Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/009

 

 

 

*******ид

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******ид холбогдох эрүүгийн 2314000000112 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  тоотод түр оршин суудаг, 

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ******* овогт *******ийн ******* ******* регистрийн дугаартай

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 цагийн үед .... тоотод цэнхэр иштэй хутгыг авч иргэн *******ийн хүзүүний 7 дугаар нугалам хэсэгт 1 удаа хутгалсны дараа ******* мөлхөж, буцаад босон түүнтэй барьцалдаж, зүүн хацарт 3 удаа, баруун хацар хүзүүний завсар 3 удаа хутгаар зүсэж, баруун гарын мөрнөөс доош хэсэгт 1 удаа тус тус хатган, зүсэж, *******ийн зүүн, төв, баруун хэвлий хэсэгт 4 удаа хутгалж, нийт 12 удаагийн хутганы шарх учруулан, хүнийг алсан гэмт хэргийг олон тооны гэмтэл учруулж харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,    

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 2023  оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны  12 дугаар сарын 21-нийг өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 217 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.3, 1.4-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хугацаа дуустал хамт хадгалж, хар болон цэнхэр өнгийн лентээр иш хэсгийг ороосон, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, сэрүүн нэртэй пивоны лааз, Бонд болон Даблесс нэртэй тамхины хайрцаг, Бонд тамхины иш 12 ширхэг, Парламент гэсэн нэртэй тамхины иш 1 ширхэг, Улаан шонхор гэсэн нэртэй тамхины иш 1 ширхэг, Амоксициллин гэсэн хагас таблет эм, бор өнгийн суран мэт тэлээ 1 ширхэг, шүүгдэгч *******ийн ягаан шаргал өнгийн малгайтай энгэр хэсэг цахилгаантай цамц, бор өнгийн бөөрөнхий хээ бүхий дээл, тэлээтэй хөх өнгийн жинсэн өмд, амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн цамц, цайвар саарал өнгийн өмд, саарал өнгийн өмд, хар хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн футболк, саарал өнгийн канттай өмд, хөх эрээн өнгийн дотоож, гурван хос оймс зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,         

Шүүгдэгч *******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,   

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...******* миний бие нь тус гэмт хэргийг үйлдсэн болохоо мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс аваад дуусах хүртэл бүх шатанд хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж байна.

Иймд надад оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 506 дугаар байрны 1 давхрын 03 тоотод цэнхэр иштэй хутгаар иргэн *******ийн хүзүүний 7 дугаар нугалам хэсэгт 1 удаа, зүүн хацарт 3 удаа, баруун хацар хүзүүний завсар 3 удаа  баруун гарын мөрнөөс доош хэсэгт 1 удаа тус тус хатган, зүсэж,   зүүн, төв, баруун хэвлий хэсэгт 4 удаа хутгалж, нийт 12 удаа буюу олон тооны гэмтэл учруулж харгис хэрцгий аргаар  алсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна. Энэ нь:

- амь хохирогч нь өөрийн гэртээ доошоо харсан байдалтай нас барсан байсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасандорж, гэрч  Г.Онон,С.Лхагвацэнд нарын мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 52-54, 55-56, 63-64,67-68 дугаар тал/

1 дүгээр хавтаст хэргийн 99-104 дүгээр талд авагдсан “1.Талийгаач *******ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн баруун хажуу хэсгээр доороос дээш ташуу хөндлөн нэвт хатгагдаж орсон, мөн хэвлийн дээд хэсгээр эгц нэвт хатгагдаж орсон, элгийг хатгаж, зүсэж гэмтээсэн шархнууд, хүйсийн зүүн дээд, доод хэсгээр нэвт хатгаж, сэмж, чацархайг гэмтээж, бүслэхийн 5 дугаар нугалам руу тулж, хүрсэн шархнууд, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалт, эрүү, хүзүү, зүүн хацрыг хатгаж, зүсэгдсэн шарх, баруун бугалга, зүүн эгмийн өнгөц зүсэгдсэн шарх шинэ гэмтлүүд  нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 2. Дээрх хэвлийн баруун хажуу хэсгээр доороос дээш ташуу хөндлөн нэвт хатгагдаж орсон, мөн хэвлийн дээд хэсгээр эгц нэвт хатгагдаж орсон, элгийг хатгаж, зүсэж гэмтээсэн шархнууд, хүйсийн зүүн дээд, доод хэсгээр нэвт хатгаж, сэмж, чацархайг гэмтээж, бүслэхийн 5 дугаар нугалам руу тулж, хүрсэн шархнууд, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалт, эрүү, хүзүү, зүүн хацрыг хатгаж, зүсэгдсэн шарх, баруун бугалга, зүүн эгмийн өнгөц зүсэгдсэн шарх шинэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... шинэ гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно.

З. Талийгаач ******* нь хэвлийн хөндийд нэвтэрсэн, элэг, сэмж, чацархайг гэмтээсэн шархнуудын улмаас хурц цус алдагдлын шокт орж нас баржээ.

4. Талийгаач *******ийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач ******* нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх” Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 110-116 дугаар талд авагдсан “1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны урд талд 12мм, 12 мм, ард талд 11 мм, 5мм, 4мм, 2мм, цэнхэр өнгийн футболкны урд талд 12мм, 12мм, ар талд 11 мм, 12мм, хоёр хажуу талдаа цагаан өнгийн оруулгатай саарал өнгийн өмдний урд талд 11мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна...гэх Нийслэлийн шүүх шинжилгээний   газрын  криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын  шинжээчийн  2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2339 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд

1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дугаар талд авагдсан “Шинжилгээнд ирүүлсэн хар болон цэнхэр өнгийн лентээр ороосон бариултай хутгаар хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснуудад үүссэн гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрын криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын  шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2340 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 207-210 дугаар талд авагдсан Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан гэх хар,хөх өнгийн лентээр боосон иштэй хутганы ажлын хэсэг, бариул хэсэг дээр цус илэрсэн...Хар, хөх өнгийн лентээр боосон иштэй хутганы ажлын хэсэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хүний геномын микросателлитын ... локусын аллелиар 2626 дугаартай дүгнэлтэд тусгагдсан ******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...

Хар хөх өнгийн лентээр боосон иштэй хутганы бариул хэсэг дээр илэрсэн цусны ДНХ тогтоц нь хүний геномын микросателлитын ...  гэсэн локусын аллелиар 2626 дугаартай дүгнэлтэд тусгагдсан ******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх Нийслэлийн шүүх шинжилгээний  газрын  байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2708 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар талд авагдсан “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө зах онгойгоогүй байсан. ...цэнхэр иштэй шөвгөр дүү ...хутгыг аваад талийгаачийн араас нугас руу нь эхлээд нэг удаа хутгалсан талийгаач эргэж харахаар нь хаана нь билээ хатгасан. Хацар дээр нь байх тэгсэн нугаснаас нь цус гоожоод тэгээд хэвлий хэсэг дээр нь нэг удаа хутгалсан талийгаач газар шалан дээр доошоо хараад хэвтээд цус алдаад амьсгаа хураахаар нь ...блоконы цонхоор шууд үсрээд буугаад цонх онгорхой үлдсэн ... Би талийгаачийг санамсаргүйгээр хутгалсан... Бор өнгийн дээл, улаан ягаан өнгийн энгэр хэсэг цахилгаантай малгайтай цамцыг харлаа миний цамц дээл байна. Талийгаачийг хутгалсан миний хутга мөн байна...” гэх шүүгдэгч *******ийн  сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 12-27 дугаар талд авагдсан “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч *******ийн  хүзүүний 7 дугаар нугалам хэсэгт 1 удаа, зүүн хацарт 3 удаа, баруун хацар хүзүүний завсар 3 удаа хутгаар зүсэж, баруун гарын мөрнөөс доош хэсэгт 1 удаа тус тус хатган, зүсэж, *******ийн зүүн, төв, баруун хэвлий хэсэгт 4 удаа хутгалж, нийт 12 удаа хутгалсан нь   шууд үхэлд хүргэж, нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******ийн  амь хохирогчийн амь насыг хохироохдоо бие эрхтэнд нь хутгаар  хутгалах аргыг сонгож  хүзүүний 7 дугаар нугалам хэсэгт 1 удаа, зүүн хацарт 3 удаа, баруун хацар хүзүүний завсар 3 удаа  баруун гарын мөрнөөс доош хэсэгт 1 удаа тус тус хатгах, зүсэх зэргээр өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож улмаар   зүүн, төв, баруун хэвлий хэсэгт 4 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр  алсан   гэмт үйлдэл нь хүний бие эрхтэнд хутгаар хутгалахад хүн  амь насаа алдах үр дагаврыг урьдчилан мэдсээр байж  амь насыг нь хохироосон  шууд санаатай   тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчилсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Анхан шатны шүүх “... шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...6.6 дугаар зүйлд заасан ... хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэснийг  амь хохирогч нь  нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан талаарх Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаар дүгнэлтийг анхаараагүй  гэж үзнэ.

Хэдийгээр  амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-т заасны дагуу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэж  дүгнэн Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд  оруулан тооцох боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.1-т  онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол  арван хоёр жилээс хорин жилийн хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр зааснаас   анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,   хүний амь нас хохироосон хор хохирол зэргийг харгалзан  хаалттай хорих байгууллагад 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг  Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ийн эдлэх арван таван жилийн хугацаагаар хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийг байдал зэргийг хэрхэн харгалзсанаа дүгнээгүй орхигдуулснаас гадна хэрэгт ач холбогдолтой, гол хамааралтай нотлох баримт болох Нийслэлийн шүүх шинжилгээний  газрын  байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2708 дугаар дүгнэлтэд “... Хар хөх өнгийн лентээр боосон иштэй хутганы бариул хэсэг дээр илэрсэн цусны ДНХ тогтоц нь хүний геномын микросателлитын ...  гэсэн локусын аллелиар 2626 дугаартай дүгнэлтэд тусгагдсан ******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэсэн хэсгийг шийтгэх тогтоолдоо орхигдуулсан болохыг нь  дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч  *******ийн “...оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү...”гэх гомдлыг   дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн  3-т зааснаар  шүүгдэгч *******ийн  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 74  хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ