Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

  2024         3            11                                                2024/ДШМ/21

                                

 

 

                                          Б.Ц, Т.О нарт холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор М.Хэрлэнчимэг

Шүүгдэгч Б.Ц, О

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Сувдмаа        

Шүүгдэгч Т.О өмгөөлөгч Д.Гансүх, Б.Баттулга

Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/479 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гансүх, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ц, Т.О нарт холбогдох эрүүгийн 2222000680030 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Б Ц, 1971 оны 3 дугаар сарын 01-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөгдөж байсан,

Монгол Улсын иргэн, Ш овогт Т  О, 1973 оны 3 дугаар сарын 10-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн ... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй,

Б.Ц, Т.О нар нь Төв аймгийн Баянцагаан сумын Өнжүүл гэх газарт нутаглаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 16-наас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Б, Ө нарын итгэмжлэн хариуцуулсан 400 тооны эм хонийг завшиж 66.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан “малын үнэ болох 41.700.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө, малыг өсгөж авна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.А-ын 368 тооны бог малыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч мөнгөө өгөхгүй малыг бусдад зарж залилсан,

Б.Ц нь Төв аймгийн Баянцагаан сумын Өнжүүл гэх газарт нутаглаж байхдаа 2013 оны 10 дугаар сарын 16-наас Цагдаагийн Ерөнхий газрын Туслах аж ахуйд гэрээт малчнаар ажиллаж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл итгэмжлэн хариуцуулсан 623 хонь, 3 морийг бусдад зарж Блуулан, хувьдаа завшиж 56.571.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.Ц, Т.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Т О Төв аймгийн Баянцагаан сумын Өнжүүл гэх газарт нутаглаж байхдаа 2013 оны 10 дугаар сарын 16-наас Цагдаагийн Ерөнхий газрын туслах аж ахуйд гэрээт малчнаар ажиллаж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл итгэмжлэн хариуцуулсан 623 хонь, 3 морийг бусдад зарж Блуулан, хувьдаа завшиж 56.571.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

            Шүүгдэгч Б овогт Б Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч  Ш овогт Т О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих, 

            Шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд нэмж нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

            Шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 5 /тав/ жил хорих ялаар тус тус тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 7 жил, 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О-д оногдуулсан 5 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс 95.920.750 /ерэн таван сая есөн зуун хорин мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Цагдаагийн Ерөнхий газарт 52.523.500 /тавин хоёр сая таван зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөг, ... тоотод оршин суух хохирогч Б овогт Ё Б, Б овогт Ц Ө нарт 27.776.500 /хорин долоон сая долоон зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөг, ... тоотод оршин суух хохирогч Б М овогт Б А 15.620.750 /арван таван сая зургаан зуун хорин мянга долоон зуун тавь/ төгрөг,

Шүүгдэгч О-аас 43.397.250 /дөчин гурван сая гурван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Өд 27.776.500 /хорин долоон сая долоон зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч Б.А-д 15.620.750 /арван таван сая зургаан зуун хорин мянга долоон зуун тавь/ төгрөг тус тус олгож, хохирогч Ц.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагаас 31.765.000 /гучин нэгэн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.О нарын охин 2007 оны 4 дүгээр сарын 26-нд төрсөн Б Ц-ийн Т харгалзан дэмжигч тогтоохыг Төв аймгийн Баянцагаан сумын засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Миний өмгөөлөгч болох Д.Гансүх, С.Сувдмаа нар нь анхан шатны шүүх хурлаас 5 хоногийн завсарлага авахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн зөвшөөрөөгүйд гомдолтой байна.

2. Хохирогч Б.А-ын малыг анхнаасаа залилах санаа агуулаагүй гэрээ хийж авсан. Төлөх ёстой 41.000.000 төгрөгөөс 10.200.000 төгрөгийг анхнаасаа үе шаттай төлж эхэлж үлдсэн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломж байсан боловч хохирогч Б.А нь цагдаад гомдол гаргасны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байцаагч дээр байн байн дуудагдах, мэдүүлэг өгөх, сэтгэл түгших, сандрах зэрэг асуудал гарч юу ч хийх боломжгүй болж төлбөр төлөх явц зогссон.

3. Хохирогч Б, Ө нарын малыг ч завших, үрэх төлөвлөгөөтэй аваагүй өсгөх, мөлжих бодолтой байсан боловч хүүхдийн өвчин хүндэрч хүүхдээ амьд байлгахын тулд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсандаа гэмшиж байна. Түрээсийн гэрээгээр маллахаар тохирсон эхний жилийн төлийн үнэ болох 14.000.000 төгрөг өгөх ёстой байснаас 11.000.000 төгрөг төлөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг төлж чадаагүй. Бага хүү Ц.Эрдэнэжаргалыг би өөрийн төрсөн ах Т.Алтангэрэлдээ үрчлүүлсэн боловч өргөж авсан ээж нь 1 дүгээр ангид байхад нь нас барж тэтгэврийн насны хөл муутай аавтайгаа амьдардаг болохоор бидний тусламж дэмжлэг байнга хэрэгтэй болдог. Миний ээж Д.Алтанцэцэг нь одоо 85 настай сонсгол, хөл үе мөчний бэрхшээлтэй, надтай цуг амьдарч байнгын миний асаргаанд байдаг болно.

4. Гэр бүлийн хүнд нөхцөл байдлаас болж өрийн сүлжээнд орж өрөнд орох эхлэл тавигдсан. 2015 оноос 2021 он дуустал орлогоо ахиулах юу ч хийх боломж байгаагүй. 2022 онд хуц, ухна цуглуулж маллах төлөвлөгөөтэй байсан боловч өргөдөл, гомдол, мөрдөн байцаалтын асуудал гарч төлөвлөсөн ажил маань зогссон.

5. Хуц ухныг ойр хавийн ах дүү, нутаг орныхон бидэнд туслах зорилгоор маллуулахад 700-800 толгой орчим буюу хуц 500 орчим, ухна 300 орчим цуглах боломжтой. Цуглах хугацаа өвөлжилтийн байдлаас болоод 12 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний хооронд, тарах хугацаа намар 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 01-ний хооронд байдаг.

Хуц, ухна маллах ашиг тоймлоод бодоход 300 ухна х 600гр=180кг ноолуур, 180кг х 120.000=21.000.000 төгрөг, 500 хуц х 2кг=1000кг ноос, 1000кг х 2000 төгрөг=2.000.000 төгрөг.

Хөлс нь 500 хурга х 70.0=35.000.000 төгрөг, 300 ишиг х 40.0=12.000.000 төгрөг.

35,000,000+12,000,000 төгрөг=47,000,000 төгрөг,

47.000.000+21.000.000=68.000.000 төгрөг,

68.000.000+2.000.000=70.000.000 төгрөг.

 

Үүний хажуугаар өдрийн орлоготой ажил хийх төлөвлөгөө

Бүтээгдэхүүний нэр

Нэр бүрийн үнэ

Өдөрт 10 кг

Сард төгрөг

Шөлний боорцог

7000 төгрөг

7.000 төгрөг

2.100.000

Энгийн боорцог

7000 төгрөг

70.000 төгрөг

2.100.000

Жигнэсэн гурил

3000 төгрөг

15.000 төгрөг

450.000

Хайрсан гурил

3000 төгрөг

15.000 төгрөг

450.000

Бүгд

 

170.000

5.100.000

 Үүнээс: материал=40%-2.000.000, урсгал зардал 10% -500.000, ашиг 50%-2.500.000

2023 онд зав чөлөөндөө хоол, боорцог хийх, хоолны материал бэлдэж Блуулах ажил хийж ямартай ч нэмж өр тавиагүй амьдралын ойр зуур зардалд мөнгөө залгуулсан. Энэхүү жилийн орлого, өдрийн орлоготой ажил хийхийг дэмжинэ үү.

6.Миний хүү Ц овогтой Дансран /талийгаач/ нь 2015, 2016 онуудад цахилгаан менингит оноштойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт удаан хугацаагаар хэвтэхэд нь би өөрийн биеэр байнга сахисан. Энэ хугацаанд бие нь сайжрахгүй байсаар 2017 оноос “Бөөрний архаг дутагдал” оноштойгоор бөөрний гемодиалицын аппаратад байнга орсоор 2021 оны 9 сард нас барсан. Энэ 7 жилийн хугацаанд эмчилгээний явцад маш их хүндрэл гарч гаднаас авах эм тариа, шинжилгээ оношлогооны зардал, олон удаагийн диализын гуурсны зардал, мэс ажилбарын зардал өссөөр байсан. 2020 оны 7, 8 дугаар сард “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2 удаа хэвлийн хөндийн хагалгаанд орж аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт удаа дараа олон хоногоор хэвтэхэд нь би өөрийн биеэр байнга сахиж асрах төдийгүй цэвэр, дулаан орчинд байх шаардлагатай байсан учраас байр түрээслэх, унаа тэрэгний асуудал гэх мэт зардал улам ихэссэн. Талийгаач хүүгийн 6-11 насны 2 өнчин хүүхэд маань ээж нь Солонгос улс руу явсан багаасаа бидний асаргаанд өссөн болохоор биднийг байнга асууж сурж санаж бэтгэрч байна.

Миний хоёр дахь хүү Ц овогтой Цэрэндорж нь 2023 оны 5 дугаар сараас эхлэн уушигний сүрьеэ оноштойгоор эмчлэгдэн 9,10 дугаар сард аймгийн эмнэлэгт хэвтэхэд нь би өөрөө сахиж одоогоор удаан хугацаагаар эмчийн хяналтад байх шаардлагатай хөдөлмөр хийх чадваргүй болон 0-8 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Ам бүлийн данс тусдаа ч гэсэн яг амьдрал дээр нөхцөл байдал хүнд болно.

Миний охин Ц овогтой Тунгалаг нь 11 дүгээр ангид сурдаг ч өсвөр шилжилтийн насных учраас аав, ээж хоёр нь хоёулаа шийтгүүлэх нь хичээл сурлага, сэтгэл санаанд нөлөөлөх, сэтгэл гутралд орох маш хүнд асуудал үүсэж байна.

7. Миний тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа учир бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ авах шаардлагатай байгаа болон тэтгэврээ аваад эхэлбэл хохиролдоо нэмэрлэх боломжтой байна. Ээжийн авга ах Даржаагийн Дашжамцийн хэлмэгдсэн цагаатгалын асуудлыг хөөцөлдөж энэ нь бидний хохирол төлөхөд эерэгээр нөлөөлөх юм. Даржаагийн Дашжамц нь ганц бие хүн байсан учраас миний ээж Далх овогтой Алтанцэцэгт олгогдох боломжтой. Ээж Д.Алтанцэцэгийн аав Даржаагийн Далх, ээжийн аавын дүү Даржаагийн Дашжамц нар төрсөн ах дүү нар бөгөөд ээж Алтанцэцэгт олгогдох цагаатгалын мөнгө нь надад ирэх боломжтой юм.

8. Бусдыг хохироосон гэм буруутай үйлдэлдээ шүүгдэгч Т.Оби маш их гэмшиж байна. Хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэж байна. Цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Ар гэрийн хүнд нөхцөл байдал, хохирол төлөх боломж, хугацаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.О өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд

Шүүгдэгч Т.О өөрийн нөхөр Б.Ц-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б, Өнарын итгэмжлэн хариуцуулсан 400 тооны эм хонийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Од оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар өршөөн хасахаар байхад шүүх түүнд өршөөл үзүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Иймд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болно.

Т.О нь хохирогч Ц.Ө-д учруулсан хохирлыг төлж ирсэн, нөхөн төлөхөө илэрхийлж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах санал гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирлыг бүрэн төлж, түүнийг хохиролгүй болгоно.

Хоёр: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд;

Т.О нөхөр Б.Ц хохирогч Б.А-ын эцэг Ц.Базаррагчаатай анх тохиролцон тухайн мал худалдах, худалдан авах гэрээг өөрөө дангаар хийсэн. Т.О яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Мал худалдан авах шийдвэрийг манай нөхөр Б.Ц гаргасан, би санаачилж тухайн хэрэгт оролцоогүй” гэж мэдүүлсэн төдийгүй өөрийн нөхрийн хүсэлтээр малыг хүлээн авахаар хамт очсон. Гэрээгээр тохиролцсон хугацаандаа малын үнэ төлбөр болох 8.000.000 төгрөгийг өөрийн данснаас төлбөр авагчид шилжүүлж үнэ хөлсийг төлж ирсэн зэрэг түүний оролцооны шинж үгүйсгэгдэж байхад “гэрээгээр халхавчлан Б.А-ын 368 тооны бог малыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үнэ мөнгийг төлөхгүй залилсан” гэж дүгнэж, Б.О данснаасаа мөнгө шилжүүлж төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн, тухайн гэмт хэрэгт гэр бүлийн хүмүүс /нөхөр, эхнэр/-ийг хүчээр хоморголон хамаатуулж тэднийг гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ /бодит/ байдалд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, Б.Б.А-ын эцэг, хохирогч Ц.Базаррагчаа, шүүгдэгч Б.Ц нарын хооронд мал худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахад Т.Оогт оролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн гэрээгээр үүрэг хүлээгээгүй байхад тэднийг гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.А-ын малыг шилжүүлэн авч үнийг төлөхгүй залилсан гэж О-ыг прокурор ялласнаар шүүх түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Т.О нар нь тухайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдахаасаа өмнө 8.000.000 төгрөгийг өөрийн гэр бүлийн өмнөөс гэрээний үүргийн дагуу төлсөн, 33.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шүүх 41.700.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүх хэт яллах тал руу хэлбийсэн дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

Шүүхээс ийнхүү Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ хөдөөгийн нүүдэлч малчин түмний амьдралын хэв, ёс уламжлал, тухайлбал, малчин гэр бүлийн харилцаанд алив гадагш чиглэсэн шийдвэрийг өрхийн тэргүүн нөхөр нь гаргаж, эхнэр, гэр бүлийн бусад гишүүд түүнд туслах чанартай оролцдог тэдний ажил амьдралын өвөрмөц ёс, хэв, уламжлалыг харгалзан үзэлгүйгээр О-ыг нөхөртэйгөө бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй юм. Иймд бусдын малыг бүлэглэн залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан гэх Т.О үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, мөрдөн байцаалтад шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн, хохирлын зарим хэсгийг төлж ирсэн байхад зөвхөн хохирогч талын гомдол хүсэлтийг хангаж, “хохирол нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээгээгүй” гэх үндэслэлээр түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцээгүй. Од ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугийн шинж, тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байх тул туйлын гомдолтой байна.

Шүүх яллах чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага биш бөгөөд шүүхийн жинхэнэ мөн чанар нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ ямагт төвийг сахих байр сууринаас хандаж, хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс харгалзан үзэх хэд хэдэн хүчин зүйлүүдийг тогтоосны дотор “хэрэг үйлдсэн нөхцөл байдал” гол байр суурь эзэлдэг. Гэтэл Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр улсын яллагч, прокурор нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцооны шинжийг харгалзан О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 /зургаан/ сар хорих ял оногдуулах санал гаргасан байхад саналыг үгүйсгэн түүнд 2 жил 6 сар хорих ял оногдуулахаар ял шийтгэлийг илтэд хүндрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд огтхон ч нийцээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5/тав/ өдрөөр завсарлуулахаар шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан саналыг ч хүлээн авалгүйгээр эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь шүүх яллах талыг хэт баримталсан гэж ойлгогдохоор байна.

Т.О холбогдсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүд байсан. Тухайлбал түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын заримыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг гүйцэд харгалзан үзсэнгүй.

2. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөвхөн цээрлүүлэхдээ гол нь бус, гэмт хэргийн улмаас бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэдгээрээ өмнөх 2002 оны Эрүүгийн хуулиас ялгагдах онцлогтой.

Эл зорилгыг хангах үүднээс гэм буруутай нь тогтоогдсон, ялангуяа анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээд, хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдэд хорих, цээрлүүлэхийг урьтал болгохоос сэрэмжилж эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг өргөтгөн түүнийг аль болох түлхүү хэрэглэхээр хуулийн үзэл баримтлалд тусгасан байхад амьдралын гачигдлаас, тухайлбал бөөрний архаг дутагдлаас улбаатайгаар байнгын хэвтэрт орж 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл дөрвөн жилийн туршид эцэг, эхийнхээ асрамж, эмнэлгийн хяналтад үхэл, амьдралын зааг дээр олон жил эмчлүүлж байсны эцэст нас барсан ууган хүү Ц.Дансрангийнхаа амь насыг аврах, эдгэрүүлэхээр эмчилгээний зардал босгох, эмчилгээнд зарцуулсан зээлээ нөхөн төлөх зорилгоор, өөрийн гэр бүлд тохиолдсон амьдралын гачигдлаас улбаалан тухайн гэмт хэрэгт холбогдсон нь энэ хэргийн гол нөхцөл шалтгаан юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл”-д тооцогдохоор байхад шүүх үүнийг огт харгалзан үзсэнгүй. Ийнхүү тухайн хэргийн онцлог нөхцөл, гэмт хэрэгт өөрийн авааль нөхөр Б.Цийн хамт хорих ял шийтгүүлснээс 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн шилжилтийн насны буюу дөнгөж 16 нас хүрч яваа дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч ганц охин Ц.Тунгалаг нь ээж, аавын халамж, асрамжаас ангид гэртээ ганцаар үлдсэн нь өсвөр насны охины сэтгэл зүй, цаашдын хүмүүжилд хэрхэн нөлөөлөх нөхцөл байдлыг ч хүүхдийн эрх хамгааллын үүднээс үл харгалзан эрх зүйн боловсрол дутмаг, жирийн нэгэн эх, малчин бүсгүй Од өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн учир 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс даган мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хэргийн улмаас учруулсан бодит хохиролд шүүхийн шатанд нөхөн төлж цаашид ч үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй, шүүгдэгчийн 16 настай охин нь ойр дотны харгалзан дэмжих, асрах хүн үгүй үлдэж буй амьдралын нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд харгалзан үзэх хэргийн онцлог нөхцөл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-д бүрэн нийцнэ гэж үзэж байна.

Гурав: Хохирол, нөхөн төлүүлэхтэй холбогдсон тогтоолын дүгнэлт, үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч О-д холбогдох Ө нарын 400 эм хонийг завшсан гэх үйлдэл холбогдолтой хэрэгт хохирлын хэмжээ үндэслэл муутай тогтоогдсон гэх үндэслэлээр шүүх хуралдаанд дахин шинжээч томилуулахаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаагүйд гомдолтой.

Учир нь хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК нь Б.А-ын 368 тооны бог малыг 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үнэ мөнгийг төлөхгүй залилсан гэх гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 07/374 дугаартай үнэлгээний дүгнэлтдээ эм хонь нэг бүрийг 116.800 төгрөгөөр үнэлсэн атлаа түүнээс хоёр жилийн өмнөх буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд завшсан гэх 400 тооны эм хонийг нэг бүрийг 166.400 төгрөгөөр үнэлснээс /2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07/357 дугаартай дүгнэлт/ үзэхэд хохирогч Ө нарын малыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна. Гэтэл эд зүйл, ялангуяа малын үнэ ханш жил бүр өсөж ирснийг хүн бүр мэднэ шүү дээ. Иймд өөр шинжээч томилж хохирогч Ц.Ө-ын малын үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байсан гэж үздэг.

Иймд шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон хэргийн онцлог нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан өөрчлөлт оруулж, Од холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэв.

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 1. Өмгөөлөгч би шүүгдэгч Б.Ц Т.О нарын анхны шатны шүүх хуралд хамтад нь өмгөөлөхдөө уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулж дүгнэлтэд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, шинжээчийн дүгнэлтүүд малын үнэлгээ хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, миний үйлчлүүлэгч Б.Цийг дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр шүүх хурлаас өмнө цагдан хорьсон талаар улсын яллагч мэдэж байж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2, 4, 5, 7 заалтуудыг зөрчиж хэргүүдийг нэгтгэж шүүхэд шилжүүлээгүй зэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлтэй байгаа тул шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар маш дэлгэрэнгүй ярьж мэтгэлцсэн.

Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн дээрх заалтуудаас зөвхөн шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид танилцуулаагүй үндэслэлийг хүлээн авч бусад үндэслэлүүдэд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг 60 хоногоос хэт бага 30 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч нараар шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө шинжээчийн дүгнэлтүүдэд гарын үсэг зуруулж хэрэг дахин үргэлжилж явагдсан. Ингэж үргэлжлэн явагдахад шүүгдэгч нар тус тусдаа өмгөөлөгч Д.Гансүх, С.Сувдмаа нараар өмгөөлүүлсэн.

2. Анхан шатны шүүх хурал үргэлжилж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хохирогч нарт хохирол төлөх зорилгоор хуульд заасан 5 хоногийн хугацааг авах саналыг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж хурлаа шууд үргэлжлүүлэн шүүгдэгч нарт ял оногдуулсан. Анхан шатны шүүх хохирогч нарт төлөх хохирлыг нэн тэргүүнд төлүүлэх шаардлагатай гэж үзэхийн оронд харин шүүгдэгч нарт хурдан ял шийтгэл оногдуулж хорих нь шүүхийн нэн тэргүүний зорилго байсан.

3. Хэрэгт яллагчаар оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар хорих ял оногдуулах санал оруулж Б.Цийн ял эдлэх дэглэмийг хаалттай хорих ангид эдлүүлэх санал ч гаргаагүй.

4. Б.Цийн хэргийн талаар:

А. Хохирогч Ц.Өын өмчлөлийн 400 эм хонины талаар: Энэ үйлдэлд шүүгдэгч анхнаасаа өмгөөлөгч авч мэтгэлцэж, шинжээчийн дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж үнэлүүлсэн бол зүйлчлэлд өөрчлөлт орж болох талтай байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Өд шууд учирсан нэг хонийг 166.400 төгрөгөөр бодож 66.560.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 400 эм хонийг хариуцан авсан. Энэ үеийн 2019 оны зах зээлийн эм хонины ханшаар төлбөрийг тооцох ёстой гэж үзэж байна.

Тодруулбал: Ц.Өын нэг эм хонины үнэлгээ бусад хохирогч нарын үнэлсэн эм хонины үнэнээс хэт их өндөр үнэлсэн байсан. “Эй жэй жэй эм” ХХК хохирогч Ц.Өын нэг эм хонь 166.400 төгрөгөөр нийт 66.560.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгвэл “Эй Жэй Жэй Эм” ХХК хохирогч Цагдаагийн Ерөнхий газрын малыг үнэлсэн 2022 оны байдлаар нэг эм хонийг 102.000 төгрөгөөр, хохирогч А.Ариунболдын /2022 оны 8 дугаар сарын 09-ний үеийн үнээр үнэлэх/ хамгийн сүүлийн үйлдэл 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэг эм хонийг 150.400 төгрөгөөр үнэлсэн байдаг. Эндээс харахад дараа нь үйлдэгдсэн Цагдаагийн Ерөнхий газрын эм хонь үнэлсэн үнэлгээ болох 102.000х400 эм хонь, нийт 40.800.000 болсон нь зүйлчлэлд ч өөрчлөлт орж болохоор харагдаж байгаа.

Б. Цагдаагийн Ерөнхий газрын өмчлөлийн 623 тооны хонь, 3 тооны адууны талаар: Уг хэргийг улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд дутаасан гэж үзсэн. Гэтэл хэрэг шүүхэд очих хүртэл хугацаанд Б.Ц, Т.Онарыг огт өмгөөлөгчгүйгээр өөрсдөөр нь хэргийг нь яриулж мэдүүлэг авч дээрх 623 тооны хонь, 3 адууг алийг нь завшсан, хэдийг нь үрэгдүүлсэн дутаасан талаар нарийн шалгахгүйгээр нийт малыг завшсан гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Хавтас хэрэгт Б.Ц, Т.Онар мэдүүлэг өгч бичиг хийж өгөхдөө цөөн хэдэн мал өмнөх жилийн зуднаар үхэж хорогдсон. Мөн гурван адуу тухайн үед шуурганд уруудсан байсан. Гэхдээ хүний юмыг өсгөж өгнө гэж авсан юм чинь мал үхсэн шалтгаануудыг хэлээгүй. 2021 оны 7 дугаар сард бүгдийг нь зараад дууссан гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл байгууллагаас 2022 оны эхний хагас жил хүртэл мал бүрэн байсан, 2022 оны сүүлийн хагас жилээс дутагдуулсан гэдэг нь худлаа юм. Цагдаагийн Ерөнхий газар малаа жил бүр нэг бүрчлэн нүд үзэж тоолдоггүй, малчдын хэлснээр бичиж тоолдог гэдэг нь хохирогч байгууллагаас өгсөн мэдүүлгээр манай албан хаагчид малчин биш болохоор нүд үзэж тоолдоггүй байсан гэж мэдүүлсэн байдаг.

Цагдаагийн Ерөнхий газар нь төлбөрт нэлээд олон тооны малыг шүүгдэгч нараас авсан байдаг. Ингэж авахдаа зах зээлийн үнээр орлогод аваагүй, өөрийн байгууллагын дансны үнээр авсан байдаг. Шүүгдэгч нараас төлбөрт авсан малыг зах зээлийн үнээр тодруулбал шинжээчийн гаргасан малын үнэлгээгээр орлогод авах ёстой байтал шүүх ч үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй шүүгдэгч нарыг хохирсон дээр нь улам хохироосон. Үүнийг нэг бүрчлэн тодруулахад:

Цагдаагийн Ерөнхий газар 2 адууг нэг бүрийг нь 397.880 төгрөгөөр бодож 795.760 төгрөгөөр өрөндөө авсан байдаг. Харин хэрэгт байгаа шинжээчийн 07/374, 07/40 дугаар дүгнэлтүүд малын зах зээлийн 2022 оны үнэлгээ /2хх-ийн 30-42, 3хх-ийн 03-15 дугаар хуудас үнэлгээгээр дүгнэлтүүдийг харьцуулан тооцов/ Б.Аын үнэлгээгээр тооцоход 2 адууг нэг бүрийн үнэ 911.000 төгрөг, 2 адууг 1.822.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүний зөрүү 1.028.240 төгрөг болж байна.

Эр ямаа /Блон 1 настай/ 21 тооны, байгууллага нэг бүрийг 43.092 нийт 904.932 төгрөгөөр орлогод авсан. Гэтэл Шинжээчийн дүгнэлтээр 21 толгой эр ямааг нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 1.470.000 төгрөг, үүний зөрүү 565.060 төгрөг.

Эм ямаа /1 настай/ 8 толгой, байгууллага орлогод авахдаа нэг бүрийн үнийг 43.092 төгрөг, нийт 344.736 төгрөгөөр авсан бол шинжээчийн дүгнэлтээр 8 толгой эм ямаа нэг бүрийг 70.000 төгрөгөөр бодож нийт 560.000 төгрөг, зөрүү нь 215.264 төгрөг.

Эр ямаа /2 настай шүдлэн/ 3 толгой, нийт 166.926 төгрөгөөр орлогод авсан. Шинжээчийн дүгнэлтээр нэг бүрийн үнэ 96.600 төгрөг, нийт 289.800 төгрөг, зөрүү 122.874 төгрөг.

Эр ямаа /2 настай/ 1 толгой, нэг бүрийн үнэ 55.642 төгрөгөөр орлогод авсан. Шинжээчийн дүгнэлтээр 96.000 төгрөг, зөрүү нь 40.950 төгрөг.

Эм ямаа 22 толгой нэг бүрийн үнэ 56.061 нийт 1.277.342 төгрөгөөр орлогод авсан бол шинжээчийн дүгнэлтээр 22 эм ямаа нэг бүрийн үнэ 100.100 төгрөг, нийт 2.202.000 төгрөг, зөрүү 924.850 төгрөг.

Эм хонь 6, нэг бүрийг 63.840 төгрөг, нийт 383.040 төгрөгөөр орлогод авсан бол шинжээчийн дүгнэлтээр 6 эм хонь 102.000 төрөг, нийт 612.000 төгрөг, зөрүү 228.960 төгрөг.

Эр хонь 1 толгой, нэг бүрийн үнэ 76.076 нийт 76.076 төгрөгөөр орлогод авсан бол шинжээчийн үнэлгээгээр 1 эр хонь 129.000 төгрөг, нийт 129.000 төгрөг, зөрүү нь 52.000 төгрөг.

Эм хонь /1 настай төлөг/ нэг бүрийн үнэ 47.880 төгрөгөөр орлогод авсан, шинжээчийн үнэ 66.100 төгрөг, зөрүү нь 18.220 төгрөг.

Эр хонь /1 настай төлөг/ 2 толгой, нэг бүрийн үнэ 47.800, 95.760 төгрөгөөр орлогод авсан, шинжээчийн дүгнэлтээр нэг бүрийн үнэ 66.100 төгрөг, нийт 132.200 төгрөг, зөрүү 36.440 төгрөг.

Шүүгдэгч нарын Цагдаагийн Ерөнхий газар өрөндөө өгсөн нийт 67 малыг байгууллага орлогод авахдаа өөрийн дансны үнээр 4.148.094 төгрөгөөр бодож авсан. Байгууллага шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зах зээлийн үнээр үнэлж авсан бол 3.231.782 төгрөг нэмэгдэж, өгсөн хохирлын мөнгө нь 7.379.867 төгрөг төлсөн байхаар, Цагдаагийн Ерөнхий газрын үнэлгээгээр харьцуулахад 1.362.784 төгрөгийн зөрүүтэй харагдаж байхад анхан шатны шүүх шүүгдэгч нараас хохирогч нарт төлөх ёстой төлбөрийг болохоор зах зээлийн үнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа, шүүгдэгч нараас байгууллагад төлөх ёстой хохирлыг болохоор байгууллагын дансны үнээр орлогод авсан байдлыг зөвтгөсөн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-ийн Цагдаагийн Ерөнхий газарт төлөх 52.523.500 төгрөгөөс Б.Аын үнэлгээтэй харьцуулсан зөрүү 3.221.782 төгрөгийг хасаж тооцуулж 49.301.718 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын малын үнэлгээтэй харьцуулж бодвол 1.362.784 төгрөгийг хасаж тооцвол 51.160.716 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэх байсан.

Хохирогч байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Г.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “малчин Б.Ц байгууллагад нийт 623 тооны хонь, 3 тооны адуу, нийт 626 тооны мал дутаасан байна. Байгууллагын алба хаагч нарын хувьд малчин бус учир малыг сайн зүслэх боломжгүй юм. Тооллогын комиссын хувьд тоог нь тоолохоос нас зүсээр нь тоолох боломжгүй байсан. Б.Цийн зүгээс 24 тооны ямааг 919.298 төгрөгт бодуулж өгсөн. Иймд 35.408.784 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Ц-ээс оны өмнө 2022 оны 12 дугаар сард 24 тооны бог мал буюу 919.298 төгрөгийн хохирол барагдсан. /Энэ 24 тооны бог мал нь ямар зүсний мал байсан хэдэн төгрөгөөр үнэлсэн нь нарийн харагддаггүй бас л байгууллагын дансны үнээр авсан байдаг/. Оны дараа 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 63 тооны бог мал хүлээн авсан боловч 2 бог нь орлогод авахаас өмнө үхсэн тул тооцоогүй. /Хүлээлгэж өгсний дараа үхсэн малыг яагаад хасаж байгаа нь ойлгомжгүй/. Ингээд 67 мал 4.148.094 төгрөг хохирлоос хасаж тооцно гэж мэдүүлсэн. Хохиролд өгсөн 2 адууг нэг бүрийг нь 397.880 төгрөг, нийт 795.760 төгрөгөөр бодож байгууллагын дансны үнээр орлогод авсан. Одоо байгууллагын дансны үнээр нийт 31.260.690 төгрөг нэхэмжилж байна. Хохирлын тооцоон дээр эргэлзээтэй дээрх 24 бог мал дээр 63 бог, 2 бод нэмэхээр нийт 89 мал болж байхад нийт 67 малын үнэ болох хохирлыг 4.148.094 төгрөг өгсөн, түүнийг хасуулна гэж хэлж байгаа нь ойлгомжгүй, шүүх энэ тооцоог ч нарийн гаргаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүдэгч нарыг хохирогч байгууллагад төлсөн хохирлыг байгууллага дансны үнээр орлогод авсныг хүлээн зөвшөөрсөн шигээ хохирлыг байгууллагын дансны үнээр бодож төлүүлж хэргийг зүйлчлэн шийдвэрлэх эрх нь байсан. Энэ нь тэгш шударга ёсны зарчимд нийцэх юм. Дээрх байдлуудаас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч байгууллагад ашигтай, шүүгдэгчид хэт их хохиролтойгоор шийдвэрлэсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн.

В. Хохирогч Б.А-ын үйлдэлд: Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Базаррагчаатай бог мал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээндээ нийт 358 бог малыг нийт 41.700.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэх, үлдсэн 31.700.000 төгрөгийн 15.000.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор, үлдсэн 16.700.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5%-иар алданги тооцохоор талууд тохиролцож Г.Ц Ц.Базаррагчаа нар гарын үсэг зурсан байна.

Аливаа гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Хохирогч Б.А гэрээ байгуулах өдөр Б.Ц ганцаараа ирсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэгвэл дээрх гэрээнд эхнэр Т.О ямар нэгэн гарын үсэг зурж үүрэг албан ёсоор хүлээгээгүй байхад прокуророос хамтран оролцогч, үүрэг хүлээсэн этгээд гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн, мөн шүүх ч түүнийг үүрэг хүлээсэн этгээд гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй.

Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5% алданги тооцохоор гэрээг анхнаасаа гэрээний талууд харилцан тохиролцож байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэх асуудал юм. Худалдагч тал, худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан алданги нэхэх эрх нь нээлттэй тул иргэний шүүхээр явахад алданги бодогдож харин өөрт нь ашигтайгаар шийдвэрлэгдэх боломж үүсэх байсан.

Энэхүү гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээ хийсэн өдрөө Б.Ц 3.000.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын дунд үеэр 4.000.000 төгрөг, түүний дараа 1.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг гэрээ дуусахаас өмнө цагдаагийн байгууллагад өгөхөөс өмнө гэрээний сүүлчийн хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн өгсөн байхад энэ үе шатуудтай өгсөн мөнгийг нийт худалдан авсан 41.700.000 төгрөг, гэрээг халхавчлан залилсан гэх нийт мөнгөнд оруулан шүүх тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв энэ асуудлыг гэрээний үүргийн харилцаа гэж үзэхгүйгээр эрүүгийн гэмт хэрэг гэж үзвэл хугацаандаа төлөөгүй буюу гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 31-нээс хойш хугацаанаас эхлэн төлөгдөөгүй үлдсэн мөнгийг залилсан гэж үзэх ёстой. Харин цагдаагийн байгууллагад хандсаны дараа өгсөн 2.200.000 төгрөг бол дээрх өгсөн мөнгөнөөс ялгаатай юм. Иймд гэрээний үе шатанд хугацаандаа өгөөгүй 33.700.000 төгрөгийг залилсан гэж үзэх талтай.

Шүүгдэгч өрхийн тэргүүн хэргийн холбогдогч Б.Цийг шүүх хурлаас өмнө цагдан хорьсон нь хохирлыг төлөх ажиллагааг улам хүндрүүлсэн. Хэрвээ Б.Ц шүүхээс хэрэг хойшлуулсан 30 хоногийн хугацаанд гадуур байсан, мөн шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага өгсөн бол хохирогч нарын хохирол нэлээд цэгцрэх байсан. Яагаад гэвэл Б.Ц нь эхнэр О-ыг бодвол ах дүү олуулаа хүн. Одоо шүүгдэгч нарын ар гэр, ах дүү нар нь давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирогч нарын хохирлыг чадах чинээгээрээ төлж барагдуулна гэсэн.

Анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талын маргаантай асуудал гэдгийг нэг талаас нь харах, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нар хохирогч нарт учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байхад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан доод хэмжээнээс хэт дээш, мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан ялын дээд хэмжээгээр ял оногдуулж хөнгөн хэргийг хүндэд нь багтаахдаа бүх ялыг нэмж нэгтгэсэн. Мөн миний үйлчлүүлэгч Б.Цийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан явдалд гомдолтой байна.

Иймд дээрх дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд ирсэн байгаа нэг зүйл ангиар зүйлчлэгдэх үргэлжилсэн үйлдэлтэй хэрэгтэй нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Хэрвээ хэргүүдийг нэгтгэх боломжгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгч Б.Цэд оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтаан анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас доош татаж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.О өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Аын 368 тооны малыг гэрээгээр халхавчлан залилан авсан гэж яллаж байгаа бол уг гэрээг нь дүр үзүүлэн хийсэн гэрээ, хэлцэл байсан гэдгийг прокуророос заавал тогтоох ёстой байсан. Мөн анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заагаагүй буюу гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр хэт өндөр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Ц ээс: Тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй болсон. Харин шүүхээс хорих ял оногдуулахдаа улсын яллагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан ялын саналаас дээгүүр ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ц, Т.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гансүх, шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон гэж үздэг. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно хэмээн заасан.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь аж ахуйн нэгж байгууллага болон иргэдээс өөрийн өмчийг хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн өгснийг үүрэг хүлээн хариуцсан этгээд эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авч захиран, зарцуулсан идэвхтэй үйлдэл байх ба ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг төлөхгүй, өөрийн өмч мэт эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг бол уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлагдсан ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Б.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын санхүү, ар талын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 242 тоот тушаалаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээт малчнаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байсан талаар хавтаст хэргийн 2-р хавтас 106-118-р талд авагдсан нотлох баримтад тусгагдсан байхад прокуророос хэрэглэвэл зохих хуулийн хэсэг, заалтыг хэрэглэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн гэмт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

6. Мөн хэргийн завшсан хөрөнгийн хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар эргэлзээгүй тогтоох нь нотолбол зохих байдалд зүй ёсоор тооцогдох учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Ц, Т.О нарын завшсан гэх Цагдаагийн ерөнхий газрын 623 тооны бог мал, 3 тооны бод мал буюу морь нь тухайн байгууллагын дансанд нийт 36.328.082 /гучин зургаан сая гурван зуун хорин найман мянга наян хоёр/ төгрөгөөр үнэлэгдэн тусгагдсан байхад Хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/40 дугаар “Үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт”-ээр /хх-ийн 3-р хавтас 02-15-р тал/ 56.571.600 /тавин зургаан сая таван зуун далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гэж,

Хохирогч Б, Ө нарын 400 тооны эм /шүдлэн/ хонийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комисс нэг бүрийг 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг буюу нийт 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгөөр /хх-ийн 1-р хавтас 36-р тал/ үнэлсэн байхад Хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07/357 дугаар “Үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт”-ээр /хх-ийн 1-р хавтас 60-р тал/ 66.560.000 /жаран зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг гэж тус тус илт, харилцан зөрүүтэй үнэлэгдсэн байхад прокуророос шүүгдэгч нарын уг үйлдэл холбогдлыг “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг баримтлан яллах дүгнэлт үйлдсэн, улмаар Б.Ц, Т.О нарын мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн шатанд хохиролдоо тооцон Цагдаагийн ерөнхий газарт төлсөн малыг тухайн байгууллагын дансны үнэлгээгээр тооцон хохирлоос нь хасаж тооцсон зэрэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж шүүгдэгч нарын завшсан гэх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй ч анхан шатны шүүх, прокурор нь мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан хүлээн зөвшөөрөхгүй байгаа шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн дансны тооцооллын үндэслэлийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолдоо дурдалгүй орхигдуулсан нь буруу, уг алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж зөвтгөн өөрчлөх боломжгүй болно.

8. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авч ханган, бусад хэсгийг болон шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

9. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Т.О хувийн болон гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Ц-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг болон хохирогч Ө нь тус шүүх хуралдаан эхлэхээс өмнө давж заалдах гомдлоосоо татгалзан болохыг тус тус дурдав.  

10. Тус давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ц, Т.О нарын хохирогч Б, Ө болон Цагдаагийн ерөнхий газрын хөрөнгийг завшсан, хохирогч Б.А-ын малыг залилсан гэх энэ хэрэгтээ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/479 тоот шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлэн цагдан хоригдож байх үедээ дахин мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, шүүгдэгч Б.Ц нь мөн зүйл хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэн, шүүгдэгч Т.Онь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлөгдсөн, уг шийтгэх тогтоолдоо энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн эсэх нь ч тодорхой бус, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон.

11. Дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй гэж заасны дагуу шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй хэдий ч уг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг зөв хэрэглэн шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа ба энэ нь цаашид нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ч сөргөөр нөлөөлж болохуйц хуулийн ноцтой зөрчилд хүргэж болзошгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/479 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, бусад хэсгийг болон шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ц-эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                          ШҮҮГЧИД                                   З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                 М.МӨНХДАВАА