Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2021/00010

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймгийн П-ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багт оршин суух, ДЙ............... регистрийн дугаартай, Ө овгийн Д.Д холбогдох,

Амьтны аймагт учруулсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Д.Д /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн П-ын газрын хяналтын прокурор Б.О би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж нэхэмжлэгчийг төлөөлж байна. Иргэн Д.Д нь 2019 оны 03 дугаар сард Говь-Алтай аймгийн Т сумын Төгрөгийн эх багийн Ялаат гэх газарт дүү У.А-ын хамт адуундаа явж байгаад нэн ховор амьтан болох цоохор ирвэс адууг нь идэж байхтай таарч, Ц.А-ын морь үргэж унах үед ирвэс Ц.А руу дайрахад эр бодьгал цоохор ирвэсийг СКС маркийн буугаар буудаж алсан үйл баримт тогтоогдсон байна. Гэвч иргэн Д.Д нь нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг буудаж алсан үйлдэл нь хууль бус боловч цоохор ирвэс дүү У.А руу нь довтолсон даруйд түүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор буудаж алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэж аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр прокуророос 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн Т сумын Төгрөгийн эх багийн нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сард нэн ховор амьтан болох нас бие гүйцсэн эр бодьгал цоохор ирвэс СКС маркийн буугаар буудагдан агнагдаж Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөгөөр үнэлэгдэж улсад учруулсан хохирлын дүгнэлтийг гаргасан байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу амьтны аймагт 22.400.000 төгрөгийн хохирол учирсан байна. Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Д.Д-ээс 22.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д миний бие 2019 оны 03 дугаар сард тус аймгийн Т сумын Төгрөгийн эх Ялаат гэх газарт хүргэн дүү У.А-ын хамт адуундаа явж байгаад цоохор ирвэс адууг маань барьж идэж байхтай таарч адуугаа салгаж авах зорилгоор чангаар дуу чимээ гарган орилж хашгираад ойртон очиход ирвэс зугтааж холдох нь байтугай харин ч өөдөөс архиран дайрах үед надтай хамт явж байсан хүргэн дүү У.А-ын унаж явсан морь нь үргэж бусгаад дүү маань мориноосоо унасан. Энэ үед цоохор ирвэс шууд л дүү рүү маань дайрч довтлоход би ч барьж идэх нь гэж айгаад буудсан. Тэр үед өлсөж цангасан араатан амьтан идэш хоолоо харамлаж дүү рүү маань улайран дайрч буй цоохор ирвэсийн аюулыг буудаж л таслан зогсоохгүйгээр өөр ямар ч арга замаар зайлуулах боломжгүй байсан. Би тухайн үед гарцаагүй байдлын улмаас ийм үйлдэл хийсэн, түүнээс биш ашиг хонжоо олох өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй болно. Ер нь сүүлийн жилүүдэд цоохор ирвэс манай сум орон нутгийн иргэдийн хотноос адуу малыг нь барьж идэх, амьтан хүн рүү дайрах асуудал ихээхэн гарч, сумын Засаг даргын Тамгын газарт энэ талаар иргэдээс гаргаж буй гомдол санал ихээхэн нэмэгдсэн тул энэ талаарх судалгааг гаргаж Улаанбаатар хотын Байгаль орчны газарт ирвэс хамгаалах төсөл хэрэгжүүлж буй Г-д хандаад байгаа гэсэн. Мөн 2020 оны 8 дугаар сарын эхээр миний төрсөн дүү Д.Ц-ийг хонинд явж байхад нэг ирвэс алсаас дагаад дөхөөд байхаар нь хонио гэр лүүгээ тууж ирсэн. Гэтэл дагаж явсаар гэрийн ойролцоо хүрээд ирлээ гэж надад утсаар хэлэхээр нь би тэр даруй нь сумаас хэсгийн төлөөлөгч Д.М, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Х нарт мэдэгдэж дагуулж очсон боловч явсаар байгаад харанхуй болсон үеэр очсон тул бараа нь харагдаагүй. Энэ мэтчилэн цоохор ирвэс хүн мал дагаж айлын хот руу дайрч мал барьж иддэг цаашлаад хүний амь нас эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй үзэгдэл нэмэгдэнэ үү гэхээс цөөрөхгүй байгаа нь тодорхой байхад сум орон нутгийн засаг захиргааны зүгээс араатан амьтнаас ард иргэдээ хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байж ядарсан муу иргэдээсээ хохирол төлбөр нэхэж байгаад маш их гомдолтой байна. Би цоохор ирвэсийг ашиг олох юм уу, өөр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс агнаагүй. Адуу идэж байхад нь таараад адуугаа амьтай байна уу гэж шалгах зорилгоор очиход орилж дайрахаар нь би сандраад буудчихсан. Хамт явж байсан дүү хүргэн мориноос унасан. Тухайн үед би тэр амьтныг буудаагүй бол манай дүүг бариад авах нөхцөл байдал үүссэн байсан. Би аргагүй нөхцөл байдлын улмаас дүүгийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж буудсан. Би тэр амьтны эд эрхтэн аваагүй, ямар нэгэн ашиг олоогүй. Ийм учраас нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү. Хоёрдугаарт би эрхэлж байсан ажлаасаа халагдсан. Эхнэр эрхэлсэн ажилгүй, 0-14 насны 5 хүүхэд байна. Мөн банкны өр төлбөр 10 гаруй сая төгрөг байна. Энэ цар тахлын үед яваад ажил хийх боломжгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа учир төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэх байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-ээс 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн П-ын газрын хяналтын прокурор Б.О би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 173 дугаар шийдвэрийг 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр: Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-ээс 22.400.000 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус аймгийн П-ын газраас нэхэмжлэлийн шаардлагаа Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дүгээр зүйлд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гаргасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын урьдчилан нөхцөл болох гэм буруутайгаар хохирол учруулсан байх гэсэн нөхцөл хангагдаагүй, иргэн Д.Д-ээс 22.400.000 төгрөгийг гаргуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан суурь зарчимд нийцэхгүй, учрах байсан хохирлын хэмжээг амьтны аймгийн тухайд бус харин цоохор ирвэсийн довтолгоонд өртөх байсан хариуцагч Д.Д-ийн дүү У.А-ын амь бие, эрүүл мэндтэй дүйцүүлж, учруулсан гэм хорын хэмжээ нь учрах байсан гэм хорын хэмжээнээс бага гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй” гэжээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтанд Цоохор ирвэс /Uncia uncial/ хамаарч байгаа бөгөөд мөн хуульд "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хэлдэг. Мөн Төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэж заагаад “Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, агнуур хийх үйл ажиллагааг явуулахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандана" гэсэн заалт байдаг.

Ирвэс нь байгальд өөрийн идэш тэжээл болдог аргаль янгир гэх мэт амьтдын сүргийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Сул дорой, өвчин эмгэгтэй нь ирвэсэнд амархан баригддаг учир сүрэг нь эрүүл байдаг. Монголд 1972 онд ирвэс агнахыг хуулиар хориглож, Улаан номд оруулсан. Дараа нь 1997 онд Монгол улс нэн ховор амьтны тоонд оруулсан бол олон улсад устах аюулд нүүрлэсэн амьтны тоонд оруулсан байна. 2006 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ байгуулагдсан бөгөөд нутгийн уугуул иргэд ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Дэлхийн Улаан номд бүртгэгдсэн устах аюул нүүрлээд буй амьтны жагсаалтад 1996 онд багтсан ирвэс одоогийн байдлаар манай Говь-Алтай, Хангайн нуруу, Хархираа, Түргэний уулс, Алтайн өвөр говьд 500 орчим ирвэс бий гэдэг албан ёсны судалгаа байдаг байна.

Анхан шатны шүүх “амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл нь гэм буруутай байхаар тайлбарлагдах бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог” гэж Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “гэм буруутай этгээд” гэдгийг шууд ингэж тайлбарласан нь үндэслэл муутай болсон байна. Учир нь иргэн Д.Д нь Дэлхийн улаан номд бүртгэгдэж, нэн ховор амьтны жагсаалтад багтсан, устах аюул нүүрлэсэн амьтныг агнасан үйлдэл, ирвэс агнагдаж амьтны аймагт учирсан хохирол хоёр нь шалтгаант холбоотой төдийгүй гэм буруутайгаар цоохор ирвэс агнасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Тухайлбал Д.Д нь уг цоохор ирвэсийг санаатайгаар агнасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч байхад шүүх гэм буруугүйгээр агнасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Д.Д нь улаан номонд бүртгэгдэж, нэн ховор амьтны жагсаалтад багтсан, устах аюул нүүрлэсэн амьтныг агнаж, төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэж, нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг бичнэ.

 Иймд Монгол Улсын Иргэний хэрэг хянан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шүүхийн 173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим”-д нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч тус аймгийн П-ын газар нь хариуцагч Д.Д-ээс амьтны аймагт учруулсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх Д.Д-ийн үйлдэл нь дүү У.А-т учирсан бодит аюулыг зайлуулах зорилгоор СКС маркийн карбин буугаар цоохор ирвэсийг буудаж алсан нь тулгарсан аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй, гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл байна. Д.Д-ийн үйлдэл гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдалд буюу гэм буруугүйгээр хохирол учруулсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гэрч Д.Д-ийн “Маргааш нь А-ыг дагуулаад адуун дээр очтол, сарвааг цоохор ирвэс барьчихсан идээд байж байсан. Дөхөөд очсоны дараа босоод жаахан явж байгаад эргэж хараад муухай дуугараад архираад байсан. Үүрч явсан буугаа мөрнөөсөө аваад байж байтал ирвэс хэвтэж байснаа А-ийн морь өөд ухасхийх шиг үйлдэл гаргах шиг болсон. А-ийн морь үргээд унасан. Би ирвэсийг чиглүүлээд нэг удаа буудсан. Ирвэс цааш буудуулсан газраасаа цааш хэд харайгаад газарт унасан байдалтай байсан гэжээ. /хх6/

 

Хэрэгт авагдсан /Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол х/х 5 дахь тал/ нотлох баримтаар хариуцагч Д.Д нь тухайн гарцаагүй нөхцөл байдлыг өөрөө бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар амьтны аймагт учирсан хохирол, гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

 

Д.Д ирвэс мал барьж байхад өөдөөс нь санаатайгаар дөхөж очсон аюултай нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр бий болгосон байна. Ирвэс рүү дөхөж очилгүй холоос хий буудаж үргээх, хөөн зайлуулах боломжтой байхад түүний зэрлэг амьтан руу аюултай байдлыг мэдсээр байж, У.А-ын хамт дөхөж очсон, зэрлэг амьтан өөрийн зөн совингоор идэш тэжээлээ хамгаалах зорилгоор дайрахад нэг удаа чиглүүлэн буудаж амьтны аймагт хохирол учруулжээ.

 

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ирвэсний экологи-эдийн засгийн үнэлгээг 11.200.000 төгрөгөөр тогтоосон, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Харин Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагч Д.Д нь нэн ховор амьтанд тооцогдох цоохор ирвэсийг хэдий ашиг олох, зугаацах зэргээр тодорхой зорилго агуулаагүйгээр СКС маркийн карбин буугаар эр бодьгал цоохор ирвэсийг буудаж алсан нь гарцаагүй байдлын улмаас уг үйлдлийг хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй учраас Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул дээрх үнэлгээгээр нөхөн төлбөр оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. 

 

Хариуцагч Д.Д нь ингэж гарцаагүй байдлын улмаас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг буудаж алах нөхцөл байдлыг өөрөө бий болгосноос учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00173 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-ээс 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай” гэж, 2 дахь заалтын “...чөлөөлөгдсөнийг дурдсугай.” гэснийг “...чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Д-ээс 11.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 194.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

 

           ШҮҮГЧИД                            Ч.Э

 

                                                                       Т.Ж