Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

  

 

 

 

2024            3             11                                             2024/ДШМ/20

 

 

З.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат

Цагаатгагдсан этгээд З.Д, түүний өмгөөлөгч М.Ариунболд

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/418 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн З.Д-т холбогдох эрүүгийн 2134004290302 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овогт З Д, Төв аймгийн Баяндэлгэр суманд 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Баяндэлгэр сум, Байдлаг 1 дүгээр баг, 15-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

2. З.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

3. Төв аймгийн прокурорын газраас З.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн З Д-т холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэж буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 Цагаатгагдсан этгээд А овгийн З Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож,

Иргэний нэхэмжлэгчийн байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 8,588,272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг иргэний хариуцагч Э.Ч төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Ц И” ХХК-ийн хашаанд байгаа 3,036,000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Ч-аас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлж,

Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд А овгийн З Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэх 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ: Хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь 3.Д-т холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, А овгийн З Д-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцвал, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй, хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шийдвэрлэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох:

1. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/258 дугаартай "Ц И” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын Д.Нацагдоржийн талбайн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллаж байгаатай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Галуут 2 дугаар баг "Х А" газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Боржин чулуу олгох зөвшөөрөл олгосон болно" гэсэн албан бичиг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Геологийн төв лабораторийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт, Байгаль орчны зөвлөх "Н А" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "... Боржин чулуу олборлож эвдсэн талбай нь 3 хэсэг газар байх бөгөөд нийт эвдэгдсэн талбайн хэмжээ нь 1559.9м² байна. Олборлолтын улмаас эвдэгдсэн 1559.9м² буюу 0,16 га талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ нь 8,588,272 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 618,568 төгрөг болж байна..." гэсэн 1/19 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Тодруулбал: шүүгдэгч 3.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж хийж болохгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Ц И" ХХК-ийн захирал Э.Ч-д давуу байдал бий болгосны улмаас Боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч, тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг "Х А" гэх газарт 2021 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоногийн олборлолт явуулж байгаль орчинд 8,588,271 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдсон байхад, шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр шүүгдэгчийг цагаатгажээ.

2. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа хуулийн ямар зүйл заалт баримталсан нь тодорхойгүй, гэм буруугийн дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан нь Улсын дээд шүүхийн тайлбараас эрс зөрүүтэй байгаа нь "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Цагаатгагдсан этгээд З.Дийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын зүгээс гаргасан эсэргүүцэл нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Цагаатгагдсан этгээд З.Д давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд З.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.  

            4. Прокуророос цагаатгагдсан этгээд З.Д-ийг “Төв аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ц И” ХХК-ийн захирал Э.Ч-д давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х А” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар яллах дүгнэлт үйлдэж /2хх-н 57-62/, ялласан атлаа уг яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 9,206,840 төгрөгийг иргэний хариуцагч Э.Ч нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан. /2хх-н 17/” гэж тусгасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

            5. Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

            6. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 213400429 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоож, шинжилгээ хийхийг “Н А” ХХК-ийн ерөнхий шинжээчид даалгажээ. /1хх-н 185/

            “Н А” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №1/19 дүгнэлтээр боржин чулуу олборлож эвдсэн талбай нь 3 хэсэг газар байх бөгөөд нийт эвдэгдсэн талбайн хэмжээ нь 1559,9 м2 буюу 0,16га талбайн байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ нь 8,588,272 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 618,568 төгрөг болж байх ба тухайн газар нь урьд өмнө эрүүл газар байсан байна /1хх-н 187-223/ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байна.   

            7. Гэтэл З.Д-т холбогдох эрүүгийн хэрэгт “Ц И” ХХК-ийн үйлдэл холбогдол хамааралтай байна.

            Тухайлбал, хуулийн этгээд нь хууль бусаар ашигт малтмал олборлосон эсэх, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх зэрэг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй орхигдуулсан байх тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.           

            8. З.Д-т холбогдох эрүүгийн хэрэгт илэрсэн зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1- ”гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2- “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3- “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудад хамаарч байх ба үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.    

9. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/418 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА

 

                      ШҮҮГЧИД                                                 З.ТҮВШИНТӨГС

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ