Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01449

 

Ц.Нарандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05111 дүгээр шийдвэр,     

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1727 дугаар магадлалтай,

Ц.Нарандуламын нэхэмжлэлтэй

Н.Отгонтунгалаг, “Ундрах сүндэр” ХХК-д холбогдох,

8 950 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

4 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Нарандуламын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Н.Отгонтунгалаг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Нарандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Отгонтунгалаг нь Солонгос улс руу гарахад тусална гэж хэлсний дагуу бид хоёр дүү н.Эрдэнэсайханы байрны гэрчилгээг хувь хүнд барьцаалж 5 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөг авч, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Төв аймгийн Эрдэнэсант суманд байдаг “Ундрах сүндэр” ХХК-д 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2011 оны 02 сард дахин визэнд оруулна гэхэд бид хоёр 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг, 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 250 000 төгрөг, мөн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны  өдөр 100 000 төгрөг, банкны баталгаа гаргаж өгнө гээд 350 000 төгрөг, нийт 4 623 000 өгсөн. Энэ виз бүтэхгүй болонгуут цагдаагийн байгууллагад 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хандсан. Шалгах явцад 4 удаагийн үйдлээр залилан мөнгө авч байсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Н.Отгонтунгалгааас хохирогч Ц.Нарандулам 7 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч эрүүгийн хэргээр шалгагдаж байх үедээ баримттай 4 100 000 төгрөг төлнө бусдыг өгч чадахгүй гэсэн учраас шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Олон удаа нэхэмжлэл гаргасан, тэрээр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байсан. Н.Отгонтунгалаг нь хүнээс хүүтэй мөнгө зээлдүүлж манай гэр бүлийн амьдралыг бүр мөсөн доод түвшинд хүргэсэн. Ч.Ганболд гэдэг айл Орхон аймаг, Баян-Өндөр сумын Яргайт багийн ядуу өрхөд хамрагддаг.

Нэхэмжлэгч нь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн тул хүүд төлсөн 3 150 000 төгрөг, нотариатаар бичиг баримт бүрдүүлсэн, 4-5 жил цагдаа, шүүхээр авсан зардал 3 200 000 төгрөг, нийт 6.350.000 төгрөгийг хариуцагч Н.Отгонтунгалагаас, хариуцагч “Ундрах сүндэр” ХХК-аас шилжүүлсэн 2 600 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Отгонтунгалагийн өмгөөлөгч Т.Энхтөр шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Нарандуламын нөхөр Ч.Ганболд нь Солонгос улсын виз гаргуулах зорилгоор “Ундрах сүндэр” ХХК-ийн Хаан банкин дахь 574801156-3 тоот дансанд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “2.500.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 100.000 төгрөг,  2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Болорчимэгийн Хаан банкны 52790207 тоот дансанд 1.260.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Н.Отгонтунгалагийн Хаан банкны 527907526-7 тоот дансанд 150.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.  Ц.Нарандулам нь 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч дэслэгч О.Эрдэнэнямд “надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй би Н.Отгонтунгалагт өгсөн 4.250.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, Н.Отгонтунгалагаас нэмж нэхэмжлэх мөнгө байхгүй...” гэх байцаалт өгсөн байна. 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч дэслэгч О.Эрдэнэнямд хохирлын мөнгө болох 4.250.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, Орхон аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Нарандуламын нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хариуцагч  Н.Оттонтунгалаг  нь нэхэмжилж байгаа мөнгийг авч зарцуулаагүй, харин илүү мөнгө төлж хохирсон. Нэхэмжилж байгаа зардлын мөнгө 3.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг нь баримтгүй, үндэслэлгүй, тогтоогдохгүй хийсвэр мөнгөнүүд байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ундрах сүндэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дансанд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр н.Ганбат гэх хүнээс 2.500.000 төгрөг орж ирсэн. Манай захирал н.Буянхишиг тэр өдрөө өөрийн хувийн данс руугаа 2.497.000 төгрөгийг авсан. 3 хоногийн дараа Хаан банкны теллерээр 3.000.000 вонныг гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Ийм учраас манай дансанд орж ирсэн 2.500.000 төгрөг, 2010 оны 10 сард шилжүүлсэн 100.000 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Нарандулам, Н.Оюунтунгалаг нар нь танилууд бөгөөд “Ундрах сүндэр” ХХК-ийн дансаар дамжуулан авсан байдаг гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05111 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1-т  зааснаар хариуцагч “Ундрах сүндэр” ХХК-аас 2.600.000 төгрөг, хариуцагч Н.Отгонтунгалагаас 6.350.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Нарандуламын нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.Нарандуламаас 4.250.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Отгонтунгалагийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 159.000 төгрөг, хариуцагч Н.Отгонтунгалагийн 82.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1727 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг хасч, “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нарандулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172.2.1-т хэсэгт заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Н.Отгонтунгалаг нь “Солонгос улсад явуулж өгнө” гэж хэлээд хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлүүлж гэр бүлийг эдийн засгийн хүнд дарамтанд оруулж улмаар зээлийн өр төлбөрт оруулж гэм хорын хохирол учруулсан байдаг. Гэтэл нийслэлийн давж заалдах шатны шүүх “хянавал хэсэгтээ” хохирлын мөнгө хүлээн авсан гэх 2011 оны 03 дугаар сарын 24-ны баримтаар тогтоогдож байх тул...энэ хугацаанаас хойш бусдад төлсөн зээлийн хүү, замын зардлыг хохирол тооцон шаардах эрхгүй” гэж үзжээ. Гэм хор, хохирол гэдэгт хэн нэгэн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс болж амжиргааны зүйлээр буюу...эд хөрөнгөөр хохирсон байхыг шаарддаг.

Шүүх хохирол шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь Ц.Нарандулам, Ч.Ганболд нар Н.Отгонтунгалагтай Иргэний хуулийн 8.1.5-т заагдсан эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн гэж ойлгохоор байна. Улмаар эрх зүйн харилцаанд ороогүй учир Иргэний хуулийн 9.4.4-д заагдсанаар учруулсан хохирол шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Н.Отгонтунгалаг нь Ц.Нарандулам, Ч.Ганболд нарыг “Солонгос явуулж өгнө” гээд мөнгө авсан нь маргахгүй үнэн бөгөөд харин явуулж чадаагүйгээс Ц.Нарандулам, Ч.Ганболд учруулсан хохиролыг төлөх нь зүйн хэрэг байтал шүүх шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч Н.Отгонтунгалагаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд 6.350.000 төгрөгөөс бодитой, баримтаар нотлогдох хохирлыг хангаж өгнө үү.

2. Нэхэмжлэгч Ц.Нарандулам хохирол гаргуулахаар Иргэний хуулийн 8.1.5-д заагдсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д гэм хорын хохирлын асуудлыг шүүх дангаар шийдвэрлэх ёсгүй бөгөөд уг нэхэмжлэлийг бүрэлдэхүүнтэй шийдэх учиртай байсан болно.

Энэ нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заагдсан журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Нарандулам нь хариуцагч “Ундрах сүндэр” ХХК-с 2.600.000 төгрөг, Н.Отгонтунгалагаас 6.350.000 төгрөг нэхэмжлэхдээ  нэхэмжлэлийн шаардлагаа  бусдад 3.150.000  төгрөгийн  хүү төлсөн, мөн хариуцагчийг эрж хайхад 3.200.000 төгрөгийн зардал  гаргасан гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Ганболд нь 2010 онд “Ундрах сүндэр” ХХК-д 2.600.000 төгрөг, Ц.Нарандулам нь Н.Отгонтунгалагт 150.000 төгрөг, С.Болорчимэгийн дансанд 1.260.000 төгрөг тус тус шилжүүлсэн ба Н.Отгонтунгалаг нь 2011 онд Ц.Нарандуламд  4.250.000 төгрөг төлжээ.

Ц.Нарандулам нь Ч.Ганболдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан, энэ нь Иргэний хуулийн тавин хоёрдугаар бүлэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарахгүй тул “...шүүх гэм хорын хохирлыг дангаар шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1727 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Нарандуламын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31418 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ