| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2021/00218/И |
| Дугаар | 215/МА2021/00019 |
| Огноо | 2021-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 215/МА2021/00019
Говь-Алтай аймгийн П газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00253 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг 1- ... тоотод оршин суудаг, Б овогт Ч.Г-т /РД: ДС........../ холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээл 3.978.711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1- ... тоотод оршин суух хаягтай иргэн Ч. Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сум хөгжүүлэх сангаас Үр тариа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар 5.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3.0 хувийн хүүтэйгээр 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 тоот гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн 5000627766 тоот Хас банкны дансанд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна. Ч.Г-той байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээнд заасан хугацаанд 1.463.381 төгрөгийг төрийн сангийн дансанд төлсөн ба одоо үлдэгдэл төлбөр 3.536.619 төгрөг, алданги 442.092 нийт 3.978.711 төгрөгийг гаргуулж орон нутгийн сум хөгжүүлэх санд төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Ч.Г нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тодорхой хэмжээний төлөлт хийсэн нь зээл, хүү, алдангид тооцогдож өнөөдрийн байдлаар алдангид 442.092 төгрөг, үндсэн зээл 3.536.619 төгрөг, нийт 3.978.711 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.
Хариуцагч Ч.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ар гэрийн гачигдал болон өөрөө хөлөө хугалж гэмтээснээс гэрээнд заасны дагуу тариалангийн ажил эрхэлж орлого олох боломжгүй болсон талаар Засаг дарга Д, Г, Д нарт удаа дараа хэлж байсан. Гэрээгээ шинэчлэх асуудал ярьж байсан. Нэгэнт зээлээ төлөх тохиолдолд гэрээг шинэчлэх шаардлага байхгүй гэж ярьж байгаад надад 996.000 төгрөгийн алданги тавьсан байгаа. Ар гэрийн гачигдал болон хүүхдээ Эрээн хот, Хөх хот руу коронагийн үеэр авч явж эмчилгээ хийлгэж байсан. Д дарга 2016 оноос зээлээ төл гэсэн. 2016 оноос хойш төлж байгаад ар гэрийн гачигдал болон өөрийн биеийн байдлаас шалтгаалж төлж чадалгүй өдий хүрсэн. Миний хувьд алданги 996.000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэж хэлмээр байна. Бусад мөнгийг төлөх бололцоотой гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г-оос сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 3.536.619 төгрөг, алданги 442.092 төгрөг нийт 3.978.711 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 3.978.711 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78.609 төгрөгийг хариуцагч Ч.Г-оос гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сард Есөнбулаг сумын сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээлийг газар тариалан хөгжүүлэхээр авсан. Уг зээлийг Засаг дарга Д-аас авсан. Ингээд 2015 оны 6 дугаар сард хөлдөө хагалгаа хийлгэж 2 жил гаруй таягтай явсан. Энэ байдлаа Засаг дарга Д-т хэлж байсан. Зээлээ боломжоороо төлж байгаарай гэж хэлсэн. Ингээд 2016 оноос эхлэн төлсөн боловч дахин гэмтэж хагалгаанд орж хөлөө хадуулан групп тогтоолгож ажил хийх боломжгүй болсон. Энэ байдлаа Засаг дарга Д, Г нарт хэлж зээлээ зохих ёсоор төлж байсан. Ингээд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 15 хүртэл Эрээн хот, Хөх хот руу ач охиноо аав, ээжийнх нь хамтаар авч явж эмчлүүлж явж байтал Коронавирус гарч эргэн ирж өдий хүрч байна. Энэ байдлаа Засаг дарга Д, Г, Д нарт болон нягтлан бодогч Б-д удаа дараа хэлж ойлгуулж байсан. Дээрх дарга, нягтлан бодогч нар үнэн байдлыг ойлгож байсан. Төлөх нь миний үүрэг гэдгийг ойлгож төлж байсан. Гэтэл шүүхэд шилжүүлэн их хэмжээний алданги тооцож нэхэмжилсэн бөгөөд уг алданги 996.000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа. Коронавирусын хүнд үед, өвчин зовлонтой байгаа, хөдөлмөрийн чадвар алдаж группэд орсон байдлыг харгалзан үзнэ үү. Зээлийн үлдэгдэлийг хүүгийн хамт төлж барагдуулна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газар нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 3 536 619 төгрөг, алданги 442 092 төгрөг нийт 3 978 711 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ч.Г нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийн зээлийг үр тариа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан болох нь тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Гэрээ ёсоор Ч.Г нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 248 393 төгрөг төлөхөөр байжээ.
Хариуцагч Ч.Г нь зээлийн эргэн төлөлтөд нийт 2 266 809 төгрөг төлснөөс 1 463 381 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрт, 248 393 төгрөг нь зээлийн хүүд, 555 033 төгрөг нь алдангид суутгагдсан байх бөгөөд талууд хариуцагчийн төлсөн мөнгөний хэмжээний талаар маргаагүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийн үлдэгдэл 442 092 төгрөг нэхэмжилснийг болон урьд нь зээлийн эргэн төлөлтөд тушаасан мөнгөнөөс нь 555.033 төгрөгийг алдангид суутгасныг зөвшөөрөхгүй маргасан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний нэмэлт үүргийн талаар буюу алдангид нийт 997.125 төгрөг төлөхийг зөвшөөрхгүй маргасан, харин гэрээний үндсэн үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийн талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Г-оос зээлийн гэрээний үндсэн үүрэг буюу зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний нэмэлт үүрэг буюу алдангийг шаардах эрхтэй байна.
Гэвч сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл нь арилжааны зорилгогүй, суманд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой, уг зорилгодоо нийцсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй, бага хүүтэй зээл байна.
Түүнчлэн хариуцагч Ч.Г нь зээл авснаас хойш хөлөө хугалж үр тариа тариалах ажил явуулах боломжгүй болж хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон, дараа нь коронавирусын тархалттай холбоотойгоор хорио цээр тогтоогдож зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрсэн. Энэ талаар зээлдэгч байгууллагын төлөөлөгч нартай удаа дараа уулзаж байсан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал няцаагаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт “Энэхүү гэрээний 2.2 дахь хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө гэж тохиролцсон хэдий ч сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний зорилго, зээлдэгч нь 2016 онд хөлөө хугалснаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажил эрхлэх боломжгүй болсон гэж тайлбарласантай хариуцагч маргаагүй, коронавирус цар тахлын улмаас улс, орон нутагт бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлаж байсан зэрэг байдлууд нь алдангийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлснийг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 442.092 төгрөгийн хэмжээгээр давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзсэн болно. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28454 төгрөгөөс 442.092 төгрөгт ногдох хэсэг болох 13913 төгрөгийг гаргуулж хариуцагчид шүүгчийн захирамжаар буцаан олгож үлдэх хэсгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.8” гэсэн заалт нэмж, “...зээлийн үлдэгдэл 3.536.619 төгрөг, алданги 442.092 төгрөг, нийт 3.978.711 төгрөг гэснийг зээлийн үлдэгдэл нийт 3.536.619 төгрөг гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 3.978.711 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78.609 төгрөгийг” гэснийг “зээлийн үлдэгдэл нийт 3.536.619 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 71536 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э