Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 215/МА2021/00018

 

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 6- ... А тоотод оршин суух, Б овогт Ж.Д-ийн /РД: ДЕ............/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ГХБХБГ-т холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д миний бие нь ГХБХБГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар жолооч, няравын албан ажилд томилогдсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар жинхлэн томилогдсон. Гэтэл байгууллагын дарга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ж.Д намайг хуулийн үндэслэлгүйгээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн учир шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Ж.Д намайг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Д нь ГХБХБГ-т 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түр, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр жинхлэн томилогдсон байдаг. Говь-Алтай аймагт орон нутгийн сонгууль болж, Газрын албаны дарга солигдонгуутаа Ж.Д-г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолооч, няравын ажил нь байнгын орон тоо байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь 2016 онд байгуулагдсан байдаг. Энэнээс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Тийм учраас урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Хөдөлмөрийн гэрээ нь дээр хүчин төгөлдөр бус байх үндэслэл ажиглагдахгүй байгаа. Энэ тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын дарга Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Д-г газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар Ажилд жинхлэх тухай тушаалаар ажилд томилсон байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд байгуулсан цаг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу сунгагдан ажиллаж байсан байна. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг буюу гэрээний хугацаа дууссан ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Тушаалын үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14, 3.16 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. Үндэслэлийн тухайд төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан хуулийн зохицуулалтууд мөн байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14 “төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлийг үндэслэн дарга тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, халж шилжүүлж болно”, 3.16 дугаар зүйлд ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлнө...” зэрэг зохицуулалт нь хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлүүд гэдгийг шууд заасан байна. Иймд байгууллагын даргын ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.

 

 Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд... эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан байна. Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой маргаанд тухайн ажилтан шүүхэд хандаж өмнө ажиллаж байсан ажил болон албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай онолын болоод практик ойлголт байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол асуудал бол нэхэмжлэлийн шаардлага юм. Ж.Д-г ажилд авсан 2017 оны Б/02 дугаар тушаалд “...жолооч, няравын албан тушаалд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан тушаалд томилсугай...” гэж бичсэн байдаг. Нэгдүгээрт тус байгууллагад Ж.Д-г ажиллах хугацаанд болон өнөөдрийн байдлаар няравын орон тоо, цалингийн сан байхгүй. Тийм ч учраас Ж.Д-г ажлаас чөлөөлөхдөө жолоочийн ажил албан тушаал эрхэлж байсан гэж үзсэн. Хоёрдугаарт жолооч, няравын ажил албан тушаал бол төрийн жинхэнэ албан тушаал биш юм. Үүнээс үзэхэд ажилд томилсон тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гараагүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байгаа юм. Нэхэмжлэгчийн тухайд шаардах эрх аль байдлаар үүсэх байсныг тодруулах хэрэгтэй. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь өмнө байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үр дагавар, түүнийг судалж шаардлагатай тохиолдолд гэрээг шинэчлэх, мөн байгууллагын бүтэц орон тоо, цалингийн сан, Засгийн газрын аймгуудын бүтэц орон тоо баталсан шийдвэртэй уялдуулан арга хэмжээ авч эхлээд байгаа. Дээр нь Ерөнхий сайд төрийн албыг цомхотгох талаар ажил эхлүүлж байгаа учир хүний нөөцтэй холбоотой ажлууд мөн адил явагдана гэж бодож байна.

 

 Хөдөлмөрийн гэрээний тухайд нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын хувийн хэрэгт хамаарах зарим баримтыг хуулбарлаж өгье гэж хэлж авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг хүртэл байгууллагын хувийг авч яваад шүүхэд хандан өөрт байхгүй мэтээр тайлбарлаж байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчээс гаргасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл байгууллагын хүний нөөцийн баримт юм. Нэхэмжлэгчтэй захиргаа буюу ажил олгогч 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Тухайлбал: ажил олгогч, ажилтан өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгч байх нь ач холбогдолтой гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээнд заавал тусгасан байх ёстой бөгөөд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлийг хэрхэн тохирсныг шүүх заавал анхаарч үздэг. Дээрх нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэх хуулийн зохицуулалттай. Энэ үүднээс авч үзвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх гол нөхцөлийг дурдаагүй байдаг. Тухайлбал: 1.1-д Ж.Д нь тус байгууллагад нярав, жолоочийн ажил үүргийг гүйцэтгэнэ гэх бөгөөд ажил үүргийг тодорхойлсон байна. /няравын орон тоо байхгүй байхад тус албан тушаалд томилсон./ 1.2-т цалингийн хэмжээ, 1.3, 1.5-д хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл албан тушаалын нэр байхгүй, ямар ажил эрхлэх нь тодорхойгүй байна. Эсхүл хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалтыг албан тушаалын нэр заасан гэж үзвэл ямар ажил, үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй. Няравын ямар ажил, жолоочийн ямар ажил, байгууллагын яг аль чиг үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг гэж үздэг. Хуульд заасан тодорхой шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд бас бэрхшээлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус болох нөхцөл харагдаж байна гэж үзэж байна.

Дээрх байдлаас үзэхэд Ж.Д-г анх ажилд авсан тушаал хүчин төгөлдөр бус, байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байхад хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотойгоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагыг өөр хэлбэр, агуулгаар гаргах нь зүйтэй байсан гэж үзэхээр байна. Ийм үйл баримт байгаа учир нэгдүгээрт маргаан бүхий тушаал хуульд нийцсэн байна гэж үзэх, хоёрдугаарт гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус, хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй учир хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй. Иймд дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Ж.Д-г Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ГХБХБГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.743.204 /хоёр сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн ГХБХБГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.743.204 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58.841 төгрөг, нийт 129.041 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ГХБХБГ-аас гаргуулан улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан байх бөгөөд нотлох баримтын хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй учир дутагдалтай байна. Шүүх дүгнэхдээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, чөлөөлөх, уг шийдвэрийнхээ эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй...”, “...Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь ажилтны эрхийг зөрчих үндэслэл болох ёсгүй юм...” гэж дүгнэжээ. Шүүхэд хандах эрхийн гол үндэслэл нь тухайн нэхэмжлэгчийн шаардах эрх байдаг. Шаардах эрхийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага урган гарах бөгөөд шүүх тухайн этгээдэд шаардах эрх үүссэн эсэхийг тогтоох нь хэрэгт туйлын чухал ач холбогдолтой гэж үздэг.

 

Нэхэмжлэгч Ж.Д-ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний тухайд:

-Нэхэмжлэгчтэй захиргаа буюу ажил олгогч 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно.

Тухайлбал: Ажил олгогч, ажилтан өөртөө давуу байдлыг тогтоосон эсхүл эрх зүйн байдлыг дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгч байх нь ач холбогдолтой гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээнд заавал тусгасан байх ёстой бөгөөд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлийг хэрхэн тохирсныг шүүх заавал анхаарч үздэг. Дээрх нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэх хуулийн зохицуулалттай. Энэ үүднээс авч үзвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх гол нөхцөлийг дурдаагүй байдаг. Тухайлбал: 1.1-д Ж.Д нь тус байгууллагад нярав, жолоочийн ажил үүргийг гүйцэтгэнэ” гэх бөгөөд ажил үүргийг тодорхойлсон байна. /Няравын орон тоо байхгүй байхад тус албан тушаалд томилсон/. 1.2-т цалингийн хэмжээ. 1.3, 1.5-д хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан байна.

 

Өөрөөр хэлбэл албан тушаалын нэр байхгүй, ямар ажил эрхлэх нь тодорхойгүй байна. Эсхүл хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалтыг албан тушаалын нэр заасан гэж үзвэл ямар ажил, үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй. Няравын ямар ажил, жолоочийн ямар ажил, байгууллагын яг аль чиг үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг гэж үздэг. Хуульд заасан тодорхой шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд бэрхшээлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус болох нөхцөл тогтоогдож байна.

 

Ийм учир төрийн албан хаагчийн баталгаа, хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн ГХБХБГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Д нь 2016 оны 12 дугаар сараас Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын даргын Б/22 дугаар тушаалаар түр, мөн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жолооч, няраваар жинхлэн томилогдон ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14, 3.16 дахь заалт зэргийг үндэслэн жолооч, няравын ажлаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан “...ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...” гэсэн зохицуулалтууд байна.

 

Хариуцагчийн тайлбар, тушаал болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэлт хийхэд жолооч Ж.Д-г хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд  энэ нь хууль бус үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Хэрэгт талуудын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Д нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байр нь дээр тухайн байгууллагын жолоочийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн байна.

 

Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах ажилтантай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэйг заасан байна.

 

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Б/123 дугаар тушаалын хавсралтаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт, мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тушаалын хавсралт Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.28-д байгууллагын жолоочид тавигдах шаардлагыг тусгайлан оруулж өгсөн зэргээс байгууллагын жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр байхад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, 38 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлүүдийг заасан байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой байтал баримтлаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

 

 ШҮҮГЧИД                            Ч.Э

 

                                                            Т.Ж