Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

                                            Б.А холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А холбогдох эрүүгийн 2334000000471 тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн ... тоотод түр оршин суух, үндсэн захиргаа ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял  шийтгүүлж байгаагүй, Б овогт Б А,

Б.Ань согтуугаар 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр”-ийн 12 дугаар гудамж, 06 тоотод оршин суух иргэн Д.О хашаанд У үл ялих зүйлээр шалтаглан зодож баруун гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас бусад тохиолдолд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 3.875.700 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч У олгож, хохирогч нь 8.030.000 /найман сая гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцон хохирол хор уршгийг тооцон гаргуулахдаа хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2-р зэрэглэлд” хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 2.750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэв гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хяналтын прокурорт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох талаар хүсэлт гарган уг хүсэлтийн дагуу хяналтын прокурор дээрх журмын 2 дугаар зэрэглэлд хамаарах талаар тогтоол үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд 40.2 дугаар зүйлд Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ерөнхий суурь зарчмыг хуульчилсан байдаг.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолын 3.6 дахь хэсэгт Шинжилгээний байгууллага 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ... гээд “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоохоор хууль, журамд заасан байхад Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар тогтоолыг үндэслэн шинжээч бус мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ц.Дагвадорж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах зэрэглэл тогтоосон.

Шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа ба хохирогч Угэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх мөрдөн байцаах тасгийн даргын тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах зэрэглэлийг үндэслэн шүүгдэгчээс хохирол гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг магадлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох гаргасан дүгнэлтдээ: Хохирогч У шүүгдэгч Б.А-аас эмчилгээний зардал болох 8.030.000 төгрөг нэхэмжилж, үүнийг барагдуулаад өгвөл сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх агуулга бүхий тайлбарыг гарган мэтгэлцсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу батлагдсан аргачлалыг үндэслэн гарсан хохирлын зэрэглэлийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх бөгөөд үүнийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй бол шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б.А нь архидан согтуурсан үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр”-ийн 12 дугаар гудамж, 06 тоотод оршин суух иргэн Д.О хашаанд хохирогч У үл ялих зүйлээр шалтаглан зодож, баруун гарынх нь хурууг хазах, мөн түүний дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч У “...Д.О эгчийн хашаанд Б.А намайг зодоод нүүр ам маажаад, гар хазаж тавихгүй байсан. Тэгээд би орилж гэрээс Д.О эгч гарч ирээд салгасан..., ...миний биед халдаж нүүр гар маажиж самардаж, зүүн гарын дунд хурууг хазчихаад тавихгүй байсан...” гэх /хх-ийн 7-9р тал/,

Гэрч Н.О ийн “...гэртээ унтаж байхад гадаа нэг эмэгтэй хүн намайг авраарай гээд орилоод байсан, тэгээд гарахад манай танил Б.А, У хоёр хоорондоо зууралдаад үсдэлцсэн байсан. Тэгээд би очиж салгасан..., ...У нүүр ам самардуулаад өвдөөд байна, гар хазсан гээд эмнэлэг явсан..., ...ямар ч байсан нүүр хэсэг бүхэлдээ маажуулаад урагдсан, мөн гарын нэг хуруу нь хазуулсан, цус гарсан байдалтай байсан...” гэх /хх-ийн 11-р тал/,

Гэрч Э“...Б.Аманай эхнэр У нүүр гарыг нь гараараа самардаж маажсан, зүүн гарын дунд хурууг нь хазсан гээд нүүр, гараас нь цус гарсан байсан ба Б.А-ыг Н.О эгч салгасан...” гэх /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч А“...гадаа эмэгтэй хүн орилоод юу болов гээд Н.О эгч бид хоёр гарахад хашаан дотор нь Б.А, У эгч хоёр хоорондоо зууралдсан байдалтай байхаар нь Н.О эгч У эгчийг салгаад би Б.А эгчийг салгаад гэр рүүгээ аваад явсан..., ...намайг харахад У эгчийн нүүр гар нь маажигдаж зулгарсан шархтай, цус гарч байсан...” гэх /хх-ийн 16-17-р тал/ мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны 13370 тоот “...У биед дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх механизмаар үүснэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/, хохирогч У биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23-р тал/, шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжээр хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.А-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А- ын гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Түүнчлэн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, хохирогч болон түүний өмгөөлөгчийн санал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, уг ялын эдлэх бүсийн хязгаарлалтыг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас бусад тохиолдолд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоон, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу хорих ялаар солихыг анхааруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн шүүхээс хэрэгт авагдсан, хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд хохирогч У нэхэмжлэлийн шаардлагаас 1.125.700 /нэг сая нэг зуун хорин таван мянга долоон зуу/ төгрөгийг ханган, шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогчид олгож, үлдэх 8.030.000 /найман сая гучин мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2.2-т заасан нийцжээ.   

7. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнай “...анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин прокурорын тогтоолыг үндэслэн шинжээч бус мөрдөн байцаах тасгийн даргын тогтоосон “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг үндэслэн шүүгдэгчээс 2.750.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтран гаргасан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан.

Уг журмын 2.2-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага хийнэ хэмээн тогтоосон.

Мөн журмын 2.3-т “журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” хэмээн заажээ.

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх журамд заасны дагуу хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан хохирогч У гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримтыг хүлээн зөвшөөрсөн маягтыг үндэслэн анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогчид олгон шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн боломжгүй.

 

10. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 5 дахь заалтад иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан, үнийн дүнг үсгээр бичихдээ дутуу бичсэн, уг заалтдаа хэрэглэсэн үг, хэллэгийг давхардуулан хэрэглэсний улмаас утга найруулгын хувьд алдаатай болсныг өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

 

11. Иймд шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 3.875.700 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч У олгож, хохирогч Унь 8.030.000 /найман сая гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй дурдсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 3.875.700 /гурван сая найман зуун далан таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч У олгож, хохирогч Унь 8.030.000 /найман сая гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                            ШҮҮГЧИД                                                  З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА