Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/01016

 

 

 

 

 

 

2025 06 12 307/ШШ2025/01016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00765/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

"2,435,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.*******ийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нийт 2,435,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 310,323 төгрөгийн шаардлагыг хангаж, 2,124,677 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь туслах малчнаар ажиллуулахаар урьдчилан өгсөн 345,000 төгрөг, өвсний үнэ 1,140,000 төгрөг, хариуцагчийн адууг малласны хөлс 950,000 төгрөг, нийт 2,435,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч Б.*******г адуу маллуулахаар малчнаар ажилуулж, сарын 500,000 төгрөгийн цалин олгохоор тохирсны дагуу хариуцагч нь гэрээрээ нүүж ирэн 10 хоног ажиллаад явсан. Сарын цалин хөлсөнд тооцож 520,000 төгрөгөөр урьдчилан хувцас эд зүйл авч өгсөн байсан тул ажиллаагүй хугацааны илүү төлсөн цалин хөлс 345,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй. Мөн хариуцагч нь явахдаа өөрийн 7 адууг орхиод явсан бөгөөд түүнийг нь өөрийн биеэр малласан 19 хоногийн хөлс өдрийн 50,000 төгрөгөөр тооцож, 950,000 төгрөг, адуунд 1 хоногт 6 боодол өвс өгч тэжээсэн, өвсний үнэ 19 өдрийн 114 боодол өвсний үнэ 1,140,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарладаг болно.

4. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Тохирсон ёсоор М.*******ийн үржүүлгийн гүүг харах ажлыг хийж байх үед 2 тооны адуу алга болсны улмаас намайг болон 3 настай хүүг хэл амаар доромжилж, зодсон тул түүнээс хойш ажлаа хийх боломжгүй болсон. Тэгээд алга болсон 2 адууг олж ирэхгүй бол 7 тооны адууг өгөхгүй гээд өгөөгүй. Түүнээс сайн дураараа би адуугаа үлдээгээгүй тул малласны хөлс, өвсний үнэ төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч зохигчид амаар тохирсны үндсэн дээр хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч М.*******ийн адууг маллахаар, М.******* нь сар бүр 500,000 төгрөг өгөхөөр тохирч, гэрээ нүүлгэн ирж, нэхэмжлэгчийн хашаанд амьдарсан, сарын цалинд тооцож, 520,000 төгрөгөөр урьдчилан хувцас, эд зүйл авч өгсөн, маллаж байсан адуунаас 2 адуу алга болсоны улмаас зохигчид маргаж, түүнээс хойш хариуцагч Б.******* ажил үүргээ гүйцэтгээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

6. Зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т: "Туслах малчин" гэж үндсэн малчны дэргэд амьдарч, түүний удирдлага, хяналтын доор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж цалин хөлс авахаар харилцан тохиролцон ажиллаж байгаа хүнийг ойлгоно. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасны дагуу хариуцагч Б.*******г туслах малчнаар ажиллуулахаар амаар тохирсон байна.

Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулахаар заасан боловч талуудын хооронд амаар тохирч, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэснийг хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

7. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2025 оны 04 сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэргээс үзэхэд хариуцагч Б.******* нь 2025 оны 03 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.*******ийн хашаанд нүүж очсон, 3 сарын 10-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 сарын 21-ээс 22-ныг шилжих шөнө 2 тооны адуу алга болсоны улмаас хариуцагч адууг хайхаар гараад түүнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

Дээрх хугацаанаас тооцож үзэхэд хариуцагч нь нийт 13 хоног ажилласан байх бөгөөд энэ хугацааны цалин, хөлсөө авах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэсэн заалттай нийцнэ.

Иймд талуудын тохирсноор 1 сарын цалин, хөлс 500,000 төгрөг, түүнийг 31 хоногт хуваахад нэг өдрийн цалин, хөлс 16,129 төгрөг болж байгаа бөгөөд нийт ажилласан 13 хоногийн цалин хөлс 209,677 төгрөг байна. Иймд ажиллаагүй хугацаанд илүү авсан цалин хөлс болох 310,323 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгох үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 19 хоногийн мал малласны хөлс, 950,000 төгрөг, 19 хоногт 7 адууг тэжээсэн өвсний үнэ 1,140,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан гэрч Б.гийн ... 7 адуу, гэрийг нь өгөхгүй болохоор нь гэрээс нь хүүхдийнх нь өмсөх хувцсыг нь авч явсан гэх мэдүүлэг, гэрч Ш.-ын ... Адъяаг өөрийг нь очиход адууг нь өгөхгүй байна гээд намайг хамт очоод өгөөч гээд очсон. Эхлээд эмэгтэй дүүтэй нь хамт очих үед алга болсон адуу нь олдоогүй байсан болохоор адуу олж өгөөд ав гэж хэлээд тэр болтол байж байг гээд очсон айлын залуу хэлсэн. Дараа нь Адъяатай хамт очиход түүний адуу өдөрт 6 боодол өвс иддэг гээд тухайн өвсний мөнгийг өгөөд адуугаа ав гэж хэлээд бид буцсан. Дараа нь М.*******ийн адуу олдсон гээд адуугаа ирж ав гэж байна гээд Адъяа надад утсаар ярихаар нь би гэрийг нь ачиж аваад явсан. Харин Адъяа өөрөө адуугаа туугаад явсан гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 36 дугаартай, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд бичигдсэн М.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ... ******* уулан дээр гарчхаад адуу хайж байна гээд худлаа яриад байсан. Үүнд нь миний уур хүрээд 2 дахь хоног дээр нь маргалдаад ганц цохисон. Тэр нь Дархан-Уул аймгийн цагдаа дээр шалгагдаж байгаа. Тэр өдрөө цохиулчхаад яваад өгсөн. Үүнээс хойш буцаж ирээгүй, харин манай хашаанд *******гийн 7 тооны адуу болон гэр нь байгаа. Би хүний адуу эзгүй гараад явуулчихаар дараа нь ямар нэг байдлаар асуудалд орох вий гэж бодоод гаргахгүй тэжээж байгаа. Апъяасүрэнг адуугаа ав гэхээр чи өгөхгүй байгаа биздээ гэж хэлээд авахгүй байгаа юм. ..Би *******г адуугаа авахдаа адууныхаа идсэн тэжээлийн мөнгийг нь өгчих, тэгээд ав гэдэг шаардлага тавьсан... гэсэн байдал, гэрч Г., М. нарын мэдүүлэг зэргээс үзэхэд 2025 оны 03 сарын 22-ны өдрөөс хойш хариуцагч Б.******* нь өөрөө болон бусад хүмүүсээр адуугаа авахаар шаардаж байсан, нэхэмжлэгч түүний 7 тооны адууг адууны өвсний үнэ төлүүлэх, алдсан адуугаа олоогүй зэрэг үндэслэлээр өгөхөөс татгалзаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан 2024 оны 04 сарын 07-ны өдөр М.*******аас хохирогчоор авсан мэдүүлэгт 2 тооны адуугаа олж авсан тул гомдол санал байхгүй гэсэн, мөн дээр дурдсан тогтоолд ... 2025 оны 04 сарын 08-ны өдрийн Б.*******гийн дахин өгсөн мэдүүлэгт ... Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гэр болон 7 тооны адууг бүгдийг авсан... гэж бичигдсэн байдал зэргээс үзэхэд хариуцагч Б.*******гийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******гийн 7 тооны адууг маллах талаар талууд тохиролцоогүй, талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч нь мал малласны хөлс шаардах эрхгүй юм.

9. Нэхэмжлэгчийн 7 тооны адуунд өвс тэжээл өгч байсан талаарх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй боловч гарсан зардлыг төлөхгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгч хариуцагчид адууг өгөхгүй байсан үйлдэлтэй холбоотой байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд үүнд: анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан, хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн бол шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхгүй байхаар заажээ.

Энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******гийн адууг өгөөгүй, татгалзсаны улмаас гарсан зардлыг буцаан шаардах үндэслэлгүй байна.

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нийт нэхэмжлэлийн шаардлагаас 310,323 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, үлдэх хэсэг болох 2,124,677 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.2-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 310,323 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,124,677 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,910 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 9,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ