Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 141

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч С.Х,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1710011140169 дугаартай, 187/2018/0137/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Т овогт Б.М

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” ресторанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах явцдаа шилэн стакан шидсэнээс иргэн С.Х-н духны баруун хэсгээс доош хөмсөг дайрч зовхи хүрсэн няцарсан болон өнгөц зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” ресторанд найз Г.Э, /хохирогч/ С.Х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Г.Э-г “чи маргааш өглөө эрт ажилтай гэсэн биздээ, юу хийгээд энд байж байгаа юм бэ” гэж хэллээ хэмээн уурлаж ширээн дээр байсан архи согтууруулах ундаа ууж байсан шилэн стаканыг авч Г.Э рүү шидэхдээ хажууд нь сууж байсан С.Х-н толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...Надад хэн нэгнийг гэмтээх бодол санаа байгаагүй, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...Би хохирогчид тухай бүрт нь эмчилгээний зардал төлж байсан, хохирогчийн өвчтэй байсан хугацааны цалинг нөхөн өгч нийт 3.850.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...Би 500.000 төгрөгийн цалинтай...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бид уулзаж суухад Б.М-н дуу өндөрсөөд эхэлсэн ба нэг мэдэхэд түс хийсэн чимээ гараад би цус алдаад эхэлсэн. Б.М эмнэлгийн хяналтанд хамт явж байсан. Цаашид 21 хоноод сард нэг удаа тариа хийлгэнэ. Уг эмчилгээний зардлыг шүүгдэгч тухай бүрт нь гаргаж өгвөл гомдол саналгүй.../Уг сорви хэзээ арилах вэ/ 2 жилийн хугацаанд бүдгэрнэ, 100% арилахгүй...Нэг тариа 50.000 төгрөгийн үнэтэй, 2 дахь тариа 175.000 төгрөгийн үнэтэй..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

            4. Хохирогч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед 10 жилийн найзууд болох Г.Э, Б.М бид гурав уулзаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “..................” ресторанд орж суусан. Ингээд тэндээс 1 шил Evok нэртэй 0,75 архи авч бид гурав хувааж уусан. Уг ресторанд орохоос өмнө Г.Э бид хоёр тус бүр 4 ширхэг “Тайгер” нэртэй пиво уусан байсан. Ингээд тэнд сууж байхад 21 цаг 40 минутын үед миний нөхөр болох Ч.Б ирсэн. Тэгээд бид дөрөв ярилцаж сууж байхад Г.Э, Б.М хоёр хоорондоо маргалдаж улмаар Б.М нь ширээн дээр байсан шилэн стаканыг аваад Г.Э рүү шидсэн. Тэгсэн уг шилэн стакан миний баруун талын нүдний хөмсөг хэсэгт оносон. Тэгээд рестораны ажилтан нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би ширээний баруун талд Г.Э-тэй хамт сууж байсан. Харин нөхөр болох Ч.Б, Б.М хоёр нөгөө талд нь сууж байсан...Б.М халамцуу, Г.Э нилээн согтсон байсан. Би бас халамцуу байсан. Б.М-той маргалдаж хэрэлдээгүй...Баруун талын хөмсөг орчмоор оёдол тавиулсан. Тухайн үед зовиуртай байсан бөгөөд одоогоор зовиур арилсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Биеийн байдал хэвийн байгаа болно...Б.М нь намайг санаатайгаар цохиж зодон гэмтэл учруулаагүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

            5. Гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр С.Х 10 жилийн ангийхантайгаа уулзана гэж байсан юм. 17 цагийн үед эхнэр ангийнхантайгаа уулзаж байна гэж утсаар ярьсан. 21 цагийн үед 120 мянгатад байрлах “......................” ресторан дээр ирсэн. Ингэхэд эхнэр маань 10 жилийн хамт сурч байсан Б.М, Г.Э /нэрийг нь сайн санахгүй/ гэх хоёр найзтайгаа сууж байсан. Эхнэр нилээн согтсон байсан. Би Б.М гэх цагаан саарал цамцтай, улаан эмжээртэй цамцтай том биетэй залуугийн хажууд нь суусан. Г.Э нь эхнэрийн хажууд сууж байсан. Ингээд тэр 2 найзтай нь танилцаад өөд өөдөөсөө гараад сууж байтал нөгөө 2 залуу маргалдаж байгаад миний хажууд сууж байсан нь архиныхаа стаканыг нөгөө рүүгээ шидсэн. Шидсэн чинь хажууд нь сууж байсан манай эхнэрийн толгойг оносон. Ингээд цус гарч ресторанаас цагдаа, түргэн дуудсан. Гэмтэл рүү эхнэрээ аваад явсан. Гэмтэл дээр очиж оёо тавиулсан...Баруун хөмсөгний дээд хэсэгт шархтай байна...Бие биенийхээ дууг хорьж “дуугүй бай” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№02/-ний дүгнэлт:

                        -С.Х-н биед духны баруун хэсгээс доош хөмсөг дайрч зовхи хүрсэн няцарсан болон өнгөц зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/

            7. Шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед манай 10 жилийн ангийн найзууд болох Г.Э, С.Х, н.З нартай Баянгол дүүрэг, ...... дугаар хороололд байрлах “..........” нэртэй ресторанд уулзсан. Тухайн үед тэд нар тус бүр 4 шил пиво уусан гээд сууж байсан. Би тэдэн дээр очоод шинэ жилийн арга хэмжээ хэрхэн зохион байгуулах талаар ярилцчихаад бид бүгд тарцгаасан. Ингээд би гэртээ харих гээд явж байхад Г.Э над руу ярьснаа “120 мянгатад хүрээд ир” гэж дуудахаар нь очтол Г.Э, С.Х нар байсан. Тэгээд бид гурав Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” ресторанд ороод 750 граммтай Ивок нэртэй архи нэг шилийг аваад хувааж уугаад, ярилцаж байхад С.Х-н нөхөр Ч.Б ирсэн. Тухайн үед С.Х, Г.Э нар нилээн согтчихсон байсан. Ингээд Ч.Б бидний ууж байсан архинаас 100 орчим грамм уугаад байж байхад Г.Э нь Ч.Б-д “чи муу залуу, эхнэрээ хайрладаггүй” гэсэн зүйл хэлээд маргах гээд байхаар нь би Г.Э-д “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж хэлтэл Г.Э намайг “чи маргааш өглөө эрт ажилтай гэсэн биздээ, юу хийгээд энд байж байгаа юм бэ” гэхээр нь би түүнтэй маргалдаж байгаад өөрийнхөө архи ууж байсан шилэн аягыг Г.Э рүү шидтэл түүний зүүн мөрийг дэрлээд сууж байсан С.Х-г оночихсон. Шилэн аяга С.Х-н баруун хөмсөг орчмыг оноод, баруун хөмсөг нь уртаашаа зүсэгдээд, цус гарч эхэлсэн. Би түүний цусыг тогтоох гэж оролдсон боловч чадаагүй ба удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн...Миний хувьд тухайн өдөр С.Х-тэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Бидний дунд өр авлага, өш хонзон байхгүй. Харин би Г.Э-тэй маргалдаж байгаад түүн рүү шилэн аяга шидтэл уг аяга нь С.Х-г оносон юм. Тухайн үед Г.Э-н зүүн талд нь С.Х суусан ба тэдний өөдөөс Ч.Б бид 2 хараад сууж байсан...С.Х, Г.Э нар нилээн согтсон байсан. Харин би өөрийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний согтолттой байсан...Би С.Х-н эмчилгээний зардал болох Топаз эмнэлэгт 10 хэвтсэн төлбөр 500.000 төгрөг, толгойны томографик зураг авахуулсан 120.000 төгрөг, косметик оёдол, боолт хийлгэхэд 350.000 төгрөг гэх мэтээр 1.200.000-1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн...С.Х-н нөхөр Ч.Б-ны Хаан банк дахь...тоот данс руу 500.000 төгрөг, мөн...дээрх данс руу 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дээрх данс руу 250.000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 11-ний үеэр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний үеэр 250.000 төгрөгийг С.Х-д бэлнээр өгсөн. Одоогийн байдлаар С.Х-н эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Миний хувьд өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. С.Х, Г.Э бид...багын найзууд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№02/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” ресторанд найз Г.Э, /хохирогч/ С.Х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Г.Э-г “чи маргааш өглөө эрт ажилтай гэсэн биздээ, юу хийгээд энд байж байгаа юм бэ” гэж хэллээ хэмээн уурлаж ширээн дээр байсан архи согтууруулах ундаа ууж байсан шилэн стаканыг авч Г.Э рүү шидэхдээ хажууд нь сууж байсан С.Х-н толгойн тус газарт нь онож биед нь духны баруун хэсгээс доош хөмсөг дайрч зовхи хүрсэн няцарсан болон өнгөц зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж /3.800.000 төгрөг төлсөн/ хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.М эмнэлгийн хяналтанд хамт явж байсан. Цаашид 21 хоноод сард нэг удаа тариа хийлгэнэ. Уг эмчилгээний зардлыг шүүгдэгч тухай бүрт нь гаргаж өгвөл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Би 500.000 төгрөгийн цалинтай...” гэсэн хүсэлтийг үндэслэн 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Х “...Цаашид 21 хоноод сард нэг удаа тариа хийлгэнэ. Уг эмчилгээний зардлыг шүүгдэгч тухай бүрт нь гаргаж өгвөл гомдол саналгүй...Нэг тариа 50.000 төгрөгийн үнэтэй, 2 дахь тариа 175.000 төгрөгийн үнэтэй...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.М “...Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг шүүх хүлээн аваад хохирогч С.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлъя.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5.  Б.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР