 00 цагийн орчимд хадам дүү Б “та миний талийгаач эгчийн зургийг гаргачихгүй яасан юм бэ” гэхээр нь би “насны бурхан ш дээ” гэсэн чинь Б барьж байсан хундгаа авч шидсэн. Миний зүүн хөмсөг хэсэгт цохиж хөмсөг язарч цус гойжсон, тэгээд намайг цамцнаас барьж автал манай эхнэр Бат-Эрдэнэ түүнийг салгасан. Тэгээд Бат-Эрдэнэ гараад явсан удаагүй хүргэн Баярбат, охин Пүрэв-Очир нар ирээд Б ыг явуупсан. Би эхнэртэйгээ гэртээ хоносон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч Б.П өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Золжаргал эгч өөрийн утаснаас залгаад “Бат-Эрдэнэ эгч айлаас ярьсан чинь аавыг Б зодсон гэнэ очоод үзээдэх” гэсэн. Тэгээд нөхөр Баярбат бид 2 машин асаагаад аавынд ирсэн чинь аав ширээний хажууд сандал дээр суучихсан нүүрнээс нь цус гарсан, цустайгаа холилдчихсон байсан. Тэгээд би Б ай аавыг өмөөрч хэсэг маргалдаж байгаад хамт явсан залууд нь “түүнийг аваад яв” гэж хэлээд гаргасан. Ээжийг нас барснаас хойш 2 удаа гэрт ирж хэрүүл маргаан хийж байна. Аавыг юугаар цохисныг сайн мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч Б.Б өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ байж байхад манай эхнэр Пүрэв-Очир утсаар яриад “аавыг хүмүүс зодсон байна” гэхээр нь эхнэр бид 2 хадам аавынд очсон. Гэтэл хадам аав зодуулчихсан, хөмсөг хамар хэсэгт нь цохиж, цус нь нүүрээр нь битүү болсон байсан гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Гэрч Б.Б өгсөн: ...Д.Б хундагатай архиа барьж сууж байснаа “энэ их зэвүүн пиздаа байгаа юм” гэснээ Батсайхан руу шидсэн. Түүний нүүрэн тус газар онож цус гараад байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “та нарыг ална” гээд гэрийн баруун талаас тулга тойроод хүрээд ирэхээр нь би дундуур нь ороод “чамд зодуулахгүй шүү” гэтэл хамт явсан залуу сэрээд “юу болоод байна” гэсэн. Тэгээд болсон зүйлийг хэлтэл Б ыг аваад гэрийн гадаа гарсан хойгуур нь Мөнхбат гэх айлд очиж Батсайханы дундах охин Золжаргалд “аавыг чинь Б зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд нөгөө айлын хүмүүсээр хүргүүлээд гэртээ иртэл Батсайханы бага охин Пүрэв-Очир нөхөртэйгээ ирчихсэн байсан, тэгээд Б хамт ирсэн хүнтэйгээ явсан юм шиг л байсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Б.З өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Мөнхбат гэх айлын утаснаас Бат-Эрдэнэ эгч залгаад “Б аавын чинь толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд дүү Пүрэв-Очиртой утсаар яриад “аавынд очоод Б ыг хөөгөөд явуул” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэр Б.Б өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б бид 2 түүний хамаатан болох Батсайхан гэх айлд очсон. Тэгээд би хоол, цай идчихээд унтаад өгсөн. Тухайн үед Б , Батсайхан нар 1 шил архи ууж байсан. Тэгээд хүмүүс маргалдаад байхаар нь сэрсэн чинь тэр 2 маргалдсан байсан. Удалгүй Батсайхан ахын бага охин нь ирээд Б ах бид хоёрыг яв гэхээр нь явсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот:
1. Д.Б зүүн хөмсгөнд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 26 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-31-32 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-40-43 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-44-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “талийгаач эгчийн минь хөрөг зургийг гаргаж тавьсангүй” гэх шалтгаанаар хүргэн ах Д.Батсайхан руу ууж байсан архиныхаа хундагыг шидэж “зүүн хөмсгөнд шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Б, гэрч Б.П, Б.Б, Б.Б, Б.З, Б.Б нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Б дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч байх боловч түүнтэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал цаг уурын онцлог болон хөрөнгө орлого зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шилэн хундгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д. Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг бармтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн хундага нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД