Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

 

                     

                                                Х.Б холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Б.Цэрэнтогтох

Хохирогч Т

Хохирогч Тын өмгөөлөгч Г.Цолмон

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т-ын өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б холбогдох эрүүгийн 2334001320178 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Х Б, 1997 оны 11 дүгээр сарын 21-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 4-7 тоотод оршин суух хаягтай,

урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт багт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй баарны гадаа Т-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Б-гийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь хохирогч Т-т 1.300.000 төгрөгийг төлсөнг, шүүгдэгч Х.Б-гээс 1.295.421 төгрөгийг гаргуулж, хохирогч Т-т олгож, хохирогч Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Т-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 3.982.550 төгрөгийг шүүгдэгч Х.Б-гээс гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Хохирогч Т-ын өмгөөлөгч Г.Цолмон гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т-ын “... Дееп баарны хаалгаар гараад шатаар бууж байхад хажуу талаас миний баруун талын хацар хавьцаа шар өнгийн канттай ажлын хувцастай залуу /У/ нь цохихоор нь би шатаар буцаж өгсөөд хар өнгийн куртиктэй залуу /Х.Б барилцаж аваад би баруун гараараа цохих гэтэл тэр залуу бултаад зөрүүлээд баруун гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон. Миний араас нэг хүн боогоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-20, 21/,

шүүгдэгч Х.Б-гийн “...Баатар нь тэр хохирогч гэх залууг баруун гараараа 1 удаа цохиод тэр хоёр барилцаж авсан. Баатараа тэр хохирогч гээд байгаа залууг дахиж цохисон гэж бодож байна. Миний харснаар Баатар нь баарны гаднах шатан дээр олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-34, 35/,

“...УТ-ын биед халдаж цохисон...” гэх мэдүүлэг /хх-81, 82/,

гэрч М“...Баатар тэр залууг баруун гараараа 1 удаа цохиход тэр хоёр барилцаж авсан..., ...миний харснаар Баатар нь баарны гаднах шатан дээр 1 удаа цохиж, дараа нь Х.Б нь шатнаас буугаад зогсож байхад баруун гараараа зүүн талын шанаа руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-31, 32/,

гэрч Э“...Унь би тэр хохирогч гэх залууг цохьчихлоо гэхээр нь би Дееп гэх баарны гадаа очиход тэр хохирогч гэх залуу газар хэвтээд хажуу талд нь Х.Б зогсож байсан. Сүүлд Уаас сонссоноос эхлээд Утэр хохирогч гэх залуутай маргалдаж цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-40, 41/,

гэрч Э“... Ууганбаатар нь тэр хохирогч ахыг баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-43, 44/,

мөн У“... Хохирогч гэх залуу гадаа гараад ирэхээр нь баруун гараараа баруун талын хацар рүү 1 удаа цохиход тэр залуутай хамт явж байсан 2 эмэгтэй над руу дайраад...” гэх мэдүүлэг /хх-46, 47/ зэргээс үзэхэд Унь хэрэг гарсан тухайн цаг хугацаанд Тын биед халдаж, цохисон, зодсон болох нь тогтоогддог.

Түүнчлэн хохирогч Тын биед учирсан “зүүн гайморын хөндийн гадна болон доод ханын хугарал, зүүн талын хацар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн гадна дотно, доод ханын цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, уруулын салстад шарх, зүүн дээд 4 дүгээр шүдний булгарал” гэх нийт 13 өөр төрлийн гэмтлийг Х.Б нэг удаагийн цохилтоор үүсгэх боломжгүй юм.

Х.Б, У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж,

мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Б холбогдох хэргийн шүүх хуралдааныг “Тын биед гэмтэл учруулсан Угэх этгээдийн үйлдэл холбогдлыг тодруулах, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх” талаар дурдаж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 919 дугаар шүүгчийн захирамжаар, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх талаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гаргасан байдаг.

Гэтэл Төв аймгийн прокурорын газраас уг шүүгчийн захирамжуудыг үл тоож, удаа дараа санаатайгаар биелүүлэхгүй цаг хожиж, шүүх хуралдаан дахин хойшлох боломжгүй гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд санаатайгаар ял завших боломж олгож, шүүхийг буруу шийдвэр гаргахад хүргэсэн байдаг.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  хэвээр үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Хохирогч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ял завшиж байгаад гомдолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт багт үйл ажиллагаа явуулдаг “Д” гэх нэртэй баарны гадаа хохирогч Т-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т-ын өгсөн “...тэгээд удалгүй “Д” гэх баар хаалаа гээд бүжиглэж байгаад би дүү Охамт 00 цагийн үед хаалгаар гараад шатаар бууж байхад хажуу талаас миний баруун талын хацар хавьцаа шар өнгийн канттай ажлын хувцастай залуу /У/ нь цохихоор би шатаар буцаж өгсөөд хар өнгийн куртиктэй залуутай /Х.Б/ барилцаж аваад би баруун гараараа цохих гэтэл тэр залуу бултаад зөрүүлээд баруун гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон юм. Тэгээд шар өнгийн малгайтай залуу /Д.Эрхэмбаяр/ нь бид хоёрыг салгаад намайг шатаар буулгаад аваад явсан. Тэгээд миний араас боогоод байсан. Тэгээд би ухаан алдахын өмнө миний хажууд нэг залуу наадахыг чинь алаад хаячихъя гээд хэлж байсныг би сонссон юм. Тэгээд нэг сэрсэн би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-20 тал/,

Гэрч О“... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 30 минутын үед ажлаа тараад байж байтал Улаанбаатар хотоос нагац ах Т, төрсөн дүү Г.Уянга нар ирээд бид 3 манай гэр рүү очоод 2, 2 лаазтай пиво уугаад “Д” бааранд 22 цаг 50 минутын үед ороход тус бааранд 2-3 хүн байж байсан. ...удалгүй Д гэх баар хаалаа гээд бүжиглэж байтал нагац ах Т нь намхан цайвар царайтай нэг залуутай муудалцаад байхаар нь би салгаад баарнаас аваад хаалгаар гартал нэг залуу нь нагац ах Тыг цохиод намайг намхан цайвар царайтай залуу татахаар нь би тэр залууг 2-3 удаа цохиод өөрөөсөө холдуулсан. Тэгээд эргээд хартал нагац ах Т нь шатны цаана газарт дээшээ хараад ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-27 тал/,

Гэрч У“......тэгээд бид гурав Сэнгүр гэдэг 1, 1 лаазтай пиво аваад уугаад сууж байхад нагац ах Т нь нэг намхан залуутай танилцаад юм яриад байсан. ...төрсөн эгч Г.Отгонтэнгэр нь Г.Уянгаа, Т ах үхлээ ш дээ гээд орилохоор нь би эргээд хартал нагац ах Т нь шатны цаана газарт дээшээ хараад ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29 тал/,

Гэрч М“...би, Х.Б бас нэг махлаг намхан эмэгтэй бид гурав гадаа байж байтал дотроос нэг туранхай эмэгтэй, нэг залуутай гарч ирэхэд араас нь Баатар, Д.Эрхэмбаатар нар гарч ирээд Баатар нь тэр залууг баруун гараараа 1 удаа цохиод тэр хоёр барилцаж авсан. Тэгээд Х.Б голоор нь ороод Баатар тэр залуу хоёрыг салгахад Х.Бг тэр залуу 2-3 удаа цохиход би очиж салгаад тэр ахыг баарны гаднах шатнаас буулгахад Х.Б нь шатнаас бууж ирээд намайг 2-3 удаа цохичихлоо гэж хэлээд тэр залууг баруун гараараа зүүн талын хацар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би Х.Бг боль гээд дотогшоо хувцсаа авахаар ороод буцаад гарах гэтэл үүдэнд Д.Эрхэмбаатар тэр намхан махлаг эмэгтэй хоёр заамдалцаад байж байхаар нь салгаад хаалгаар гартал нөгөө залуу газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32 тал/,

Гэрч Э“...такси барих гээд явах гэж байтал “Д” гэх баарны гадаа манай хүмүүс муудалцаад байхаар нь би яваад очтол тэр хохирогч гэх залуу эхлээд Х.Бг баруун гараараа 1 удаа цохиход би очоод салгаад тэр хохирогч гэх залууг аваад шатаар бууж байхад Х.Б тэр хохирогч гэх залууг баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би тэр хохирогч гэх залууг хориод байж байгаад цаашаа такси барих гээд хойшоо явтал араас Унь би тэр хохирогч гэх залууг цохичихлоо” гэхээр нь би “Д” гэх баарны гадаа очиход тэр хохирогч гэх залуу газар хэвтээд хажуу талд нь Х.Б зогсож байсан. Тэгээд Х.Б надад хэлэхдээ “би цохичихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-41 тал/,

Гэрч Э“...тэгээд гадаа тамхи татаад байж байхад тэр хохирогч ах дотроос гарч ирэхэд Унь тэр хохирогч ахыг баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд Уруу дайраад байсан хоёр эгчийг хорьж байгаад эргээд хартал Х.Б тэр хохирогч ах хоёр шатаар доошоо бууж байгаа харагдсан. Тэгээд тэр махлаг эмэгтэй Уруу дайрч байгаад тэр эгч хөл алдаад хойшоо унаад өгсөн. Тэгээд тэр махлаг эмэгтэйг босгоод буцаад дээшээ гараад нөгөө өндөр туранхай эгч нь Уруу дайраад байхаар очоод салгах гэж оролдоод хорьж байгаад араас махлаг эмэгтэй нь түлхээд би Удээрээс унаад босоод эргээд хартал тэр хохирогч ах газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд хажуу талд С.Мөнхсайхан ах, Х.Б нар зогсож байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44 тал/,

Гэрч У“...Д баарны доод талд ороод 0.75 литрийн архи 1 шил, Сэнгүр гэсэн бичигтэй лаазтай 2 пиво хулдалдаж аваад суусан. Тэгээд удалгүй гаднаас 2 эмэгтэй, 1 залуу гурвуулаа гаднаас орж ирээд хажуу талын ширээн дээр суусан..., ...тэр хохирогч гэх ах нь миний урдаас заамдаж аваад хоолой боохоор нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд өндөр туранхай эгч болон О.Эрхэмбаатар хоёр нь дундуур орж салгаад би О.Эрхэмбаатартай хамт гадаа гарсан. Тэгээд тэр хохирогч гэх залуу гадаа гараад ирэхээр нь баруун гараараа баруун талын хацар руу 1 удаа цохиход тэр залуутай хамт явж байсан 2 эмэгтэй над руу дайраад намхан махлаг эмэгтэй нь зуураад тавихгүй байхаар нь би гарын тавиулах гэтэл шатаар хойшоо өнхрөөд унасан юм. Тэгээд тэр хохирогч гэх залуутай хамт явж байсан 2 эмэгтэй нь хүн алчихлаа гээд орилоод байхаар нь би гүйж очоод харсан. Тэгээд би хойшоо зам руу гарах гэтэл урдаас О.Эрхэмбаяр нь гарч ирээд одоо яах уу гэхэд н.Эрхэмбаяр нь би Х.Бг түргэн дууд гээд хэлсэн байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-47 тал/,

Гэрч -“...2023 оны 02 сарын 11-ний өдөр 10 цагийн үед Төв аймаг Зуунмод сум Номт 1-р баг “Д” гэх бааранд туслах ажилтнаар ажиллаж байсан. ...өндөр туранхай эмэгтэй нь ажлын хувцастай намхан бор залуу Утатаад хамт бүжиглэмээр байна гээд байж байтал нөгөө залуу сууж байсан ширээ рүүгээ явахад араас нь тэр хохирогч гэх залуу заамдахад жижиг О.Эрхэмбаатар гаднаас орж ирээд салгасан. Тэгээд жижиг Эрхэмээ нь ажлын хувцастай Унайзаа аваад гадаа гарсан. Харин өндөр туранхай эмэгтэй, тэр хохирогч гэх залуу хоёр араас нь дагаад гарсан. Тэгээд доод талын бүжгийн талбайгаа хаагаад дээшээ машины түлхүүрээ аваад баарнаас гарахад намхан махлаг, өндөр туранхай 2 эмэгтэй ажлын хувцастай намхан бор залуу руу дайрахад том О.Эрхэмбаяр, О.Эрхэмбаатар нь салгаад байсан. Тэгээд би машиндаа суугаад цонхоор харж байхад ажлын хувцастай залуу нь намхан махлаг эмэгтэйг шатнаас түлхэж унагаахад намхан махлаг эмэгтэйг хамт явж байсан өндөр туранхай эмэгтэй болон О.Эрхэмбаатар нар нь босгоод байсан. Тэгээд н.Эрхэмбаатар, ажлын хувцастай О.Ууганбаатар, өндөр туранхай, намхан махлаг гээд тэр 4 зууралдаад байж байсан. Тэгээд нэг харсан тэр хохирогч гэх залуу газар унаад хажууд нь Х.Б зогсоод ална шүү гэж хэлээд Х.Б нь хойшоо таксины зогсоол руу гараад явсан. Тэгээд Х.Б нь буцаж ирээд ална шүү гээд тэр хохирогч гэх залууд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2601 дугаар “...Тын биед зүүн гайморын хөндийн гадна болон доод ханын хугарал зүүн талын хацар ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн гадна дотно, доод ханын цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 57-58 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №301 дугаар “...Тын биед зүүн гайморын хөндийн гадна болон доод ханын хугарал, зүүн талын хацар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн гадна дотно, доод ханын цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, уруулын салстад шарх, зүүн дээд 4 дүгээр шүдний булгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нэг шүдний булгаралт нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-63 тал/, шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Прокуророос шүүгдэгч Х.Б-г өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан мэдэж байсан атлаа түүнийг хүсэж үйлдэн хохирогч Т-т хохирол, хор уршиг зориуд учруулсан гэж дүгнэн, хэрэгт авагдан дээр дурдагдсан нотлох баримтуудад үндэслэн түүний үйлдэл холбогдлыг “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах...” гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

5. Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Х.Б-гийн холбогдсон гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэгт хамаарах ба хохирогч Т-ын зүүн шанаа хэсэг рүү нь цохин зодсоны улмаас түүнд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

6. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

7. Түүнчлэн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, хохирогч болон түүний өмгөөлөгчийн санал, түүний бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан уг ялаа хуульд заасан журмын дагуу эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

8. Хохирогч Т-ын өмгөөлөгч Г.Цолмонгоос “...шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчид учирсан гэмтэл нь Х.Б-гийн нэг удаагийн цохилтоор үүсгэгдэх боломжгүй, уг гэмт хэргийг У хамт бүлэглэн гүйцэтгэсэн учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар хүндрүүлэн зүйлчлүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

 Хэрэгт авагдан дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт хавсаргагдсан “Д” баарны үүдний хэсгийн камерын бичлэг зэргээс үзвэл Унь шүүгдэгч Х.Б-тэй бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

9. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т-ын өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                          ШҮҮГЧИД                                   З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                 М.МӨНХДАВАА