| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00321/И |
| Дугаар | 301/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00325
| 2025 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00325 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Д.Б-ы хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Б миний бие 1966 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн ТТ хоршоололд тракторчноор тасралтгүй ажиллаж байсан ба энэ хугацааны ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн ТТ хоршоололд 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн ТТ хоршоололд ажиллаж байгаад 1985 онд цэрэгт яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Улмаар А аймгийн ТТ хоршоололд 1988 оноос 1995 он хүртэлх хугацаанд тракторчнаар ажиллаж байсан байдал байхгүй байгаа. Тэр талаарх баримт гарч ирэхгүй байгаа. Ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт 1988-1995 он гэж бичсэн байсан. 1988-1995 оны тушаалууд архивд байхгүй байгаа. Бусад нь гарч байгаа. Би ажиллаж байгаад хоршоолол задраад төмсний салаа руу орсон. Төмсний услалтын салаа гэж байсан. Услалтын систем нь татан буугдаад төмсний салаанд тракторчнаар ороод ажиллаж байгаад 1995 онд аймагтаа ирсэн. Услалтын салаа нь татан буугдаад төмсний салаа руу орж ажилласан. Би М75 гэж трактор барьдаг байсан. Бороожуулагч байсан. Эхлээд усалгаа хийдэг байсан. Дараа нь усалгааны системийг нь авч хаяад төмсний салаанд газар хагалдаг болсон гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Д.Бы хөдөлмөрийн дэвтэрт
- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 108910 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Д.Б БХЯ-ны сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар А аймгаас 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 596117 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 339 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Тунгалаг тамир хоршооллын 1990-1991 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Бд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” 50 тоот тогтоолд 1. 1988 оны тариалалт, уринш боловруулалт, тариалан арчлалт, ургац хураалтын ажилд идэвхтэй ажилласан тариалан арчлалт, ургац хураалтын ажилд идэвхтэй ажилласан тариаланч ногоочин, механикжуулагч нэр бүхий 50 хүнийг баярын бичиг 15, сайшаалын үнэмлэх 35 болон 6586 төгрөг 40 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай, тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтын 39-т Д.Б гэсэн,
- А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажил өөрчлөн ажилд томилох тухай” 62 тоот тушаалд ... 12. Д.Быг 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бороожуулагч, ДТ-75 тракторын жолоочоор томилж, хийснээр нь тарифаар цалинжуулах гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Бы Тунгалаг тамир хоршоололд тракторчноор ажилласан байсан үеийн 337 дугаартай цалингийн тодорхойлолтод:
- Д.Бы 222393 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт:
- Д.Бы 780998 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
2.2. Хүсэлт гаргагч Д.Бы хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.Ц-ын шүүхэд өгсөн “Би 1981 оноос 1996 оныг хүртэл А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд автын жолоочоор ажиллаж байсан. Д.Б нь 8 дугаар анги төгсөөд А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд ажилчнаар 2 жил ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд тракторчин, ногоочноор ажиллаж байсан. Д.Бы ажиллаж байсан оныг сайн санахгүй байна. А аймгийн аж ахуйн дундын Тунгалаг тамир хоршоолол 1996 онд хувьчлагдаад Тунгалаг тамир ХК, Хойд тамир ХК болж байсан. Д.Б нь А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллыг хувьчлагдах хүртэл ажилласан. Д.Бы аав Д нь А аймгийн аж ахуйн дундын Тунгалаг тамир хоршоололд инженерээр ажилладаг байсан. А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргаар н.Д, н.Л, н.Ц нар ажиллаж байсан. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа хоршооллоос өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Бтай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.С-ийн шүүхэд өгсөн “Би 1982 оноос 1992 оныг хүртэл А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд тракторын жолоочоор, 1993 оноос 1995 оныг хүртэл Э суман дахь Тунгалаг тамир ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Д.Б нь 1987, 1988 оны үеэс А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан. Д.Б нь 1996 оныг хүртэл А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд тракторын жолоочоор ажилласан. А аймгийн аж ахуйн дундын Тунгалаг тамир хоршоолол 1993 онд хувьчлагдаад Тунгалаг тамир ХК болж байсан. Д.Б нь А аймгийн Э суман дахь Тунгалаг тамир ХК-д тракторын жолооч ажиллаж байсан. Д.Б нь А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын ТЗ-75 маркийн трактор барьж байсан. Д.Б аав Д нь А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд инженерээр ажилладаг байсан. А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргаар н.Д, н.Г, н.Л нар ажиллаж байсан. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа хоршооллоос өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Бтай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/232 тоот албан бичигт: Тус газрын архивт Д.Б нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- Д.Бы хаягийн хуудсанд: А аймгийн Б сум, Д.Б, эрэгтэй, 1966 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хаана ямар ажилтай-Хоршооллын тракторын жолооч, 1984-03-31 гэсэн,
- Д.Бы гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр Д.Б, А хот, боловсрол-бүрэн дунд, ажилладаг байгууллага-ТТ хоршоололд, нийгмийн бүлэг-ажилчин гэсэн,
- Д.Бы 1992, 1993, 1994, 1995 онуудын тракторчноор ажилласан байсан үеийн цалингийн баримтууд,
- Тунгалаг тамир хоршооллын өмч хувьчлалын комиссын материалд нэрсийн жагсаалтын 132-т Д.Б, 7000 төгрөг гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Бы А аймгийн ТТ хоршоололд 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Хойд тамир ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Д.Бы хөдөлмөрийн дэвтэр,
- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 108910 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 339 тоот тодорхойлолт,
- А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” 50 тоот тогтоол,
- А аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажил өөрчлөн ажилд томилох тухай” 62 тоот тушаал,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Бы Тунгалаг тамир хоршоололд тракторчноор ажилласан байсан үеийн 337 дугаартай цалингийн тодорхойлолт,
- Д.Бы 222393 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
- Д.Бы 780998 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/232 тоот албан бичиг,
- Д.Бы хаягийн хуудас,
- Д.Бы гэрлэсний ХААТР-15 маягт,
- Д.Бы 1992, 1993, 1994, 1995 онуудын тракторчоор ажилласан байсан үеийн цалингийн баримтууд,
- Тунгалаг тамир хоршооллын өмч хувьчлалын комиссын материалд нэрсийн жагсаалтын 132-т Д.Б, 7000 төгрөг гэсэн,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Ц, Г.С нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн ТТ хоршоололд 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Хойд тамир ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторчноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Бы А аймгийн ТТ хоршоололд 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Хойд тамир ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН