Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0733

 

Ө.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ө.Б-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0021 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Б-н Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар захирамжийн Ө.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төв аймгийн Жаргалант сумын иргэн Ө.Б-н нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т миний бие нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралд тариалалтын мэдээнд өрхийн тэргүүнээр өгснийг Ө.Б-н нэр дээр өгөөгүй гэж давуу эрхээр олгосон газрыг цуцалсанд гомдолтой байна. Монгол Улсын статистикийн газарт өрхийн тэргүүнээр мэдээгээ өгдөг. Ө.Б миний бие нь урьд өмнө газар эзэмшиж байгаагүй сүүлийн 15 жил тариалалт хийж байгаа. Энэхүү хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б-с Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар захирамжийн Ө.Б-т холбогдох хэсгийг хүчингүй тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Маргаж буй А/13 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлсэн захирамжуудыг хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ө.Б-т газар эзэмшүүлсэн захирамж орсон байна.

 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заажээ.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журмын 2-т Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлого олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ, журмын 3-т энэ журмын 2-т заасан болзлыг хангасан иргэн тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу багийн Засаг даргад гаргана, журмын 10-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, сумын газрын даамал хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх талаар зохицуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Б нь Газрын тухай хууль болон дээрх журамд заасны дагуу давуу эрхээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, түүнд давуу эрхээр газар эзэмшүүлэх талаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй, түүний нэрээр бус Д.Т гэдэг хүний нэрээр тогтоол гарсан байхад түүнд төмс, хүнсний ногооны зориулалтаар 27.5 га газрыг давуу эрхээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/486 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгосон маргаан бүхий А/13 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.Т-д давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай А/259 дүгээр захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 17.2 га газрыг эзэмших эрх олгосон болох нь хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

 

 

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ