Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

 

 

 

 

Б.Р, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Наранхүү

Шүүгдэгч Б.Р, Ц.Г

Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа, С.Сувдмаа

Шүүгдэгч Б.Р-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, П.Баттулга,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/496 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Р, Ц.Г, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулга, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2334000970104 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б Р, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1992 оны 6 дугаар сарын 16-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

О овогт Ц Г, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1999 оны 02 дугаар сарын 23-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Р, Ц.Г нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн А өмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс хулгайлж, бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Р нь ганцаараа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газраас иргэн Ш өмчлөлийн 1 тооны адууг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Б.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С овгийн Б Р, О овгийн Ц Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334000970104 дугаартай хэргээс шүүгдэгч С овгийн Б Рид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч О овгийн Ц Г, С овгийн Б Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О овгийн Ц Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С овгийн Б Рийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн Ц Гт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг,

шүүгдэгч С овгийн Б Рид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334003050322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г, Б.Р нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Совгийн Б Роос нийт 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О овгийн Р А олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б Роос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хүрэн халзан зүсмийн азарганы үнэ 1,260,000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, шүүгдэгч О овгийн Ц Гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хээр зүсмийн адууны үнэ 901,700 /есөн зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О овгийн Ц Г, С овгийн Б Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Р гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын эхээр Ц.Гын хамт адуунд явж байтал Аадуу эзэнгүй “Наймган” гэдэг газар худгийн хойд энгэрт явж байхад Ц.Гнадад хандаж би энэ адуунаас тарган хонгор халзан морь барьж авч идшиндээ хэрэглэнэ гээд уг адуун дотроос салгаж хөөхөд миний хул хонгор даага хамт салж явсан юм. Ер нь миний хул хонгор даага хонгор халзан морийг байнга дагаж хажуунаас нь салдаггүй байсан.

            Би хонгор хул даагыг Ахүүд морь сонирхдогийн хувьд бэлэглэхээр амлаж байсан боловч цаашдын бэлэг дэмбэрэл, ирээдүйг нь бодож үр төлөө өгөх байдсан гүү өгөхөөр эцэг Р.А амлаж байсан тул өмнө нь хүүд нь өгсөн хонгор хул даагыг буцаж авахаар ярьж тохиролцсон байсан. Яг тухайн үед Р.А хэлээгүй байснаас алдсан хоёр тооны адууг Цагдаагийн байгуулагад мэдэгдэж миний бие энэ талаар тодорхой мэдүүлээгүйгээс болж Ц.Гтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдон сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.   

            Шүүгдэгч Ц.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн талаар үнэнийг өгүүлэхэд Ц.Г би хохирогч Р.А адуунаас мал хулгайлж авч яваагүй, А аав болох Орших овогтой Рагчаа нь миний нагац ах юм. Рагчаа ахаас би адууны авлагатай байсан тул очиж авсан. Үүнийг ах сайн мэдэж байгаа ба хүүхэддээ энэ талаар дуулгасан эсэхийг мэдэхгүй байна.

            Миний бие анх мөрдөн байцаалтад гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн шалтгааныг хэлсэн байхад мөрдөн байцаагч огт бичээгүй орхигдуулсан юм. Мөрдөгч надад мэдүүлэг уншиж танилцах боломж өгөхгүйгээр шууд гарын үсэг зуруулсан. Энэ хэрэг Төв аймгийн Цагдаагийн газар шилжиж ирсний дараа С.Сувдмаа өмгөөлөгчийг авч хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцах үед өөрийн өгсөн мэдүүлгийг уншихад Заамар сумын хэсгийн төлөөлөгчийн авсан мэдүүлэг нь миний ярьсан зүйлээс өөр байсныг сүүлд мэдсэн. Сумын хэсгийн төлөөлөгч намайг “хэргээ хүлээ” гэж цагдаагийн байрандаа 2 хоног байлгаж дарамталж зодсон юм. Миний хувьд ээжтэйгээ амьдардаг, аав минь 2016 онд нас барсан. 2021 онд миний том ах минь нас барснаас хойш ар гэрээ би авч явдаг болсон. Мөн өвчтэй ээжийгээ авч болон асардаг болсон нь үнэн. Миний ээж Б.Гэрэлтуяа нь зүрхний архаг өвчтэй, нүд болон эмэгтэйчүүдийн савны хавдартай байж байгаад саяхан хагалгаанд орж авахуулсан, хөл муутай, эмчийн хяналтад байдаг юм.

            Би урьд өмнө нь ял шийтгэл авч байгаагүй, анх удаа малын хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж шүүхээр шийтгэгдсэн бөгөөд урьд нь ямар ч зөрчил гаргаж байгаагүй.

            Эрүүгийн 2334000970104 дугаартай хэрэгт шүүхээс Б.Р болон миний бие Ц.Г нарыг бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн А өмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд маш их гомдолтой байна.

            Учир нь: Б.Р нь 2020 онд А хүүхдийн үсний найранд ороод хүүхдэд нь бэлэглэсэн хул охин даага байсан түүнийгээ л авч байна гэж ойлгосноос өөрөөр урьдчилан тохиролцож ярилцан хулгай хийсэн зүйл огт байхгүй.

            Шүүхээс намайг гэм буруутай гэж оногдуулсан 3 жилийн хорих ял надад маш их хүнд байгаа ба шүүгч бидэнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзэж шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна.

            Миний бие Ц.Энхбаяр нь 2 адууны хохирол гэх 1,700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг албан шахалтаар төлсөн. Миний ээж Б.Гэрэлтуяа нь өмгөөлөгч С.Сувдмаа ярихад өмгөөлөгч нь хохирогч төлбөрөө төлөөд шүүх хуралд орвол бага ял авах юм уу эсвэл хэргээс салах магадлалтай гэж хэлсэн учир ээж маань намайг хэргээс салгах гэж Р.А 1,000,000 төгрөг өгсөн байсан. Ээж маань айсандаа намайг шоронд орчих вий гэж төлбөр төлөх шалтгаан болсон гэж надад хэлсэн.

            Надад хулгай хийсэн зүйл огт байхгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Рийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлан авсан гэм буруутайд тооцож уг зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Б.Р нь Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ц.Г-тай хамт явж байгаад тус багийн иргэн Аадуунаас өөрийн тамгатай хул зүсмийн даагыг А ярьж тохиролцсоны дагуу буцаан авсан. Ц.Г нь Аадуунаас 1 тооны хонгор халзан морийг хулгайлан авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг юм.

            Хавтаст хэргийн 58-59, 60 дугаар хуудсанд авагдсан Ц.Гын мэдүүлэгт: Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр танил Б.Рийн хамтаар адуунд явж байтал манай хамаатны ах Аадуу эзэнгүй "Наймган” гэдэг газар худгийн хойд энгэрт явж байхаар нь би Рид хандаж энэ адуунаас тарган хонгор халзан морийг барьж авъя гэж хэлээд тэр морийг хөөхөд түүнтэй хамт явсан хул хонгор даага салж явсан нь Б.Рийн ширэээтэй гал тамгатай байсан. Уг даагыг Б.Р мөн бугуйлдаад барьж авахаар нь яах гэж байгаа юм гэж асуухад энэ миний даага байгаа юм би А хүүхдэд бэлэглэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хул хонгор даага, хонгор халзан морийг хөтлөөд Хайлааст 3 дугаар баг буюу Сов орж айлын хашаанд оруулаад хоёулаа тус тусдаа нядалж махалж зарсан Б.Рийг махаа хэдэн төгрөгт зарсаныг мэдээгүй гэжээ.

            Миний үйлчлүүлэгч Б.Р нь багаасаа ээжийнхээ асрамжинд өсөн хүмүүжиж өрх толгойлон хөдөө мал аж ахуй эрхлэн ажиллаж, ерөнхий боловсролын сургуульд суралцаж боловсрол эзэмшээгүй бичиг үсэг мэддэггүй, өөрийн үзэл бодлоо бусдад бүрэн илэрхийлэх чадваргүй, хүнд тусархуу нутгийн зон олонтой эвсэг нэгэн бөгөөд мөрдөн байцаалтанд би Ахүүд бэлгэнд өгсөн хул даагаа буцаан авч түүний оронд үр төл өгөх байдсан гүү өгөхөөр тохиролцсон гэдгээ ч мэдүүлээгүйн улмаас Ц.Гтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлан авсан гэж дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Рийг гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож Б. Рид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Миний үйлчлүүлэгч Б.Р нь хувийн байдлын хувьд 60 нас гарсан ээж нь зүрхний шигдээс өвчтэй ээжийгээ асрамжлан хөдөө мал маллаж өрх толгойлон амьдардаг ахуй амьдралын хувьд хүнд нөхцөлтэй, эх нь хүүгээ ял шийтгэл авсанд сэтгэл санаа нь хямран шаналан зовж нойргүйдэн эрүүл мэнд нь муу байгаа зэргийг нь харгалзан үзнэ үү” гэв.

            Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ц.Гыг хохирогч А2 тооны адууг хулгайлан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-ээр яллаж зүйлчилж олон тооны мал гэдгээр хүндэрч байгаа. Гэтэл хэргийн газарт очоод Ц.Гхохирогч Ахонгор халзан морийг шууд барьж авсан. Энэ үйлдэлтэй маргаагүй. Харин 2 дахь адуу буюу охин даагыг авах сэдэл санаа Ц.Гт байгаагүй. Ц.Гыг хонгор халзан морийг барьж авахтай зэрэгцэн Б.Р нь хонгор халзан морины хажууд байсан охин даагыг бугуйлдаж авсан. Энэ үед Ц.Гяагаад хонгор даагыг авах гэж байгаа юм бэ гэж асуухад Б.Р нь миний даага байгаа юм хамт авч зарна гэхээр нь охин даагыг харсан чинь Б.Рийн тамгатай морь байсан. Тэгээд би өөрийнхөө адууг авч байна гэж бодсон гэсэн мэдүүлгийг анхнаасаа Ц.Г, Б.Р нар мэдүүлж явсан байдаг.

            Мөн миний үйлчлүүлэгч шүүх хурлаас өмнө хохирогч Р.А учирсан хохирлыг барагдуулсан.

            Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн дээрх эргэлзээтэй байдал, хохирол хор уршгийг арилгасан байдал, хувийн байдлуудыг харгалзахгүйгээр ялын доод хэмжээнээс дээш татаж 3 жилийн хорих ял оногдуулсан явдалд гомдолтой байна.

            Анхан шатны шүүх ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзаж үзээгүй.

            Ц.Гнь өндөр настай ээж дүү нарын хамт хувиараа мал маллаж амьдардаг, одоо 24 настай тусдаа амьдрал зохиож ээжээсээ өрх тусгаарлаж гараагүй өндөр настай өвчтэй ээжээ асран хамгаалж малыг нь малладаг. Ц.Гын ээжийн өвчний талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа.

            Иймд Ц.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хохирол хор уршгийг арилгасан, нас, өндөр настай өвчтэй эхийгээ асран хамгаалдаг зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг харгалзан үзэж ялын доод хэмжээний хоёрны нэгээр хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй байна гэв.

            Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй байдаг. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Р, Ц.Г, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулга, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэн Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт “1 тооны байдсан гүүгээ алдсан” талаар өргөдөл гаргажээ. /1хх-н 02/

4. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 233400097 дугаар тогтоол үйлдсэн. /1хх-н 01/

5. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Заамар сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Н.Бямба-Очир нь Б.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг прокурорт гаргасан байна. /1хх-н 36/

6. Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2334000970104 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Б.Рийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг давсгэр “Өлийн давааны ар” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Шөмчлөлийн 1 тооны адууг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /1хх-н 37-40/

7. Мөн прокурорын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2334000950111 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Б.Р, Ц.Гнарыг бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн А өмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. /1хх-н 83-85, 90-92/

8. Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” саналын /1хх-н 47/ дагуу прокурорын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор /1хх-н 48-49/ яллагдагч Б.Р, Ц.Гнарт холбогдох эрүүгийн 2334000950111 дугаартай хэргийг яллагдагч Б.Рид холбогдох эрүүгийн 2334000970104 дугаартай хэрэгт нэгтгэн улмаар прокурор 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 170Б дугаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Б.Р, Ц.Гнарт холбогдох эрүүгийн 2334000970104 дугаартай хэргийг харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /2хх-н 39-46/

9. Мөрдөгчөөс шилжүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хянах нь мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудад хамаардаг.

10. Яллагдагч Б.Р, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2334000950111 дугаартай хэргийг яллагдагч Б.Рид холбогдох эрүүгийн 2334000970104 дугаартай хэрэгт нэгтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор нь яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад нэмэлт оруулах нөхцөл байдал үүссэн байхад уг ажиллагааг хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл  2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2334000970104 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолд Б.Р, Ц.Г нарын бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газраас иргэн Аөмчлөлийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үйлдлийг нэмж өөрчлөлт оруулсны дараа яллах дүгнэлт үйлдэхээр байжээ.

11. Дээрх ажиллагааг прокурор хийж гүйцэтгээгүй нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

12. Яллах дүгнэлт үйлдэх үед прокурорын гаргасан зөрчлийг арилгуулалгүйгээр анхан шатны шүүх Б.Р, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх ба уг мөрдөн шалгах ажиллагааг  давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах, прокурорын шатанд гаргасан алдаа зөрчлийг арилгуулсны дараа шүүгдэгч Б.Р, Ц.Г, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулга, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой гэж үзэв.

Иймд хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

13. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/496 дугаар шийтгэх тогтоолын хүчингүй болгож, шүүгдэгч Б.Р, Ц.Г, шүүгдэгч Б.Рийн өмгөөлөгч П.Баттулга, шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Р, Ц.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ