Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 726

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү, нэхэмжлэгч А.Х, А.Я, нэхэмжлэгч Д.Ц*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, нэхэмжлэгч А.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.С*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Б.Б*******, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан А.Э******* нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: А.Э*******, А.Х, Д.Ц*******, Г.М, А.О, А.Б, А.Я

Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Х дугаар хэсэг

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 7

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 7

Гуравдагч этгээд: Ж.Т

Хаяг: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, тоот

Гуравдагч этгээд: С.Ж

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо,

Гуравдагч этгээд: Н.Я

Хаяг: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, С тоот

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн 6 дугаар захирамжийн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.Э*******, А.Х, Д.Ц*******, Г.М, А.О, А.Б, А.Я нар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2007 оны дугаар сард Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олголт хийхэд А.Э*******, А.Х, Д.Ц*******, Г.М, А.О, А.Б, А.Я нар Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч Ц.О тухайн газар дээр очиж бидний 7 иргэнд хэмжилт хийж газар олгож улмаар тухайн газар дээр хашаа хатгаж хорооноос гудамж болон хаалганы дугаар аван Газрын албан дээр баримт бичгээ бүрдүүлэн газар эзэмших гэрчилгээгээ авах хүсэлт гаргахыг зөвлөөд явсан. Ингээд бидний 7 иргэн тухайн газар дээр хашаа хатгаж хорооноос гудамж хаалганы дугаараа авч газрын албанд баримт материалаа бүрдүүлэн өгсөн боловч бидний өгсөн баримтууд олдохгүй алга болсон. Зарим айлуудын Газрын албанд өгсөн баримтыг хүлээн авсанг гэрчлэх тамгатай гарын үсэгтэй цаас эх хувиараа байгаа. 

Бид Баянзүрх дүүргийн Газрын албанд жилийн жилд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах баримтуудыг бүрдүүлэн өгдөг боловч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ гарахгүй явж ирсэн. 2012 онд дахин баримтаа бүрдүүлэн өгөхөд бидний 7 айлын газрыг давхцуулан Н.Я, С.Ж, Ж.Т нарт олгосныг мэдсэн. Ингээд Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа гомдлоо гаргасан боловч 2014 онд “...шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өглөө. 

Баянзүрх дүүргийн Газрын албаны тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч нарын ажил нь өөрчлөгдөж, ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бидний газар эзэмших эрх зөрчигдөж байна. Бидний 7 айл дээрх газарт 2007 оноос одоог болтол хашаа болон байшингаа барьж суурьшин хөрш айл болон амьдарцгааж байгааг хороо болон оршин суугчид мэднэ.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас Н.Я, С.Ж, Ж.Т нарт газар эзэмших эрх олгохдоо хойшоо урагшаа харсан 1 гудамжны 7 айлын амьдарч байгаа газрын яг дунд нь дээрх 3 иргэнд давхцуулан олгосон байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээд шатны байгууллага Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл өг гэсэн шүүгчийн захирамжийн дагуу бидний 7 иргэн Нийслэлийн Өмчийн харилцааны газар хандахад “...шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. 

Харин Н.Я, С.Ж, Ж.Т нар нь тухайн газарт ирж байгаагүй дээрх газарт нэг ширхэг шургааг ч хатгаагүй байхад газар эзэмших эрх олгогдож улмаар өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Газрын албанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн 6 дугаар захирамжийн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Энэхүү захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн П , , тоот хаягт байрлах тус бүр 00 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрх иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт үүсжээ. Улмаар 2009 онд тус эзэмшиж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримт, т дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн. 

Ийнхүү эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд бусад газар эзэмшигч, ашиглагч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй бөгөөд ялангуяа нэхэмжлэгч иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 тоот захирамжаар иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт тус бүрт нь 00 м.кв газар эзэмшүүлсэн байна.

Нэр бүхий эдгээр иргэд өргөдөл хүсэлт, тухайн байршлын кадастрын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хуульд заасан холбогдох материалуудыг бүрдүүлж дүүргийн Газрын албанд хандсанаар иргэн Ж.Тд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо П тоот хаягт байршилтай 186 нэгж талбарын дугаар бүхий 021199 дугаартай гэрчилгээ олгож 00м.кв газрыг 1 жилийн хугацаатай, иргэн Н.Яд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо П тоот хаягт байршилтай 186 нэгж талбарын дугаар бүхий 018406 дугаартай гэрчилгээ 00м.кв газрыг 1 жилийн хугацаатай, иргэн С.Жд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо П тоот хаягт байршилтай 18663111921 нэгж талбарын дугаар бүхий 018404 дугаартай гэрчилгээ олгож 00м.кв газрыг 1 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргад эзэмшиж байгаа газраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан бөгөөд уг хүсэлтийг хуулийн дагуу байна гэж Нийслэлийн Засаг дарга үзээд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар эдгээр иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээжүүлсэн байна.

Уг иргэдийн газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж газар эзэмших өргөдөл хүсэлтээ өгч тухайн газруудыг эзэмшсэн байх тул дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 тоот захирамжийн иргэн Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцдог тул нэгэнт хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд Ж.Т 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Ж.Т би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. 2006 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж 2 жил гаруй явж 2008 онд тус дүүргийн 23 дугаар хороо Хужирбуланд П тоот газрыг эзэмшин авч 2009 онд өмчилж авсан миний өмчийн газар. Тухайн үед би уг газар дээрээ хашаа хатгасан бөгөөд тог цахилгаан очоогүй байсан учраас амьдарч чадаагүй 2010 онд очиход хашаагаа хулгайд ихэнх хэсгийг нь алдсан байсан ба тухайн газар дээр өөр иргэн буусан байсан.

Уг иргэнд “...энэ газар миний өмчилж авсан газар. Та нар газар чөлөөлж өг” гэсэн шаардлага тавьсан боловч намайг элдэв өнгөөр хэлж газар чөлөөлж өгөөгүй.

Би байнгын ажилтай 2 хүүхдээ тэжээх гэж бие муу ч ажлаа таслахгүй цаг наргүй ажилладаг хүн дахин дахин очоод байж чадахгүй байсан. Гэтэл 2013 оноос А.Э******* гэдэг хүн байнга утсаар ярьж мессэж бичиж “...газар эзэмших эрхээ шилжүүлж надад өг хохь чинь шүү чамайг би яаж л бол яаж чадна” гэж байнга доромжилж байна.

Энэ А.Э******* нь өөрийгөө “...шүүхэд ажилладаг” гэж танилцуулж манай гэрт ирж уулзсан тэгэхдээ миний иргэний үнэмлэхийн хаягаар манай ахынд очиж өөрийгөө “...манай ангийн хүүхэд нь байна гэрийг нь зааж өг” гэж худал хэлэн манайд ирж уулзахдаа “...00 мянган төгрөгөөр газраа зарчих” гэж дайрч доромжлон “...чамайг судалсан, чи хил гаалиар гараагүй 2 хүүхэдтэйгээ 3 уулаа амьдардаг гэсэн. Хаана ажил хийдэг бүгдийг судалсан байсан хуулийн байгууллагын хүн ингэж дур мэдэн хүнийг тагнаж болдог юм уу би маш их гомдолтой байна. Надруу дайрч доромжлон хил амаар их доромжилж байгаа бичсэн мессеж нь одоо ч миний утсанд байгаа намайг ядарсан эцэг, эхгүй өрх толгойлсон муу эмэгтэй дээрэлхэж болно гэж бодсон байх.

Би энэ хүнээс болж өдий хүртэл өөрийн өмчилж авсан газар дээрээ амьдарч чадахгүй хөлсний байшинд түрээсийн мөнгө төлөн амьдарч байна. Гэтэл намайг буруутан мэтээр шүүхэд гомдол гаргасан байна. Би энэ бүх жилүүдэд түрээс төлсөн 10 гаруй сая төгрөгийн хохирлынхоо мөнгийг тухайн иргэнээс гаргуулж авах хүсэлтэй байна. Нэг айлын газар дээр яахаараа 7 иргэн гомдол гаргаж байгааг би ойлгохгүй байна” гэжээ. 

Тав. Гуравдагч этгээд С.Ж 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн С.Ж би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд айлын хашаанд гэр барин амьдарч байгаад бага хүүхэд нас бага тул энэ өвөл айлын байр хөлслөн амьдарч байна. Том хүү оюутан, бага хүү гэртээ байдаг, эхнэр хүүхдээ хараад ажилгүй байгаа. Би өөрөө сургуульд жижүүрээр ажилладаг.

Би өөрийн гэсэн газаргүй тул 200, 2006 онуудад Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж газар хүсэж явсаар 2007 онд одоогийн өмчилж авсан Пийн тоот газрыг эзэмшин авсан бөгөөд энэ үед тухайн орчинд ямар ч айлгүй, зөвхөн ард талдаа нэлээд дээр үеийн 2 давхар байшин байсан.

Ингээд энэ газраа өмчилж авах хүсэлтээ гаргах гэтэл дүүргийн Газрын албанаас “...хашаагаа барьсан байх ёстой” гэдэг шаардлага тавьсны дагуу 4 тал хашаа барьсан. Газрын албаны хүмүүст хашаагаа үзүүлж, газар өмчлөх хүсэлтээ гаргасны дагуу өмчилж авсан. Энэ үед мөн 2 талын айлууд хашаагаа барьж эхэлсэн. Тэдгээр хүмүүс мөн газар эзэмших гэрчилгээтэй, хашаагаа бариад өмчлөх гэж байгаа гэж ярьж байсан.

Гэвч тухайн үед эхнэр жирэмсэн байсан тул очиж бууж чадаагүй, хашаагаа эргэж очдог байсан. Гэтэл хавар дулаарахаар очтол хашааг маань буулгаад авчихсан. Өөр 2 айл буучихсан байсан. Би “...Та нар хүний өмчилсөн газар дээр буусан байна. Нүү гээд эхний удаа очиход бид “...00 мянган төгрөгөөр танай хашааг худалдаж авъя” гэж нэг залуу хэлж байсан. Гэвч би дахиж газар олж авч чадахгүй тул “...зарахгүй” гэж хэлсэн. 

Дараа нь 2, 3 удаа очиход эрүүл, согтуу олон хүмүүс гарч ирээд янз бүрээр хашгираад байсан. Эдгээр хүмүүс нь бүгд садан төрлийн ямар нэг холбоо сүлбээтэй хүмүүс гэдэг нь ойлгомжтой байсан. Одоо ч ийнхүү иргэн хүний өмчилж авсан газрыг авахаар ийм олуулаа нийлж, шүүхэд хандаж байгаагаар ойлгомжтой харагдаж байна.

Би Газрын албанд газраа чөлөөлүүлэхээр хандаж байсан. Гэтэл чөлөөлж өгөөгүй “...нэг удаа авах ёстой газраа өмчлөн авсан тул дахин газар өмчлөх эрхгүй” гэсэн. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээд Н.Я 201 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Я би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны С үйлдвэрийн 16 айлын 16 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг. Гэвч манай байр олон жил болсон, дээвэр нурсан зэрэг шалтгаанаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас “Хүн амьдрах боломжгүй” гэдэг дүгнэлт гараад 3 жил болж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай” захирамж гарсны дагуу байрандаа амьдарч чадахгүй, гэр барьж айл, айлын хашаа дамжин амьдарч байна.

Манай нөхөр хөдөө ажилладаг, 2 хүүхэд бага тул би хүүхдээ хараад ажилгүй байгаа. Манайх өөрийн гэсэн газаргүй байсан тул нөхөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж олон удаа газар хүсэж явсаар, 2007 онд одоогийн өмчилж авсан газрыг авч, 3 тал хашаа барьсан. Ингээд нэг удаа үнэгүй газар газраа өмчилж авсан. Гэвч тухайн үед нөхөр хөдөө ажилтай, би нялх хүүхэдтэй хашаандаа бууж чадаагүй, нөхөр хөдөөнөөс ирээд хашаагаа эргэж очиход айл буучихсан байсан гэсэн.

Манай нөхөр олон удаа очиж “энэ бол манай өмчилсөн газар” гэж хэлээд газрын гэрчилгээний хуулбараа хүртэл аваачиж өгсөн. Энэ хашаанд нэлээд олон хүмүүс амьдардаг. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй хүмүүс байсан гэсэн. Тэр хавьд манайхаас гадна газар дээрээ бууж чадахгүй байгаа өөр хүмүүс гээд Газрын албан дээр явж байгаад манай нөхөртэй таарсан гэсэн.

Би гэртээ хүүхдээ хардаг тул манай нөхөр хөөцөлддөг, бусад нарийн учрыг би сайн мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс бидний бүл чадал муутай, хөөцөлдөж явж чадахгүй байгааг ашиглан хүний өмчилсөн газар дээр буучихаад олон жил хохироож байна гэж бодож байна. Манай байр актлагдсан, өөрийн газраа авч чадахгүй байгаагаас айл, айлын хашаа дамжин маш хэцүү амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 захирамжаар гуравдагч этгээд Н.Я, Ж.Т, С.Ж нарт тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн П , , тоот хаягт байрлах тус бүр 00 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2009 онд тус эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь нэхэмжлэгч А.Э*******, А.Х, Д.Ц*******, Г.М, А.О, А.Б, А.Я нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн 6 дугаар захирамжийн тус тус Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Энэхүү захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/06 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар захирамжийг гаргахаас өмнө маргаж байгаа газарт нэхэмжлэгчдээс газар эзэмших хүсэлт гаргасан эсэхийг тодруулах, мөн нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхийг шалгаж, тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. 

Шүүхээс дээрх асуудлыг тодруулж, Баянзүрх дүүргийн Газрын албанд бичиг баримт, архивын үзлэг хийж, тухайн үед дүүргийн газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Ц.О болон хөрш зэргэлдээ айлын эздээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг шаардлагатай ажиллагааг хийж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, бодит нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцээд маргаан бүхий актуудын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв. 

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримт, дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн”, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт “хуульд заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж газар эзэмших өргөдөл хүсэлтээ өгч тухайн газруудыг эзэмшсэн, ...Нийслэлийн Засаг даргын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцдог тул нэгэнт хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ. 

Харин нэхэмжлэгч А.Э******* нарын нэр бүхий 7 иргэд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж гарахаас өмнө буюу 2007-2008 онд суурьшсан гэж тайлбарладаг. Тэр үеийн агаарын ортофото, сансрын зураг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт байдаггүй бөгөөд бодит байдал дээр нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн дугаар хороо, Хужирбулангийн дугаар хэсгийн 81 дүгээр гудамжны 2498 тоотод А.Х, 209 тоотод Д.Ц*******, 82 дугаар гудамжны 2303 тоотод А.Б, 2383 тоотод А.О, 238 тоотод А.Я, 83 дугаар гудамжны 2461 тоотод Г.М, 2406 тоотод А.Э******* бүртгэлтэй болох нь тэдгээрийн хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, тус дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна. 

Гэтэл гуравдагч этгээд Н.Я, Ж.Т, С.Ж нар хэдийгээр эзэмшил газартаа байнга оршин сууж амьдрахыг хуулиар шаарддаггүй ч гэсэн өөрийн эзэмшил газраа бусдын газраас ялгагдах байдлаар шон, хашаа хатгах, ямар нэгэн тэмдэгжилт хийгээгүй бөгөөд ийнхүү тэмдэгжүүлээгүй газарт кадастрын зураг хийгдэж, хаягжилт олгох үндэслэлгүй байна. Хэрэв үнэхээр тэдгээрийн эзэмшил газарт өөр иргэд зөвшөөрөлгүй бууж, амьдарч байгаа бол гуравдагч этгээдүүд өөрсдийн эзэмшил газраа чөлөөлүүлэх талаар эрх бүхий байгууллагад болон шүүхэд нэхэмжлэгч нараас өмнө хандах ёстой юм. Өнөөдөр дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш 6 жил гаруй, Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч нар хашаа, гэр, байшингаа барьж, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө бий болгож бодитоор маргаан бүхий газрыг эзэмшиж, амьдарч байгааг дурдах нь зүйтэй юм. 

Хэдийгээр Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ч энэ үндэслэлээр нэхэмжлэгчдийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэж болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч нарын хүн, амын өрхийн бүртгэлийн дэвтэр, хаягжилт олгосон байдал, хашаа, байшин барьж суурьшсан байдал, тухайн үед газар зохион байгуулагч Ц.Од газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэний хувьд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх нь баталгаажаагүй ч Хужирбуланд хүн амын суурьшил үүсэж, гэр хороолол үүсэн бий болсноос хойш одоогийн байгаа байршилд олон жилийн турш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь шүүхээс хийсэн газрын үзлэг болон гэрч Б.Чулуун гуайн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар захирамжийг гаргахаас өмнө маргаж байгаа газарт газар эзэмших хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нар “...тухайн үед хоосон газар дүүргийн газар зохион байгуулагч Ц.Оын зааж өгсөн газар буусан, дараа нь гудамж гаргахаар болж хашааг бүхэлд нь 8м орчмоор татсан, цахилгаан байхгүй учраас өвөлжих боломжгүй, зундаа гэр барьж гардаг байсан, 2008 оноос хойш цахилгаантай болоод суурьшин амьдарсан, газар эзэмших хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг эхлээд Ц.Од өгч байсан, шийдэгдэхгүй өнөөдрийг болтол хохирч байна...” гэх тайлбар гаргадаг. 

Шүүхээс дүүргийн газрын албанд хийсэн баримт бичиг, архивын үзлэгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар захирамж гаргахаас өмнө нэхэмжлэгч Д.Ц*******ээс /бүртгэлийн дэвтрийн 419-д байгаа/ бусад нэхэмжлэгчид газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаж байсан нь тогтоогдоогүй боловч гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын хувийн хэрэгт авагдсан газар эзэмших хүсэлт нь мөн албан ёсоор дүүргийн газрын албаны бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” гэж заасан байтал дүүргийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдүүдэд тус бүрт нь 00 м.кв газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын ашиглаж буй газартай давхцуулсан, цаашлаад уг газрыг өмчлүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр 700 м.кв болгон ихэсгэсэн нь хууль бус байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “...эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг...”-ийг хүсэлтэд тусгасан байх, 32.4-д “...хүсэлтийг хүлээн авмагцаа ... журмын дагуу бүртгэнэ, ...хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутаар тэмдэглэх...” гэж заасан байтал гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ эдгээр үйл ажиллагааг хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Эдгээр ажиллагааг хууль, журмын дагуу хийх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” төрөөс газрын талаар баримтлах зарчмын хэрэгжилт байх ёстой. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 6 дугаар захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1-д “ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлтийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулж тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй хавсралтад дурдсан иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгосугай” гэсэн нь “...одоо эзэмшиж байгаа газраа...”, “...газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй...” иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор гарсан захирамж байна гэж дүгнэхээр байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...газрын албанаас эзэмшүүлэх гэж буй газраа шаардлагатай бол очиж үздэг...” гэсэн бөгөөд гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ газрын алба тэднийг тухайн газраа бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгаагүй нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1 “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал”, 2.1.2 “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3 “Хээрийн судалгаа хийх”, 2.1.6 “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах” гэснийг зөрчиж, тухайн газрын маргаан үүсэх үндэслэл болжээ гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд ямар газар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдэх боломжгүй байдаг тул төрийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай ажиллагааг хийгээгүйгээс өнөөдөр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрч байна. 

Дүүргийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг өмчлүүлснээр гуравдагч этгээдүүдийн хувьд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд заасны дагуу газар эзэмших, өмчлөх эрх зөвхөн хэлбэрийн төдий үүссэн болохоос бус бодитоор бий болоогүй байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлж болох газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд түүнд өмчлүүлэх” гэж зааснаас дүгнэхэд гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь дээрх байдлаар маргаантай байхад, мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжийн нэг үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоолын “Дөрөв”-д “Газар өмчлөхөөр иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг ил тод, сайтар судлан үзсэний үндсэн дээр үнэн зөв тодорхойлолт өгч байхыг Хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэсээр байхад хорооны Засаг даргаас тухайн хаягт огт амьдардаггүй, хашаа барьсан эсэх нь тодорхойгүй гуравдагч этгээдүүдийн гаргасан эзэмшил газраа өмчлөх хүсэлтэд тодорхойлолт гаргасан нь буруу байна. 

Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх тухайд.

Хужирбуланд хүн амын суурьшил үүсэж, гэр хороолол бий болсноос хойш нэхэмжлэгч нар одоогийн байгаа байршилд олон жилийн турш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь тэдний хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, хаягжилт олгосон байдал, шүүхээс хийсэн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч нар хууль ёсны дагуу газар эзэмших хүсэлтээ төр захиргааны байгууллагад анх гаргаагүйг зөвтгөх боломжгүй ч гэсэн нэхэмжлэгч нарын “...төрийг төлөөлж буй тухайн үеийн дүүргийн газар зохион байгуулагч Ц.Оар газраа заалгаж буусан, газар эзэмших хүсэлтээ түүнд өгсөн учир нь газар зохион байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр хаана ч буулгадаггүй тул асуудлыг шийдвэрлэх байх гэж найдаж байсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Газар эзэмших эрх нь баталгаажаагүй ч нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар захирамж гарахаас өмнө маргаж байгаа газарт газар зохион байгуулагч Ц.Оын зааж өгснөөр бууж, улмаар тэр газар гудамж гаргахаар болж айлын хашаануудыг бүхэлд нь 8м орчмоор татсан нь хэргийн оролцогчдын болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн тухайн үед цахилгаан байхгүй учраас өвөлжих боломжгүй, зундаа гэр барьж гардаг байгаад 2008 оноос хойш цахилгаантай болоод суурьшин амьдарсан, тэр газрыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдэх боломжгүй байсан, газар эзэмших хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг эхлээд Ц.Од өгч байсан, дараа нь 2009 оноос газрын албанд хүсэлтүүдээ өгснөөр гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий газрыг өмчлүүлснийг мэдсэнээс хойш нэг нэгээрээ гомдол гаргаж байгаад 2014 онд 7 иргэн нийлж шүүхэд хандсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэд анх шүүхэд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаасан улмаар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэжээ. 

Нэхэмжлэгч иргэд удаа дараа төрийн захиргааны байгууллагад асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж байсан бөгөөд газрын албанаас “одоо амьдарч байгаа иргэдэд газрыг эзэмшүүлнэ” гэж амаар өгч байсан хариунд найдан өдийг хүрчээ гэж шүүх дүгнэж байна. Иймд нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах боломжгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл ийнхүү нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар давхцах болсон нь дүүргийн газрын алба, газар зохион байгуулагч албан үүрэгтээ хариуцлагагүй хандсантай холбоотой бөгөөд энэхүү маргааны улмаас нэхэмжлэгч 7 иргэн, гуравдагч этгээдүүд хохирох ёсгүй юм. Нэхэмжлэгч нар 2007 оноос хойш тодорхой хэмжээнд маргаан бүхий газарт амьдарч, хашаа, байшин барьж суурьшсан бөгөөд нэхэмжлэгч нар цаашид маргаан бүхий газрыг зохих ёсоор эзэмшиж, ашиглах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Газрын алба гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх, эзэмших эрхийг хүндэтгэн, тэдэнтэй тохиролцсоны үндсэн дээр өмчилсөн газрын байршлыг өөрчилж эзэмшүүлж, өмчлүүлэх нь зүйтэй. 

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасныг тус тус баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 6 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн гуравдагч этгээд Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актуудын гуравдагч этгээд Н.Я, Ж.Т, С.Ж нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус тус 3100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.ДОЛГОРСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.БАТСҮРЭН

                                                                      ШҮҮГЧ М.БАТЗОРИГ