| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2314000000238 |
| Дугаар | 2024/ДШМ/011 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/011
Б.Ууганбатад
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энхбат
Шүүгдэгч Б.Ууганбат, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ууганбат, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ууганбатад холбогдох эрүүгийн 2314000000238 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ............ тоотод оршин суудаг гэх боловч .......... тоотод оршин суух хаягтай,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ууганбатыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ууганбатыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хоригдол Б.Ууганбатын эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, сулласан, Тойн овогт Батжаргалын Ууганбат, /РД: ЗЮ95101901/,
Шүүгдэгч Б.Ууганбат нь 2023 оны 08 сарын 27-ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байрлах гэрээс иргэн Б.Өсөхбаярын самсунг А7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Өсөхбаярт 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ууганбат нь насанд хүрээгүй хохирогч Б.Баасанжаргалын самсунг А12 маркийн гар утсыг “00 руу гэрэл тусгачхаад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 08 сарын 27- ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...... тоотод байрлах гэрээс авч гаран бусдад зарж борлуулан, насанд хүрээгүй хохирогч Б.Баасанжаргалд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,
Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбатад оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбатын энэ хэргийн учир цагдан хоригдсон ес хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Б.Ууганбат нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ууганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ууганбат тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие Батжаргал овогтой Ууганбат 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 7 сарын хорих ял авсан. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т оногдуулсан 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.
Миний бие болох Б.Ууганбат би бага насны 3 хүүхэдтэй
1. Том хүү У.Анхбаяр .......-нд төрсөн ....... настай,
2. Дунд хүү У.Алтангэрэл ............-нд төрсөн ....... настай,
3. Бага хүү У.Алтансүх .........-нд төрсөн ......... сартай. Бага хүү У.Алтансүх нь төрлөхийн зүрхний гажиг болох Палоттын дөрвөлсөн гажиг гэх маш хүнд төрлийн оноштой. Монгол улсад эмчилгээ байхгүй гэрийн нөхцөлд ч хүчил төрөгчтэй байдаг.
БНСУлс руу 2023 оны 8 дугаар сарын 07-нд явж эхний хагалгаанд орох байсан ч биеийн жин, хүүхдийн биеийн байдал хоёроос болон төлөвлөгөөт хагалгаа хугацаагүй буюу хүүг 8 кг хүртэл хойшилсон болно.
Одоо миний 3 хүү болон У.Анхбаяр, У.Алтангэрэл, У.Алтансүх нь .......... тоотод оршин сууж байгаа ээж М.Ганбат нь бага насны хүүхдүүд буюу өвчтэй зээгээ асарч байгаа учир хөдөлмөр эрхлэх боломжгүй хүндхэн нөхцөлд байна.
Иймд ар гэрийн нөхцөлийг болон бага насны 3 хүүхэдтэйг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т оногдуулсан 6 сарын хорих ялыг маань хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.
Гаргасан алдаагаа ахин давтахгүй хүлээлгэсэн итгэлийг эвдэхгүй болохыг амлаж байна. Иймд гомдлыг минь хүлээн авна үү гэжээ.
Шүүгдэгч Б.Ууганбатын өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
... Б.Ууганбат нь бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эх бөгөөд хүүхдүүд нь түүний ээжийн асрамжид үлдсэн боловч ээж нь өөрөө бие муутай хүн байдаг гэх бага хүүхэд нь 10 сартай, зүрхний төрөлхийн /ховдол цоорхой/ өвчтэй.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн боловч холбогдох хэрэг хөнгөн ангиллын ба бусдад учруулсан хохирол, гэм хор бүрэн арилсан. Гэм буруугаа гэмшиж байгаа.
Шүүхээс хувийн байдлыг хүүхдээ анхаарал халамжгүй орхин гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан ял оногдуулсан гэх боловч хүүхдүүдийн эхийн асрамжид өсөж бойжих эрхийг харгалзан үзсэнгүй гэж бодож байна. Мөн өмнө нь гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байсан болон ялын хугацаа дууссан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байх нь зүйтэй юм. Иймээс Б.Ууганбатад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолын хувьд эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, шаардлага, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй ба шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байгаа. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Б.Ууганбатаас гаргасан гомдол болон өмгөөлөгчөөс гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн 2 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ууганбат, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч Б.Ууганбат нь 2023 оны 08 сарын 27-ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байрлах гэрээс иргэн Б.Өсөхбаярын самсунг А7 маркийн гар утсыг хулгайлан авч, Б.Өсөхбаярт 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ууганбат нь насанд хүрээгүй хохирогч Б.Баасанжаргалын самсунг А12 маркийн гар утсыг “00 руу гэрэл тусгачхаад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 08 сарын 27- ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................ тоотод байрлах гэрээс авч гаран бусдад зарж борлуулан, насанд хүрээгүй хохирогч Б.Баасанжаргалд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоосон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан “... Би 2023 оны 08 сарын 27-ны шөнө алдсан гэх Самсунг А7 загварын гар утсаа хажуудаа тавиад унтсан. Тэгээд өглөө нь сэрээд гар утас байхгүй байхаар нь өөрийн дүү Баасанжаргалаас гар утас яагаад байхгүй байгаа талаар асуусан чинь “шөнө Ууганбат эгч согтуу орж ирээд миний Самсунг А12 загварын гар утсыг нойл орчхоод ирье, гэрлийг нь ашиглаадахъя" гээд аваад гарсан гэсэн.
...Оргилмаагийн хадам ах нь “шөнө Ууганбатыг ирээд 2 ширхэг гар утас зарна гээд барьчихсан явж байсан” гэж хэлсэн. Тэднийхээс гараад Самбуугийнд /хаягийг нь мэдэхгүй/ очсон чинь Ууганбат тэнд байсан. Тэгээд би Ууганбатаас “тухайн 2 ширхэг гар утсыг авсан уу” гэсэн чинь “би аваагүй” гээд байхаар нь “гэрч байгаа” гэж хэлсэн чинь “тэгвэл би авчихсан юм байна” гэсэн.
Самсунг А7 загварын гар утсыг нь приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг таксины жолоочид таксины төлбөрт өгөөд зөрүүнд нь 20000 төгрөг авсан, Самсунг А12 загварын гар утсыг Ууганбат надад “наад гар утсаа зарчхаад ир” гэхээр би авч яваад Аривжих худалдааны төвийн замын эсрэг талд зогсож байсан унагалдай гэх газар ухдаг тээврийн хэрэгслийн жолоочид 150,000 төгрөгөөр худалдсан, мөнгөө бэлнээр авсан”. Тэгээд би Самбууг дагуулж яваад тэр жолооч дээр очоод “энэ хүн танд гар утас худалдсан уу” гэсэн чинь “мөн байна, тэр гар утсыг одоо миний хүүхэд барьж байгаа гэсэн...” гэх хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 29, 30 дугаар талд авагдсан “.. Уг гар утсыг миний хүүхэд гар утасгүй байсан болохоор хүүхдэдээ бариулах гээд худалдаж авсан юм. Би Самсунг А12 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр худалдаж авсан учраас хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх,
“...Би өөрт учирсан хохирол болох 150.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх иргэний нэхэмжлэгч М.Насантогтохын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан “... 2023 оны 08 дугаар сарын 28-ны шөнө манай гэрт ...Ууганбат эгч цагаан канттай улаан биеийн тамирын өмд цамцтай, халамцуу орж ирсэн... Өсөхбаяр ах унтахаасаа өмнө гар утсаараа юм үзэж байгаад толгойныхоо хажуу талд тавиад унтсан. Би харсан....” гэх насанд хүрээгүй хохирогч Б.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...таксины жолоочоос 20,000 төгрөг бэлнээр аваад тэр гар утсыг худалдсан.
...С.Бат-Эрдэнэ “зарчихлаа” гээд 150,000 төгрөгийг өөрийн данс руугаа авсан байсан. Тэгээд буцаж гэртээ очоод би С.Бат-Эрдэнэд байсан бэлэн мөнгөнөөс 130,000 төгрөгийг аваад үлдсэн 20,000 төгрөгийг нь С.Бат-Эрдэнэд таксины мөнгө гэж өгсөн. Тэгсэн Ууганбат надад “80,000 төгрөг өгчих, үлдсэн 50,000 төгрөгийг чи өөрөө ав” гэж хэлэхээр нь би 50,000 төгрөгийг нь авсан...” гэх гэрч О.Самбуугийн мөрдөн байцаалтад шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 42-43 дугаар талд авагдсан “...Тус өдрийн шөнө манайхан унтаж байсан. ...Ууганбат эгч согтуу байсан. Тэгээд би Самсунг А12 загварын гар утсаа орныхоо гудсан доогуур хийчхээд унтах гэж байсан чинь Ууганбат эгч гэрт орж ирээд “надад гар утсаа өгчих, 00 орчхоод ирье” гээд Самсунг А12 загварын гар утсыг аваад гарсан....” гэх насанд хүрээгүй гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан “...2023 оны 08 дугаар сарын сүүлчээр ...тэр гар утсыг авахаар болоод 150.000 төгрөг миний 5001678966 тоот данс руу хийсэн, ...мобайлдаад тэндээс бэлнээр гаргуулж аваад би тэндээс таксины мөнгө гэж 30 000 төгрөг аваад 120.000 төгрөгийг Самбууд өгсөн, тэгээд хөх толгой ороод Монос дэлгүүрээс Самбуу 20.000 төгрөгөөр юм авсан, архи бол аваагүй тэндээс буцаад Самбуугийн гэрт очоод түүнтэй хамт орсон. Тэгээд Самбуу гэрт нь ороод нөгөө эмэгтэй 100.000 төгрөгийг өгсөн, тэгсэн тэр эмэгтэй нөгөө мөнгийг аваад зүүн талын левчик руугаа хийсэн, тэр эмэгтэй л миний утас гээд байсан...” гэх гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан “...2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнө ...Ууганбат халамцуу орж ирсэн, .. Буянжаргал “ээж, ээж” гээд дуудаад сэрээгээд “Ууганаа эгч нойл орж гэрэл тусгачхаад ирье гээд утас аваад гараад явчихлаа... “ээж Өсөхбаяр ахын утас байна уу” гэсэн, тэгээд Өсөхбаяр унтахаасаа өмнө зурагтын өмнө утсаа цэнэглэсэн байсан хартал түүний утас байхгүй байсан, ...цагдаад өргөдөл бичиж өгөөд 2 гар утсаа буцаагаад оллоо гэсээр орж ирсэн...” гэх гэрч С.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан “...Самсунг А12 маркийн гар утасны үнэ 450,000 төгрөг, Самсунг А7 маркийн гар утас 310,000 төгрөг...Алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 760.000 /Долоон зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх “Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 269 дугаартай дүгнэлт,
Хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан “... Миний зүгээс тухайн үед согтуу байсан. ..тэгэхэд миний хармаанд 2 гар утас байсан, Тэгээд А12 маркийн гар утсыг гаргаад иртэл дүү Баасанжаргалын зураг байсан, нөгөө гар утас нь унтраастай байсан, нэг мэдсэн би Самбуугийн гэрт ширээн дээр архи тавьсан ганцаараа сууж байсан. ...Миний зүгээс А-12 маркийн гар утасны хохирлыг барагдуулсан. Самбуу болохоор А7 маркийн гар утсыг таксинд 20.000 төгрөгт өгөөд явуулсан ...” гэх шүүгдэгч Б.Ууганбатын гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ууганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ууганбатад Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын төрлүүдээс хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялыг оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй байна.
Шүүгдэгч Б.Ууганбат нь ахуйн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн хохирлын хэмжээ нь нийт 760 000 төгрөг бөгөөд түүнийг нөхөн төлсөн болон 9 сараас 10 насны буюу бага насны 3 хүүхэдтэй, 9 сартай хүү У.Алтансүх нь хүнд өвчтэй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ууганбатад
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх,...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь таван зуун дөчин дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялтай нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон зуун наян дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ууганбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн учир цагдан хоригдсон ес хоног болон 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 89 хоног цагдан хоригдсон буюу нийт 98 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-ийн 4-т заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг 8 цагийн хугацаагаар тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцоход 784 цаг болсон, тэрээр 784 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүгдэгч Б.Ууганбатад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, уг ялыг эдэлсэн байх тул цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Ууганбатыг суллав.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ууганбатад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гомдлыг хангаж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг таван зуун дөчин дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр..., ... нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун дөчин дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар...,...нийт ялыг долоон зуун наян дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай “ гэж тус тус өөрчлөлт оруулж,
4 дэх заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ууганбатад оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Шийтгэх тогтоолын дугаарлалтыг 4-8 болгож дугаарласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Ууганбатын 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Ууганбатыг сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ