| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0048/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Золбоо,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна хохирогч В.П-н толгойд төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид хоёр хааяа таархаараа архи уудаг, байнга тааралдаад архи уугаад байдаггүй. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би хойноос нь дагаж гэрээс гараад гэрийн үүдэнд байсан арматурын төмрөөр П-н толгойн тус газар нь нэг удаа цохьчихоод буцаад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12, 23 дугаар хуудас /,
Хохирогч В.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г.Э миний араас гарч ирээд миний толгой руу төмрөөр 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 10 дугаар хуудас /,
Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...П гэрээс гараад явахад нь манай нөхөр Э уурлаад П-н хойноос гарч явсан. Тэгээд удалгүй байж байхад П, Э намайг цохиод цус гаргачихлаа ш дээ гэж хэлээд гэрийн үүдэнд ирэхэд нь харахад П-н толгойноос нь цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас /,
Дорноговь аймгийн шүүхийн Шинжилгээний албаны ... дугаартай: “...В.П-н биед толгойн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. В.П-н биед анхны тусламжийн үзлэг хийхэд гавлын яс цөмөрсөн шархтай гэж тусгасан байгаа боловч В.П-н гавал ясанд ямар нэгэн хугарал, цөмрөл байхгүй байгаа нь рентген зураг харалт болон мэс заслын эмчийн үзлэгээр батлагдаж байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 14 дүгээр хуудас /,
Шүүгдэгч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...гэрийн үүдэнд байсан арматурын төмрөөр П-н толгойн тус газар нь нэг удаа цохьчихоод буцаад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна хохирогч В.П-н толгойд төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч В.П нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 70 см урт арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 70 см урт арматурын төмрийг устгасугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүйгээр тогтоож, ял эдлүүлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА