Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/010

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль,

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/30 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2314001510291 дүгээр хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ............. тоотод оршин суудаг,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтаан нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:*******,

 ******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Тоёота виросса маркийн маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “А.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , мөн дүрмийн 18.1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. А.Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн жолоодож явсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ийн биед зүүн талд 2,3 дугаар хавиргануудын хугарал, шуу, богтос ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой, тархины эдэд цус харвалт, тархины няцрал, тархины баруун дэлбэнгийн духанд аалзан хальсан доорж цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэ27.10сэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2314001510291 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Б.Байгаль тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 25 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Тус захирамжид:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болохоор, уг хүсэлтийг прокурор хянаад ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэр гаргахаар журамласан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар саналдаа тусгасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-т заасан албадлагын арга хэмжээг тогтоосон талаар уг холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар заасан байхад тухайн шүүгдэгчид оногдуулах албадлагын арга хэмжээг саналдаа бичээгүй нь хуулийн шаардлага хангасан гэхэд эргэлзээтэй байх тул прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.4 дүгээр зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэрэгт уг хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.2, 17.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдсон байна гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

Дээрх захирамжийг дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна.

Үүнд:   1.Прокурорын шатанд яллагдагч ******* нь эрүүгийн 2314001510291 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн зааснаар 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж, прокурорын зүгээс тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл хангагдсан, мөн тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохирч, хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд:

1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,

2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,

3. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,

4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,

5. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянана,

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх “хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Гэтэл шүүх хуралдаанаар “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааснаар юуг, ямар ажиллагааг хийх нь тодорхойгүй, захирамждаа тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан, ердийн журмаар шүүхийн шатанд хянан шийдвэрлэх боломж үүссэн байхад прокурорт буцааж эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод тус тус нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэл бий болсон байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/30 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаан прокурор биечлэн оролцоно. гэжээ.

Прокурор Б.Байгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос яллагдагч *******ийг согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 06-ны шөнө Тоёота виросса маркийн маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “А,  мөн дүрмийн 18.1-ийн  А заалтуудыг тус тус зөрчиж, Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн жолоодож явсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг  анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ......шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно... гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар саналдаа тусгасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-т заасан албадлагын арга хэмжээг тогтоосон талаар уг холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар заасан байхад тухайн шүүгдэгчид оногдуулах албадлагын арга хэмжээг саналдаа бичээгүй нь хуулийн шаардлага хангасан гэхэд эргэлзээтэй байх тул прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй ...

... шүүгдэгч *******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т заасан... прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх... гэх нөхцөл байдлыг хянуулахаар хуульчилсан байхад прокуророос шүүгдэгч ******* нь албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх талаар буюу яллагдагч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу ... хуулийн 17.3 дугаар зүйлийн  1.2, 17.3 дугаар зүйлийн 3-т дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдсон байна ...” гэж  дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  арван долдугаар бүлгийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмын   17.1-17.3 -т заасан зохицуулалт нь  яллагдагч  хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд  Прокуророос хийгдсэн  байх   эрх хэмжээний асуудал буюу  энэ журмыг Прокурор нэг бүрчлэн   шийдвэрлэсэн байхыг шаардана.

Прокурор шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар саналаа яллагдагч түүний өмгөөлөгчид танилцуулж,яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулсан талаар хэрэгт баримт авагдаагүй нь энэ талаар зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасныг  хэрэгжүүлээгүй  гэж үзнэ.

Мөн түүнчлэн  *******т ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг оруулахдаа  нэмж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байгаа бол ямар үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоохоо тодорхойлоогүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.1-т  заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй  юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.3 дугаар зүйлийн  1.2, 17.3 дугаар зүйлийн 3-т дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.6-т заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин  анхан шатны шүүх “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй ...” гэж үзсэн, энэ зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээний  асуудал байх ба анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн мөртөө шүүгчийн захирамжид шүүгдэгч, яллагдагч... гэх зэргээр  бичсэн байгааг дурдах нь зүйтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/30 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ