Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Ш

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн У.Б нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, мөн гараараа нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж, тохойгоороо нүүрэн тус газарт нь 2-3 удаа тохойлдож цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр би гэртээ Н ахтай архи хувааж уусан. Гараад эмээгийнд ороход Б ах ирчихсэн архи уугаад агсам тавиад сууж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа агсам тавьж байсан болохоор уур хүрээд нэг удаа өшиглөж, 4-5 удаа тохойлдсон.  Дараа нь цагдаа ирээд намайг аваад явсан. Б  гэдэг хүн ирж агсам тавьдаггүй байсан бол би ийм хэрэг хийхгүй байсан. Дахин ийм алдаа гаргахгүй гэв,

Шүүгдэгч М.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ахыг эмээгийн орны хойд талд ширээний хажууд сандал дээр сууж байхаар нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б арагшаа унахаар нь би ойртож очоод нүүр лүү нь гараа зангидаж байгаад 4-5 удаа цохьсон. Дараа нь тохойгоороо дух, нүүр рүү нь 2-3 удаа тохойлдсон... Би Б ахыг зодох биед нь хүндэвтэр хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр... гаднаас Н-н хүү Ш орж ирээд шууд л миний нүүр лүү цохиод нэг хатуу зүйлээр миний толгой руу цохиод байсан. Хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй... Тухайн үед миний хамар яс хугарсан, таславч мурийсан, хөмсөг хооронд язарсан шархтай, 3 шүд унасан байсан. Мөн 1 шүд унах гээд унжиж байхаар нь би өөрөө татаад авчихсан. Одоо 2 шүд хөдөлчихсөн байгаа ба эмч тэр шүдийг авахуулах хэрэгтэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11 дүгээр хуудас/,

Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш юм ярьж байгаад Б-г газар унагаад дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд дээр нь гараад суугаад гараараа цохих шиг болохоор нь би Ш-г босгоод салгасан чинь Б гараад явсан. Тэгэхээр нь би Ш-с юу болсон талаар асуусан чинь Ш надад Б сая намайг донгио М донгио хүүхэд гээд доромжлохоор нь би уурандаа маргалдсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....дугаартай дүгнэлтэнд: “...У.Б биед дээд баруун 1, 2, 3 дугаар шүд, дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духны шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. У.Б биед учирсан дээд баруун 1, 2, 3 дугаар шүд, дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 25 хувиар нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. У.Б биед учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духны шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2018.03.02-ны шүдний эмчийн үзлэгээр У.Б биед учирсан 22, 23, 24 дүгээр шүдний буюу дээд зүүн 2, 3, 4 дүгээр шүд суларсан байгаа нь үзлэгийн үед авахуулах шаардлагатай 4-р зэргийн хөдөлгөөнтэй байгаа тул булгарсан буюу унасан гэж үзнэ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн У.Б нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, мөн гараараа нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж, тохойгоороо нүүрэн тус газарт нь 2-3 удаа тохойлдож цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр би гэртээ Н ахтай архи хувааж уусан. Гараад эмээгийнд ороход Б ах ирчихсэн архи уугаад агсам тавиад сууж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа агсам тавьж байсан болохоор уур хүрээд нэг удаа хөшиглөж, 4-5 удаа тохойлдсон.  гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр... гаднаас Н хүү Ш орж ирээд шууд л миний нүүр лүү цохиод нэг хатуу зүйлээр миний толгой руу цохиод байсан. Хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй... Тухайн үед миний хамар яс хугарсан, таславч мурийсан, хөмсөг хооронд язарсан шархтай, 3 шүд унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш юм ярьж байгаад Б газар унагаад дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд дээр нь гараад суугаад гараараа цохих шиг болохоор нь би Ш босгоод салгасан чинь Б гараад явсан. Тэгэхээр нь би Ш-с юу болсон талаар асуусан чинь Ш надад Б сая намайг донгио М-н донгио хүүхэд гээд доромжлохоор нь би уурандаа маргалдсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Ш-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч М.Ш-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Ш-т холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн  ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Торгох ялыг шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ш нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоосон хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгчид авсан эрүүгийн хариуцлагын арга хэмжээнээс чөлөөлөгдсөн тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх үндэслэлгүй байна.

 

Хохирогч У.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ шүд болон хамраа янзлуулж авмаар байна” гэсэн боловч хэрэгт хохирол төлбөртэй холбоотой бичгэн баримт авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

 

Шүүгдэгч М.Шг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4  дэх хэсэгт зааснаар хохирогч У.Б-ны зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Ш-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 / хоёр сая /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь 2000000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Х.ГАНБОЛД