Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнгөнцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Н холбогдох эрүүгийн 2334003970497 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овогт М Н, 1993 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Хялганат суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 17 дугаар хороо 103-17 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

М.Н нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Ц “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж нуруу хэсэгт нь гараараа цохисны улмаас унаж зүүн шагай, зүүн тавхайн дээд гадаргын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт М Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ж овогт М Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч М.Н-с 244,000 /хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-т олгож, хохирогч Б.Ц нь 1.398.000 /нэг сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй дурдаж, сэтгэл санааны хохирол 4,620,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

  Эрүүгийн 2334003190393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчүүлэгч Б.Ц нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт М.Н гэх эмэгтэйд нуруу хэсэг рүүгээ цохиулж унасны улмаас унаж, зүүн шагай, тавхайн дээд гадаргад зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтлийг авсан.

            Ингээд уг гэмтлийг авсанаас хойш явж чадахгүй болон бусдын асрамжинд 2 удаа сувилалд эмчилгээ хийлгэсэн байдаг.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалийн дагуу мөрдөн байцаагчаас нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалийн 2 дугаар зэрэглэлээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулсан. Б.Цийн хувьд хөлөө гэмтээсний улмаас тодорхой өвдөлт шаналал зовиур үүсч, хөл дээрээ бүрэн явж чадахгүй буюу амьдралын хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан. Талууд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтийн адил үзэж хүлээн зөвшөөрч танилцан гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд ямар хор уршиг учирсан гэдгээ нотлож чадаагүй гэх байдлаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт асууж сэтгэцийн эмгэгтэй болсон гэдгээ нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн тухайн хохирлыг хэрэгсэхгүй болгож, мөн нотлох баримтаар нэхэмжилсэн эмчилгээ хийлгүй сувилалд хэвтэн эмчлүүлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэхээр зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч М.Н нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн нутаг дэвсгэрт Б.Ц “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж түүний  нуруу хэсэгт нь гараараа цохисны улмаас унаж, зүүн шагай, зүүн тавхайн дээд гадаргын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 

            Хохирогч Б.Ц-ийн: "...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед би Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Төв аймгийн 100 жилийн баяр наадмын соёолон насны морьдын уралдаан үзэх үед ...нэг эмэгтэй араас нь цамцнаас нь бариад "цаашаа холд" гээд түлхсэн чинь хүүхэд уйлсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд ...хэрэлдээд байхаар нь би "яадаг ногоон гичий вэ" гээд хэлчихсэн юм. Тэгсэн ...нөгөө эмэгтэй "зайлаач" гэж хэлэхээр нь би нуруу хэсэг рүү нь 1 удаа баруун  гараараа түлхтэл тэр эмэгтэй араас ирээд миний нуруу руу 1 удаа гараараа цохиод түлхэж унагаасан. Би газарт унаад босож ирээд тухайн эмэгтэйтэй маргалдаж цаашаа явах гэтэл миний зүүн хөлийн шагай хэсгээр өвдөөд гэмтсэн байсан.” /хх-н 11-12, 15/ гэх,

  насанд хүрээгүй гэрч Э: "...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн эмээ Б.Ц, ээж Э.Нармандах нарын хамт баяр үзэхээр явж байсан бөгөөд намайг хайрцаг дээр зогсож байхад нэг нүдний шилтэй эгч миний цамцнаас татаад наад дээрээсээ буу гээд түлхсэн юм. Тэгээд би уйлаад эмээдээ хэлсэн юм. Миний бие өвдөж бэртсэн зүйл байхгүй..." /хх-н 18/ гэх,

гэрч Н: "...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн 100 жилийн баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг ...үзэх гээд араас хүмүүс шахаад миний охин Н.Энэрэл шахагдаад байхаар нь том хайрцаг дээр гаргаад зогсоосон. ...Тэгээд ...байж байтал миний охин Н.Энэрэл нь уйлаад ...би охиноосоо юу болсон талаар асуухад "тэр нүдний шилтэй эгч ...нуруу руу цохиж цамцнаас татсан" гэж хэлсэн. Тэгээд ээж Б.Ц нь харчхаад тэр эмэгтэйтэй маргалдсан. ...Тэгээд ...ээж Б.Ц нь зээ охиноо дагуулаад цаашаа хараад явтал тэр эмэгтэй араас нь гүйж ирээд ар нуруу руу нь нэг удаа цохиод түлхэж газар унагаасан юм. Тэгээд манай ээж Б.Цийн зүүн хөл нь гэмтсэн байсан..." /хх-н 20/ гэх мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн "...М.Б.Ц-ийн биед зүүн шагай, зүүн тавхайн дээд гадаргын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-н 25-26/ гэх,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн: "...М.Н биед баруун бугалганы зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-н 25-26/ гэх дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг бөгөөд шүүгдэгчийн санаатай үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх тул прокуророос шүүгдэгч М.Н зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч М.Н холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Н хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.Цийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            7. Хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч Ш.Амарбаяр “ ...Миний үйлчүүлэгч Б.Ц нь зүүн шагай, тавхайн дээд гадаргад зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтлийг авсанаас хойш явж чадахгүй болон бусдын асрамжинд 2 удаа сувилалд эмчилгээ хийлгэсэн байдаг.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-ын дагуу мөрдөн байцаагчаас нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалийн 2 дугаар зэрэглэлээр тогтоож, талууд уг хүснэгтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл шүүхээс сэтгэцэд ямар хор уршиг учирсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн тухайн хохирлыг хэрэгсэхгүй болгож, мөн нотлох баримтаар нэхэмжилсэн эмчилгээ хийлгүй сувилалд хэвтэн эмчлүүлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

8. Анхан шатны шүүх хохирогч Б.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагаас бензиний нийт 244,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж, “Ананд хужирт” рашаан сувилалд 10 хоног сувилуулсан гэх болон бусад шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох эрх хэмжээнд нийцсэн байна.

9. Харин хохирогч Б.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 4,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хэрэгт мөн журмын 3.6-т “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоосон нь шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон мөн журмын 2.1, 2.2-т заасан сэтгэцийн эмгэгтэй болсон эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй” гэж нотлох баримтын хүрэлцээтэй эсэх байдлын талаар дүгнэлт хийсэн атлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

10. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

11. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч М.Н-с 244 000 /хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-т олгож, хохирогч Б.Ц нь 1.398.000 /нэг сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй дурдаж, сэтгэл санааны хохирол 4.620.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Нэс 244,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Цт олгож, хохирогч Б.Ц нь 1,398,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол 4,620,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ