Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/00955

 

2025 06 04 307/ШШ2025/00955

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00115/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Номин, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт Эрдэнийн *******-*******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ын нарт холбогдох,

"Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 70,277,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.******* /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.,

Хариуцагч Э.*******-*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.,

Хариуцагч ******* ХХК болон М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

/Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч, өмгөөлөгч нарын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* ХХК-ийн захирал гэх М.той амаар тохирч, түүний эзэмшил, ашиглалтад байдаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах автомашины гараашинд өөрөө буулгагч ачааны автомашинаа сарын 600,000 төгрөгийн төлбөртэй тавьдаг байсан. Гэтэл 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө машинаа гаржид тавиад өглөө 07-08 цагийн үед машинаа авах гээд очиход машины урд байсан - улсын дугаартай Краны сум машины кабин дээр унаж, машины кабин цөмөрч, урд хоёр шилний багана цүлхийж, үүнээс болж урд шил хагарсан, шилний дээд талын салон хугарсан, доторлогооны тааз үрчийсэн гэмтэл учирсан. Тухайн өдөр машинаа тавихад ямар нэгэн анхааруулсан, хориглосон тэмдэг байгаагүй.

Би тухайн машиныг 2022 онд цоо шинэ үйлдвэрээс ирэхэд нь 195,000,000 төгрөгөөр Хаан банкны зээлээр худалдаж авсан байсан. Машинаа засварлаад ажилд гаргалаа, эсвэл буцаагаад худалдан борлуулъя гэвэл үнээ барихгүй болсон. Тэгээд энэ машин бол миний хэрэглээнд унадаг машин биш миний өрх гэрийн амьдралыг тэжээдэг, ашиг орлого олдог ажлын багаж маань байгаа юм. Миний машиныг оруулж ирдэг 1 л компани байдаг. Тэр компаниас үнийн санал авахад кабин солиход 35,357,600 төгрөг болно гэсэн. Машинд хохирол учирсны улмаас ажилд гараагүй нэг сар, 4 хоногийн олох байсан орлого 26,2,704 төгрөг, 2024 оны 01-р сарын 06-ны өдөр машинаа хот руу авч явж засварлуулахад шатахууны зардал 885,500 төгрөг, урд шил 600,000 төгрөгөөр авч солиулсан, засварын хөлсөнд урьдчилгаа 1,800,000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 3,200,000 төгрөг өгөх ёстой байгаа. Будгийн үнэ 315,000 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг, нийт 70,277,804 төгрөг нэхэмжилж байна гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 499.1, 499.4, 422.1, 497.1, 510.1, 242.11, 299.1, 502.2-т тус тус заасныг үндэслэж гаргаж байгаа. Онцолж хэлэхэд Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.2-т Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна гэж заасан байгаа. Улсын дээд шүүхийн 1997 оны 12-р сарын 12-ны өдрийн 373 дугаар тогтоолд орчин тойрондоо аюул учруулж болзошгүй зүйл гэдэгт, төрөл бүрийн авто механикжсан тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, өндөр хүчдэлийн цахилгааны шугам зэрэг орсон байгаа. Хохирол учруулсан тал гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хорыг хариуцах заалт байгаа. Хариуцагч хэлэхдээ кабинаараа ирж зогссон, бусад машин араараа зогсдог учраас нэхэмжлэгч өөртөө хохирол учруулсан гэж яриад байгаа. 2023 оны 12 дугаар сарын 10, 13, 14, 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 2023 оны 12-р сарын 10-ны өдөр тухайн краны урд улсын дугаартай өөр нэг кран кабинаараа тавьсан, тэнд олон цаг байсан бичлэг байгаа. 2023 оны 12-р сарын 14-ний өдөр тухайн краны урд Портер машин кабинаараа тулж зогсож хонуулсан гэж харагдаж байгаа. Энэ бичлэгээр цаана байгаа машинууд том оврын ч машинууд, жижиг тэрэг ч тавигдсан, тогтсон зогсоол байхгүй болох нь 4 өдрийн камерын бичлэгээс харагдаж байгаа. Өөрөө явагч кранаар ачаа шилжүүлэх чадамжийн гарын авлага гэж байгаа. Энэ журмын 28-р талд ажил дууссаны дараа краныг парклах гэж байгаа. Өөрөө явагч краныг краны жолооч байнгын зогсоолд, ихэвчлэн краныг замын төгсгөлд байрлуулна. Ачаанаас салгаж, сумыг хураана, мөн сумыг буулгаж, үндсэн байрлалд зогсооно гэж байгаа. Энэ зурагт өөрөө явагч краны үндсэн байрлал харагдаж байгаа. Краныг парклаад сумыг буулгаж, дэгээг доороос өлгөж байрлуулах ёстой байгаа. Чадамжийн гарын авлагад батлагдсан стандарт байгаа, мэргэжлийн боловсролын сургалтын ерөнхий шаардлага гээд гарын авлагад өөрөө явагч краны үндсэн байрлал, сумыг үндсэн байрлалд хураах ёстой гэж байгаа. Үндсэн байрлалыг зургаар тайлбарлаж өгсөн байгаа. Мөн хариуцагч даатгалаасаа мөнгөө авах ёстой гэж ярьж байна.

Нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэдэг дээр 3.1.6-д Даатгуулагч нэг удаагийн төлбөртэйгөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Д.******* даатгалын төлбөрөө гэрээ байгуулсан 2022 онд нэг удаа төлсөн, түүнээс хойш 2 жил дараалан төлөөгүй учраас даатгалаас гаргуулах үндэслэлгүй байгаа. Хариуцагч Э.*******-******* цаг агаарын байдлаас шалтгаалсан, галлагаа дутуу хийсэн, миний буруугаас болоогүй гэж тайлбарлаж байгаа. Энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгч өглөө ирээд бүтэн цагийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй өөртөө хохирол учруулсан гэж байгаа. Үүн дээр хэлэхэд хариуцагч Э.*******-******* цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ 7 цагт краны сум хүний машин дээр унаж осол болсныг мэдсэн гэсэн байгаа. Нэхэмжлэгч өөрөө ирж үзээд хариуцагч нартай холбоо барьж дуудах ажиллагаа хийгдсэн байгаа. Фидуцийн гэрээн дээр тухайн автомашин банкны зээлийн барьцаанд байгаа. Фидуцийн гэрээ байгуулагдсан байгаа, үүн дээр Үүрэг гүйцэтгэгч хөрөнгийг дараах хүчин зүйлээс хамгаална гэж байгаа. Ер нь бол хөрөнгийн өнгө үзэмж, чанар, үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй хангах үүрэгтэй гэж байгаа. Тэгэхээр тухайн автомашин шинэвтэр, нэхэмжлэгчийн тухайд орлого олох эх үүсвэр нь болсон. Ажил хийж орлого олох зориулалттай ачааны машин байгаа. Шинжээчийн дүгнэлтээр эвдрэл гэмтэл учирсан нь тодорхой байгаа, үүнийг засварлах боломжгүй, солих шаардлагатай гэж гарсан. дүгнэлтэд ч гэсэн энэ машиныг сайн засаагүй байна, дахиад засварлачихвал боломжтой гэсэн нь одоогийн засвар хийсэн байдал нь бүрэн бүтэн засаагүй, зөвхөн орлогоо таслахгүй амьжиргаагаа таслахгүйн тулд бага хэмжээний засвар хийгээд ажлаа үргэлжлүүлж байгаа асуудал юм. Энэ кабиныг солихгүйгээр засварлах юм бол фидуцийн гэрээгээр банкны барьцаанд байгаа учраас энэ хөрөнгийн үнэлгээ буурна, бүрэн бүтэн байдал буурна, чанар, өнгө үзэмж доголдож банкны шаардлага хангахгүй байдалд хүрнэ гэж үзэж байгаа. Мөн тухайн гараашинд зөвхөн том машин тавьдаг гэсэн, гэтэл тухайн 4 өдрийн камерын бичлэгээс харахад том, жижиг машин тавигдсан байгаа нь харагдаж байгаа. Д.*******ийг том машинаа унаад жижиг машинаа үлдээгээд явсан гэж байна. Д.*******ийн хувьд жижиг машиныхаа түлхүүрийг үлдээдэг гэж байгаа. Тэгэхээр тэр машиныг нь өөр тийш нь хөдөлгөөд машинаа байрлуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Баримтаар тогтоогдож байгаа зүйл нь тогтсон зогсоол байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд эхний шинжээчийн дүгнэлтээр солих шаардлагатай гэж гарсан. Солиход 35,357,600 төгрөг нэхэмжилсэн, энэ үнэлгээг гаргуулахын тулд 1,817,000 төгрөг, нотариатаар баталгаажуулсан 58,000 төгрөг байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагаар хамгийн гол нь нэхэмжлэгч тал солихгүй гээд маргаан үүсгээд явж байгаа. Тэгэхээр хэргийг шийдвэрлэж дуустал хүлээх юм бол энэ 1 сар 4 хоногийн олох ёстой байсан орлого биш шүүх хурал болох өнөөдрийг хүртэл олох байсан орлогыг хариуцагч нараас нэхэмжлэх үр дагавар үүснэ. 2-рт ажил төрлөө хийж орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсэх учраас орлого олохын тулд чадлынхаа хэрээр зассан байгаа. Засварыг хийхийн тулд ээжийнхээ тэтгэврийн зээлийг авсан, хоёр хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авсан гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Э.*******-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Кабиныг шинээр солих шаардлага байхгүй гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.*******тэй 1 сарын хугацаанд ******* ХХК-ийн гараашинд машинаа тавиад явж байсан. 2-рт би кранисттай ажиллаж байсан, кранист маань машинаа байрлуулж байсан. Кранист хэлэхдээ ямар нэгэн байдлаар урдуур хойгуур машин орж гарах учраас сумаа өргөж тавь гэдэг байсан гэсэн. Баримтуудаас харахад өмнөх өдрүүдэд ч краны сум өргөөтэй байгааг харсан байх. Тухайн өдөр буусан нөхцөл нь юу вэ гэхээр Ус цаг уурын төлөв байдлаас харахад хөрсөн дээрээ маш их цочир хүйтэрсэн. Хүйтнээс болж гидер царцсан гэж үзэж байгаа. Тэгэхээр гарааш дотор хүйтэн байсан, бид дулаан гараашинд мөнгө төлж байгаа учраас галлагаагаа муу хийсэн гэж үзэж байгаа. Тийм учраас миний буруу биш. Мөн тухайн үед нэхэмжлэгчийн машин цоо шинэ машин гэж ярьж байгаа. Энэ машин Хаан банкны барьцаанд байдаг учраас даатгалаа дуудах ёстой байсан. Д.*******ийг даатгалаа дууд гэхээр дуудахгүй байсан. Дарханд үнэлгээгээр ороход кабиныг солих шаардлагагүй гэсэн, гэтэл өөрөө хот яваад солиулахаар дүгнэлт гаргуулсан байгаа. Тэгээд дахиад үнэлгээ гаргуулахад мөн кабиныг солих шаардлага байхгүй гэж гарсан. Үүнээс үзэхэд сая 5,000,000 төгрөгөөр засуулсан, 315,000 төгрөгөөр будаг авсан гэж байна. Тэгэхээр миний анхны хэлж байсан үнэлгээ үнэн байсан, 6,000,000 төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүй. 3-рт байгууллага бүр өөр өөрийн хөдөлмөрийн аюулгүй байдлын журамтай байдаг. Уул уурхайд гэхэд хүнд чулуу зөөх гэж байгаа тохиолдолд заавал кабинаасаа буухыг шаарддаг. 200-300 кг чулуу кабин дээр буухад кабин шинэ байсан ч цөмөрнө. Тийм учраас аюулгүй байдлыг бодож жолоочийг буулгадаг. Оюу толгой дээр бол хулгай зэлгийгээс сэргийлж буулгадаггүй, гэх мэт аюулгүй байдлын нөхцөл байдаг. Тийм учраас кабин бол онц нөлөө үзүүлэхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх дээр шүүхээс дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байгаа. Сая нотлох баримт шинжлэн судлахад тухайн автомашин Хаан банкны өмчлөлд бүртгэлтэй гэдэг нь нотлогдож байгаа. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2, 106.3-т зааснаар өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хуульд заасан. Хэдийгээр фидуцийн гэрээний дагуу шилжсэн гэх үйл баримт байгаа боловч энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчийг албан ёсны өмчлөгч гэж үзнэ гэж үзэж байна. Хэрэв энэ үндэслэл тогтоогдож байна гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгааг анхаарч дүгнэлт хийж өгнө үү. 2-р үндэслэл нь хариуцагч Э.*******-*******ын хувьд энэ хэргийн хариуцагч этгээд биш гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагч биш гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Э.*******-*******той холбохдоо Иргэний хуулийн 496, 499 дүгээр зүйлүүдийг үндэслэсэн байдаг. Тэгвэл тухайн асуудал болсон 2023 оны 12-р сарын 14-ны өдөр болсон процесс нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм ч юм уу, машинууд ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байсан. Гараашинд байсан, байхдаа жолооч дотор нь байгаагүй. Тэгэхээр түрээс төлдөг гараашиндаа нэхэмжлэгч болон хариуцагч Э.*******-******* нар машинаа хадгалуулаад явсан, хадгалах явцад болсон явдал байгаа. Иргэний хуулийн 422.1, 422.2, 422.3, 422.4, 422.6-д гээд маш олон заалтад байгаа. Хадгалагч нь хадгалуулж байгаа бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хариуцна, хохирол учирвал хариуцан арилгана. Хадгалуулж байгаа зүйл нь аюултай байвал аюул ослыг арилгах арга хэмжээ авна гэх мэт үүрэг заасан байгаа. Тэгэхээр сумыг өргөх ёстой, өргөх ёсгүй гэж тайлбарлаад байна. Хэрэв өргөх ёсгүй бол өргөх ёсгүй, үүнийгээ буулга гэдэг шаардлагаа тавих үүрэгтэй байсан. Тэгэхээр хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд тавьсан тайлбар зэргээс хариуцагч ******* ХХК нь юм уу, М. нь ч юм уу энэ хоёр хариуцагчтай нэхэмжлэгч Д.******* нь хадгалалтын гэрээний харилцаа тэр хоёрын хооронд үүссэн байна. Хариуцагч ******* ХХК, хариуцагч Э.*******-******* нарын хооронд мөн тусдаа хадгалалтын гэрээ үүсчихсэн. Тэгэхээр эндээс хадгалуулж байгаа этгээд нь аюултай зүйл хадгалуулж байгаа бол үүнийг арилгуулах, хадгалалтын гэрээний зорилго нь өвлийн улиралд хөлдөх, ямар нэг бусад зүйлээс хамгаалах зорилго байгаа. Хариуцагч Э.*******-*******ын хувьд нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцах этгээд биш гэж үзэж байна. Дээрээс нь шүүхээс сая тодруулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 хариуцагч тодорхойлсон учраас 3 хариуцагчаас хэнээс нь хэдийг гаргуулах вэ гэдэг дээр шүүхээс дүгнэлт хийх байх. Хариуцагч Э.*******-*******ын хувьд хүлээн зөвшөөрөх хэсэг байхгүй гэж үзэж байна. Нэгэнт шүүх хуралдаанд хариуцагчаар тодорхойлогдоод орж ирж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх дээр тайлбар хэлье. Нотариатын хөлсний тухайд 2013 оноос нотариатын байгууллагаас е-баримт олгодог болсон. Гараар бичсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үнийн санал гаргуулсан зардалд 1,808,817 төгрөг гэж байна, эдгээр нь сая нотлох баримт судалсан, үүн дээр бичсэнээр хэн юуг үнэлж өгч байгаа нь бичигдээгүй, гарын үсэг, хүлээлгэн өгсөн гарын үсэг дутуу, нэг хүний бичвэрээр 2 гарын үсэг зурсан гэх мэт нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирол кабин солих зардал 35,357,600 төгрөг гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс ойлгохдоо засварчинд урьдчилж өгсөн 1,800,000 төгрөг, өгөх ёстой 3,200,000 төгрөг гэдгийг хохирол гэдэг зардалд багтаж байгаа юм байна. Тэгээд ирээдүйд гарах зардлыг шаардаад байгаа юм байна гэж ойлгож байна. Ирээдүйд гарах зардлыг хууль зүйн хувьд хэн нэгэн мэдээж нэхэмжлэгчийн эд хөрөнгө хэвийн байж байгаад хонхойгоод шалчийгаад хохирчихсон, үүнийг хэн нэгэн хариуцах ёстой. Хэн хариуцах ёстой вэ гэдэг дээр дүгнэлт өгөх байх. Хариуцах ёстой этгээд нь ямар хэмжээгээр хариуцах вэ гэдгийг Иргэний хуульд заасан байгаа. Ирээдүйд гарах зардал бус бодит хохирол болон бодит гарсан зардал буюу олох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан байгаа. Тэгэхээр ирээдүйд гарах зардал буюу энэ кабиныг солино гэдэг агуулгаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна. Олох ёстой байсан орлого гэдэг дээр хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

1-рт даатгалтай байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Камерын бичлэгт үзлэг хийсэн, мөн нэхэмжлэгчийн хувьд үгүйсгэхгүй тайлбарладаг, осол болсны дараа 1 цагийн дараа арга хэмжээ авдаг. Хохирлын хэмжээг буулгах, багасгах арга хэмжээ аваагүй байна. Энэ нь хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэдгийг харгалзан үзэх байх. 2023 оны орлогын дунджаар 2023 оны 12-р сарын 14-ний өдрөөс 2024 оны 01-р сарын 18-ны өдрийг дуусах хүртэл олох ёстой байсан орлогыг дунджийг тодорхойлсон. Гэтэл сая нотлох баримтыг шинжлэн судлахад орлогод тооцож 252,000,000 төгрөг болсон гэж байна. Тэгэхээр энэ тооцсон дүнгүүд маш эргэлзээтэй, өөрийнхөө үзэмжээр, миний энэ орлогыг машиныг ашиглаж олсон орлогод оруулъя, үүнийг нь хасчихъя гэдэг байдлаар өөрийн үзэмжээр сонгосон байна.

2-рт сонгож тодруулсан хэсгээс харахад 2-с 3 машины номер бичээд бөөнд нь шилжүүлсэн гүйлгээ олон байгаа. Тэгэхээр өөр автомашинаас орж ирсэн орлогыг өөрийн автомашины орлогод тооцож өмнөх жилийн орлогыг тодорхойлсон ийм үйл баримт гаргаж өгсөн нь дансны хуулганаас нотлогдож байгаа. Тэгэхээр тэр дансны хуулгыг үндэслэж дундажлах боломжгүй.

3-рт хувиараа машинаар хөдөлмөр эрхэлж, тээвэр хийдэг асуудал маш олон хүчин зүйлээс хамаарч сар бүр өөр байх тохиолдол их байдаг. Хамгийн наад зах нь Монгол Улсын эдийн засгийн байдал, инфляцын байдал, цаг агаарын байдал, автомашины эвдрэл гэмтэл, ар гэрийн асуудал гээд энэ бүхэн хуваариа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ашиг орлогод нөлөөлж байдаг. Хатуу тогтоосон сард 23,190,171 төгрөг би олдог, үүнийгээ алдлаа гэж байгаа нь дансны хуулганаас тодорхойлох боломжгүй. Хэрэгт өгсөн дансны хуулга нь 2022 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 01-р сарын 04-ний өдөр хүртэл 20 сарын хугацааных байгаа. Үүнээс түүж дундаж орлогоо тооцсон байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Машин засварлахтай холбоотой гарсан зардлуудын тухайд хариуцагч Э.*******-*******ын хувьд тодорхой зардал гарсан дээр маргахгүй гэсэн. Гэхдээ яг хэдэн төгрөг гаргасан бэ, хэдэн төгрөг нь нотлогдож байна вэ гэдгийг шүүх тогтоох байх, дээр нь шүүх хуралдааны явцад хэлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 3 хариуцагчид тэнцүү хуваахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж байна. Тэгэхээр баримтаар нотлогдож байгаа хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваарилан шийдвэрлэх санааг хариуцагчийн зүгээс хэлсэн байгаа. Эцэст нь хэлэхэд хууль зүйн хувьд Иргэний хуулийн 229.2, 514.1-т хохирлыг гэм буруутай этгээд хариуцна, хариуцахдаа хохирогчийн өөрийн гэм бурууг харгалзан үзэх ёстой гэдгийг хуульд заасан байгаа. Тухайн үед Э.*******-******* засварлая, засах зардлыг төлье гэдэг байдлаар ярьсан. Гэвч заавал солиулна гээд явсан байдаг, үүнээс нь хамаараад хохирлын хэмжээ олох ёстой байсан орлого гээд нэмэгдэхэд хүрсэн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэж байгаа. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, үүнийг хүлээн зөвшөөрөөд, шүүхээс тухайн хэрэгт томилсон шинжээчийн дүгнэлтээр засварлах боломжтой гэдэг дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр кабиныг солих зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч ******* ХХК болон М. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.******* нь тухайн өдөр машинаа зогсоолоос авч гарахдаа өөрийн Harier маркийн цагаан өнгийн суудлын машиныг өөр хүний зогсоолд зөвшөөрөлгүй тавиад явсан байдаг. Тухайн зогсоолд машинаа тавьдаг хүн Д.******* рүү залгахад утсаа аваагүй байдаг. Д.******* өөрийнхөө жижиг тэргийг унаж ирээд өөр хүний зогсоол дээр тавьчхаад өөрийнхөө том машиныг унаад гарсан юм билээ. Үүнийг энэ хүмүүс ойлгохдоо Д.******* том машинаа авахдаа том машиныхаа зогсоол дээр жижиг машинаа тавиад явсан гэж ойлгоод байх шиг байгаа юм. Гэтэл тэнд нь орхиод явсан, утсаар нь залгахаар утсаа аваагүй. Тэгээд Д.*******ийн жижиг тэргээ тавьсан зогсоолын жолооч том машинаа Д.*******ийн зогсоолд тавиад явсан. Энэ бол бичлэгээс харагдана, түүний дараа Д.******* нь том машинаа авч ирээд краны сумны доор кабиныг нь байрлуулж тавиад явсан байдаг. Маргааш өглөө нь 07 цаг 15 минутад Д.******* гараашинд орж ирээд түүний машин дээр краны сум унасан байгааг харсан боловч зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр орхиж явсан. 08 цаг 30 минутаас 09 цагийн орчим манай ажилчид хувцсаа солиод үнэхээр 07-09 цаг хүртэл 1 цаг 30 минутын хугацаанд Д.******* нь сум бууж байгаа краныг зогсоогоод өөрт учирсан хохирлоо багасгах боломжтой байсан. Тухайн үед 07 цаг 14 минутын үед урд шил хагараагүй байсан гэдэг. Хохирол нэмж учрахаас өөрөө сэргийлээгүй. Д.******* нь өөрийн зогсоолдоо машинаа тавьсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Д.*******ээс өөр краны сумны доор машиныхаа кабиныг байрлуулж байсан удаа манайд байхгүй. Д.******* нь өөрийн буруутай үйлдлээс өөртөө хохирол учруулсан тул хохирлыг хариуцахгүй гэж байгаа. Өнөөдөр нэмэлтээр гаргаж байгаа тайлбартаа Д.******* нь хохирлыг багасгах арга хэмжээ аваагүй, Дархандаа засварлах боломжтой байхад өөрөө Улаанбаатар хот руу явж гарах ёсгүй зардал гаргаж, олох ёстой байсан орлого нь урт хугацаанд ороогүй гэж үзвэл Д.******* өөрөө хугацаа алдаж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байна гэж үзэж байна гэв.

6. Нэхэмжлэгч талаас Нотариатын мөнгөний тасалбар, Дархан сумын 12-р багийн засаг даргын тодорхойлолт, техник худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, Хаан банкны шилжүүлгийн баримт, Тооцоо нийлсэн акт, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, техник хүлээлцсэн акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 1725 дугаартай шийдвэр, орон сууц хөлслөх гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах хамтын ажиллагааны гэрээ, зарлагын баримт, Даюун сэлбэгийн дэлгүүрийн үнийн санал, кассын орлогын ордер, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн авто машин техникийн тайлан, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2024 оны 01 сарын 07-ны өдрийн 015 дугаартай тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 сарын 03-ны өдрийн тогтоол, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, хүдэр тээвэрлэх гэрээ, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, пүүний баримт, түүхий эдийн орлогын падаан, зарлагын баримтууд, бараа материалын орлогын падаан, асфальт хүлээлгэн өгсөн баримт, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хаан банкны депозит дансны хуулга, Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, Өгөөж гурил ХХК-ийн тээврийн хөлсний бүртгэл /2023 оны 08 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх/, өөрөө явагч кранаар ачааг шилжүүлэх чадамжийн гарын авлага, Д.ийн жолоочийн үнэмлэх, Д.*******ийн жолоочийн үнэмлэх, олох байсан орлогын тооцоол зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

7. Хариуцагч Э.*******-*******оос улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгсөн байна.

8. Шүүхээс зохигчдын хүсэлтээр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, Дархан-Уул аймгийн автотээврийн ийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Д.*******ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, кассын орлогын ордер, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тайлан, зарлагын баримт, сэлбэгийн үнийн санал, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.*******-*******ын ЦЕГ-ын иргэний мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2024 оны 01 сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол, хариу мэдэгдэх хуудас, Хаан банкнаас ирүүлсэн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, ХХК-иас ирүүлсэн ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн талбай хүлээлцсэн акт, даатгал ХХК-ийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 01/12-1407 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, гэрч М.Батцэцэгээс авсан мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Д.*******ийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гараашны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Э.*******-*******, ******* ХХК, М. нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд кабин солиулах үнэ 35,357,600 төгрөг, кабиныг засварлуулахад гарсан зардалд урд шил шинээр авахад 600,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг, будгийн үнэ 315,000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаа засуулахаар авч явахад гарсан шатахууны зардал 885,500 төгрөг, олох байсан орлого 26,2,704 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг нийт 70,277,804 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 4,540,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.*******-*******, ******* ХХК-иас тус тус тэнцүү хуваан гаргуулахаар, үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлага болон хариуцагч М.од холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал шүүхэд анх 60,141,600 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа засварын зардал, олох байсан орлогод нийт 10,136,204 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг ******* ХХК-ийн эзэмшлийн гараашинд автомашинаа тавьсан байхад хариуцагч Э.*******-*******ын өмчлөлийн краны сум машины кабин дээр унаж хохирол учирсан тул гэм хор учруулсны хохирлыг Э.*******-******* хариуцах үүрэгтэй. Мөн тухайн ******* ХХК-тай хадгалалтын гэрээтэй байсан тул хадгалуулсан машины бүрэн бүтэн байдлыг тус компани хариуцах үүрэгтэй тул хариуцлага хүлээнэ. Иргэн М.ын тухайд анх машинаа тус гараашинд тавих тохиролцоог амаар хийсэн бөгөөд гараашинд машин тавих, байрлуулах асуудлыг хариуцдаг байсан гэж тайлбарлаж, 3 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан.

3. Хариуцагч Э.*******-******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Краны сум тус машины кабин дээр бууж хохирол учирсан нь үнэн боловч кабиныг солиулах зайлшгүй шаардлагагүй, үндэслэлгүйгээр хэт их мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй, тухайн үед нь засуулаад өгье гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч ******* ХХК болон М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Д.******* нь өөрийн зогсоол дээр машинаа тавиагүй, мөн краны доор машинаа кабинаар нь тавьсан байсан. Мөн краны сумыг доошилсон байгааг харсан атлаа зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь өөртөө хохирол учруулах үндэслэл болсон гэж маргадаг болно.

5. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус гараашийг хариуцагч ******* ХХК гэрээний үндсэн дээр гараашны зориулалтаар бусдад түрээслэх үйл ажиллагаа явуулж байсан, тухайн гараашинд тавьсан байсан нэхэмжлэгч Д.*******ийн автомашины кабин дээр хариуцагч Э.*******-*******ын эзэмшлийн краны сум бууж, эвдрэл бий болсон зэрэг байдал тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин автомашинд хохирол учирсан нь хэний үйлдлээс болсон, ямар хэмжээний хохирол учирсан, хохирлын улмаас автомашины кабиныг зайлшгүй солих шаардлагатай эсэх нь маргааны зүйл болж байна.

6. Хэрэгт авагдсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн техник худалдах, худалдан авах гэрээгээр Д.******* нь ХХК-иас брэндийн өөрөө буулгагч 280 мотортой, техникийг 195,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тус техникийг худалдан авахад зориулж, 156,000,000 төгрөгийн техникийн хөрөнгө оруулалтын зээлийг Хаан банкнаас авч, тус техникээ 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Хаан банкны нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 8-22, 182-183 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн автотээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч Э.*******-******* байна.

Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Э.*******-******* нар нь дээр дурдсан техник, тээврийн хэрэгслүүдээ ******* ХХК-ийн эзэмшиж байгаа гараашинд амаар тохирсны үндсэн дээр төлбөртэйгөөр байршуулсан байх үед дээрх осол болсон үйл баримт тогтоогдож байна. /1-р хх-ийн 197-205, 235-242 дугаар хуудас/

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Хэрэгт авагдсан 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 8 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор дээрх ослын талаарх нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан гомдлыг шалгаад иргэн Д.*******ийн эзэмшлийн - улсын дугаартай Даюун маркийн өөрөө буулгагч автомашин эвдэрч хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь зөрчлийн шинжгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнээд гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна./1-р хх-ийн 229-230 дугаар хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд ХХК-иас ... Хариуцагч Э.*******-*******ын улсын дугаартай краны сумны дэгээ, подвес унасны улмаас улсын дугаартай брэндийн өөрөө буулгагч 0 мотортой ачааны автомашины кабины дээд орой хонхойсон байна. Дээврийн төмөр хийц нь урагдаж цоороогүй байна. Иймд кабиныг засварлах боломжтой. Эвдэрч гэмтсэн эд зүйлийг солихгүйгээр кабиныг сайн засварлах тохиолдолд тухайн автомашины чанар болон элэгдэл хорогдлын хувьд өөрчлөлт гарахгүй. ... Автомашин ачаа тээх чадвар, даац, тээвэрлэх хурд зэрэгт нөлөөлөх гэмтэл биш учир сайн засварласан тохиолдолд эд хөрөнгийн ашигтай байдал, чанар, үр дүн алдагдахгүй гэсэн дүгнэлтийг ирүүлжээ. /2-р хх-ийн 56-70 дугаар хуудас/

8. Дээр дурдсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Э.*******-*******ын эзэмшлийн краны сум унасны улмаас нэхэмжлэгч Д.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Э.*******-******* тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

Нөгөө талаас нэхэмжлэгч Д.******* нь хамтран хариуцагч ******* ХХК-тай хэлцэл байгуулсны үндсэн дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нэг сарын 600,000 төгрөгийн төлбөртэйгөөр байрлуулдаг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т: Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д зааснаар хадгалагч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтууд болон камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр тухайн краны сум шөнийн турш аажмаар доошилсоор нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн кабины дээр буусан байдал тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч ******* ХХК нь цаг хугацааны хувьд дээрх хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авах боломжтой байсан атлаа аваагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Э.*******-*******, ******* ХХК нь дээр дурдсан хуульд заасан үндэслэлүүдээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д: Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

9. Нэхэмжлэгч Д.******* нь тухайн тээврийн хэрэгслийг Хаан банктай байгуулсан гэрээний дагуу зээлээр худалдан авсан байх бөгөөд фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр Хаан банк бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Хаан банк нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхгүй, зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бүртгүүлсэн байгаа нь Д.*******ийн эд хөрөнгийн талаарх өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм. Иймд Д.******* эд хөрөнгөд учирсан хохирол шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа кабин солиулах үнэ 35,357,600 төгрөг, кабиныг засварлуулахад гарсан зардалд урд шил шинээр авахад 600,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг, будгийн үнэ 315,000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаа засуулахаар авч явахад гарсан шатахууны зардал 885,500 төгрөг, олох байсан орлого 26,2,704 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг нийт 70,277,804 төгрөг гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн Тэнцвэр Эстимэйт ХХК-иар тайлан гаргуулсны ажлын хөлсөнд 1,767,000 төгрөг төлсөн кассын орлогын ордер, нотариатын зардалд 58,000 төгрөг төлсөн мөнгөний тасалбар зэрэг баримтуудаар, мөн Хаан банкны Д.*******ийн эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар урд шилний үнэд 600,000 төгрөг төлсөн, будгийн үнэ 315,000 төгрөг, засварын хөлсөнд 1,800,000 төгрөг шилжүүлсэн зэрэг байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар тухайн эд хөрөнгөд учруулсан бодит хохирол буюу гарсан зардалд нийт 4,540,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Энэхүү дүнг хариуцагч Э.*******-*******, хариуцагч ******* ХХК-д тэнцүү хувааж хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд дүгнэхэд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар зэргээр тээврийн хэрэгслийн кабиныг зайлшгүй солих шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь кабин солиулах болон кабиныг засуулсан зардлыг давхардуулан шаардах үндэслэлгүй бөгөөд засвар хийлгэсэн зардлаас нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасантай нийцнэ гэж үзсэн болно.

Засварын ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирсноос 3,200,000 төгрөгийг өгөөгүй өгөх ёстой, мөн тээврийн хэрэгслээ Улаанбаатар хот руу авч явсан шатахууны зардалд 885,500 гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд төлөөгүй төлбөрийг гарсан зардалд тооцох боломжгүй юм.

Мөн тауэр экьюпмент ХХК сэлбэгийн дэлгүүрийн үнийн санал гаргуулсны ажлын хөлс 50,000 төгрөг төлсөн гэж зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү баримт нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн баримттай зөрүүтэй, гарын үсэг нөхөж зурсан байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. /1-р хх-ийн 33, 209 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч нь олох байсан орлого 26,2,704 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нотлох баримтаар 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүхий эдийн орлогын падаан, зарлагын баримтууд, бараа материалын орлогын падаан, Өгөөж гурил ХХК-ийн тээврийн хөлсний бүртгэлийн баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд 2023 он буюу өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын хөлстэй холбоотой байна.

Харин олох ёстой байсан орлого гэдэгт тухайн үйл явдал болоогүй бол гарцаагүй орлого болж орох байсан нь тодорхой байсан боловч ороогүй, алдагдсан ашиг, орлого, эсхүл тухайн үйл явдлаас болж ашгийн хэмжээ буурсан, гэрээ, хэлцэл цуцлагдсанаар боломжоо алдсан зэргийг ойлгоно.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн олох байсан орлогын хэмжээг тодорхойлох нь хуульд нийцэхгүй байх тул олох байсан орлого 26,2,704 төгрөгийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь М.ыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулсан бөгөөд түүнд холбогдуулан шаардлага гаргасан үндэслэлээ анх тээврийн хэрэгслээ гараашинд тавих хэлцлийг түүнтэй тохирсон гэж байгаа боловч М. нь ******* ХХК-ийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Зохигчийн тайлбараар тухайн үед М.той тохирсны дагуу хэлцэл хийгдсэн гэх боловч хэлцлийн үр дагавар нь хөрөнгийг гэрээний дагуу эзэмшигч хуулийн этгээдэд хамааралтай юм. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл гараашинд байрлуулсан хэлцлийн тухайд хариуцагч ******* ХХК маргаагүй болно. Иймд М. нь гэрээний тал биш байх тул үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

11. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,540,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.*******-*******, ******* ХХК-иас тус тус 2,270,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч М.од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,399 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******-*******, ******* ХХК-иас тус тус 43,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******эд олгож шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч тал шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, өв ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 1,100,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж,  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Э.*******-*******оос 2,270,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 2,270,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч М.од холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 509,399 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******-*******, ******* ХХК-иас тус тус 43,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******эд, мөн шинжээчийн зардалд хариуцагч Э.*******-*******, ******* ХХК-иас тус тус 550,000 төгрөг гаргуулж, ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.НОМИН

 

 

З.ТУНГАЛАГМАА