Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 116/ШШ2025/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХХК, РД: [1]

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын *******ад холбогдуулан гаргасан,

Гомдлын шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын ******* 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Түвшинжаргал /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Гомдол гаргагч нь “Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын ******* 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.

1.2. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2], ... “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, чулуу олборлож, ашигласан” гэж үзэж, “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 2000000 /хоёр сая/ төгрөгийн торгууль ногдуулж, хохирол нөхөн төлбөрт 2,617,112 төгрөг, хохирлын үнэлгээ тогтооход гаргасан зардал 5,500,000 тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”- аар[3], ... Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож ашигласан газрыг аюул осолгүй болгож техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагын дагуу хийж, зохих төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээг тус тус авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “*******” ХХК-нд даалгасан байна.

Хоёр. Процессын түүх:

2.1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “...“*******” ХХК-ийн “түгээмэл тархацтай ашигт малтмалыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, зам барих үйл ажиллагаанд ашигласан үйлдэл /эс үйлдэхүй/”-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж[4], холбогдогчоос мэдүүлэгч авч[5], холбогдох баримтуудыг цуглуулан[6], гэрчээс мэдүүлэг авах[7], үзлэг хийх[8], шинжээч томилж, дүгнэлт гаргуулах[9] зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэн, дээрх Эрх бүхий албан тушаалтны даалгавар, Зөрчилд шийтгэл ногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг үйлдсэн байна.

Гурав. Гомдлын үндэслэл:

3.1.Гомдол гаргагч “*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК Дорнод аймаг дахь “Чойбалсан хот доторх хатуу хучилтттай авто замын шинэчлэлт сайжруулалт /Дорнод Хэрлэн сум/” 1 дүгээр багц “Баянтүмэнгийн гудамж ЗТХЯ/2024010164 УТ-XV.1. 94 Б1, /Дорнод Хэрлэн сум/” 2 дугаар багц “Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамж” ЗТХЯ/2024010164 УТ-XV.1. 94 Б2, /Дорнод Хэрлэн сум/” 7 дугаар багц “Данриг Данжайлин хийдийн баруун урд уулзвараас эхлэн Цагдаагийн газрын баруун талаар хойд чиглэлийн босоо тэнхлэгийн 1 км авто зам” ЗТХЯ/2024010164-Б7 дугаартай гэрээт ажлын сонгон шалгаруулалтад шалгарч уг төслийн дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах далангийн шорооны дүүргэлт хийх хайрга, чулууг Хэрлэн сумын 10-р багийн нутаг дэвсгэр дэх нөөц бүхий талбайгаас гэрээний дагуу авч ашиглаж байгаа болно.

Анх 2024 оны 09 сарын 19-ний өдрөөс эхлэн Хэрлэн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр замын ажилд шаардагдах 8200 м3 хайрга, чулуу авч ашиглахаар тохирсон боловч өвлийн улирал эхэлж замын ажил зогссоноор тухайн гэрээгээр заасан хэмжээний хайрга чулууг авч ашиглаагүй байсан. 2025 оны хавар газар шорооны ажил хийх боломжтой улирал эхлэхэд авто замын ажлаа үргэлжлүүлэн явуулж, уг замын ажилд шаардагдах далангийн шорооны дүүргэлтийн хайрга, чулууг гэрээнд заасан нөөц бүхий талбайгаас авч ашигласан. ... Манай компанийн зүгээс тухайн хайрга, чулууг хувьдаа болон бусдад худалдан борлуулах зэргээр аливаа байдлаар ашиг олох зорилгоор авч ашиглаагүй бөгөөд гагцхүү гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан. Гэтэл 2024 оны 09 сарын 19-нд байгуулсан гэрээ нь 2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл ганцхан сарын хугацаатай байгуулагдсан байсан бөгөөд энэ хавар ажил эхлэхэд гэрээг дахин сунгах буюу шинэчлэх шаардлагатай болсон. Гэрээний сунгалтыг аймгийн ЗДТГ-аас дахин тодруулахад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох эрхээ Хэрлэн сумын ЗДТГ-луу шилжүүлсэн тул суманд хандаж шийдвэрлүүлсэн гэсэн хариуг Аймгийн бүс орон нутаг хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* аман байдлаар хэлсэн. Ингээд Хэрлэн сумын Засаг даргад хандан гэрээ шинэчлэх хүсэлтээ өгсөн боловч гэрээний сунгалт урьдын адил удааширч шийдвэрлэгдэхгүй байсан. Ингээд авто замын ажлын цаг хугацаанд нь төлөвлөгөөний дагуу түргэн шуурхай явуулахын тулд өмнөх гэрээнд заасан хэмжээнд багтаан тодорхой хэмжээний хайрга, чулууг авч ашигласан. Гэрээний сунгалтыг 2025 оны 05 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын Засаг дарга баталгаажуулж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий албан тушаалтанд тайлбаласан боловч авч хэлэлцээгүй. Сум, орон нутгаас зөвшөөрөл олгох процесс нь маш их уддаг. Манай компани өмнө нь 2024 оны 8 сард хүсэлтээ гаргасан боловч 10 сард шийдэж өгсөн гэх мэт тодорхойгүй шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй уддаг бөгөөд үүний улмаас хугацаа алдаж, замын ажилд саад болдог. Манай компани зөрчил гаргах, тэр тусмаа байгаль орчинд хохирол учруулах санаа зорилго огт байгаагүй бөгөөд гагцхүү авто замын ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагын үндсэн дээр нийтийн эзэмшлийн авто замд тухайн хайрга, чулууг авч ашигласан бөгөөд авч ашигласан. Авто замын ажлыг удаашруулах нь эргээд тухайн авто замаар зорчих нийт ард иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тул бичиг баримт хүлээж хойш суулгүйгээр ажлыг явуулсан нь бидний алдаа болсонд харамсалтай байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэл нь бодит байдалд нийцээгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчлийн шинжгүй үйлдлийг зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байгаа тул Дорнод аймгийн ЗДТГ Геологи уул уурхайн хяналтын улсын ******* 2025 оны 06 сарын 23-ны өдрийн №0124905 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

...Гол маргаан болоод байгаа зүйл нь шинжээчийн зардал болж байгаа. Энэ талаар бид огт мэдээгүй. Заавал ийм үнэтэй газраар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байсан эсэхийг мэдэхгүй байна. Бид угаасаа техникийн нөхцөлийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг заавал хийдэг. Мөн тухайн хайрга авч байгаа газраас Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд бүгд тухайн хэсгээс авдаг. Олон аж ахуй нэгжүүд тухайн газраас л хайрга, дайргаа олборлож авдаг гэсэн үг юм. Тухайн газрыг яг анхных шиг болгож нөхөн сэргээх боломжгүй. Тиймээс бид орон нутагтай тохиролцож дүйцүүлэх ажлыг хийнэ гэж ярилцсан гэв.  

3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэлийн хуудас нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Гэвч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээний сунгалтыг хийж гэрээг байгуулсан байдаг. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн үр дагавар арилсан байхад шийтгэл ногдуулахгүй байх талаар шүүхийн практик ч байгаа. Яагаад хүчингүй болгох ёстой гэхээр орон нутгийн удирдлагаас гэрээг байгуулж хайрга олборлох зөвшөөрлийг олгосон байсан юм. Зам тавих ажлыг тухайн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Захиргааны байгууллагаас өөрөө зөвшөөрөл өгчихөөд нөгөө талаас нь шийтгэл оногдуулаад байж болохгүй. Тендер шалгаруулсан, гэрээ байгуулсан, эрх олгосон, торгосон бүхий л газар нь аж ахуй нэгжийн хувьд захиргааны байгууллага болж байгаа юм. Зам тавьж байгаа аж ахуйн нэгж бүр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авч явах боломжгүй. Эдгээр байгууллага нь түр хугацаанд л ажлаа хийгээд төрийн байгууллагад хүлээлгэж өгдөг газар байгаа. Замын компанийн хувьд ерөөсөө гол ажил нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашигладаг газар биш юм. Тиймээс л түр хугацаанд гэрээ байгуулж орон нутгаас авч ашигладаг байгаа.

Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Авто зам төмөр замын салбарт хэрэгжүүлэх” тусгай журам гэж байдаг. Үүн дээр үнийн хувьд 1 шоо метр тутамд 1 төгрөг байхаар заасан. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бидэнд хэзээ ч 1 төгрөгөөр ашигт малтмалыг худалдахгүй. Журамд нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заагаад үүнд: Шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах, ашиглалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих, 1 төгрөг гэсэн төлбөрийг баталгаажуулах талаар зааж өгсөн. Тиймээс орон нутгаас зам барихад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахад 1 төгрөгөөр худалдаад орон нутгийн санд байршуулж, хяналт тавих гэж заасан. Хуулинд заахдаа Засгийн газраас гаргасан тусгай журмын дагуу ашиглаж болно гэж заадаг. Энэ чинь улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Хэрэв үнэхээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй харилцах юм бол ямар ч тохиолдолд 1 төгрөгөөр худалдах ямар ч боломжгүй юм. Энэ үнээр замын тендерийг хүртэл тооцож мөнгөн дүнг тооцож гаргадаг. Тиймээс журмын дагуу ажилласан гэж манай талаас тайлбарлаж байгаа. 

Энэ бол түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хуулийн дагуу бус “Тусгай журам”-ын дагуу ажилласан. Журмын 5.3 дахь хэсэгт заасанд багтаж байгаа. Тиймээс өөр өөр төлбөр яригдаж байгаа. Заавал ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй аж ахуйн нэгж юм. Зам барих ажил нь зөвхөн тусгай заасан улиралд хийгддэг. Мөн төлөвлөгөөний дагуу ажиллагаа нь өдөр өдрөөр тавигддаг. Манай талаас орон нутгийн байгууллагатай гэрээ байгуулж ажилласан. Ингэхдээ хүсэлтээ гаргаж өгсөн хэдий ч захиргааны байгууллагаас гэрээг баталж өгөхгүй удааширснаас шалтгаалж энэ асуудал үүссэн. Шинээр Засаг дарга томилогдох, сонгууль явагдах гэх мэт манай аж ахуйн нэгжтэй хамааралтай бус үйл ажиллагаанаас шалтгаалж хугацаа удааширсан. Хуулийн этгээдийн хувьд хийх ёстой ажлаа хийх ёстой хугацаандаа багтааж л ажиллах ёстой. Зөрчлийн шийтгэвэр ногдуулах үед гэрээний сунгалт хийгдсэн байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөрчлийн шийтгэл оногдуулах үед зөрчил бүрэн арилсан байсан. Зөрчил гэдэг чинь өөрөө онцлог зүйл байгаа. Яг зөрчил гарсан гэх үед нь шийтгэлийг оногдуулах ёстой байсан. Итгэл хамгаалах зарчим заавал яригдах ёстой. Хэрлэн сумын Засаг дарга эрхийг нь олгосон учраас бид тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй ашиглах бүрэн эрхээ авсан гэж ойлгож ажиллаж байгаа. Гэтэл өөр нэг төрийн байгууллага нөгөө талаас нь ийм үйлдэл гаргаж болохгүй. Итгэл үнэхээр алдагдаж байна. Хариуцагч талаас улсын чанартай гэж яриад байх юм. Журмын 5.3, 5.4 дэх хэсэгт орон нутгийн хөрөнгөөр гэж зааж өгсөн байгаа гэв.

Дөрөв. Хариуцагчийн тайлбар:

4.1. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь Дорнод аймаг дахь “Чойбалсан хот доторх хатуу хучилттай авто замын шинэчлэл, сайжруулалт” /Дорнод, Хэрлэн сум/ 1 дүгээр багцын ажилд шаардлагатай хатуу хучилттай авто замын далангийн шорооны дүүргэлт хийх хайрга, чулууг Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр авч ашигласан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч болон гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, бусад баримтуудаар тогтоогдсон. Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, чулуу/-ыг Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй олборлож, хатуу хучилттай авто замын далан барих ажилд ашигласан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна. Хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжлүүлээгүй зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2-д заасан шийтгэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №0124905 тоот шийтгэлирйн хуудсаар оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн. Иймд “*******” ХХК нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зөрчил гаргасан тул Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ******* 2025 оны 06 дугаар арын 23-ны өдрийн №0124905 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгох үндэслэл байхгүй болно.

...Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой шавар, дайрга, барилгын чулууг хэлнэ гэсэн тодорхойлолт байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд байгалийн баялаг нь Төрийн өмч мөн гэж заадаг. Хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд төр олгоно. Цаашлаад тухайн хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгодог. Ингэхдээ зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу л ашиглах ёстой талаар хуульчилсан. Мөн цаашлаад Засгийн газраас баталсан тусгай журмаар ашиглах эрхийг ч гэсэн олгосон байдаг. Нэхэмжлэгч талаас дээрх хуулийн заалтууд болон Засгийн газраас гаргасан тогтоолыг уншиж танилцах хэрэгтэй байна. Ер нь л тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож ашигласан үйлдэл гаргасан. Тиймээс хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон учраас нөхөн төлбөрийн асуудал яригдана. Энэ нөхөн төлбөр гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллага гаргадаг. Тиймээс л мэргэжлийн байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Миний хувьд энэ шинжээчийг холбогдох аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээд болох тай уулзуулсан. Ингээд дүгнэлтийг гаргасан. Ямар ч аж ахуйн нэгж газрын хэвлийг ашигласан тохиолдолд нөхөн сэргээлт хийх хуулийн шаардлагатай байгаа.

    Ямар ч байсан тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон гэж шийтгэл оногдуулсан. Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай журмаар шийдвэрлэж болно гэж заасан байдаг. 2014 оны 222 дугаар тогтоол гарах нь гарсан. Гэхдээ тухайн тогтоол дээр “Олон улс болон улсын чанартай зам” гэж нарийн зааж өгсөн. Тэгвэл энэ аж ахуй нэгжийн хийсэн ажил нь яг улсын чанартай зам мөн юм уу? Засгийн газрын баталгаа гарган хэрэгжүүлж байгаа том бүтээн байгуулалт мөн юм уу? Бондын хөрөнгөөр баригдаж байгаа зам мөн юм уу? Өөрсдөө буруу ойлгочихоод л яваад байх юм. Гэрээ байгуулж бол болно. Гэхдээ хуулийн шаардлагыг хангах ёстой. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс элс хайргаа авч болно шүү дээ. Шийтгэлийн хуудсаа бүрэн дэмжиж байнa. Би тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн л гэж үзсэн. Тэрнээс биш гэрээ нь бол тусдаа асуудал шүү. Өөр эрх зүйн баримтын зөв буруу гэдэгт би эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр улсын чанартай зам баривал 1 төгрөгөөр авахаар заасан байгаа шүү. Энэ аж ахуйн нэгжийн хувьд хуулийг биелүүлэх боломжтой байсан боловч хуулийг гуйвуулж ашиглаж байна гэж харж байна. Өөрсдөө хүсэлтээ өгч тендер авсан биз дээ, авахгүй байх ч боломжтой байсан шүү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүхээс гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Гомдлын үндэслэлт байдал:      

2.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд болох “*******” ХХК нь “2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс авто замын далан барих газар шорооны ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож ашигласан” болох үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “...Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 8200 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, чулуу/ ашиглах гэрээ байгуулж ажилласан. 2024 онд үүнээс 4400 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, үлдэгдэл 3800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмалыг 2025 онд дээрх хатуу хучилттай автозамын ажилд ашиглахаар төлөвлөсөн. 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд дээрх газраас 467 м3 түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож авто замын далангийн ажилд хэрэглэсэн. ...“Facebook” чат дээр түрээсээр техник авч ажиллуулна гэсэн зар тавьсны дагуу 4 авто тээврийн хэрэгсэл, 1 экскавотар ирсэн. Үүнээс 1 авто тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн, бусад техникүүд нь 2 өдөр ажиллаж, автозам дээр хайрга, чулуу олборлож буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хаанаас хайрга чулуу олборлож, хаана буулгахыг би зааж өгсөн” гэх мэдүүлэг[10], гэрч Т.Болдбаатарын “...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Хэрлэн сумын 4-р баг /Зангиат/-ийн хойд талын хайрга, чулуу олборлодог газраар явж байтал карьер дотор УН улсын дугаартай дугуйт эксковатор, HOWO маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дүүртэл нь хайрга, чулуу ачсан байсантай таарсан. Уг газраас ухсан байдал, эксковаторын шанаганы шүдний ором гаргасан байдлыг харахад нэлээд хэмжээний хайрга, чулуу олборлосон байдалтай байсан. Хайрга, чулуу олборлох зөвшөөрөлтэй эсэхийг асуухад бид нар “*******” ХХК-нд түрээсээр ажиллаж байгаа мэдэхгүй” гэх мэдүүлэг[11], эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай “...Байршил дээр газрын хэвлийг 35 метрийн урт, 46 метрийн өргөн, 1.5 метрийн гүнтэйгээр хөндөн, эвдрэлд оруулсан байна. Карьерын хана болон ул чулуу, шороон дээр экскавотар явсан мөрүүд тод үлдсэн байгаа нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосныг тогтоож байна”[12] гэсэн тэмдэглэл, гэрч “...“*******” ХХК-ийн инженер нь тээвэр хийлгэнэ гэсэн зарыг “facebook” дээр тавьсан учир утсаар нь яриад Хэрлэн сумын 4-р баг /Зангиат/-ийн хойд талд орших элс хайрга олборлож байгаа газар дээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн үед очиж уулзаад 2 өдөр ажилласан. Эхний өдөр 6 тэвш, дараагийн өдөр 5 тэвш хайрга чулуу ачиж Мянгатын ар талаар шинээр тавьж байгаа зам дээр буулгасан” гэх мэдүүлэг[13], мөн гэрч мэдүүлэг[14], гэрч мэдүүлэг[15],  Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн “” ХХК нь Чойбалсан хот доторх хатуу хучилттай авто замын шинэчлэл, сайжруулалт 2 дугаар багц “Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамж” хатуу хучилттай авто замын ажлын далан барих газар шорооны ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа 0.069 га талбайд газрын хэвлий хөндөж, эвдрэлд оруулсан, 686.54 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан байна. Байгаль орчинд 2,617,192 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх дүгнэлт[16] зэрэг зөрчлийн хэрэгт бүрдүүлсэн баримтуудаар “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн.

2.2. Дээрх үйл баримт буюу гомдол гаргагч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

2.3. Түүнчлэн, хариуцагч зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. 

2.4. Харин гомдол гаргагчаас, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т заасныг хариуцагч буруу тайлбарлаж хэрэглэсэн, гомдол гаргагч нь сумын Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр олборлосон тул “зөвшөөрөлтэйгээр” ашигласан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан зохицуулалт, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу ашигласан, захиргааны “итгэл хамгаалах” зарчимд хамаарна гэж гомдлын үндэслэлээ тодорхойлж байна.

2.5. Хариуцагчаас, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-ын үйлчлэлд гомдол гаргагч хамаарахгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж татгалзлаа тайлбарладаг.

2.6. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчилсан бөгөөд, 7.12 дугаар зүйлийн 1.2-т “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Дээрх хэм хэмжээний хувьд аж ахуйн нэгж нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй байх, олборлолт явуулсан байх урьдчилсан нөхцөлийг агуулна.

2.7. “Олборлолт явуулсан” үйл баримт нь тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй тул “тусгай зөвшөөрөлгүй” гэдэгт хамаарахгүй талаар тайлбарлаж буй гомдол гаргагчийн тайлбарт шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө.

2.8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг, 4.1.12-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг” тус тус ойлгохоор хуульчилсан байна.

Дээрх ойлголтод буюу гомдол гаргагч нь “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” тусгай зөвшөөрөл аваагүй гэдэг нь тогтоогдсон, мөн гомдол гаргагчаас тусгай зөвшөөрөл аваагүй, авах шаардлагагүй, орон нутгийн засаг захиргаатай байгуулсан гэрээний үндсэн дээр олборлолт явуулсан гэж тайлбарлаж байна.

2.9. Тусгай зөвшөөрөлгүй этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зохицуулалтын хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 222 дугаар тогтоолын хавсралтаар “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ыг баталж, мөн Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Журамд нэмэлт оруулах тухай” 440 дүгээр тогтоолоор уг журмын 1.3.2 дахь заалтад нэмэлт оруулсан байна.

2.10. Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 222 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.3-т Зарим төсөл, хөтөлбөр гэдэгт дараах төсөл, хөтөлбөрүүдийг хамааруулна гээд 1.3.2-т “олон улс болон улсын чанартай, түүнчлэн Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр, эсхүл Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх том бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж барих, засварлах” гэж, 1.4-т “Зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй, журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас олгоно.” гэж тус тус заасан байна.

Мөн уг журмын 1.5-д “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь ажил эхлэхээс 3 сарын өмнө шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл, хэмжээ, ашиглалтын хугацааны саналыг бүсчилсэн байдлаар гаргаж, ашиглалтын эрх олгох хүсэлтийн хамт зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 3.1-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүргийг хэрэгжүүлнэ, 3.1.1-т “энэ журмын 3.3-т заасан зураглалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан батлах”, 3.1.2-т “энэ журмын 3.2-т заасан саналыг үндэслэн зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох асуудлаар Засгийн газарт санал оруулах”, 3.2-т “Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх авто зам, төмөр замын чиглэл, энэ журмын 1.4-т заасан эрх авах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн санал, холбогдох баримт бичгийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.”,

3.3-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан, ирүүлсэн мэдээлэлд үндэслэн авто зам, төмөр замын чиглэлийн дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглал боловсруулж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж нарийвчлан зохицуулсан байна.

Дээрхээс үзвэл, төсөл хэрэгжүүлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас олгохоор зохицуулсан бөгөөд гомдол гаргагч нь дээрх шаардлагыг хангаагүй тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т зааснаар ашигт малтмал олборлосон гэж үзэхгүй.

2.11. Гомдол гаргагчаас нутгийн захиргааны байгууллага буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх тайлбарын тухайд:

Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 3.5-д Нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 3.5.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэ журмын 3.1.1-д заасан зураглалд тусгасан ашиглалтын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлэх, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах”, 3.5.2-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хууль тогтоомжид заасан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх”, 3.5.3-д “ашиглалтын явцад түгээмэл тархацтай ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах” гэсэн чиг үүргийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, нутгийн захиргааны байгууллага нь дээрх журмаар “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх олгох” эрх хэмжээгүй, харин Засгийн газрын шийдвэрийг үндэслэн, зохион байгуулалтын арга хэмжээ авах, төлбөрийг төвлөрүүлэх, хэрэгжилтийг хангах” чиг үүрэгтэй байна.

2.12. Гомдол гаргагч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргатай, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ”[17]-г байгуулсан бөгөөд уг гэрээнд “…Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дэх нөөц бүхий талбайгаас авто зам тавих ажилд 8200 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашиглана” гэж заасан байна.

Дээрх сумын Засаг даргатай байгуулсан гэрээгээр олборлох эрх олгосон нь “төсөл хэрэгжүүлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас олгохоор” зохицуулсантай нийцэхгүй бөгөөд сумын Засаг даргатай гэрээ байгуулсныг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т зааснаар ашигт малтмал олборлосон гэж үзэхгүй.

2.13. Түүнчлэн сумын Засаг даргатай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, мөн гэрээний 1.1-д заасан “...Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дэх нөөц бүхий талбайгаас” олборлох заалтыг зөрчиж, …Хэрлэн сумын 4 дүгээр баг /Зангиат/-д байрлах талбайгаас олборлосон тул, “эрх олгосон” гэж тайлбарлаж буй гэрээний хүрээнд ч олборлоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2.14. Мөн гомдол гаргагчаас, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ”[18]-г Хэрлэн сумын Засаг даргын орлогчтой байгуулсан байх бөгөөд энэ нь зөрчил үйлдсэн хугацаанаас хойш байгуулсан байгааг дурдах нь зүйтэй.

3. Дээрх үндэслэлүүдээр, гомдол гаргагч “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон болох нь тогтоогдож байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3., 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.12, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, “Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ******* 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, гомдол гаргагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 7 дугаар хуудас

[3] Хэргийн 13-14 дүгээр хуудас

[4] Хэргийн 63-64 дүгээр хуудас

[5] Хэргийн 77-80 дугаар хуудас

[6] Хэргийн 81-100 дугаар хуудас

[7] Хэргийн 103-105 дугаар хуудас

[8] Хэргийн 109-110, 112-115, 116-122  дугаар хуудас

[9] Хэргийн 126-152 дугаар хуудас

[10] Хэргийн 79-80 дугаар хуудас

[11] Хэргийн 103-104 дүгээр хуудас

[12] Хэргийн 109-111 дүгээр хуудас

[13] Хэргийн 112-113 дугаар хуудас,

[14] Хэргийн 116-118 дугаар хуудас,

[15] Хэргийн 119-121 дүгээр хуудас,

[16] Хэргийн 128-138 дугаар хуудас

[17] Хэргийн 9 дүгээр хуудас

[18] Хэргийн 8 дугаар хуудас