| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2024/0028/З |
| Дугаар | 118/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 118/ШШ2025/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* сумын Засаг дарга нарын хоорондын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй болон зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, /цахимаар/, хариуцагч ******* сумын Засаг дарга Б. /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан, ******* сумын нутагт дамнан байрших "******* уул" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд "******* Өвөлжөө" -иас 2023, 2024, 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* болон Зүйл багийн нутагт орших ******* уул орчмын 3,252,7464 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Шүүх хуралдаан дээр дээрх 13 дугаар тогтоолын ******* Өвөлжөө -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Алдархаан, ******* сумын нутагт дамнан орших ******* уул нэртэй ******* дүгээр 13954.21 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр ******* -д олгосон байна. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар ******* сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4351 дүгээр албан бичгээр хандахад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/128 дугаартай албан бичгээр, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/4547 дугаар албан бичгээр хандахад боломжгүй гэсэн хариу тус тус хүргүүлсэн байна. 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/5132 дугаар албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор ******* сумын Хэц Улаан, Зүйл багийн нутагт орших ******* ******* орчмын 3,252,7464 га газрыг тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд энэхүү тусгай хэрэгцээнд авсан газраас 2564,17 га газар нь нэхэмжлэгч ******* -ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу 2023, 2024, 2025 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар ******* сумын Засаг даргад хандсан боловч батлах боломжгүй гэсэн хуулийн үндэслэлгүй хариу өгч байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Мөн 13 дугаар тогтоолын улмаас хайгуул хийх эрх зөрчигдөж байна гэж, хариуцагч талаас уг газрыг орон нутгийг тусгай хэрэгцээнд авсан тухай тогтоол гарч хуулийн дагуу уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгүүлж шийдвэрлэсэн, багийн иргэд эсэргүүцэж байгаа учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч нь “******* уул" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ******* сумын Засаг дарга батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 01/4598 дугаартай албан бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй учир 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт Завхан аймгийн *******, Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах *******-******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ******* -аас 2023, 2024 онд хэрэгжүүлэх Байгаль орчны төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгах шаардлага гаргасан. Ашигт малтмал газрын тосны газраас 2023 оны 06, 07 сард ашигт малтмалын хайгуул хийх сонгон шалгаруулалтын талбай зарласан. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр саналыг авч, нөхцөл болзол шаардлагыг бүрэн хангасан тул тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай шийдвэрээр манай компанийн эзэмшилд олгосон. Хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан даруйдаа хуулиар хүлээсэн 2 үүргийг хуульд зааснаар гүйцэтгэх шаардлагатай. Нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл авсны дараа 30 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах ёстой. Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанийн 2023, 2024 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг баталсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулна гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргад анх 2023 оны 10 дугаар сарын 06-ны 01/4355 тоот албан бичгээр хүргүүлсэн. ******* сумын Засаг дарга манай албан бичгийг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/128 тоот албан бичгээр тус сумын иргэдийн хурал 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл явуулах талбайтай давхацдаг. Иймээс танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хуульд заасан үндэслэлгүй байна гэх утгатай албан бичгийг ирүүлсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай тухайн хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан талбай давхцаж байгаа нь хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй. Энэ асуудлаар манай компани Ашигт малтмал, газрын тосны газар, түүний харьяа Ашигт малтмалын салбар газруудад хандсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны 15/5975 тоот албан бичиг, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/667 тоот албан бичигт Завхан аймгийн ******* сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажиллахыг сануулсан боловч, хэрэгжүүлж ажиллаагүй. Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой. Энэ үүргийнхээ дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/45, 01/47 дугаартай албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч хайгуулын тусгай зөвшөөрөл авсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгаа тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэх хариуг өгсөн. Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэх, захиргааны актыг батлан гаргахаас өмнө хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгосон эсэх, сонсгол зохион байгуулсан эсэх зэрэг ажиллагааг хийгээгүй байна гэж үзсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг гаргахдаа Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн газрыг тусгай хэрэгцээнд авъя гэх саналыг гарган тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах хуулийн шаардлагыг оруулж өгсөн байгаа. Маргаан бүхийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.
Маргаан бүхий акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зүйлд эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго гэж заасан байна. Тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолд тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацаа зэргийг заагаагүй тул Ашигт малтмалын тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тусгай хэрэгцээнд авсан газрын ******* -д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлэхэд ******* -ийн Завхан аймгийн *******, Алдархаан сумын нутагт дамнан байрших *******-******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ******* -аас 2023, 2024, 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлагыг гаргаж байна.
Завхан аймгийн ******* сумын иргэдийн хурлын тогтоолын ******* -ийн тусгай зөвшөөрөл авсан талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байгаль орчныг хамгаалах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан тайлагнах журам гэж байгаа. Тус журамд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ямар ямар агуулга байх вэ гэхээр журмын 1 дүгээр хавсралтаар тодорхойлж өгсөн байдаг. Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг боловсруулан сумын Засаг даргад өгсөн. Түүний хүрээнд сумын Засаг дарга байгаль орчны улсын байцаагчтай хамтран энэ төлөвлөгөөний энэ хэсэгт ийм заалт оруулъя гэх байдлаар санал ирүүлсэн тохиолдолд манай компани хүлээн авахад нээлттэй, бүрэн боломжтой. Сумын Засаг даргаас ямар нэгэн байдлаар байгаль орчны төлөвлөгөөг өөрчлөх санал өнөөдрийн байдлаар ирээгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хууль, журамд заасны дагуу боловсруулагдсан гэв.
7. Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдсон. Өмнөх Засаг дарга маань ******* -ийн 2023, 2024 оны байгаль орчин менежментийг төлөвлөгөөг өгсөн. ******* -ийн хуулийн зөвлөх, төлөөлөл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирж уулзсан. Тухайн үед иргэдийн багийн хурал болж байсан. 2025 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг тодорхой хэмжээнд судалсан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол гарсны дараа ******* хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр авсан байдаг. ******* -ийг хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө манай сум иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тиймээс ******* -ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн асуудал байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа сумын Засаг дарга, сумын байгаль орчны улсын байцаагчтай зөвшилцөөгүй тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй, хугацаа заагаагүй гэж тайлбарлаж байна. Завхан аймгийн ******* сумын 100 жил болохтой холбогдуулан 2023 онд Түүх археологи, эмийн ургамлын судалгаа хийж ном гаргасан. Дээрх судалгааны үндсэн дээр тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үндэслэлтэй. Хууль эрх зүйтэй холбогдолтой асуудал дээр өмгөөлөгчтэй хариу тайлбар өгөх бодолтой байна гэв.
8. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: …Миний бие нь 2024 оны 11 сарын 01-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг авч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллагаа төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед “******* *******” нэртэй газрыг тусгай хэрэгцээнд хууль журмын дагуу авч тогтоол шийдвэр гаргаж баталгаажуулсан. …2023 онд “Хангайн нурууны баруун бие дэх орон нутаг, ард түмний соёлын өвийг бүртгэн баримтжуулах судалгаа-1” археологи, угсаатны зүйн судалгааны ажлыг гүйцэтгүүлсэн. 2023 онд явуулсан судалгаагаар археологийн дурсгалын хувьд тус сумын нутаг дэвсгэрт хүрэл зэвсгийн үеэс хожуу дундад зууны үе хүртэлх хугацаанд хамаарах нийт 2250 ширхэг түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн. Угсаатны зүйн судалгааны хувьд 50 гаруй нутгийн иргэдтэй уулзаж, аман түүх, аж ахуйн арга ажиллагаа, эх хэл, аман уламжлалын илэрхийлэл, уламжлалт баяр наадам зан үйл, ёс тоглоом наадгай, уриа дуудлага, байгалийн болон сав шим ертөнц, уламжлалт мэдлэг, зан үйлийн тухай 300 гаруй нүүр эх хэрэглэгдэхүүн цуглуулсан байна. Энэ бүс нутаг нь археологийн дурсгалаар маш баялаг, хүн зоны хувьд мал маллагааны арга ажиллагаа нэлээд эрт үеийн уламжлалтай уртын нүүдэл бүхий уугуул хэв шинжээ харьцангуй сайн хадгалан үлдсэн зэрэг нь тус бүс нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үндэслэл болсон бөгөөд цаашид “******* *******” орчимд дангаар нь нарийвчилсан арга зүйгээр археологийн хайгуул судалгаа гүйцэтгүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа болно. …Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаан явагдаж байгаа юм байна. Хэргийн материалтай танилцан, шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт гаргаж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахдаа сумын Засаг даргатай зөвшилцөх талаар тусгагдсан байсныг хэргийн материалтай танилцах явцдаа олж мэдсэн. Сумын Засаг даргатай зөвшилцөөгүй тул энэхүү байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй шалтгаан гэж ойлгож байна. Тухайн маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан. Мөн иргэдийн зүгээс эсэргүүцсэн асуудал байна. Тиймээс байгаль орчны төлөвлөгөөг сумын Засаг дарга батлаагүй байгаа нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2025 оны 09 дүгээр сарын 15-наас ээлжийн амралтаа авсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай болсон гэх үндэслэлээр, хариуцагч ******* сумын Засаг дарга нь хариуцагч тус сумын Хурлын даргыг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай гэх үндэслэлээр, хариуцагч нарын өмгөөлөгч нь Баянгол, Хан-*******, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13:40 цагт шүүх хуралдаантай гэх үндэслэлээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
2. Шүүхээс хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг удаа дараа хангаж, шүүх хуралдааныг өмнө нь 3 удаа хойшлуулсан, хариуцагч ******* нь эмчлүүлж байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, өмгөөлөгч Б.*******ын хувьд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13:40 минутад шүүх хуралтай байх бөгөөд энэ 2 оролцогчийн тухайд цахимаар оролцох бүрэн боломжтой, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар тогтоогдохгүй, шүүх хуралдаан удаа дараа хойшилж, хэргийн бусад оролцогчийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсч байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч компанийн 2023, 2024, 2025 онуудын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: 4.1 Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, Ашигт малтмал, Газрын тосны газраас Завхан аймгийн *******, Алдархаан сумын нутаг ******* ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох урилгыг нээлттэйгээр нийтэд зарлан мэдээлжээ.
Нэхэмжлэгч ******* нь уг сонгон шалгаруулалтад оролцож, улсын төсөвт 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан, ******* сумдын нутаг дэвсгэрт байрлах ******* уул нэртэй талбайд 13954,21 гектар талбайг олгохоор шийдвэрлэж, ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 9 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.
4.2. Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024, 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг биелүүлэхгүй хууль зөрчсөн.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахтай холбоотой харилцааг зохицуулсан.
4.3. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал, юуны өмнө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэхдээ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан байх ёстой бол сумын Засаг дарга түүнийг батлахаас татгалзсан үйлдэл нь гагцхүү хуульд нийцсэн байхыг шаардана.
4.4 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах … журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … батална” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ыг баталсан байх ба тус журмын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ”, 3.5-д “ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байна.
4.5. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.3-т зааснаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болох ба орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай гэх нөхцөл нь хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох үндэслэл болохоос нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, журмаар хүлээсэн үүрэг болох тухайн онд хэрэгжүүлэхээр боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй байна.
4.6. Хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч компанийн 2023, 2024, 2025 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ******* нь ******* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлөө авснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг даргатай зөвшилцөж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй. Мөн ******* уул гэх газрыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул батлах боломжгүй гэж тайлбарлаж байна.
4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаад сумын Засаг даргатай зөвшилцөх /төлөвлөгөөнд санал авах/ зорилгоор биечлэн очиход судалж үзнэ гээд тухайн төлөвлөгөөг авч үлдсэн, сумын Засаг дарга байгаль орчны улсын байцаагчтай хамтран энэ төлөвлөгөөний энэ хэсэг ийм заалт оруулъя гэх байдлаар санал ирүүлсэн тохиолдолд манай компани хүлээн авахад нээлттэй, бүрэн боломжтой. Сумын Засаг даргаас ямар нэгэн байдлаар байгаль орчны төлөвлөгөөг өөрчлөх санал өнөөдрийн байдлаар ирээгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хууль, журамд заасны дагуу боловсруулагдсан гэж тайлбарлаж байна.
4.8. Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж санал авах /зөвшилцөх/, мөн хуулийн 38.1.3-т зааснаар батлуулахаар 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/4351 дүгээр албан бичгээр, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/4547 дугаар албан бичгээр, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/5132 дугаар албан бичгээр байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хамт Засаг даргад хүргүүлсэн байхад ******* сумын Засаг дарга нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/128, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/62 дугаар албан бичгүүдээр ******* ******* нэртэй газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, багийн иргэд нийтийн Хурлын шийдвэр гараагүй учир төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг өгч, нэхэмжлэгч компанийн 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дээрх хянах эрхээ хэрэгжүүлэлгүй, хуульд байхгүй үндэслэл зааж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүрэгтэй” гэж хуульд заасан байхад төлөвлөгөө батлуулах хүсэлтэд хавсаргасан баримтын агуулга, бүрдүүлбэр, хугацааны талаар маргаагүй атлаа хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас хууль бус татгалзал гаргаж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
4.9. Иймд цаг хугацааны үр дагаврын тухайд 2023, 2024 он улиран өнгөрсөн тул тухайн жилүүдэд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь ач холбогдолгүй, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй ******* сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж, харин 2023, 2024 оны төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5.1 ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын Хэц улаан болон Зүйл багийн нутагт орших ******* уул орчмын 3.252.746 га газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах 13 дугаар тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/60 дугаар албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэхээр хүргүүлж, тус газраас 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 10/3391 дүгээр албан бичгээр 13 дугаар тогтоолыг ******* уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн. /1-р хавтаст хэргийн 81-р хуудас/
5.2 Мөн тус газрын ******* уурхайн хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 11/2965 дугаар албан бичгээр ******* уул хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ******* уулын отрын бүс газартай 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 2564.17 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай болохыг тодорхойлсон байна. /1-р хавтаст хэргийн 85-р хуудас/
5.3 Нэхэмжлэгч нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол нь нэхэмжлэгчийн хайгуул хийх эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд нийцээгүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацаа зэргийг заагаагүй тул Ашигт малтмалын тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн тогтоолыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
5.4 Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-т “Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсэн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан, ******* сумын ******* ******* нэртэй газарт 13954,21 гектар талбайг олгохоор зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгосноор нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүссэн байна.
5.5 Тухайн үед Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/285 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 181-р хуудас/, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоол /1-р хавтаст хэргийн 184-186-р хуудас/, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор /1-р хавтаст хэргийн 187-р хуудас/ тус тус *******, Алдархаан сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсэн байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, үүнд Завхан аймгийн Алдархаан, ******* сумын нутаг дэвсгэрийг хамруулсан байна.
Засгийн газрын дээрх тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч компанид олгогдож, хариуцагч нараас дээрх тусгай зөвшөөрөл олгосон талаарх үйл баримттай маргаагүй байна.
5.6 Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолоор тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Засгийн газрын 2018 оны тогтоолоор тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулах талбайтай давхцуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5-д заасантай нийцэхгүй байна. Үүний улмаас нэхэмжлэгч ******* -ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.7 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ”, 25.1.5-д “тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ...байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд”, Байгаль орчны сайдын 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журам”-ын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан шалгуурыг баримтлахаас гадна мөн хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.2-ийн а/ “хамгаалалтад авах үндэслэл, шаардлага, хилийн зааг”, б/ “авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9-ийн 2-т “...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Газрын алба хариуцна”, 11-д “газар зохион байгуулалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ” гэж заажээ.
5.8 Дээрх хууль, журамд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг дарга нь өөрийн ажлын албаны бүтцийн нэгж болох газрын албаар газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ, зааг, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсийн дэглэм, санхүүжилт, хяналт, ашиглах журмыг тогтоох зэрэг газрыг тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажлуудыг урьдчилан хийлгэж, улмаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган эдгээр баримтуудыг үндэслэсэн саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, энэ журмаар өргөн мэдүүлсэн саналыг тухайн шатны хурал хэлэлцэж шийдвэр гаргах, хэрэв дээрх хууль, журмаар тогтоосон нөхцөл шаардлага хангагдаагүй бол нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргагчийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль журамд заасан шаардлага хангаж ирүүлэхийг харьяа Засаг даргаас шаардах үүрэгтэй байна.
5.9 Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохоор байна. Гэтэл маргаан бүхий 13 дугаар тогтоолоор дээрх үндэслэлээс алийг нь үндэслэж тусгай хэрэгцээнд авч байгаа нь тодорхойгүй, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор ашигт малтмал эрэх хайх сонгон шалгаруулалтын ялгасан талбайтай давхцуулсан байна. Энэ сонгон шалгаруулсан талбайн байршил хэмжээг өөрчлөөгүй бөгөөд сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар явуулсан, нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцож тэнцэн хайгуул хийх эрхтэй болсон байх тул 13 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.
5.10 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар хамгаалалтын хил заагийг тодорхойлсон боловч хамгаалалтын горим, зориулалтыг нарийвчлан тогтоогоогүй, ямар хугацаагаар тусгай хэрэгцээнд авч байгаа нь тодорхойгүй байна.
5.11 ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөгөөр 32,527,464 м.кв газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн байна. /1-р хавтаст хэргийн 159-р хуудас/ Хавтаст хэрэгт маргаан бүхий тогтоолоор газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахын өмнө Газрын албанаас тусгай хамгаалалттай газар нутгийн схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоож, тусгай хэрэгцээнд авах үндэслэл, ашиглах журмыг урьдчилан тогтоосон талаарх баримтууд байхгүй байна.
5.12 Хариуцагч сумын Засаг дарга нь 2023 онд Түүх археологи, эмийн ургамлын судалгаа хийж ном гаргасан. Дээрх судалгааны үндсэн дээр тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Шинжлэх ухааны академи, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/184 дугаар албан бичгээр 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 15-ны хооронд “Хангайн нурууны баруун бие дэх орон нутаг, ард түмний соёлын өвийг бүртгэн баримтжуулах төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн ******* сумын нутгийг бүхэлд нь хамарсан Археологийн хайгуул судалгааны ажлыг тус хүрээлэнгийн судлаачид хийж гүйцэтгэн ******* сумын нутгаас нийт 2250 үл хөдлөх дурсгал бүртгэн баримтжуулсан талаар дурдсан байна. /2-р хавтаст хэргийн 185-р хуудас/
5.13 Мөн Шинжлэх ухаан, Палентлогийн хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Т/63 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар палентлогийн хайгуул хийхэд тунамал, сэвсгэр хурдас чулуулгаас эртний шим ертөнцийн олдвор илрээгүй тул тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул хийхэд татгалзах зүйлгүй талаар хариу өгч байжээ. /3-р хавтаст хэргийн 31-37-р хуудас/
Энэхүү судалгаа, дүгнэлт нь маргаан бүхий 13 дугаар тогтоол гарсны дараа хийгдсэн байх ба хайгуулын үйл ажиллагааг хориглох үндэслэл биш байна.
5.14 Ийнхүү ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоол болон Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа үйлдэл нь хууль бус байх тул энэ талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
5.15 Иргэдийн эсэргүүцэл нь төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл биш бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоол гарсны дараа 2025 оны 4, 5 сард бичигдсэн иргэдийн гарын үсэг бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. /2-р хавтаст хэргийн 81-88-р хуудас/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын нутагт байрших *******-******* нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй ******* сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаартай тогтоолын ******* -ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 35.100 төгрөг, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35.100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ОЮУНСҮРЭН
О.БАТДОРЖ