Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

 

 

 

                                                       Н.Ч холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Б.Цэрэнтогтох

Шүүгдэгч Н.Ч

Шүүгдэгч Ч өмгөөлөгч Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/521 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ч холбогдох эрүүгийн 2334000000361 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Н Ч, 1995 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй.

Шүүгдэгч Н.Ч нь “Портер” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн А өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Н.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б овогт Н Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар Б овогт Н Ч-ийг 3/жилийн/ хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01/нэг/ жил 8/найм/ сар 11/арван нэг/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 4/дөрөв/ жил 8/найм/ сар 11/арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч оногдуулсан 4/дөрөв/ жил 8/найм/ сар 11/арван нэг/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2/хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.922.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Porter” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2334000000361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогтой Ч би 2023 оны 12 дугаар сарын 20-нд анхан шатны шүүхээр 4 жил 8 сар 11 хоногийг нээлттэй хорих ангид эдлэх талаар шийтгүүлсэн тул дараах үндэслэлээр гомдол гаргасан .

Үүнд:

1.Миний бие анхнаасаа хэргийг үнэн зөвөөр хүлээж хийсэн хэрэгтээ маш  их гэмшиж байна, надад хохирол гомдол байхгүй.

2. Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа малын ахлах байцаагч Алтанхуяг, Анхбуян нар намайг дарамталж ижил төстэй хэргүүд тулгаж гурван эзэнгүй хэрэг ав гэж айлган сүрдүүлж хууран мэхэлж дөрвөн үхэр хулгай хийсэн гэж мэдүүлсэн. Уг хэрэг нь миний өөрийн үхрийн бэлчээрт нийлээд 2-3 сар болдог. Гэвч цагдаа нар нь үхэр хулгай хийсэн гэж дарамталж мэдүүлэг авдаг хууль бус ажиллагаа хийсэн байдаг.

3.Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бодолгүй шийдвэрлэсэн.

Эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзэж эхнэр хоёр хүүхдийг минь бодож ялын хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч хувийн байдал, ар гэрийн байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэлбэр ба бүтцийн хувьд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаж гараагүй байна.

4. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоодог.

5. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Н.Ч оногдуулах хорих ял талаар дүгнэсэн боловч уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийг тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн ямар нөхцөл байдлыг үндэслэн, хаалттай эсхүл нээлттэй аль дэглэмд уг ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.Ч 4 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.2-т заасан “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн байна.

7. Анхан шатны шүүхийн дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.2, ... 36.7... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ч холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Ч холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг, шүүгдэгч Н.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА   

 

                      ШҮҮГЧИД                                                        З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ