Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0583

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Х*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч:  Хот байгуулалт, хотын стандартын газар,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*******, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.Х*******гээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад  холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Х*******гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах тухай” А/5******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.Г.Х******* нь нэр бүхий иргэдээс газруудыг худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Х*******тын 36 гудамж, 4,,6а тоот хаягт байршилтай, 1864******* нэгж талбарын дугаартай, 430 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-22******* дугаарт, мөн 4,,, тоот хаягт байршилтай, 1864 нэгж талбарын дугаартай, 461  м.кв с гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-2203 дугаарт, 4,,,5б тоот хаягт байршилтай, 1861 нэгж талбарын  дугаартай, 496  м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-2203 дугаарт, 4,,, тоот хаягт байршилтай, 1864 нэгж талбарын дугаартай, 430 м.кв  гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-2203 дугаарт тус тус бүртгэж, гэрчилгээг  олгосон байна.

 4.Нэхэмжлэгч нь дээрх газартаа үйлчилгээний орон сууц барихаар  2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан.

5.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамжаар Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий архитектур, Хот байгуулалт, хотын стандартын газарт үүрэг болгосон байна.

 6.Харин Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалын хавсралт, хүснэгтийн 10 дугаарт нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалжээ.

7.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

8.Нэхэмжлэгч Г.Х*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:

...Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/5******* дугаар захирамжийг үндэслэн Сэлбэ дэд төвийн хил зааг доторх газар дээр олгогдсон 11 хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зэргийг тус тус цуцлахаар шийдвэрлэжээ. Уг тушаалын хавсралтаар миний Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай газрын төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг тус тус цуцалсан.

 Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх шаардлагын хүрээнд захиргааны байгууллага нь аливаа шийдвэрийг гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах бөгөөд захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.

 Манай барилгын ажлын төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалснаар барилгын ажлын төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд төсөл хэрэгжүүлсэнтэй холбоотой энэ хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг зогсоож буй нь бидний хувьд бодит байдалд хохиролтой нөхцөл байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 тоот тушаалын эрх зүйн үйлчлэл нь шууд манайх руу чиглэж байхад шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

 Түүнчлэн Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т “Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно”, 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана” гэсний 27.3.1-т “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тус тус зааснаас үзвэл, хуулийн 27.3-т заасан үндэслэлийн аль нэг нөхцөл байдал нь тогтоогдвол эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заажээ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа ба архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй болно.

Миний хувьд холбогдох байгууллагаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, барилгын загвар зураг болон түүнд холбогдох техник нөхцөлүүдийг хуульд заасан журмын дагуу авсан тул манай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалж буй нь миний эрх, хууль ёсны сонирхолд илтэд хохиролтой байна. Иймд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлавал хариуцагч болох Хот байгуулалт, хотын стандартын газраас нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалтай газрын төслийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалснаар үүссэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн газрыг худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор зураг төслөө боловсруулсны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж авсан. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу загвар зургийг мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлуулж авсан байдаг. Ийнхүү загвар зурагт заасны дагуу цахилгаан, ус суваг холбоо, дохиолол зэрэг техникийн нөхцөлүүдийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч магадлалын нэгдсэн дүгнэлт, галын аюулгүй байдлын дүгнэлт, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болчихсон байсан. Гэтэл Хот байгуулалт, хотын стандартын газрын даргаас 2024 оны маргаан бүхий А/91 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/5******* дугаар захирамжийг үндэслэн Сэлбэ дэд төвийн хил зааг газарт олгогдсон 11 хүн, хуулийн этгээдийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалсан. Тус 11 хүн, хуулийн этгээдийн 1 нь нэхэмжлэгч байгаа. Хот байгуулалт, хотын стандартын газрын маргаан бүхий А/91 тоот тушаал хуульд нийцээгүй талаар авч үзвэл захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах бөгөөд захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг хуулиар хүлээдэг. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд тусгайлан зохицуулж өгсөн. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал А/91 тоот тушаалын үндсэн үйлчлэл нь шууд нэхэмжлэгч рүү чиглэж байхад шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Барилгын ажлын загвар зураг, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалснаар барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Улмаар төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг шууд зогсоож байгаа нь нэхэмжлэгчид бодит байдалд илтэд хохиролтой нөхцөл байдал үүссэн байдаг. Тодруулбал энэ төслөөс өмнө 2022 онд дээрх маргаан бүхий газрын хажууд байрлах үйлчилгээний төслийн барилгадаа дараагийн инженер техникийн хүчин чадлын тооцоог оруулж бүхэлд нь хангах хэмжээний шугам сүлжээг татаж бэлдсэн байсан. Мөн цахилгааны өндөр хүчин чадал бүхий 4805 дугаартай цахилгааны дэд станцыг байгуулсан. Эдгээр ажлуудыг нийт 950,000,000 орчим төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Эдгээртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн төслийг хэрэгжүүлэхээр их хэмжээний зардлыг бодитоор гаргасан нөхцөл байдал байгаа. Гэтэл хариуцагчаас хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т “Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж тодорхой заасан. 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан байгууллага гэж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгаа. Эндээс үзвэл хариуцагчид Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Мөн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан 3 үндэслэл байгаа. Энэ 3 үндэслэлийн аль ч нөхцөл байдал нь тогтоогдоогүй, хамаарахгүй. Гэтэл Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна. Маргаан бүхий А/91 дүгээр тушаал нь Нийслэлийн Засаг даргын А/5******* дугаар захирамжийг үндэслэж гарсан. Өнөөдрийн маргаан үүсэх гол үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын А/5******* дугаар захирамж. Нийслэлийн Засаг даргын А/5******* дугаар захирамжаар Сэлбэ дэд төвийн хил зааг газарт олгогдсон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгуулахыг холбогдох этгээдэд үүрэг болгож шийдвэрлэсэн захирамж байгаа. Гэтэл захирамжийн хууль зүйн үндэслэлийг харвал өмнө дурдсанчлан Нийслэлийн Засаг даргад Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Ийм бүрэн эрхгүй, Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах үндэслэл бий болоогүй байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Тодруулбал барилгын ажлын Архитектур төлөвлөлтийн загвар зургийг Барилгын тухай хуульд зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас цуцлах эрхтэй. Цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд цуцлахаар заасан байхад Нийслэлийн Засаг даргаас энэ эрхийг хэрэгжүүлэхийг бусад этгээдэд шууд үүрэг болгож захирамжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих  зорилтын хүрээнд иргэд олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан. Тухайн Сэлбэ дэд төв төслийн ерөнхий төлөвлөгөөнөөс харвал барилгажих талбайг 9 давхар хүртэл бүхий орчны тохижилттой, үйлчилгээний орон сууц, худалдаа үйлчилгээний барилга, сургууль, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний барилгажилттай байхаар заасан. Энэ нь манай хэрэгжүүлж байгаа 9 давхар хүртэлх үйлчилгээтэй, орон сууцтай нийцэж байгаа гэж нэхэмжлэгчээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл уг төслийн зорилго, төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлаас үзвэл тухайн 2 төслийг нэгтгээд хэрэгжүүлэх боломжтой байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байгаа. Түүнчлэн ямар нэгэн байдлаар хэн нэгэнд сөрөг болон эерэг эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа энэ тохиолдолд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн захирамж тушаал гарсан байх ёстой. Ийм байж тухайн шийдвэр, захирамж хуульд нийцсэн гэж үзнэ. Гэтэл хариуцагчаас захирамж захиргааны актын гадагш чиглэсэн байх шинжийг хангахгүй, гадагш чиглэсэн захиргааны акт биш гэдэг тайлбарыг ирүүлсэн байдаг. Захиргааны актын гадагш чиглэсэн байх шаардлагын тухайд тухайн шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь байгууллагын харилцааны гадна оршиж байгаа этгээдэд чиглэсэн байхыг шаарддаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж хэрэгжсэнээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагавар шууд үүсгэж байна. Энэ захирамжийн үйлчлэл нэхэмжлэгч рүү чиглэсэн байхад үүнийг гадагш чиглээгүй гэж тайлбарлах боломжгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж нь өөрөө маргаан үүсэх болсон гол үндэслэл болсон захиргааны акт нь хуульд нийцээгүй, хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь хууль бус байна. Иймд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот тушаалын Г.Х*******д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Х******* тухайн 4 газрын өмчлөгч байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д зааснаар холбогдох хууль тогтоомж эрх бүхий албан тушаалтнаас баталсан стандарт, дүрэм, журам шаардлагад нийцүүлэн өмчийн газарт барилга байгууламж барих нь газар өмчлөгчийн эрх байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд Г.Х*******гийн хувьд 2023 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авч загвар зургаа батлуулж, техникийн нөхцөл, ажлын зураг, магадлалын нэгдсэн дүгнэлт энэ бүгдийгээ хийсэн. Одоо барилгаа барихад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарах дутуу байсан. Энэ хугацаанд нэлээдгүй хэмжээний хөрөнгийг зарцуулсан гэдэг талаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. 2 маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа. Үндсэн хуульд хууль дээдлэх гэдэг зарчим байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх зарчмыг баримтална гэж тодорхой заасан байгаа. Гэтэл маргаж байгаа 2 захиргааны акт хуульд үндэслэсэн үү, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гарсан уу гэж харж үзэхээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* тоот захирамж нийт 7 үндэслэлийг дурдсан байдаг. Эхнийх нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66.1 гэсэн заалтуудыг баримталсан. Энэ бол ерөнхий зохицуулалт өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн үндэслэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулна гэж байгаа. Засаг даргын шийдвэр захирамж байна гэдэг 2 заалт байгаа. Энэ нь захирамжид дурдсан асуудлыг шийдвэрлэх буюу бүрэн эрх олгосон зохицуулалт биш. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.3.16 заалтуудыг барьсан. Энэ нь хот суурин газрын дахин төлөвлөлт гэдэг бол нийслэл хотын чиг үүрэг, хуульд заасан бусад гэдэг хуулийн заалтууд баримтлаад байгаа. Энэ нь захирамжид дурдаад байгаа Архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг хүчингүй болгох арга хэмжээ ав гэдэг эрх олгосон заалт биш. Мөн Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь заалтыг баримталсан. Энэ бол Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна гэсэн заалт байгаа. Хуулийг яаж хэрэглэж захирамж тушаал гаргаж байгаа гэдэг нь ойлгомжгүй байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 нь зөвшөөрлийг түдгэлзүүлэх сэргээх, 6.2 зөвшөөрлийг хүчингүй болгох гэдэг зүйлийн нэрийг бариад захирамж гаргасан нөхцөл байдал байгаа. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 24 дүгээр зүйлийн 24.2 гэсэн 2 заалт барьсан. Энэ 2 заалт нь мөн захирамждаа дурдаад байгаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг олгосон зохицуулалт биш. Нийслэлийн Засаг даргын захирамж бүхэлдээ ямар хуульд үндэслэж, энэ хуулиудын алинаар нь олгосон гэдэг нь ойлгомжгүй байгаа. Ийм захирамж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Г.Х*******гийн хувьд 2023 онд барилгын ажлын зөвшөөрлөө аваад явж байгаа. Нотлох баримт судлахад Сэлбэ дэд төв гэдэг төлөвлөлт 2024 онд батлагдсан харагдаад байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд төлөвлөлт хийхдээ тухайн орчных нь иргэдээс заавал саналыг нь авах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл тэр зохицуулалтыг хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Г.Х*******тэй Сэлбэ дэд төвийн төлөвлөлттэй холбоотойгоор тухайн байршилд байгаа иргэдтэй тохиролцсон зүйл байхгүй. Одоо явагдаж байгаа процессыг нь харахаар араас нь хөөж яваад байгаа. Төлөвлөлтөө аль хэдийн баталчихсан. Түүнийхээ дараа та хэд газраа чөлөөлж өг гэсэн тохиролцоо хийгээд яваад байгаа нөхцөл байдал харагдаад байгаа. Тэгэхээр анхнаасаа процесс нь зөв явсан уу, буруу явсан уу гэдэг нь асуудалтай байна гэж харагдаж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд үндэслээгүй, мөн олон хүмүүсийн өмчлөлийн газрууд байхад шууд цуцал, хүчингүй болго гэж хувийн өмчид ингэж халдах боломж байхгүй. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот тушаал нь гарах боломжгүй тушаал байгаа. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад ийм байдлаар тушаал гаргах бүрэн эрх байхгүй гэдэг нь хууль тогтоомжоос харагдаж байгаа. Энэ тушаал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэсэн зохицуулалт байгаа. Эрх хэмжээ өөрөө хуульд заагдсан байх ёстой. Дараа нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг баримталж байгаа. “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно.” гэсэн ерөнхий зохицуулалт байгаа. 49.3, 49.4-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцална. Түүнээс 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт шууд захиргааны актыг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх заалт байсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ 27.3.1 гэдэг заалт актад бичигдээгүй. 27.3.1 дэх заалт нь өөрөө хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэдэг нөхцөл байдал бий болоогүй. Хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэдэг бол магадлалын ерөнхий дүгнэлт хийгдэхгүй байгаа. Магадлалын ерөнхий дүгнэлт хийгдэх гэхээр зураг төсөлд магадлал хийгдээгүй гэх зэрэг нөхцөл байдаг. Тэгэхээр энэ үндэслэлд хамаарахгүй нөхцөл байдал байна. 27 дугаар зүйл бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзахтай холбоотой зохицуулалт. Энэ маргаанд хамааралгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаа барьсан гэж тайлбарлаад байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж өмнө дурдсанаар хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй хууль зүйн үндэслэлгүй захирамж байгаа. Дээд шатны албан тушаалтан чиглэл өгсөн. Тийм учраас заавал цуцлах болсон гэж тайлбарлаж байгаа нь боломжгүй гэж үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар хүний эрхэнд халдаж байгаа хэрнэ зөвхөн дээрээс өгсөн чиглэлийн дагуу шийдээд явах боломжгүй. Газрын дүрмийн 7.1.1 дэх заалтыг барьсан. Энэ нь зөвхөн тушаал гаргана гэдэг заалт байгаа. Газрын дүрмийн 7.1-д газрын даргын чиг үүргийг тодорхой бичиж өгсөн байгаа. Дүрэм нь сайтдаа байдаг. 17 чиг үүргийг бичиж өгсөн байгаа. Гэхдээ энд ямар нэгэн байдлаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан загвар зургийг хүчингүй болгож цуцлах эрх олгосон зохицуулалт байхгүй. Захиргааны актыг цуцлах тухай гэсэн тушаал хуульд үндэслэсэн зүйл байхгүй. Хуульгүйгээр бусдын эрхэнд халдаж үйлчлэлгүй болгож байгаа нь хууль бус нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөн нөхцөл байдал тодорхой тогтоогдож байна. Тийм учраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Магадлалын нэгдсэн дүгнэлт хүчинтэй байгаа. Ажлын зураг бүтэн байгаа. Барилга барихад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарах л асуудал байгаа. Бид нартай уулзахаараа орон сууцны барилгаа барь гээд байгаа. Бид нар түүнийг нь зөвшөөрч байгаа. Үнэхээр газрын асуудал нь шийдэгдээд үйлчилгээний барилга барих газрыг нь олгоё гэвэл мөн татгалзаад байх зүйл байхгүй. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

9.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Улсын бүртгэлийн Г-2203, Г-22*******, Г-2203, Г-2203 дугаартай, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Х*******тын 36 дугаар гудамжны 4,,,,, 4,,,,, 4,,,, 4,,,а тоот хаягт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 1817 мкв газрыг үндэслэн иргэн Г.Х*******д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр МЗХ2023/,,,,,, дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Загвар зураг баталсан байна.

Тус газраас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/0168 дугаартай албан бичиг иргэн Г.Х*******д хүргүүлсэн байна. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр иргэн Г.Х*******гийн 2023 оны М3X2023/,,,,,, дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан загвар зургийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулсан байна.

Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Захиргааны акт цуцлах тухай” А/91 дүгээр тушаалын хавсралтын 10 дугаарт иргэн Г.Х*******гийн М3Х2023/01-013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг цуцалсан байна.

Иргэн Г.Х******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Захиргааны акт цуцлах тухай” А/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Тус гомдлын талаар тайлбар, мэдээлэл авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 05-02/474 дугаартай албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт шилжүүлсэн.

 Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/113 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн. Албан бичигт “... Тухайн байршилд батлагдсан Загвар зургийн дагуу ажлын зураг төсөл боловсруулан магадлалын дүгнэлт гаргуулсан тодорхой хөрөнгө зарцуулсан байж байгаад цуцлагдсан хүн, хуулийн этгээдтэй Нийслэлийн Ерөнхий архитектор болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга нартай хамтарсан уулзалтыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар болоод байна. Энэ уулзалтаар Сэлбэ дэд төвийн барилгажилтын төслийн төлөвлөлтийн дагуу зөвшилцсөн тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийн цуцлагдсан эрхийг сэргээх талаар шийдвэр гаргах болсон...” тухай дурдсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/5******* тоот захирамжийг үндэслэн тус газрын ерөнхий архитектурын тушаалаар шийдвэр гаргаж цуцалсан байгаа. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх асуудал болон нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлын хүрээнд цуцлах асуудлыг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гарсан тушаал байгаа. Тушаалыг цуцлах болон цуцлахгүй байх асуудал аливаа актыг гаргаж байгаа тухайн шатны албан тушаалтны болон дээд шатны албан тушаалтан цуцлах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байгаа. Энэ захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талд эвлэрэн хэлэлцэх үйл ажиллагааны хүрээнд төлөөлөгчид эрх олгоогүй ч гэсэн удирдлагадаа танилцуулж эвлэрэн хэлэлцэх үйл ажиллагааг удаа дараа явуулсан. Тухайн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн одоо байгаа маргаан бүхий нэгж талбарт тухайн гаргасан зардлынх нь хүрээнд зөвхөн зориулалтыг өөрчлөн үйлчилгээний болон олон нийтийн барилга байгууламжийг барих саналыг удаа дараа тавьсан. Түүнээс нэхэмжлэгчийн маргаан бүхий талбарт ямар нэгэн барилга барихыг огт зөвшөөрөхгүйгээр манайх цуцалсан асуудал байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Цаашид зөвхөн барилгын зориулалтаа өөрчлөн барилга барьж, үйл ажиллагаагаа явуулж ашиг орлого олох боломжтой. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч талыг хохироож байгаа зүйл байхгүй гэж манай талаас үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

10.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь уг захирамжаар “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх Зорилгоор Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгогдсон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах”-ыг өөрийн хэрэгжүүлэгч агентлаг болох захиргааны байгууллагад чиглэл өгсөн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д захиргааны захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Харин энэхүү захирамж нь гадагш чиглээгүй бөгөөд захиргааны байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн, одоо ямар нэг үр дагаваргүй болсон байгаа болно.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 1 төвт хотоос олон төвт болох зорилтын хүрээнд иргэд олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвд 158 га талбайг сонгон гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах үйл ажиллагааг эхлүүлэн А/5******* тоот Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Энэ нь тухайн бүсэд байгаа Архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зураг батлагдсан барилгуудын мэдээллийг хүчингүй болгуулах ажлын зохион байгуул гэж Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитектурт чиглэл өгсөн. 06 дугаар сарын 25-ны өдөр үр дүн, явцаа танилцуулаарай гэдэг захирамж гарсан. Энэ талаар хариу тайлбартаа дурдсан. Засаг дарга нь хэрэгжүүлэгч агентлагтаа чиглэл өгсөн захирамж. Цаашлаад 158 га талбарт ерөнхий төлөвлөгөө хийж, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орчны аюулгүй байдал нийгмийн болон иргэдэд хүртээмжтэй төлөвлөлтийг хийх үүднээс нийт 11 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон. Г.Х*******гийн хувьд зохион байгуулалтын албаны дарга, удирдах түвшний албан хаагч нартай уулзалт зохион байгуулсан. Тухайн уулзалтаар зам дагуу одоо байгаа байршилд нь үйлчилгээнийхээ барилгыг төлөвлөх боломжтой. Газар зохион байгуулалтын албатай зөвшилцөж байгаад орон сууц барих байршлыг нь сонгоод тэндээ зөвшилцөөд явъя гэж тохирсон. Тэнд одоогийн байдлаар ямар ч зөвшилцөлд хүрсэн зөвшилцсөн гэсэн тайлбар мэдээллийг манайд ирүүлээгүй байгаа. Энд 1 хүний эрх ашиг биш бүхэл бүтэн 900 гаруй нэгж талбар 5000, 6000 оршин суугчдын эрх ашгийг ярьж байгаа. Тухайн орчныг сайжруулах, сургууль цэцэрлэг нийгмийн дэд бүтцийг бүгдийг нь системтэй болгох гэдэг төлөвлөлтийг хийгээд Улсын Их Хурлаас баримталж ажиллаж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамжийн тухайд:

1.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамжаар Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий архитектур, Хот байгуулалт, хотын стандартын газарт үүрэг болгожээ.

1.2.Дээрх захирамж нь нэг төвт хотоос олон төвт хот болох зорилтын хүрээнд нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын шинжтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захиргааны акт байна.

1.3.Хэдийгээр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалд дээрх захирамж дурдагдсан хэдий ч нэхэмжлэгчийн тухайд шууд түүн лүү чиглээгүй, хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна.

1.4.Өөрөөр хэлбэл тухайн захиргааны акт нь хүчингүй болсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх учиртай бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалын тухайд:

2.1.Нэхэмжлэгч нь нэр бүхий иргэдээс тухайн газруудыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ.

2.2.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалын хавсралт, хүснэгтийн 10 дугаарт нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалжээ.

2.3.Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамж, газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг зэргийг үндэслэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэжээ.

            Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно” гэжээ.

          2.4.Нэхэмжлэгчээс “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэж, хариуцагчаас “Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлсэн, хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус маргажээ.

          2.5.Гэтэл хариуцагчаас Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй” гэж маргаж буй хэдий ч тухайлан ямар баримт бичигт заасан шаардлага хангаагүй талаар маргаан бүхий актад дурдаагүй, шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, хуульд үндэслээгүй байна.

          2.6 Мөн цуцлах үндэслэл болсон гэх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамж, түүний хувийн хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/878 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлуулсан “Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах барилгажилтын төсөл” зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь дээрх захирамж, тогтоолуудаас өмнө 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.

          2.7.Энэ тохиолдолд итгэл хамгаалах зарим зайлшгүй үйлчлэх ёстой бөгөөд сүүлд гарсан эрх зүйн актуудыг үндэслэж нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан нь хуульд нийцэхгүй.

          2.8.Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа гагцхүү хуульд үндэслэх ёстой атал, зохион байгуулалтын шинжтэй Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн, мөн цуцлах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй нь хуульд нийцээгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 30 дугаар зүйлийн 30.5-д тус тус заасныг баримтлан Г.Х*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудаас Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/91 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/5******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ