Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2021/00013

 

Говь-Алтай аймгийн П газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 133/ШШ2021/00162 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Уран хотхоны 4 дүгээр байр, ... тоотод оршин суух, С.Г-д холбогдох

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 4.482.340 /дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай Д.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ажилд эргүүлэн томилсон байна. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 96 хоногийн цалинтай тэнцэх олговорт улсаас 4.482.340 төгрөгийг гаргаж Д.Г-ы цалинд 4.038.144 төгрөг, хүн амын орлогын албан татварт 328.433 төгрөг, нийгмийн даатгалд 848.010 төгрөгийг олгосон байна. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан байсан. Энэ утгаараа тус албан хаагч нарын дунд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэгт “төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн зүйлийн 132.1 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар хуулийн заалт байдаг. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулиас иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн С.Г-ээс 4.482.340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-ээс /РД: ДЮ.........../ 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.063.710 /гурван сая жаран гурван мянга долоон зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.648 /гучин долоон мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С. Г-ээс 1,418,630 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,063,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Гомдлын агуулга, үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа С.Г-ийн буруутай шийдвэрээс төрд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэл ойлгомжтой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.

 

Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасны дагуу шүүхийн 133/ШШ2021/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газар нь Д.Г-ы ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлснөөс Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуульд учирсан хохиролд 4.482.340 төгрөгийг хариуцагч С.Г-ээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Г эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжаараа Д.Г-ыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн байна.

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Засаг дарга С.Г-ийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г-ыг Тонхил сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалин 4 038 144 төгрөгийг Тонхил сумын сургуулиас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахаар шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж Д.Г-д уг олговрыг олгосон болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн дагуу мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна.

 

С.Г нь ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэснийг хууль бус санаатай үйлдэл буюу хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж байсан байна.

Түүний гаргасан захирамж нь эрх зүйн хувьд алдаатай байсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож, уг захирамжийг хүчингүй болгож ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тухайн байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь С.Г-ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн урьдач нөхцөл нь гэм хор учруулсан үйлдэл нь хууль бус байх шаардлагатай байдаг байна. Тиймээс анхан шатны шүүхийн талуудын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Д.Г нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсныг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул Д.Г-ийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.
Ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Харин хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд энэхүү хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

Өөрөөр хэлбэл С.Г нь ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, түүний хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан болох нь тогтоогдоогүй байх тул С.Г-д тухайн үед авч байсан нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирол төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс С.Г-ээс хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1 418 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “С.Г-ийн буруутай шийдвэрээс төрд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх гэсэн хэлбэртэй байхаар, үл хөдлөх эд хөрөнгөөс бусад эд юмсыг хөдлөх хөрөнгөд хамааруулахаар заасан бөгөөд үүнд мөнгөн хөрөнгө нэгэн адил хамаарна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2021/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                         ШҮҮГЧИД                            Ш.Б

 

                                                                             Т.Ж