Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

Шүүгдэгч О.Л нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-н Л-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

О.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Соёмбо цогцолборт” зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдаанд иргэн П.Н-н худалдаж байсан 620 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүсийг лангуун дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.А-д бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт:“... мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун худалдааны төвийн подвалд 2017 оны 6 дугаар сараас хойш алт мөнгөний дарханы ажил хийж байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Соёмбо худалдааны төв дээр зохиогдсон цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээр...хамт ажилладаг Н-тай хамт мөнгөн аяга, морины хусуур, сойз, мөнгөн гинж, мөнгөн цөгц, мөнгөн товч, мөнгөн бүс зэрэг эд зүйлс худалдаалахаар Соёмбын 1 давхарт ширээн дээр тавьж худалдаалж байсан юм. Би 13 цаг 10 минутын үед гаднаас орж ирээд Н дээр очиход ширээн дээр баруун талд тавьсан байсан эмэгтэй ягаан шигтгээтэй шилтэй мөнгөн бүс алга болсон болохоор нь Н-с асуухад Н мэдэхгүй гэж хэлээд мөнгөн бүс алга болсныг мэдэж Соёмбо цогцолборын камер шүүлгэж үзэхэд цэнхэр дээлтэй, ноосон малгайтай настай эмэгтэй хүн мөнгөн бүс аваад гарч байсан...Би тухайн үед өөрийн мөнгөн бүсээ хулгайд алдаад буцаагаад бүрэн бүтэн авчихсан байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 22 дугаар хуудас/,

 

            Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Соёмбо цогцолборт зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 3  ширхэг мөнгөн аяга, войпор, эмэгтэй хүний гинжин сүлжмэлтэй цул мөнгөн бүс, эрэгтэй хүний бүсний мөнгөн тоног,  хүзүүний мөнгөн гинж, морины хусуур, сойтогны мөнгөн тоног, 2 ширхэг мөнгөн цөгц, 9 ширхэг мөнгөн товчтой худалдаанд оролцсон ...Би тухайн өдөр мөнгөн эдлэлүүдээ ширээн дээр тавьж худалдаж байсан юм...Тэгээд ширээн дээр эмэгтэй хүний гинжин сүлжмэлтэй цул мөнгөн бүс маань алга болсон талаар мэдсэн юм. Тэгээд Соёмбын камерын бичлэг шүүж үзэхэд ...бөгтөр нуруутай 60 орчим настай эмэгтэй хүн мөнгөн бүсийг ширээн дээрээс аваад бүсэлж зүүж үзэж байгаад аваад явж байгаа дүрс байсан юм... Уг бүсийг А 700.000 төгрөгөөр худалдах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь бол одоо сайн санахгүй байна, орой ажил дээрээ байхдаа фэйсбүүкээр юм үзээд байж байхад “Дорноговь аймгийн Соёмбо цогцолборт болж байгаа үзэсгэлэн худалдаан дээр цэнхэр дээлтэй эмэгтэй хүний бичлэгийг тавиад харсан үзсэн хүн байвал холбоо барина уу” гэсэн зар байсан юм. Тухайн үед би уг бичлэгийг үзэхэд манай ээж Л байсан юм. Би тухайн үед учрыг ололгүй ээж рүүгээ залгаж яриад таны зургийг фэйсбүүк дээр тавьсан байна гээд утасны дугаар нь гээд ээжид өгсөн... Миний хувьд ямар бүс байсан талаар нь мэдэхгүй байна би тэр бүсийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч О.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Соёмбо цогцолборын 1 давхарт үзэсгэлэн худалдаа болж байсан. Би түүн дээр 11 цагийн үед очсон юм. Тэгээд юм үзэж яваад нэг лангуун дээр зарагдаж байсан эмэгтэй хүний мөнгөн бүсийг авч үзсэн юм. Тухайн үед уг бүсийг авч өөртөө зүүж үзсэн тэгэхэд надад таарахгүй байсан юм... Би тухайн үед санаанд оролгүй уг бүсийг үзэж байгаад буцааж өгөлгүй өвөртөө хийчихсэн байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18 дугаар хуудас/,

 

           “Хөрөнгө эстимэйт” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19/01 дугаартай: “... мөнгөн бүс 620 000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

                              

           Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 3-5 дугаар хуудас/, 

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  О.Л нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Соёмбо цогцолборт” зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдаанд иргэн П.Н-н худалдаж байсан 620 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүсийг лангуун дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.А-д бага хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч О-н Л-г бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.

Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...  би мөнгөн бүсээ бүрэн бүтэн буцааж авсан ба одоо надад гомдол санал, хүсэлт байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч О.Л-г бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

Шүүгдэгч О.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч, хохирол төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулсан болон түүний нас, хувийн байдал, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр анх удаа үйлдсэн зэргийг харгалзан албадлагын арга  хэмжээ хэрэглэхгүйгээр оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг  хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О-н Л-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-д 1 / нэг / жил хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Л-д оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ялыг 1 / нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА