| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0041/э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.М нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн Г.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,
Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрээсээ гараад байгаа газар нь очсон чинь намхан бор залуу манай эхнэр Н маргалдаж байхаар нь би очоод шууд тэр залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон чинь намайг зөрүүлээд заамдаад авахаар нь би хавсарч унагаасан. Тэр залуу унах үедээ хажуу талаараа замын бордур дээр хүзүүгээрээ унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...надтай ойролцоо өндөртэй, шар царайтай туранхай 25-30 орчим насны залуу гүйж гарч ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг газар хавирч унагаад толгой дээр хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь би чимээгүй байж байсан чинь нүүр лүү 2-3 дахиад өшиглөөд байж байсан чинь цагдаагийн машин ирээд цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Нэг залуу гүйж ирээд нөгөө миний машинд сууж байсан залууг шууд толгой руу цохиод газар унагаад зодож эхлэхээр нь би очиж салгадаг юм билүү гэсэн чинь цагдаагийн эргүүлийн машин явж байхаар нь би гэрлээрээ цагдаагийн машин руу дохьсон чинь цагдаагийн машин ирээд тэгээд тэд нарыг цагдаа руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... М ирээд Э-г шууд цохиод хоорондоо зууралдаад М дээр нь гараад байж байсан цагдаа ирээд бид нар цагдаа руу явсан... Би М-т энд нэг залуу эхнэрийг чинь оролдоод байна, Б байхгүй нэг залуутай явсан гэж хэлснээс болж М Э-г зодсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ....дугаартай: “...2018.03.09-ний яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Г.Э-н биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн Г.Э-г заамдаж замын бордур луу унагааж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрээсээ гараад байгаа газар нь очсон чинь намхан бор залуу манай эхнэр Н-тэй маргалдаж байхаар нь би очоод шууд тэр залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон чинь намайг зөрүүлээд заамдаад авахаар нь би хавсарч унагаасан. Тэр залуу унах үедээ хажуу талаараа замын бордур дээр хүзүүгээрээ унасан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...надтай ойролцоо өндөртэй шар царайтай туранхай 25-30 орчим насны залуу гүйж гарч ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг газар хавирч унагаад толгой дээр хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь би чимээгүй байж байсан чинь нүүр лүү 2-3 дахиад өшиглөөд байж байсан чинь цагдаагийн машин ирээд цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Нэг залуу гүйж ирээд нөгөө миний машинд сууж байсан залууг шууд толгой руу цохиод газар унагаад зодож эхлэхээр нь би очиж салгадаг юм билүү гэсэн чинь цагдаагийн эргүүлийн машин явж байхаар нь бигэрлээрээ цагдаагийн машин руу дохьсон чинь цагдаагийн машин ирээд тэгээд тэд нарыг цагдаа руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... М ирээд Э-г шууд цохиод хоорондоо зууралдаад М дээр нь гараад байж байсан цагдаа ирээд бид нар цагдаа руу явсан... Би М-т энд нэг залуу эхнэрийг чинь оролдоод байна, Б байхгүй нэг залуутай явсан гэж хэлснээс болж М Э-г зодсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ....дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.М-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар маргаангүй зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч С.М-т холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээнд тохирсон байх тул түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД