Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

 

 

 

                                                   Б холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Л.Наранхүү

Хохирогч Э.Б

Шүүгдэгч Б

Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б холбогдох эрүүгийн 2303000000565 тоот хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Завхан аймгийн Улиастай суманд 1972 оны 12 дугаар сарын 16-нд өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Г.Б,

Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт, тус нисэх буудлын ажилтан Э.Б-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед нь “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тээврийн прокурорын газраас Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Г Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б г гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б шүүхээс оногдуулсан таван зуун  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б-гаас 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-д олгож, хохирогч Э.Б хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагч Л.Наранхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суух газар Улаанбаатар хот Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хийлгэх санал оруулсан.

Гэвч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б шүүхээс оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай гэж,

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 4-т шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэсэн нь цаашид эргэлзээ төрүүлэхүйц байна.

Хохирогч Э.Бд мөрдөн байцаалтын шатанд болон улсын яллагчийн яллах дүгнэлтээр 600.000 төгрөг төлөх ёстой гэж бодож байтал шүүхийн тогтоолын гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт хэсэгт улсын яллагч шүүгдэгч Бгаас 667.280 төгрөг гаргуулж хохирогчид олгох гэж,

Гэтэл шүүхийн тогтоолын хохирол, хор уршиг хэсэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бий эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.648.681 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 82.750 төгрөгийн баримтыг гаргаж нийт 1.718.711 төгрөгийг шүүгдэгч Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөл байдал нь мөн ойлгомжгүй байна.

Миний хувьд 1972 онд төрсөн 52 настай хөгширч яваа хүн. Хохирогч Э.Б нь 1996 онд төрсөн 28 настай ид залуу миний хүүхэд шиг хүн, хэрэг явдал болсон цаг хугацаанд хохирогч Э.Б өөрөөсөө илт ахмад настай хүнийг зогсоолд машин буруу байрлуулсан гэх шалтгаанаар хэл амаар доромжилж илтэд хүндэтгэлгүй харьцсан нь миний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж тухайн үедээ биеэ барьж чадалгүй цохичихсон, миний цохих гэж юу байх вэ дээ, залуу өсөж яваа эрэгтэй хүнийг хөгшин би ийм хэмжээний эмчилгээ хийгдтэл цохиж чадахгүй шүү дээ. Гэхдээ л миний буруу байсан, түүндээ гэмшиж өөрийн биеэр хохирогч залууг цагдаа дээр дагуулж очсон бөгөөд харилцан бие биеэсээ уучлал гуйх боломжтой байтал надад өш хонзон санаж шүүхээр явж байгаад дотроо гомдож байна.

 

Иймд хохирлын хэмжээ, дүнд дүгнэлт хийх гомдол гаргах боломж олгоогүй учир хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд бичигдсэн 600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнээс илүү гаргаж нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Учир нь миний бие хүнд хөдөлмөр эрхлэх боломж муу бөөр, нуруу өвддөг удаан зогсоод байх боломжгүй, эмнэлгийн хяналтад байдаг гэв.

 

Хохирогч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гараад 6 сар болж байна. Миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохиролтой холбоотой бүх баримтаа гаргаж өгсөн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй ба зарим хохирлоо ч нэхэмжилж чадаагүй гэдгээ хэлмээр байна. Ажлаа хийж яваа хүнийг ойлгоод шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй намайг цохисон. Гомдлоо хурдан шийдвэрлүүлмээр байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэдийгээр яллах дүгнэлтэд хохиролд 600.000 төгрөг гаргуулна гэж бичсэн хэдий ч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу бодит хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн гаргасан байдаг. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09-10 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт, тус нисэх буудлын ажилтан Э.Бий автомашины зогсоол чөлөөлсөнгүй гэх шаардлагаас үүдэн маргалдаж, түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед нь “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3.1. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Бий “...Чингис хаан олон улсын нисэх буудалд Зорчигч терминалын газрын авто зогсоол, тээврийн хэлтэст тээвэр зохицуулагчаар ажиллагдаг юм. ...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хийж байхад 7567 УАН улсын дугаартай Приус-40 маркийн автомашин 1 дүгээр эгнээнд, зориулалтын бус газарт хааж тавьсан байсан. Тэгээд би ажил үүргийн дагуу тус автомашины жолоочийг автомашин дээрээ ирэх талаар мэдээллийн ажилтнаар чанга яригчаар зарлуулсан боловч 10 минут орчим хугацаанд ирээгүй. Тухайн автомашины жолоочтой удаа дараа энэ мэтчилэн таарч шаардлага тавьж байсан учраас зүс танина. Тэгээд дотогшоо орж жолоочийг хайж олоод машинаа холдуулмаар байна гэх шаардлага тавихад чиний зогсоолд зогсоо юу гэх мэтээр намайг хэл амаар доромжилж бид хоёр хамт гарсан. Тэгээд намайг “чамайг хэн ч биш болгоно шүү, чамайг цохивол чи үхнэ шүү” гэхээр нь та хүнд занал хийж цохидог хэн бэ гэж хэлэхэд үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт хоёр удаа цохисон. ...Эрүүн доор язарч цус их гарсан байсан...” гэх /хх-ийн 14-15-р тал/,

3.2. Гэрч О“...Би Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг. ...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас дараа өдрийн буюу 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ...цагдаагийн хэсгийн өрөөнд байж байтал 09:00-10:00 цагийн орчимд байхаа гаднаас хоёр хүн хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай орж ирсэн. Орж ирэхээр нь би нэр усыг нь асуухад хувиараа таксинд явдаг Б гэх хүн, мөн нисэх буудлын ажилтан Э.Б гэдэг хүмүүс байсан..., ...Э.Б нь уг хүн таксины зөвшөөрөлгүй байж байнга хүн зөөгөөд нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг ба удаа дараа шаардлага тавьсан чинь эсэргүүцээд өнөөдөр миний нүүр рүү гараараа цохиж намайг зодсон гэж хэлсэн. Харахад Э.Б гэх залуугийн доод уруул орчмоос нь цус гарсан байдалтай байсан. Харин Б нь энэ хүн намайг байнга хэл үгээр доромжилдог тул би цохиж, зодсон нь үнэн гэж хэлсэн...” гэх /хх-ийн 37-38-р тал/,

3.3. Гэрч Б“...манай ажилтан Э.Б нь нөгөө хүнд машинаа зогсоол чөлөөлж байрлуул гэсэн шаардлага тавьсан ба үүнийг нь нөгөө эрэгтэй хүн эсэргүүцэж маргалдаад тухайн эрэгтэй нь Э.Бий нүүр болон эрүү орчимд 2-3 удаа гараараа цохисон...” гэх /хх-ийн 40-41-р тал/ мэдүүлгүүд,

3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14029 тоот “...Э.Бий биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 46-47-р тал/ гэх шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах болон анхан, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Шүүгдэгч Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжээр хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Бгийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Мөн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, хохирогч болон түүний өмгөөлөгчийн санал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд гурван зуу /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан, уг ялыг хуульд заасан журмын дагуу эдлүүлэх, хэрэв ялтан нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7. Шүүгдэгч Б “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэх”-ээр гэж шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн яллах дүгнэлтээр 600.000 төгрөг төлөх ёстой байтал шүүхээс 1.718.711 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, миний бие хүнд хөдөлмөр эрхлэх боломж муу бөөр, нуруу өвддөг удаан зогсох боломжгүй, эмнэлгийн хяналтад байдаг учир анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл анхан шатны шүүх хохирогч Э.Б-ээс гарган өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга, долоон зуун арван нэг/ төгрөгийг ханган, үлдэх 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг тухайн гэмт хэрэгтэй хамааралгүй зардал хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Б нь нуруу бөөрний өвчний учир эмнэлгийн хяналтад байдаг, цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гомдолд дурдсанчлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.

 

9. Харин шүүхээс шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг /300/-ийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа 3 дахь заалтад “...таван зуун цагийн...” гэж бичиг техникийн шинжтэй алдаа гарган уг ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгийг зөрчсөн, эрс зөрүүтэй болсон байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.  

10. Мөн шүүгдэгч Б нь Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргасан 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан /хх-ийн 104-р тал/ байхад энэ талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан зэрэг алдаа зөрчил гаргасныг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй.

11. Иймд шүүгдэгч Б-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г.Б-д шүүхээс оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г.Б-д шүүхээс оногдуулсан гурван зуун /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай...” гэснийг,

“...Эрүүгийн 2303000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг төлснийг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай...” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г.Б-гаас 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч С овгийн Э Б-д олгож, хохирогч Э.Б хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г.Б-гаас 1.718.711 /нэг сая долоон зуун арван найман мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч С овгийн Э Б-д олгож, хохирогч Э.Бий хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 12.720 /арван хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                            ШҮҮГЧИД                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА