Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 131

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогч Н.Б,

иргэний нэхэмжлэгч А.У,

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Ж-т холбогдох эрүүгийн 1803000010097 дугаартай, 187/2018/0129/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Н.Ж

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 06 цаг 11 минутын орчимд Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр “........” банкны урд талын замд “............” ХХК-ийн эзэмшлийн .............. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ............... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн .............. маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Н.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “..............” ХХК-ийн гэрлийн шонгийн эвдрэлд 861.000 төгрөгийн, “..........” банкны хашааны эвдрэлд 570.000 төгрөгийн, ............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 22.789.000 төгрөгийн нийт 25.924.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 06 цаг 11 минутын орчимд Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр “........” банкны урд талын замд “........” ХХК-ийн эзэмшлийн ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч Н.Б-г хүргэж өгөхөөр таксины үйлчилгээнд явж байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэсэн заалтуудыг тус тус зөрчин үйлчлүүлэгчийн мөнгийг задлах зорилгоор замын үргэлжилсэн шугам даван буцаж эргэхдээ иргэний нэхэмжлэгч А.У-н эзэмшлийн Г.Л дуудлагын жолоочтой чигээрээ явж байсан .............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар ............. маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...............” ХХК-ийн гэрлийн шон, “...........” банкны хашааг мөргөсний улмаас зорчигч Н.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч А.У-д 25.924.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Э /“.............” ХХК/-д 861.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б /“........” банк/-д 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг 30 минутын үед гэрээсээ гараад 3 дугаар сургуулийн автобусын буудалд Н.Б гэдэг хүн таксинд явах уу гэхээр нь түүнийг суулгаад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол ...... банкны автобусны буудал дээр ирсэн, Н.Б 20.000 төгрөг өгөхөд нь тэр мөнгийг хариулах боломжгүй байсан тул мөнгийг задлуулахаар эсрэг талд байсан Петровисийн шатахуун түгээх орох гээд зүүн гар тийш эргээд хөдөлгөөн эхлэх үед араас машин ирж байгаа эсэхийг харахад харагдахгүй байхаар нь хөдөлгөөн эхлээд явтал араас тас гээд л мөргөсөн. Тэгээд машин 2 эргээд зогссон, буугаад иртэл Н.Б газар хэвтсэн, ........ маркийн машин дотроос 2 хүн бууц ирсэн, залуухан эрэгтэй хүн нь машин барьж байсан, тэрээр 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн, би 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн, удаагүй цагдаа ирж хэргийн газрын үзлэг хийсэн, дараа нь гэмтсэн хүнийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...Би хохирогчид баримтаар 900.000 төгрөг, баримтгүй 800.000 төгрөг төлсөн...Би даатгалаас 4.100.000 төгрөг гаргуулж өгсөн...Би иргэний нэхэмжлэгчтэй тохиролцоод гэрээ байгуулсан, үлдэгдэл мөнгийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жилийн хугацаанд төлөхөөр болсон...Цаашид бүрэн төлж барагдуулна...Би зуны улирлаар аялал жуулчлалын ажил хийдэг. Би сардаа 3-4 сая төгрөг олдог. Би боломжоороо учирсан хохирлыг төлж барагдуулна...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад ажилдаа таксигаар явсан. Автобусны буудал дээр зогсоод би жолоочид 20.000 төгрөг өгөхөд задлахгүй юм байна шатахуун түгээх станц орж мөнгийг нь задлуулъя гээд зүүн гар тийшээ эргээд машинтай мөргөлдсөн. Би тухайн үед ухаан алдсан байсан...Би эмчилгээний зардалд 960.000 төгрөг авсан ба эмчилгээний зардлаас гадна 2.000.000 төгрөг өгөхөөр тохирсон...Одоогийн байдлаар миний хавирга жаахан өвддөг.../Та нийт 3.126.500 төгрөг нэхэмжилдэг. Үүнээс эмчилгээний зардалд 926.500 төгрөг, дансаар 400.000 төгрөг, 180.000 төгрөг, 130.000 төгрөг, бэлнээр 120.000 төгрөг тус тус авсан уу/ Би 130.000 төгрөг аваагүй...Би ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байгаа...Би өвчтэй байсан хугацааныхаа актны мөнгөө аваагүй болохоор цалингаа бүтнээр нь нэхэмжилж байна. Би “..........” ХХК-д талбайн үйлчлэгчээр ажилладаг...Би нийт 3.126.500 төгрөг нэхэмжилсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Иргэний нэхэмжлэгч А.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө манай гэр бүлийн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1950 дугаараас дуудлагын жолооч дуудаж, жолоо бариулж гэртээ харьж явж байхдаа осолд орсон байсан. Ослын улмаас машин эвдэрсэн, хөрөнгийн үнэлгээгээр 26.000.000 төгрөгийн хохирол учирсан. 1950 дуудлагын жолооч хариуцлагаа үүрээд машинд маш их хэмжээний гэмтэлд оруулахгүйгээр жолоодох боломжгүй байсан уу гэдэг асуултыг мөрдөгчид хэлсэн. Шүүгдэгч өөрийн санхүүгийн боломжоор хохирлоо барагдуулах байх гэж бодож байна...Зээлийн гэрээ шиг болж байна. Шүүгдэгч урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд, үлдэгдлийг нь сар болгон 1.000.000 төгрөг өгч байна гэж хэлсэн...Хохирол төлөх боломжоо хоорондоо тохиролцсон...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/

             5. Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад байгууллагын гадна талын цасыг эрт очиж цэвэрлэхээр явж байсан, тухайн үед гадаа цас орж байсан учраас эрт очихгүй бол болохгүй байсан, тэгээд 100-н айлаас таксинд суугаад Хан-Уул дүүргийн нутаг ...... банкны харалдаа ирэхэд нь зогсоорой гэж хэлсэн, жолоочид 10.000 төгрөг өгтөл тэрээр миний өгсөн мөнгийг хариулж чадахгүй байсан учраас зогсож байсан автобусны буудал дээрээсээ буцаад зам дээр бүтэн эргэж байсан түс гээд машиныг ямар нэгэн зүйл мөргөөд, би хойд талын суудлыг голлоод сууж байтал хүчтэй мөргөлтөөс болоод хаалгаар шидэгдээд газарт унасан, уг нь би тэр автомашины хаалгыг ерөөсөө онгойлгоогүй сууж байтал хүчтэй мөргөлтөөс болоод газарт шидэгдэж унасан, ослын дараа хэсэг ухаан балартсан байсан, нэг мэдсэн цагдаагийн эмнэлгийн хүмүүс ирчихсэн байсан, эмч намайг үзсэн, дараа нь жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг явсан...Одоо хавирга маань л өвдөөд байна...Жолооч ослоос хойш эмнэлгийн бүх төлбөрийг даасан, намайг Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтүүлж өгсөн, нарийн шинжилгээнүүдийг хийлгэж өгсөн, миний хувьд нийгмийн даатгалаа төлөөд гар дээр 450.000 төгрөг бэлнээр сард авдаг, түүнийгээ л авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

            6. Иргэний нэхэмжлэгч А.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......... маркийн ........ дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм, гэр бүлийн хэрэгцээнд унадаг, тухайн осол болох үед би байгаагүй, манай нөхөр Х.А нь уг автомашиныг дуудлагын жолоочоор...бариулж яваад осолд орсон байсан, өөр мэдэж байгаа зүйл байхгүй...Манай машин хэвийн ажиллагаатай машин байсан, бас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...Миний гомдоод байгаа асуудал нь 19001950 дуудлагын жолоочийн үйлчилгээний байгууллагад гомдолтой байгаа, гэхдээ техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

            7. Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилж ирүүлсэн, тухайн осол болох үед шинэ жилийн баярын амралтын өдрүүд байсан тул алба хаагч нар амарч, зөвхөн хамгаалалтын албаныхан л үүрэг гүйцэтгэж байсан, осол болоод маргааш нь манай хамгаалалтын албаныхан хашааг нэн даруй янзалдаг хүмүүс дуудаад янзлуулсан байсан тул эвдэрсэн үед нь үнэлгээг хийлгэж чадаагүй, янзалдаг хүмүүст шууд бэлнээр мөнгийг өгчихсөн, тэр хүмүүсийг танихгүй, хувь хүмүүс байсан учраас баримт ч авч чадаагүй. ....... банкны төв байр онцгой объект байсан учраас нэн даруй янзлахгүй бол болохгүй байсан...Байгууллагын хашаагаа янзлуулсан нийт 570.000 төгрөгийг авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/

            8. Иргэний нэхэмжлэгч Ц.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэлгээгээр гарсан хохирлыг байгууллагын...дансанд хийсэн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№895/-ний дүгнэлт:

                        -Н.Б-н биед зүүн 1, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, дээд зовхи, хацар, бугуй, баруун эрхий хуруунд зулгаралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 94/

            10. Гэрч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ажлаа хийгээд явж байсан, 23 цагийн үед ...... маркийн ........ дугаартай автомашиныг бариулъя гээд дуудлага ирсэн. 23 цаг 30 минутын үед Хан-Уул дүүрэг, Зайсан “.......” үйлчилгээний газраас уг автомашиныг эзэмшигч ахын хамт авч, бид 2 гадуур нилээн удаан машинаар нь явсан. Бид 2 яг осол болохын өмнө Хан-Уул дүүргээс ......... руу тэр ахын гэр рүү явж байсан, өглөөний 06 цагийн үед ..... банкны урд замд 3 дугаар эгнээгээр 45-50 орчим км/цагийн хурдтайгаар явж байтал баруун гар талд автобусны карман дотор зогсож байсан цагаан өнгийн ....... маркийн автомашин гэнэт зүүн гар тийшээ дарж буцаж эргэсэн, түүнийг хараад тормос гишгэтэл ABS ажлаад, автомашин зогсохгүй байхаар нь тэр машинаас бултуулж баруун дарсан боловч тэр автомашин руу ойртож ирж байхад эргэх үйлдэл хийсэн болохоор бултаж амжилгүй мөргөлдсөн, би тэр автомашины зүүн хойд талаар, миний унаж явсан автомашины зүүн урдуур мөргөлдсөн. Би ослын дараа бууж ирээд өөрийн утаснаас 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн. Удаагүй цагдаа ирж хэргийн газарт хэмжилт хийсэн...Үйлчлүүлэгч ах миний хажууд суугаад явсан, харин нөгөө машинд жолоочоос гадна 1 хүн байсан...Тэр автомашин ойролцоогоор 20-30 метрийн зайд явах үед гэнэт эргэх үйлдэл хийсэн, тэр машиныг эргэх гэж байхад нь автомашины гэрлээрээ дохиод, бас сигнал өгсөн боловч тэр автомашин шууд л эргэх үйлдэл хийсэн...Замын хөдөлгөөн сийрэг байсан, цас ихээр орж байсан, замын хажуугийн гэрэл асаалттай, гэгээ ороогүй байсан тул цаг агаарын байдалд хурдаа тааруулж 45-50 орчим км/цагийн хурдтай явж байсан...Би 2015 онд жолооч болсон, түүнээс хойш тасралтгүй жолоо барьсан, 2017 оны 9 дүгээр сард дуудлагын жолоочийн ажилд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/

            11. Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой хүмүүстэй уулзаад, ажил хэргийн шугамаар архи дарсны зүйл хэрэглээд Зайсангийн ......... пабад сууж байгаад оройн 23 цагийн үед өөрийн ....... маркийн ...... дугаартай автомашиныг бариулъя гээд 1950-ын дуудлагын жолоочийг дуудсан, жолооч залуу удалгүй ирээд хамт сууж байсан хүмүүсээ хүргэж өгөөд, үргэлжлүүлээд жаахан ууж идэж явсан, тэр цаг хугацаанд жолооч залуугаар машинаа бариулаад яваад байсан, нилээн орой тэр залуугаар машинаа бариулаад гэрийнхээ байрны үүдэнд ирсэн, гэррүүгээ орох гэж байснаа болиод манай ажлынхан ...... дүүргийн хажуу талын караокед байгаа гэж санаад буцаад тэд нар руу явж байсан, уг нь өмнөх орой нь манай ажлынхан ....... дүүргийн хажуу талын караокед суусан тараагүй байгаа байх гэж бодоод л ажлынхан дээрээ очоод эхнэрээ авах гэж байсан юмаа...Тухайн үед би жолоочийн хажуу талд суугаад байж байтал зам дээр нэг машин гараад ирсэн, хаанаас гарч ирсэнг анзаараагүй, тэгтэл миний машин тэр машиныг мөргөчихсөн, энэ үед жолоочийн зүгээс ямар нэгэн байдлаар машиныг зогсоох үйлдэл хийлгүй шууд л мөргөсөн...Би бол хамгаалах бүсгүй явсан, харин жолооч хамгаалах бүстэй явсан эсэхийг мэдэхгүй байна...Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам дээр угаасаа машин байхгүй байсан, гадаа цас хялмайлж байсан, зам нь шулуун тэгш өргөн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...Дуудлагын жолооч осол болохоос өмнө 3, 4 дүгээр хороололд, ......... ойролцоо газруудад 100-гаас дээш км/цагийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцох үед нь хурдаа хасаа гэж тухай бүрт нь анхааруулж байсан...тэр дуудлагын жолоочийн машин барьсан үеэр надад хурд хэтрүүлсэн гэж торгууль ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89, 90/

            12. Шинжээч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шинжээчийн №39 тоот дүгнэлтийг гаргасан, хавтаст хэргийн материалтай танилцахад, мөн тухайн үеийн ослын газрын бичлэгийг үзэхэд бичлэг дээр харагдах цагаан өнгийн ........ маркийн автомашин ойртон ирж буй автомашины урдуур гэнэт зүүн гар тийш эргэж, давуу эрх бүхий чигээрээ явж буй автомашинд саад учруулах үед цагаан өнгийн жип автомашины хойд хэсэг дээшээ өндийж, урд хэсэг нь тонгойж байгаа нь хөдөлгөөний хурд удааширч жолооч тоормос гишгэж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Иймд жолооч Г.Л-г аюул саад бий болох үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91/

            13. Техникийн шинжээчийн №39 дүгнэлт:

                        -....... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Н.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” мөн дүрмийн 2.1 “Механизжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -...... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Г.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

                        -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 116/

            14. Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “...Үнэлгээгээр тогтоосон 25.924.000 төгрөг...” хх-ийн 99/

            15. Хөрөнгө үнэлгээний тайлан: “...Нийтийн эзэмшлийн замын гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлэгчинд авто ослын улмаас учирсан хохирлын хэмжээг 861.000 /найман зуун жаран нэгэн мянга/-н төгрөгөөр тогтоов...” /хх-ийн 107-111/

            16. CD-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Бичлэгийг дарж нээхэд үзэгдэх орчин муу, гадаа харанхуй байсан боловч авто замын хөдөлгөөн харагдаж байв, замын хажуугийн гэрэл асаж байв, 1-р эгнээнд зогсож байсан ....... машин зүүн гар тийш эргэж буцаж эргэх хөдөлгөөн хийтэл чигээрээ явж байсан жип машинтай мөргөлдөв...Бичлэг 2 минут бичигдсэн байлаа...” /хх-ийн 33/

            17. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...... банкны урд замд Н.Ж нь ..... маркийн ...... дугаартай автомашиныг жолоодож яваад Г.Л-н жолоодож явсан ...... маркийн ...... дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Н.Б-н биед хүндэвтэр хохирол учирсан хэрэг бүртгэлтийн 181000084 дугаартай хэрэгт бодит үнэнийг тогтоохын тулд ...... банкны гадна хяналтын камерын бичлэгт ослын талаарх бичлэг бичигдсэн байсныг ....... хамгаалалтын албанаас СД-д хуулбарлан өгснийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул...хэрэгт СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /хх-ийн 34/

            18. Шүүгдэгч Н.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цаг 40 минутын үед гэрээсээ өөрийн ....... маркийн ....... дугаартай автомашиныг унаж гараад, хүнсний дэлгүүр орж ундаа авах гэж гарсан, би 07 цагаас Улсын 1 дүгээр эмнэлэг орж эмч нарт англи хэл орох байсан...Замдаа 3 дугаар сургуулийн автобусны буудлын ТҮЦ дээрээс ундаа аваад, тэгээд машиндаа суух гэтэл танихгүй эрэгтэй хүн таксинд явах уу гэхээр нь түүнийг суулгаад Хан-Уул дүүргийн 19-р хороолол .... банкны харалдаа очно гэхэд нь түүнийг ..... банкны харалдаа автобусны карманд очоод зогссон, тэр эрэгтэй хүн 20.000 төгрөг өгөхөд нь тэр мөнгийг хариулах боломжгүй байсан тул мөнгийг задлуулахаар эсрэг талд байсан Петровисийн шатахуун түгээх орох гээд зүүн гар тийш эргээд хөдөлгөөн эхлэх үед араас машин ирж байгаа эсэхийг харахад харагдахгүй байхаар нь хөдөлгөөн эхлээд явтал араас тас гээд л мөргөсөн. Тэгээд машин 2 эргээд зогссон, буугаад иртэл ...... маркийн автомашин ....... банкны хашааг мөргөөд зогссон байсан, машин дотроос 2 хүн бууж ирсэн, залуухан эрэгтэй хүн нь машин барьж байсан, тэрээр 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн, миний машины арын суудал дээр сууж байсан эрэгтэй хүн ослын үед гэмтсэн байсан тул би 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн, удаагүй цагдаа ирж хэргийн газарт үзлэг хийсэн, дараа нь гэмтсэн хүнийг аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эмч хэвтэх шаардлагагүй гэсэн боловч тэр хүн өөрөө эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гээд байхаар нь Мөнгөнгүүр эмнэлэгт 7 хоног хэвтүүлсэн, эмчилгээнд 950.000 төгрөг зарцуулсан, баримт байгаа. Хохирогч надаас бэлнээр 2.000.000 төгрөг нэхээд байгаа, би түүнд 300.000 төгрөг өгсөн байгаа, би хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, мөргүүлсэн ...... маркийн автомашины үнэлгээтэй танилцсан, үнэлгээ оношлогоо, түр саатуулах байрны төлбөрийг нь төлсөн, ослын газрын бичлэгтэй танилцсан, техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. ....... маркийн автомашины хүмүүстэй тохиролцож байгаа. Надад мөнгөний хэрэгцээ гараад өөрийн ....... маркийн ....... дугаартай автомашиныг ББСБ-д 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, уг автомашин миний өөрийн эзэмшлийнх учир автомашиндаа үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна...Би эргэх үйлдэл хийж байхдаа машин ирж байгаа эсэхийг нягталж харахад машин харагдахгүй байсан...Тухайн зам нь шулуун тэгш, өглөө цас орж эхэлж байсан, замын хөдөлгөөн сийрэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№895/-ний дүгнэлт, техникийн шинжээчийн №39 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Ж-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 06 цаг 11 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “......” банкны урд талын замд “........” ХХК-ийн эзэмшлийн ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч Н.Б-г хүргэж өгөхөөр таксины үйлчилгээнд явж байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэсэн заалтуудыг тус тус зөрчин үйлчлүүлэгчийн мөнгийг задлах зорилгоор замын үргэлжилсэн шугам даван буцаж эргэхдээ иргэний нэхэмжлэгч А.У-н эзэмшлийн Г.Л дуудлагын жолоочтой чигээрээ явж байсан ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “......” ХХК-ийн гэрлийн шон, “......” банкны хашааг мөргөсний улмаас зорчигч Н.Б-н биед зүүн 1, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, дээд зовхи, хацар, бугуй, баруун эрхий хуруунд зулгаралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч А.У-д 25.924.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Э /“.........” ХХК/-д 861.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б /“......” банк/-д 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.Б-д 1.636.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.У-д 4.550.000 төгрөгийг тус тус төлсөн, мөн хохирогч Н.Б-н цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх төлбөр, иргэний нэхэмжлэгч А.У, Ц.Э, Б.Б нарт учирсан хохирлыг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч А.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч өөрийн санхүүгийн боломжоор хохирлоо барагдуулах байх гэж бодож байна...Зээлийн гэрээ шиг болж байна. Шүүгдэгч урьчилгаа 5.000.000 төгрөг өгөөд, үлдэгдлийг нь сар болгон 1.000.000 төгрөг өгч байна гэж хэлсэн...Хохирол төлөх боломжоо хоорондоо тохиролцсон...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...40 настай, дээд боловсролтой, зураач, зохион бүтээгч мэргэжилтэй, “..........” ХХК-д хөтөч орчуулагч ажилтай, ......../ зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ж-с 570.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б /......../-д, 861.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Э /....... ХХК/-д, 21.374.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.У-д тус тус олгож, шүүгдэгчийн “...........” ХХК-д хөтөч орчуулагч ажилтай /хх-ийн 205/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би зуны улирлаар аялал жуулчлалын ажил хийдэг. Би сардаа 3-4 сая төгрөг олдог. Би боломжоороо учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн иргэний нэхэмжлэгч А.У-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан /хх-ийн 192/ зэргийг харгалзан шүүхээс тогтоосон уг гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэгч нарт төлөх хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Ж-н В ангиллын ....... тоот жолооны үнэмлэх, ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийн ....... дугаартай гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ж-т буцаан олгож, бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хохирогч Б.Б-с шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байгаа...Би өвчтэй байсан хугацааныхаа актны мөнгөө аваагүй болохоор цалингаа бүтнээр нь нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ хэдий боловч хавтаст хэрэг авагдсан байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэгт үндэслэн түүний ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах боломжгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан үеийн цалингийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн /ажил орсон, гарсан тушаал, ниймгийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт г.м/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Н.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.Ж-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ж-т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Н.Ж-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд хохирогч Н.Б-д 1.636.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.У-д 4.550.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-с

570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, ...... хороолол, ....... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ш овогт Б.Б, /..... банк/-д,

861.000 /найман зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, ....... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Д овогт Ц.Э /............. ХХК/-д,

21.374.000 /хорин нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо, ...... гудамж, ..... дугаар байрны .....тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод түр оршин суух иргэний нэхэмжлэгч Ж овогт А.У-д тус тус олгож, шүүхээс тогтоосон хохирол төлөх хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

7. Хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан үеийн цалингийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Ж-н В ангиллын ........ тоот жолооны үнэмлэх, ...... улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийн ......дугаартай гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ж-т буцаан олгож, бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР