Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

 

 

 

                                                   Д.Б холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор М.Хэрлэнчимэг

Хохирогч Т.Н/цахим сүлжээгээр/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г/цахим сүлжээгээр/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б холбогдох эрүүгийн 2234000630149 тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймаг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5,  нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд ял  шийтгүүлж байгаагүй, Б овогт Д Б,

Д.Б нь нөхөр Төв аймгийн аудитын албаны даргаap ажиллаж байсан, одоо Төв аймгийн аудитын албанд ахлах аудитаар ажиллаж байгаа Жбүлэглэн 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 24-ний хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн танил Г, Н нараас Төв аймгийн Сэргэлэн сум Баруун Зуунмод гэх аманд байрлах нэр бүхий 10 айлын газрыг /Гийн ах дүү хамаатан садан болох иргэн Г, Б, С, Г, Г, С.Б, Н.Г, Н.Г, Б.О, Э/ зарж борлуулж өгнө гэж хуурч, газрын баримт бичгийг нь авч, газар эзэмшигч нарын нэрээр хуурамч газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар батлуулан бусдаар дамжуулан зарж, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж залилсан,

Мөн Д.Б нь Н БНСУ-аас оруулж ирсэн КИА Прайд маркийн 25 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг “чиний машиныг худалдаж авъя, төлбөрөө чамд 3 байрлалд газар өгье” гэж урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Д.Б нь 2021 оны 5 дугаар сард “Өндөр довд чиний нэр дээр газар эзэмших захирамжийг гаргуулахад 1 сая төгрөг шаардлагатай байна, албаны даргадаа өгнө энэ мөнгийг шийдчихвэл дараа 7 хоногт чиний гэрчилгээ баталгаатай гарна” гэж хуурч Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гадаа 1 сая төгрөгийг хууран мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

                 Анхан шатны шүүх: Д.Б холбогдох эрүүгийн 2234000630149 дугаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна.

                 Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1.1-т заасан “хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах” гэсэн талаар.

                 Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бовгийн Д Бад холбогдох эрүүгийн 2234000630149 дугаартай хэргийг ирүүлжээ.

            Гэтэл Эрүүгийн 2234000630149 дугаар хэрэгт яллагдагч Д.Бын хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны баримт хэрэгт авагдаагүй.

 

            2. Мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан.

Энэ хуулиар тухайн хэрэгт мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх, хэмжээ”-нд зааж өгсөн ба энэ эрх, хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, мөн 1.3-т “Шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.10-т “энэ хууль заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох” гэж зааснаар үүрэг болгосон шинжтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор, эсхүл прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчид тухайн хэрэгт хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүснэ.

Эрүүгийн 2234000630149 дугаар хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэгт хэн гэдэг албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн албаны даргын тушаал хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.               

            Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 4.1 дүгээр зүйлийн 2.10-т заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            3. Хоёрдугаар хавтас хэргийн 98-99 дүгээр талд гэрч Б өгсөн ... “нэрийг сайн санахгүй байна кадастрын компаниас зарах газар байгаа эсэхийг асуух санаатай орох үедээ Ганбаатартай анх уулзаж, түүнээс зуслангийн газар асуухад зарах газар байгаа гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар Татварын хэлтэст хамт ажилладаг Оюунжаргал эгч бид хоёрыг Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Баруун зуун модны ам гэх газарт аваачиж газар үзүүлсэн. Тэгээд Оюунжаргал эгч хоёр айлын газар, би нэг айлын газар авахаар болж, газрын материалаа бүрдүүлэн Ганбаатарт өгсөн. Мөн Ганбаатар нэг айлын газрын 3.0 сая төгрөгөөр тооцож, нийт 9 сая төгрөг өгсөн. Удаагүй Ганбаатар Оюунжаргал эгч бид хоёрт газрын гэрчилгээ авчирч өгсөн” гэж мэдүүлсэн байх бөгөөд уг хэрэгт Б.Ганбаатарын хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. 

        4. Хоёрдугаар хавтас хэргийн 135-136 дугаар талд иргэний хариуцагч Н өгсөн “...Д.Бын хувьд бол бэлдсэн бланк шахуу бичсэн зүйлээ авч орж ирээд тамга даруулаад аваад явсан. Энэ хүнд итгээд нягтлаагүй баталсан нь миний буруу...” гэж,

            Хоёрдугаар хавтас хэргийн 105-106 дугаар талд гэрч С.Ганчимэгийн өгсөн “...дээрх иргэдтэй холбоотой газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг Аймгийн аудитын газрын дарга Л.Жаргалсайхан, түүний эхнэр Д.Б нарын гуйлтаар хоёр талыг оролцуулалгүй баталгаажуулсан нь үнэн. Миний буруу, хоёр тал заавал оролцох ёстой...” гэж тус тус мэдүүлжээ.

            Уг гэмт хэрэгт Ч.Наранцэцэг, С.Ганчимэг нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

            5. Хоёрдугаар хавтас хэргийн 179-180 дугаар талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гийн өгсөн “...тухайн үед Жэхнэр Д.Б нь манай эхнэр рүү 2014 онд яриад “энд нэг барилга барьсан компани, хувийн газартай хүмүүстэй хамтарч ажиллах, төсөл хэрэгжүүлэх хаус хотхон барих санал яриад байна, сонирхож байгаа бол 10 айлынхаа газрын гэрчилгээг өгч бай...” гэж хэлсэн байсан. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаад нэг хаус нь бид нарт үлдэх тохироогоор хийгдвэл болж байна, бид нараас зардал гарахгүй юм байна” гэж үзээд 2014 оны 4-5 дугаар сард Улаанбаатар хотод Барилгын зургийн институт дээр би өөрийн биеэр төрсөн эгч болох Г, түүний нөхөр Батаа, төрсөн дүү Н.Г, түүний нөхөр С, төрсөн ах Н.Г, түүний эхнэр Б.Оюунцэцэг, төрсөн ах Г, түүний эх С.Б, эгч Г, төрсөн ахын том хүү Б.Энхтайван нарын нэр дээрх 10 ширхэг баримтыг Д.Б хүргэж өгсөн. Тухайн үедээ Д.Б-ын өөрийн хүү Ж.Нацагдорж болон албаны цайвар саарал өнгийн микро машинтай явж байсан...” гэж мэдүүлсэн байх ба тухайн үед яригдсан хаус хотхоны төслийн талаар тодруулж асуух, тухайн цаг хугацаанд байсан гэх хүү Ж.Нацагдоржоос энэ талаар тодруулж асуух, тухайн үед албаны микро автомашиныг хэн жолоодож явсан, тухайн хүнийг гэрчээр асууж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой.

            6. Эрүүгийн 2234000630149 дугаар хэргийн яллах дүгнэлтэд яллагдагч Д.Б нь 2021 оны 5 дугаар сард “Өндөр довд чиний нэр дээр газар эзэмших захирамжийг гаргуулахад 1.000.000 төгрөг шаардлагатай байна, албаны даргад өнгө энэ мөнгийг шийдчихвэл дараа 7 хоногт чиний гэрчилгээ баталгаатай гарна” гэж хуурч Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гадаа 1.000.000 төгрөгийг хууран мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба уг үйлдэлтэй холбоотойгоор албаны дарга нь хэн болох, түүнд 1.000.000 төгрөг өгсөн эсэх энэ талаарх асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох нь зүйтэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж, 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

            Гэтэл Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Д Бад холбогдох эрүүгийн 2234000630149 дугаар хэргийг шүүхэд шилжүүлсэн атал бүлэглэсэн гэх Жүйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж,

            мөн хуулийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж тус тус хуульчилжээ.

            Гэтэл 2хх-ийн 187 дугаар талд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллагыг зааж дурдаагүй атлаа “Дамно” ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй байна.

            Мөн шинжээчийн дүгнэлтийг “Киа Прайд” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15.749.340 төгрөг,  2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 24.248.948 төгрөг гэж зөрүүтэй гаргуулсан нь ойлгомжгүй байна.

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

            мөн хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

            9. 4хх-ийн 31-32 дугаар талд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нгэрчийн эрх, үүргийн тайлбарлаж мэдүүлэг авсан атлаа 4хх-ийн 84-85 дугаар талд хохирогч Н гэж яллагдагч Д.Бтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байх ба Ннь гэрч эсхүл хохирогч уу гэдэг нь ойлгомжгүй.

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 

            Мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд хэрэгт Гг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй,

            Мөн С.Бямба нь нас барсан гэх атал түүнийг хэн хэрхэн яаж төлөөлж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            11. Мөн 2хх-ийн 199 дүгээр талд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллагыг зааж дурдаагүй атлаа “Дамно” ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй байх бөгөөд 3хх-ийн 12 дугаар талд “хөрөнгө үнэлгээний тайлантай танилцаж хүлээн зөвшөөрсөн А.Бадамцэрэн” гэсэн нь ойлгомжгүй байна.

            12. Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан Н, Т.Нямбаяр, Б.Ганбаатар, Нямтөгс нарын харилцах банкнуудын дансны хуулгыг бүхэлд нь гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж хүлээн авч шийдвэрлэсэн гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Хэрэгт яллагдагч Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны баримт авагдаагүй гэсэн заалтын тухайд:

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Д.Б-ын биеийн байцаалтад ял шийтгэл эдэлж байгаагүй талаар тодорхой бичигдсэн бөгөөд яллагдагчийн ял шалгах хуудсыг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаж шүүхийн шатанд түүний хувийн байдалтай холбогдуулан судлах боломжтой ажиллагаа юм.

 

2. Хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэгт хэн гэдэг албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн албаны даргын тушаал хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 4.1 дүгээр зүйлийн 2.10-т заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн заалтын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг, энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан. Мөрдөгч, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэг нь хуульд заасан эрх үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг мөрдөн шалгах албаны даргын мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрсөн тушаал хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарласан байна гэж дүгнэж байна.

Учир нь мөрдөн шалгах албаны дарга бол мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангахын тулд мөрдөгч нарын ажлын ачаалал зэргийг харгалзан мөрдөгчийн мөрдөж байсан хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх, хэд хэдэн мөрдөгчөөр мөрдүүлэх зэрэг арга хэмжээ авахдаа тогтоол гаргадаг бөгөөд Д.Б холбогдох 2234000630149 дугаар хэргийн хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтыг мөрдөгч, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэг явуулахыг даалгасан талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргах шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл ахмад С.Эрдэнэбилэг нь дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүхий л үе шатанд хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

 

3. Хэрэгт Б.Ганбаатар гэгч нь яллагдагч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэсэн заалтын тухайд:

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг дүгнэхэд яллагдагч Д.Б нь нөхөр Ж бүлэглэн бусдыг залилсан болох нь тогтоогдсон гэж үзэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт гэрч Б.Ганбаатарын банкны дансны хуулгыг авч үзлэг хийн хэрэгт хавсаргасан, мөн Б.Ганбаатараас гэрчийн мэдүүлэг авах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Ганбаатарыг яллагдагч Д.Б-тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзнэ.

 

4. Хэрэгт Ч.Наранцэцэг, С.Ганчимэг нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолтой гэсэн заалтын тухайд:

Хэрэгт Ч.Наранцэцэг, С.Ганчимэг нарт холбогдуулан тодорхой мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд яллагдагч Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 жил буюу яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

 

5. Тухайн үед яригдсан хаус хотхоны төслийн талаар тодруулж асуух, тухайн цаг хугацаанд байсан гэх хүү Ж.Нацагдоржоос энэ талаар тодруулж асуух, тухайн үед албаны микро автомашиныг хэн жолоодож явсан, тухайн хүнийг гэрчээр асууж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэсэн заалтын тухайд:

Яллагдагч Д.Б нь хохирогч 10 айлын газрын гэрчилгээг Т.Нямбаяр, Г нараас авсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, газрын гэрчилгээний нэр шилжүүлэх гэрээг газар эзэмшигчийг оролцуулахгүйгээр хийж нотариатаар батлуулан газар зарсан мөнгийг Б.Ганбаатар болон С.Нарантуяа нарын дансаар авч байсан дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд газар зарсан талаар хохирогч нарт мэдэгдээгүй байсныг газрын цахим бүртгэлийн мэдээллээр Г, Н нар бусдад зарагдсан байсныг 2021 онд мэдсэн талаар дээрх хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Залилах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч итгэл эвдэн өөрийн мэдэлд авснаар хохирол учруулсан үйлдэл байх бөгөөд яллагдагч Д.Б нь нэр бүхий 10 хохирогчийн газрыг залилан авсан, газар зарсан мөнгийг өөртөө авч ашиг хонжоо олсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

2014 оны 4-5 дугаар сард Хаус хотхон барих талаар ярьсан эсэх нь энэ гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин яллагдагч Д.Б нь хохирогч нарын итгэлийг далимдуулан газрыг бусдад зарсан үйл баримт тогтоогдсон бөгөөд 2014 оны 4-5 дугаар сард газрын гэрчилгээг авсны дараа 2014 оны 4-6 сарын хооронд 10 айлын газрыг бусдад зарсан нь хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, Сэргэлэн сумын Засаг даргын захирамж зэргээр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго тодорхойлогдож байна гэж дүгнэж байна.

Яллагдагч Д.Б-ын хүү Ж.Нацагдоржоос гэрчийн мэдүүлэг авахаар шүүгчийн захирамжид дурдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийг хөндсөн байх бөгөөд хэрвээ Ж.Нацагдорж өөрийн гэр бүл, төрөл садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлбэл дээрх захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ.

 

6. Албаны дарга нь хэн болох түүнд 1.000.000 төгрөг өгсөн эсэх энэ талаарх асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох нь зүйтэй гэсэн заалтын тухайд:

Яллагдагч Д.Б нь 2021 оны 5 дугаар сард “Өндөр довд чиний нэр дээр газар эзэмших захирамжийг гаргуулахад 1.000.000 төгрөг шаардлагатай байна, албаны даргадаа өгнө энэ мөнгийг шийдчихвэл дараа 7 хоногт чиний гэрчилгээ баталгаатай гарна” гэж хуурч Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гадаа 1.000.000 төгрөгийг хууран мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Т.Нболон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд яллагдагч Д.Б нь өөрийн үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй, нөгөө талаар албаны даргаас нь энэ талаар гэрчийн мэдүүлэг авах нь ач холбогдолгүй гэж үзэж байна.

 

7. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 хэрэгт дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бовгийн Д Бад холбогдох 2234000630149 дугаар хэргийг шүүхэд шилжүүлсэн атал бүлэглэсэн гэх Ж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй гэсэн заалтын тухайд:

Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт нягтлан бодогч ажилтай Д.Б нь нөхөр Ж бүлэглэн 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 24-ний хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн танил Г, Ннараас Төв аймгийн Сэргэлэн сум “Баруун Зуунмод” гэх аманд байрлах нэр бүхий 10 айлын газрыг /Гийн ах дүү хамаатан садан болох иргэн Г, Б, С, Г, Г, С.Б, Н.Г, Н.Г, Б.О, Э/ зарж борлуулж өгнө гэж хуурч, газрын баримт бичгийг нь авч, газар эзэмшигч нарын нэрээр хуурамч газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар батлуулан бусдаар дамжуулан зарж, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Гэтэл Ж хамтран оролцсон гэмт хэргийн цаг хугацаа нь 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 24-ний хооронд үргэлжилснийг шүүх анзаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч Л.Жаргалсайханыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэлээр 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 13 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн яллагдагч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Б.Жаргалсайханы үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь яллагдагч Д.Быг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэж байна.

 

8. “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллагыг зааж дурдаагүй атлаа “Дамно” ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг “Киа прайд” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15.749.340 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 24.248.948 төгрөг гэж зөрүүтэй гаргуулсан нь ойлгомжгүй байна гэсэн заалтын тухайд:

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нарыг хуульд заасан эрхээр нь хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр оролцуулахдаа мөрдөгчийн тогтоол үйлдэн, хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч тогтоолтой хэргийн оролцогч нарыг танилцуулан эд хөрөнгийн үнэлгээний тайланг гэмт хэрэг гарсан өдрөөр буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар гаргуулжээ.

Мөрдөгчийн дээрх үйл ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс хуралдааны явцад шинжээчээс тусгай зөвшөөрөл, мэдлэг чадвартай эсэхийг тодруулах шаардлагатай буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа юм.

 

9. “...2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н гэрчийн эрх үүрэг тайлбарлаж мэдүүлэг авсан атлаа хохирогч Н гэж яллагдагч Д.Б-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байх ба Н нь гэрч эсхүл хохирогч уу гэдэг нь ойлгомжгүй гэсэн заалтын тухайд:

Хэрэгт Н нь гэрч бөгөөд түүнд гэрчийн эрх үүргийг тайлбарлан хууль сануулан мэдүүлэг авсан ба 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогч гэж яллагдагч Д.Б-тай нүүрэлдүүлсэн мэдүүлгийг /4-р хх-ийн 84 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох баримтаар тооцох, хасуулах эсэх талаар санал гаргаж шийдвэрлэх боломжтой. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгийг шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтад дурдаагүй болно.

 

10. Хэрэгт Г-г хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Мөн С.Бямба нь нас барсан гэх атал түүнийг хэн, хэрхэн яаж төлөөлж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн заалтын тухайд:

Хэрэгт С.Бямба нь нас барсан талаарх гэрчилгээ, Г-тэй төрөл садны хамаарал бүхий талаарх лавлагаа 1-р хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан бөгөөд Г нь С.Бямбын төрсөн хүүхэд болох нь бусад хохирогч нар болон Г, Н нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

11. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллагыг зааж дурдаагүй атлаа “Дамно” ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй байх бөгөөд “хөрөнгө үнэлгээний тайлантай танилцаж хүлээн зөвшөөрсөн А.Бадамцэрэн” гэсэн нь ойлгомжгүй байна гэсэн заалтын тухайд:

Хэргийн оролцогч нарт хуульд заасан эрх үүргийг танилцуулан мөрдөгчөөс үйлдсэн тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцан “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хязгаарлаагүй болно.

 

12. Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан Н, Т.Нямбаяр, Нямтөгс нарын харилцах дансны хуулгыг бүхэлд нь гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн болно гэсэн заалтын тухайд:

Шүүх яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Б.Сонинбайгалиас гаргасан Н, Т.Нямбаяр, Нямтөгс нарын харилцах дансны хуулгыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэхдээ дээрх дансны хуулга нь хэрэгт ямар ач холбогдолтой болох талаар дүгнэлт хийгээгүй атлаа өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж авсан нь ойлгомжгүй байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г/цахимаар/ гаргасан тайлбартаа:  “...Энэ хэрэг 4 жил болж байна. Авлигатай тэмцэх газар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь нотолж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр харьяа прокурорын газар луу шилжүүлсэн. Төв аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эдгээр этгээдийг гэмт хэрэг хийсэн гэдгийг бүрэн нотолсон” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н/цахимаар/ гаргасан тайлбартаа: “...Прокурортой санал нэг байна” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар/цахимаар/ гаргасан тайлбартаа:  “...Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн тогтоосон. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд 2 жил орчим үргэлжилсэн. Прокурорын яллах дүгнэлтийг дээд шатны прокурорууд 2-3 удаа хүчингүй болгосон. Шалгах бүх нөхцөл байдлуудыг яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлоор шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болсон. Тухайн хэрэгт яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүгчийн гаргасан үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож дахин гэм буруугийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

Хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн...” хэмээн заасан.

2. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог, аливаа хэрэг, маргааны хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангаж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж байж шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг.

3. Дээрхийг удирдлага болгон яллагдагч Д.Б холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байх тул дор дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсний дараа түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Тодруулбал: 4.1. Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчин гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу яллагдагчийн хувийн байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоох үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хуульчилсан.

Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд яллагдагч Д.Б өмнө нь шүүхээр ял шийтгэгдэж байсан эсэх талаар нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаагүй нь шүүхээс түүнийг цаашид гэм буруутайд тооцон, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.  

4.2. Хохирогч Э-гийн газрыг худалдан авсан гэх тухайн хэргийн гэрч Б өгсөн мэдүүлгээс /хх-ийн 2-р хавтас 98-99-р тал/ үзвэл уг газрыг анх худалдан авахдаа П.Оюунжаргалтай хамт н.Ганбаатар гэгчтэй уулзан гурван айлын газрын нэгийг нь 3.000.000 төгрөгөөр тооцон, нийт 9.000.000 төгрөг түүнд өгч газрын гэрчилгээг авсан талаар тусгагдсан байхад мөрдөн байцаалтын шатанд энэ байдлыг огт анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

4.3. Прокуророос яллагдагч Д.Б-ыг өөрийн нөхөр тухайн үед Төв аймгийн ахлах аудитаар ажиллаж байсан Ж бүлэглэн 2014 оны 4 дүгээр сараас 06 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд хохирогч нарын буюу 10 айлын газрыг борлуулж өгнө гэж хуурч аван, бусдаар дамжуулан зарж,  бусдад шилжүүлэн залилсан гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. /хх-ийн 5-р хавтас 14-24-р  тал/

Хэдийгээр прокурорын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 13 тоот тогтоолоор /хх-ийн 4-р хавтас 55-57-р тал/ Ж холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч түүнийг уг хэрэгт нь иргэний хариуцагчаар татахгүй орхигдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

Өөрөөр хэлбэл дээрх үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар мөрдөгч, прокурор, шүүх татан оролцуулдаг зарчимтай нийцээгүй байна.

4.4. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Б-ын бусдаас залилан авсан гэх газар, автомашины үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-аар шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин долдугаар бүлэг болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж баримтжуулах ба мөн зүйлийн 10.3 дахь хэсэгт заасанчлан дээрх үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий, шинжилгээ хийх эрх авсан шинжээч болон төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл хэрэгт авагдсан, нэр бүхий 10 иргэний Төв аймгийн Сэргэлэн сум, Баруун Зуунмод гэх аманд байрлах газрыг үнэлсэн 2 удаагийн, хохирогч НБНСУ-аас оруулж ирсэн гэх “Киа прайд” маркийн автомашиныг үнэлсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан дээрх шаардлагыг огт хангаагүй, мөн шинжээчийн дүгнэлтүүд нь үнийн дүнгийн хувьд өөр хоорондоо эрс зөрүүтэй болсон зэргээс үзвэл дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэх хууль зүйн боломжгүй, мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөхгүй байгаа дүгнэлтийнхээ үндэслэлийг заалгүйгээр бага үнэлгээтэй дүгнэлтийг нь баримтлан яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, хэргийн зүйлчлэлийг ч зөв тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь  нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Гийг мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр /хх-ийн 2-р хавтас 177-р тал/ хохирогч Г, Б, С, Г, Г, С.Б, Н.Г, Н.Г, Б.О, Э нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байдаг.

Улмаар мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор С, Г, Б, Г, Н.Г, Н.Г, Б.О нарыг, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эг тус тус хохирогчоор тогтоосон /хх-ийн 3-р хавтас 63-86-р тал/ байх боловч Гг юуны учир хохирогчоор тогтоолгүй орхигдуулсан, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан С.Б-гийн эрх ашгийг Г нь ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Д.Б, Ж нарын үйлдлийн улмаас хохирсон гэх нэр бүхий 10 иргэн цаашид өөрсдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцох, эсхүл Г хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эсэх нь ч тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

4.6. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан хүсэлтүүдийг хэсэгчлэн хангаж, ингэхдээ хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Гийн эхнэр Т.Нямбаярын арилжааны банкнуудад эзэмшдэг дансны хуулгыг гаргуулан авч хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн атлаа Н нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг зарим арилжааны банкнуудад данс эзэмшдэг эсэх нь тодорхой бус байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл Т.Нямбаярын арилжааны банкнуудад эзэмшдэг дансны хуулгыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаагаар тооцож гаргуулах нь  зүйтэй байна.

 

5.1. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэргийн харьяаллыг тогтоож өгсөн байх ба Г, Н нараас анх Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч, тус байгууллагаас холбогдох ажиллагааг явуулан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” мөрдөгчийн санал гаргасан байдаг. /хх-ийн 2-р хавтас 121-р тал/

Төв аймгийн прокурорын газраас уг мөрдөгчийн саналыг хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулахыг Төв аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн /хх-ийн 122-123-р тал/ байх бөгөөд уг тогтоолын арын хэсэгт ахмад “С.Эрдэнэбилэг шалган шийд” хэмээн хуваарилсан баримт авагдсан байх тул мөрдөгчийг дур мэдэн, хууль бусаар нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

5.2. Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б, түүний гэр бүлийн хүн болох Ж нар гуйсны дагуу дээрх нэр бүхий 10 иргэний газрын эрхийг тухайн газрын өмчлөгчийн эзгүйд бусдад шилжүүлэн өгөх үйлдлийг баталгаажуулсан нотариатч Ч.Наранцэцэг, С.Ганчимэг нарын буруутай үйлдэл тогтоогдсон ч уг хууль бус үйлдлийн төгссөн цаг хугацааг тооцон үзвэл тэднийг яллагдагчаар татах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл энэ талаар нөхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь цаашид хэргийн шийдвэрлэлтэд онцын нөлөө үзүүлэхээргүй байгаа бөгөөд тэднийг мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 22, 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолуудаар “Иргэний хариуцагч”-аар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсныг буруутгах хууль зүйн боломжгүй.

5.3. Тухайн хэргийн болж өнгөрсөн үйл баримт болох Г нь Улаанбаатар хотод Барилгын зургийн институт гэх газарт дээрх газрын 10 ширхэг баримтыг Д.Б хүргэж өгсөн гэдэгтэй хэн аль нь маргаагүй байх ба түүнтэй цуг явж байсан хүүхэд Ж.Нацагдорж, түүний унаж явсан гэх албаны автомашины жолоочийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авах,

Мөн Д.Б нь хохирогч Ноос 2021 оны 5 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Газрын Харилцаа барилга хот байгуулалтын газрын гадна “албаны даргадаа өгнө...” хэмээн 1.000.000 төгрөгийг авсан үйлдэлд нь уг албаны дарга нь хэн болох, түүнд хохирогч Ноос авсан мөнгийг шилжүүлэн өгсөн зэргийг шалган тогтоох нь түүнд холбогдох энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм.

5.4. Ннь энэ хэрэгт анхнаас гэрчээр оролцон мэдүүлэг өгч байсан ба түүнийг мөрдөгч 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Д.Бтай нүүрэлдүүлэн байцаахдаа “хохирогч” гэж бичсэн нь техникийн алдаа байх тул Т.Нямбаярыг хохирогч гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалд Т.Нямбаярыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол авагдаагүй болно.

5.5. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн дахин шинжээч томилуулахаар шийдвэрлэсэн тул хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 12 дугаар талд авагдсан баримтад “А.Бадамцэрэн” гэх хэрэгт огт хамааралгүй хүний нэр бичигдсэнийг заавал зөвтгөх шаардлага үүсэхээргүй байна.

6. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хийж гүйцэтгэхээр зааснаас гадна дор дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгүүлэх шаардлага үүсэж байна.            

            7. Үүнд: 7.1. Прокуророос Д.Б, Ж нарыг бүлэглэн нэр бүхий 10 иргэний газар эзэмших эрхийг залилан авч, бусдад шилжүүлэн нийт 30.024.615 төгрөгийг хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн атлаа, уг 10 иргэний хэнд нь хэдэн төгрөгийн хохирол учирсан, эдгээр хохирогчид нь цаашид гэм буруутай этгээдүүдээс мөнгө, эсхүл газраа нэхэмжлэх эсэхийг нарийвчлан тогтоолгүй орхигдуулсан.  

Үүнтэй нь холбогдуулан цаашид хохирогч  Г, Б нарын газрыг худалдан авсан Б.Оюунцэцэг, хохирогч С, Г нарын газрыг худалдан авсан П.Оюунжаргал, хохирогч Э, Г нарын газрыг худалдан авсан Т.Эрдэнэ-Очир, С.Б-гийн газрыг худалдан авсан Г.Болор-Эрдэнэ, хохирогч Н.Г, Н.Г, Б.О нарын газрыг худалдан авсан Б.Батжаргал нарыг иргэний нэхэмжлэгч, эсхүл иргэний хариуцагчаар тогтоож болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байгааг анхаарч үзээгүй нь буруу болжээ.

7.2. Мөн дээрх нэр бүхий 10 хохирогчийн газрын эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан буюу нотариатаар батлуулсан гэрээнүүдэд зурагдсан гэх гарын үсгүүдэд хэв загварын буюу гарын үсгийн криминалистикийн шинжээч томилоогүй нь Д.Б, Жнарын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхийг хянах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

8. Иймд яллагдагч Д.Б холбогдох хэрэгт магадлалд дурдагдсан болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсгийн 1, 3, 7, 8, 10, 12 дугаарт заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 тоот эсэргүүцлийн 2, 4, 5, 6, 9, 11 дүгээр хэсгийг хүлээн авч ханган бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлүүдээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТҮВШИНТӨГС

 

 

                                ШҮҮГЧИД                                          А.ЦЭРЭНХАНД

 

 

                                                                                           М.МӨНХДАВАА